М.Далайхүү : МОНГОЛД ШАРЫН ШАШИН ДЭЛГЭРСЭН НЬ

МОНГОЛД ШАРЫН ШАШИН ДЭЛГЭРСЭН НЬ

Баруун түмдийн Алтан хан 1507-1582 1576 онд Түвдийн шашны тэргүүн Содномжамц 1543-1588-ыг хүндэтгэн залж, Монголд ирүүлээд өөрөө тэргүүлэн Ордосын бусад феодлуудыг дагуулан шарын шашинд орж, Содномжамц хутагтыг бүх шарын шашны толгойлогч гэж өргөмжилж, “Далай лам” гэдэг цолыг өргөсөн ба Содномжамц Алтан ханд Хубилай хааны бүх цолыг зүүхийг зөвшөөрчээ. Алтан хан бол Батмөнх Даян хааны хөвгүүн Барсболдын хүү билээ. Энэ үед Ар Юань улсыг түүний авга ах Төрболдын жич хүү Түмэнзасагт хаан 1539-1593 тэргүүлж байв. Ийнхүү Алтан хан өөрийн үенцэр авга дүү болох улсынхаа хаантай өрсөлдөж, Түвдийн нөлөө бүхий Содонмжамц ламын дэмжлэгтэйгээр биеэ Хубилай хааны үйл хэргийг үргэлжлүүлэгч, бүх Монголын хаан хэмээн нийтэд зөвшөөөрүүлэн хүлээлгэх зорилго тавьж байжээ. Түмэнзасагт хаан Алтанг Мин улстай бие даан харилцаж худалдаа наймаа хийж байсныг буруушаан энэ тухай Мин улсад эсэргүүцэл тавьж “ ... Миний толгой дээгүүр харайлган албат боолтой харилцав ... ” гэж зэмлээд эр нь эмээ захирдагийн адил Алтан түүнд захирагдах ёстойг сануулсан байна. Гэтэл Хятадын нэгэн түшмэл “ ... Алтан бол Түмэнгийн харьяат, гэвч Алтан манайхаас хан хэргэм, алтан тамга хүртсэнээрээ эр нөхөр нь болж, Түмэн эхнэр нь болов” хэмээн даажигнан тохуурхаж байж. Нохой сүсэгтэйдээ сүмийн үүд сахидаггүй, зулын шар тос юуны магад л гэж ... гэдэг шиг. Монголын феодлууд дор бүрнээ эзэмшил нутагтаа шарын шашныг дэлгэрүүлэхээр идэвхийлэн оролцсон нь дан ганц сүсэг бишрэлдээ хөтлөгдсөн биш түүний нөлөөг ашиглаж, эрх мэдэл, нэр хүндээ өсгөх зорилт тавьж байснаас өрсөлдөөнд орсон гэж судлаачид дүгнэсэн байна.

Алтан хан шарын шашныг хүлээн авч дэлгэрүүлсний дараагаар монголын бусад феодлууд түүнийг дагалдан дууриаж эхэлжээ. Халхын тэргүүлэх ноёдын нэг болох Абтай 1577 онд өөрийн биеэр Алтан ханы Хөх хотод ирж далай лам Содномжамцтай учирч шарын шашныг Халхад дэлгэрүүлэхээр харилцан хэлэлцэн тохирч Далай лам түүнд “хан” цол өгчээ. Эдүүгээ хүртэл Халхад хан цолтой хүн байсангүй бөгөөд энэ мөчөөс эхлэн Абтай хан гэж дуудагдах болсон ажгуу. Абтай хан 1586 он гэхэд өнөөгийн Эрдэнэ зуугийн голын З ногоон сүмийг барьж босгосон бөгөөд энэ үйл хэргийг үнэлж, хоёр дахь удаагаа уулзахдаа Далай лам 1585 онд түүнд “Очирай сайн хан” цол, шар үсэг бүхий тамга шагнажээ. Ар Халхад шарын шашин дэлгэрүүлэхэд оруулсан их хувь нэмрийг үнэлж, Ванчин Богд 1616 онд Түмэнхэн сайн ноёнд ”Түмэнхэн Хөндлөн сайн ноён номун хан”, Далай лам 1620 онд Шоолой сэцэнд “Махасамади Сэцэн хан” цолыг тус тус олгож байжээ.

Яг энэ үед Бурханы шашны нэрийн дор харилцан тэмцэлдэж байсан Түвдийн шашин-улс төрийн бүлэглэл гадны хүчирхэг холбоотныг өрсөлдөн хайж байв. Түвдийн шарын шашны тэргүүн Содномжамц Алтан хантай холбоо тогтоож байх тэр мөчид Түмэнзасагт хаан Түвдийн улааны шашны тэргүүн илд зангидагч Гарма лам гэгчийг урин авчирч, түүнтэй багш шавь барилдан шашинд орж харъяат улсын дотор шашин дэлгэрүүлэх ажлыг зохиож байсан тухай Саган Сэцэний “Эрдэнийн товч”-д дурьдсан байна. Ийнхүү Түвдийн улаан малгайтан, шарын малгайтны өрсөлдөөнд Монголын феодлууд татагдан орсон нь хожим Ойрадын Гүүш хан, Халхын Цогт Хунтайж хоёр Өвөр Монголын “Улаан хошуу” хэмээх газар цусаа урсган байлдах, Ойрдын хаан Галдан бошигт, Халхын Өндөр гэгээн Занабазар нар түнжин хагарах эхлэл болсон гэсэн зарим судлаачдын дүгнэлтийг үгүйсгэх аргагүй билээ.

Алтан хаан 1582 онд нас барсан тул урьдах холбоогоо тасралтгүй үргэлжлүүлэх зорилгоор далай лам Содномжамц 1585 онд Монголд хоёр дахь удаагаа ирж, Алтан ханы орыг залгасан түүний хүү Сэнгэдүүрэнтэй уулзан холбоогоо сэргээж байх тэр онд Сэнгэдүүрэн бас нас баржээ. Мөн Монголд шарын шашныг дэлгэрүүлэхэд идэвхийлэн оролцсон Ар Халхын Абтай сайн хан, Ордосын нөлөө бүхийн феодол хутагтай Сэцэн нар удаа дараалан нас барсан учир далай лам Содномжамц Зүүн гурван түмний томоохон феодлууд, тухайлбал тэр үед хүчирхэг байсан Түмэнзасагт хаантай холбоо тогтоохыг эрмэлзэх болжээ. Түмэнзасагт хаан ч шар малгайтны хүч нөлөө ихийг харгалзан Далай ламтай холбоо тогтоохыг чухалчлан Алтан ханыг нас барсны дараа Содномжац хутагтыг хоёр ч удаа нутагтаа залж байсан бөгөөд сүүлчийн урилгыг хүлээн аваад очихыг завдан байхдаа 1588 онд нас баржээ. Алтан хан Содномжамц хутагтыг Баруун түмэнд гурван удаа урьж залж авчрахдаа алт, мөнгө, элдэв эрдэнэ, магнаг буйлтай тэмээ, эрдэнээр чимсэн алтан эмээл хазаартай морьд зэрэг үлэмж хэмжээний үнэт бэлгийг өргөжээ. Абтай сайн хан ч түүнд булган арьс, алтадсан өргөө, үлэмж мал сүрэг өргөн барьж байв. Ийнхүү Монголчууд Түвдийн улс төрийн холбоотон төдийгүй эдийн засаг, хөрөнгө оруулалтын томоохон түнш нь болсон байна.

Энэ үед III Далай лам Содномжамц 1543-1588-тай дотно холбоотой байсан Түмдийн феодалууд хойт дүрээ монголоос тодруулахыг гэрээсэлсэн хутагтын захиасыг овжин ашиглаж, өнөөгийхөөр бол нэг “Сюрприз” барьсан нь Содномжамцын хойт дүрийг Алтан ханы хүү Сүмэр хунтайжийн гэрт 1589 онд төрөв гэж зарласан явдал байв. Ийнхүү Алтан ханы ач хүү IY Далай далай ламаар тодорч, Ендонжамц 1589-1616-ыг Түвдэд залж, Дашилхүмбэн хийдийн ширээт лам эрдэмт хутагт Лувсанчойжижалцан 1567-1662 ба Гандан хийдийн ширээт лам Гэндэнжалцан нар ном эрдэм зааж, мөн Банчин-Эрдэнэ заллагаар нь Лхаст хэдэнтээ тусгайлан очиж байсан нь Монголоос тодруулсан бяцхан хутагтын нэр хүндийг сүсэгтэн олны дунд өргөхийг эрмэлзэж байсан хэрэг ажээ. IY Далай ламыг Монголоос тодруулсан нь Монгол-Түвдийн харилцааг өргөжүүлж, Монголд шашин дэлгэрүүлэхэд чухал нөлөө үзүүлжээ.

Монголын нийгэмд шашин сүм хийдийн гүйцэтгэсэн үүргийг судлаачид гурван үед хувааж багцалсан байна. Нэгдүгээр үе нь: Монголын байлдан дагуулал ба Их гүрэн 1206-1368 он-ий үед байлдан дагуулах хэрэгт тухайн орны шашны эрх баригчдын нөлөөг ашиглан, байлдан авсан хойноо хүрээ хийд лам нарыг өргөн тэтгэх, төр-шашин хэмээх хоёр ёсыг хослон хөгжүүлэх аргыг хэрэглэж байж. Хоёрдугаар үе нь: Их гүрэн мөхсний дараа Монголын феодлууд шарын шашныг албат харъяат нарынхаа дунд санаачлан дэлгэрүүлж, Монголчууд шарын шашинд нилэнхүйдээ орсон. Гуравдугаар үе нь: Монгол орон харийн булаан эзлэгчдийн эрхэнд орсон 1691-1911 оныг хамруулан үздэг байна. Хоёр болон гуравдугаар үеийн эхний хагаст Мин 1368-1644 хийгээд Манж Чин гүрэн 1616-1911-ий хаадууд Монголд шашин дэлгүүлэхийг хөхүүлэн сайшааж, өөрийн хойт зүгийн дайнч түрэмгий хөрш нараа номхтгон захирахад найдвартай зэвсэг болгох гэж зорьж байсан нь талаар болоогүй юм. Ямартаа л зэвсэг агссан цэргээр мануулахаар догшироод байдаг Монголчууд гуутай бурхнаар мануулахаар номхроод ирдэг байна шүү гэсэн тохуурхсан яриа гарсан байхав.

Манжууд XYII зууны эхэн үе 1640-ээс XYIII зууны дунд үе 1760 буюу Өвөр Монголыг эзлэн авсан үе 1636-ээс Амарсанаа, Чингүнжавын нарын толгойлсон Монголын ард түмний 1755-1758 оны тусгаар тогтнолын төлөөх зэвсэгт тэмцлийг дараах үе хүртэл Ар Монголд шашныг бүхий л талаар дэмжин дэлгэрүүлж, сүм хийд барихад хөрөнгө зардал гаргах, хутагт хувилгаадыг хүндэтгэн өргөмжлөх, лам нарыг элдэв алба гувчуур цэрэг, өртөө -аас чөлөөлөх гэх мэт хөнгөлөлт үзүүлж байв. Манжийн хаад тусгайлан хөрөнгө гаргаж, толгойлох үүрэг нөлөө бүхий хутагт нарт сүм хийд байгуулж өгч байв. Тухайлбал: I Жавзундамба хутагтад зориулан Амарбаясгалант хийд, II Жавзундамба хутагтад зориулан Дамбадаржаалан хийд, Өвөр Монголын Жанжаа хутагтад зориулан Долнуурын хийдийг барьсан нь хамгийн томоохонд тооцогдож байжээ. Монгол оронд шарын шашин ихээхэн хурдацтайгаар дэлгэрэх болсон шалтгаан нь Монголын нийгэмд өөрсдийн нэр нөлөө, байр сууриа өсгөх гэсэн дотоодын феодлуудын өрсөлдөөн, эрэмгий дайчин ард түмнийг номхон хүлцэнгүй болгох гэсэн харийн түрэмгийлэнчдийн далд бодлого, Түвдийн улс-төр шашны зүтгэлтнүүдийн зүгээс өөрсдийн дотоодын тэмцэлд Монголын феодлуудын дэмжлэг туслалцааг авах гэсэн сонирхол, Бага хаадуудын дайн тулаан, дотоодын хямралд туйлдан, залхаж гүйцсэн ард олны амар тайван амьдрах гэсэн хүсэл эрмэлзэл тус тус нөлөөлж, ёстой нөгөө хувьсгалын тохироо бүрдсэн гэдэг шиг юм юм давхцсан түүхэн цаг үе байжээ.

Гэвч Ар Монголд шашин дэлгэрүүлэхийг идэвхийлэн дэмжиж байсан Манжийн хааны зан гэнэт хувирч, Ар Монголд Манжийн засаг захиргаа, цэргийн шинжтэй бүтэц нэгэнт төлөвшин тогтож, ноёрхолоо баталгаажуулж чадсан 1757он-аас хойш Жавзундамба хутагтыг хэт өргөн магтаж хүндлэх явдлаа эрс багасгаж, түүний шашны болон эдийн засгийн хүч чадал, нэр нөлөө нэмэгдэх явдлаас сэргийлж хяналт тавих болов. 1757 онд Жавзундамба хутагтын төрийн аливаа хэргийг “Шанздубын яам”-ны тэргүүн Эрдэнэ шанздубад эрхлүүлэх болгож улс төрийн эрхийг нь хязгаарлав. Жавзундамба хутагтаас бусад тамгатай хутагтуудын шавийн хэргийг эрхлэх “Шаздубын газар” гэдэг засаг захиргааны нэгжийг бий болгов. Манжийн Төргэрэлт хаан 1821-1851-ны үеэс эхлэн тэд Халхын Жавзундамба хутагттай нүүр тулан уулзаж, хүндэтгэл үзүүлэхээ больж, 1870 оны сүүлч YIII Богдоос-ээс Их хүрээнд суух манжийн амбан Жавзундамба хутагтад мөргөдөг байсан ёс орхигдож зөвхөн бичиг илгээдэг болжээ. Манж нар Ар Халхад Жавзундамба хутагтыг, Өвөр Монголд Жанжаа хутагтыг шашны тэргүүнээр өргөмжилсөнч тэд өөрийн харъяа хүрээнээс бусад сүм хийдийг засаг захиргаа болон шашны үйл хэргийн хувьд захирах эрхгүй байв. Манжийн төрөөс Монголын шашны хүрээ хийдүүдийг тус тусдаа бие даасан, тархай бутархай саланги, олон тоотой байлгах бодлого баримталж, хошуудад сүм хийд байгуулахыг зөвшөөрч, “нэр шагнаж” олгох болов. Ийнхүү Монгол орон жалга болгондоо сүмтэй, өрх бүртээ ламтай болсон ажгуу.

Энэ цагаас эхлэн Жавзундамба хутагтыг Халхчуудыг улс төрийн талаар нэгтгэх хүчин болохоос ихэд сэрэмжилж түүний хойт дүрийг Монголоос бус Түвдээс тодруулж байх шийдвэр гаргаж, улмаар хууль гарган баталгаажуулжээ. Манжууд Монголын ард түмний 1755-1758 оны тусгаар тогтнолын төлөөх зэвсэгт тэмцлийг нухчин дарсныхаа дараа Чингүнжавыг эхнэр хүүхдүүдийнх нь хамт Бээжинд аваачиж цаазаар авч, бослогыг далдуур дэмжсэн гэдэг ял тулгаж, II Богд болон түүний ах ван Ринчиндорж, Түшээт хан Ямпилдорж, Засагт хан Бальдир, Сэцэн хан Манибадар нарыг манж нар сэм хорлож, Дамиран гүн нарын бусад ноёдыг барьж цаазаар хороосон билээ. Манжийн хааны зарлиг ёсоор III-YIII Богдыг Түвдээс 3-4 насанд нь манжийн хаанаас томилсон бие төлөөлөгчдийн оролцоотойгоор тодруулж, 5-6 насанд нь Ар Монголд авчирч Эрдэнийн ширээнд залж, Далай лам, Ванчин Эрдэнэ нарын санал болгож, манжийн хаан зөвшөөрсөн багш нар эрдэм ном заан сургаж, ард олон сүслэн дээдэлж байсан ч бяцхан Богдуудын алхах гишгэх бүрийг манжийн хааны тагнуул, туршуулууд цаг бүр тантаж, дотоод хэрэгт нь оролцож, санаа сэтгэлээр унагаж байсан тухай судлаачид тэмдэглэн үлдээжээ. Энэ их хардалт тандалтаас ч болсон уу? YIII Богдоос бусад нь ид залуугаараа 16-39 насандаа гэнэ гэнэхэн жанч халж, ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

Бяцхан богдуудыг Түвдийн Үй, Зан, Камын газар муж-аас залж ирэх нь чамгүй их сүр дуулиантай нүсэр ажил болдог байжээ. Тухайлбал: III Богд Ишдамбийнямыг Түвдээс залж авчрахад Манжийн хааны зарлигийн дагуу Хамба номун хан Жамбалдорж тэргүүтэй 800 хүн 1763 онд Баруун зууг зорив. Тэдний зөвхөн уналга ачилганд зориулж, хутагтын сангаас 400 морь, Халх дөрвөн аймгаас тус бүр 400 морь, 300 атан тэмээ дайчилж байв. YI Богд Лувсандамбийжанцанг дагаж Баруун зуугаас ирсэн Түвд лам нарт их шавийн сангаас өмч хувааж, ах дүү хамба нарт тус бүр тэмээ 50, адуу 50, үхэр 200, хонь 1500, ханчин хамбад Тэмээ 34, адуу 200, үхэр 100, хонь 700, богдын эмчид тэмээ 15, адуу 120, үхэр 700, хонь 380, бага сойвонд тэмээ 7, адуу 54, үхэр 30, хонь 100 гэх мэт хишиг хүртээж байжээ. Гэвч бяцхан хутагт маань Эрдэнийн ширээндээ залраад 42 хоноод жанч халжээ.

YII Богд Агваанчойжилванчигийг залж авчрах үед бяцхан богдыг хурдан тодруулахад хүчин зүтгэсэн Далай лам, Банчин эрдэнэ нарт уламжлал ёсоор тэдэнд мандал даншиг өргөх, хурал номын манз чанах зэрэгт зориулж хутагтын сангаас 4 түмэн лан, Халх дөрвөн аймгийн засаг хошуудаас нэг түмэн лан, халхын хан, ван, засаг нараас нэг түмэн лан тус тус хандивлажээ. Хутагтыг хүлээн авахад нутгийн зах Зөгийн цагаан толгойгоос Их хүрээ хүртэл 34 өртөө байгуулж, бошго өртөө бүрт хөшиг дэвсгэртэй эрээн гэр 3, бүрэнтэй цагаан гэр 2, майхан 10, хомтой тэмээ 185, хоног бүр хэрэглэх хонь 11-ийг бэлтгэжээ. Үүнээс гадна Банчин эрдэний шүн захиргаа-ээс зарагдсан сойвон, хамба, донир нарын уналга ачилганд хэрэглэхэд өртөө бүр дээр морь 20, тэмээ 25-ыг бэлэн байлгах үүрэг хүлээжээ. YIII Богд аав, ээж ах, дүү бараа бологч, хамгаалагч зэрэг 300 хүний хамт 19 сар аялан явсны эцэст Их хүрээнд 1875.10.03-нд морилон ирэв. Богд гэгээнээ эрдэнийн ширээнд нь залж, Халх бүхнээр даншиг өргөх билгийн наадам хийхэд харъяа шавь нарт бөх, харваачин, хуримын юм зүйлийг зарласан нугалбарт: Шүдлэн хонь 1447, 30 хоногийн унд хүнстэй сайн бөх 205, 20 хоногийн унд хүнстэй сайн харваач 60, хорин шүдлэн хонь бодоосон таацуулсан, байнд хоёр халбагатай сайн атан тэмээ 28, найман шүдлэн хонь бодоосон хуримын төрчин сайн шар үхэр 1, хоёр шүдлэн хонь, бодоосон хуримын тарган эргин хонь15, биеэр шүдлэн хонь 434толгой, 7440 жин шар тос, 3720 жин сайн цагаан гурил, 123 шуудай цагаан идээ, 70 ваар амттай сайн арз нийлүүлэхийг даалгажээ.

Өндөр гэгээн Занабазар 1635-1723-ыг 1639 онд Их Монгол уулын өвөрт орших “Ширээ цагаан нуур” хэмээх газар Монголын шарын шашны тэргүүнээр өргөмжилөхөд эцэг Гомбодорж нь харъяат албадаасаа 108 банди, гурван ах нь 30 өрхийг шавь болгон өргөсөн нь уламжлагдаж хожим нь халхын ноёд, тайж нар өөрсдийн хамжлагаасаа удаа дараа таслан өргөснөөөр улам нэмэгдэж “Түмэн шавь” гэсэн нэр гарчээ. Ийнхүү үе үеийн Богдод бат оршил өргөж, даншиг наадам хийж, амьд бурханыг алсаас ч болохноо харж, буян үйлдэх гэж Халх даяар хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж их ёслол үйлддэг болжээ. 1733 онд Манжийн хаан хутагтын амь биеийг сэрэмжлэн хамгаалах нэрийн дор халхчуудыг зүүн гарын эсрэг турхирч, зарлиг гаргаснаар 9 настайдаа Долнуурын шар сүмд хүргэгдсэн II Богд Лувсандамбийдонми 19 настайдаа 1743 онд эх нутагтаа эргэж ирэхэд хар, шар ялгалгүй сүсэгтэн олон баяр хөөртэй угтаж, бат оршил өргөж баяр наадам хийхэд сүсэгтнүүд ихээхэн өргөл барьц өргөсний дотор Засаг, баатар хунтайжийн хошууны Лувсан чавганц биеэр очиж үл чадахын учир өөрийг хүүг, арван бод, арван хонины хамт даншигт өргөв. Ийм хөдөлгөөн халх даяр өрнөж байжээ.

Манжийн хаан Жавзундамба хутагтын хойт дүрийг Монголоос бус Түвдийн литан орноос тодруулж байх аман шийдвэрийг 1759 онд гаргаж түүнийг 34 жилийн дараа 1793 онд зарлигаар хуульчилсанч үе үеийн богдуудын хойт дүрийг өөрийн нутгаас тодруулах гэсэн хүсэл эрмэлзлэл Монголчуудын дунд байсаар л иржээ. Бүр 1840-өөд оны сүүлчээр YI Богдыг Монголоос тодруулах гэж үгсэн хуйвалдлаа гэж Эрдэнэ шанздуб Наваанчойнбол, Их хүрээний хамба номун хан Дорж нарыг манжийн хаан тушаал хэргэмээс нь огцруулж, гэрийн хорионд оруулж байжээ. Энэ бүхнийг нуршин бичихийн учир гэвэл IX Богд жанч халж, X Богдыг Монголоосоо тодруулах тухай сонин хэвлэлээр олны дунд түгэж байна. Богдын хойт дүрийг ямар нэг гадны орны заавар зөвлөмжгүй, дотоодын улс төрийн хүчнүүдийн оролцоогүйгээр Монголоосоо тодруулж чадвал Монголчуудын эв нэгдэлд чухал нөлөөтэй байхсан болов уу? гэж бодсоных билээ.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

М.ДАЛАЙХҮҮ.2012.03.07.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
munhuu (зочин)

Сайхан бисэн байна. Үнэхээр монголчууд энэ нийтлэлийг нэг уншиж санаа авахаар юм даа.

zochin (зочин)

shaa2 ydahda zuw bichcheech buun aldaa yu ch oilogsongui suga sda nar we iim ym hj bhar hvisee orold sda

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)