М.Далайхүү : ХХ ЗУУНЫ МОНГОЛД ТОХИОСОН ГУРВАН ХУВЬСГАЛЫН ЭХНИЙ 10 ЖИЛИЙН ТУХАЙ ЭРГЭЦҮҮЛЭЛ

ҮЭЧХ-ний 100 жилийн ойг төр засгийн хэмжээнд сүр дуулиантай тэмдэглэн өнгөрүүлэв. Түмэн хонины дундаас түүнээс хөөрхөн амьтангүй гэдэг шиг. Түүхийн шаргал хуудасыг сөхвөөс түүнээс чухал нь үгүй гэнэ. Тиим ч биз, үгүй ч биз. Хэн нь аль өнцгөөс харж асуудлыг ярьж байна вэ? гэдэгт биш түүхэн үйл явдлын бодит үр дүн, баримт нотолгоо гэж бас нэг юм байдаг.

Өнөөдөр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын зарим эрхэм гишүүд, сайд, дарга нар улс орны эдийн засаг урьд өмнө байгаагүйгээр өсөж 20.0 хувь хүрлээ. Монгол орон үсрэнгүй хөгжлийн гараан дээр баттай зогслоо гэж ам мэдэн тунхаглаж байна. Гэтэл ард иргэдийнх нь 40.0 хувь ядуучуудын эгнээнд шилжиж, ажилгүйдэл ядуурал газар авч, төрд ажиллаж байгаа иргэд нь хүртэл түжин тажин амьдарч, цалин хөлсөө нэмүүлэх гэж жагсаж, цуглаж байгаа нь хөдлөшгүй үнэн билээ. Өмнө говийн хилээр урагшаа гарч байгаа нүүрснээс олж байгаа орлогыг Монголын 713,8 мянган өрхт хуваагаад яах юм бэ? Тэр тэрбум тэрбумаар тооцогдох их орлого чинь сайндаа л тэр эрхийг “лециндчихсэн” 10 өрхийн л хармаанд орох орлого шүү дээ. Үлдэж байгаа 713780 өрхийн хувьд түлэнхий хусамч олдохгүй.

Статистикийн гүйцэтгэлээрээ бол нэг хүнд ноогдох ДНБ-ээрээ 10.000 америк доллароос дээш орлоготой гэгдэх Африкийн хэд хэдэн орны тэр бумтан удирдагчид ард түмээ цагаан цаасан дээрх хоосон тогоор хуурч залуусын ярьдагчлан цонхны цаанаас чихэр долоолгож явсныхаа пянг даалгүй сэнтийнээсээ мултарч, зарим нь амь насаа алдаж, үлдсэн хэд нь шүүхийн тавцан дээр зогсож байгааг юу гэж ойлгох вэ? 40.0 тн алтны нөөцтэй Бороо гоульдыг гадаадынханд зарсан хэдэн арван саяаар тооцогдох доллар хашаа орлоо. Одоо тэр их мөнгөөрөө намыг ч, засгийг ч худаалдаад авчихсан, арга нь олдвол улсаас ч худалчихад бэлэн нэг нөхөр явж байна гээд хүмүүс шивнэлдээд л байна шүү дээ. Эрх мэдэл албан тушаалыг худалддаг, худалдан авдаг хүмүүст ирэх сонгуулиар “Гөлгөөө яалаа” гэдгийг ард түмэн сануулж чадвал мод чулуу, бороохой шийдэм барилгүйгээр төрийг цэгцэлж чадах билээ. Энэ бүхнийг түр орхиж ХХ зуунд Монгол оронд тохиосон гурван хувьсгалын эхний 10 жилийн үр дүнг хоосон улс төржих биш, нотлох баримттайгаар тайлбарлахыг хичээе тунгаан соёрхоно уу?

1905 оны Оросын хувьсгал, 1911 оны Хятадын Синьхайн хувьсгал Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд хүчтэй нөлөөлж, Манжийн дарлалд 222 жил нухлагдсан Монголчууд “Монгол овогтон бүгдээрээ нийлж өөртөө улс болон тогтнож шашнаа мандуулах” гэсэн уриан дор Манж-Хятадын ноёрхлын эсрэг дээр доргүй идэвхийлэн тэмцэж эхлэв. Мөн энэ тэмцэлд Монголчууд нийтээрээ нэгдэн оролцох болсон бас нэг шалтгаан бол Чин улсын засгийн газараас Монголд хэрэгжүүлэхээр зарласан “Шинэ засгийн бодлого” гэгчид дургүйцсэн олон түмний эсэргүүцэл байв.

Дээрхи бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Чин улсын засаг захиргаа дараах хэд хэдэн арга хэмжээг төлөвлөсөн байна. Үүнд: Чин улсын эзэн хаан 1907 онд монгол нутгийг хагалбарлан тариалж, тариа тарих тухай зарлиг буулгаж, улмаар дүрэм хэмжээг баталжээ. Атар газрыг Хятад иргэдээр хагалбарлуулж, тариа тарих олон хороо байгуулагдаж, дээд зэргийн нэг шан 10 му газрыг 4 лан 4 фүн, дунд зэргийг 2.4 лан, доод зэргийг 1.4 лан мөнгөөр тус тус үнэлэн худалдаж, газрын үнийн хагасыг Чин улсын санд, үлдсэн хагасыг хошууны орлого болгох, малчин айлд 90 шан газрыг буцалтгүй олгохоор заажээ. Мөн үүний зэрэгцээ Чин улсын захиргаа Ар Монгол дахь гадаадын пүүсүүдтэй хамтран алтны уурхай нээж ажиллахаар шийдвэрлэсэн байна.

1910 онд Монгол дахь гаалийн хороодын дэргэд “Тээчийн хороо” гэгч шинэ байгууллага байгуулж, дүрэм журмыг Чин улсын захиргаа батлан гаргав. Дүрэм ёсоор бол 1911 оноос эхлэн Монголын хотуудын хооронд хийх аливаа тээвэр болон Монголоос гадагш, гаднаас дотогш тээвэрлэн авчрах зүйлээс тэрэг, тэмээнд ногдуулан тогтоосон хэмжээний мөнгөн гааль авч байхаар болов. Чин улсын төр монгол, хятад хүмүүс ураг барилдах, монгол хүн хятад бичиг сурах, хятад нэр хэрэглэх, монгол газар хятад хүн урьж бичээч болгох, хятад бичгийг албан хэрэгт хэрэглэх зэргийг хориглосон урьдын цааз хуулийг 1910 онд хүчингүй болгов.

“Шинэ засгийн бодлого”-ыг явуулах болсонтой хобогдуулан Их хүрээнд Цагдан цээрлүүлэх газар гэгчийг байгуулж, Хятадаас Сюаньхуагийн сэргийлэх хороо гэдэг 40 хүнтэй дарангүйлагч цэрэг ирүүлж суулгаснаас гадна Халахын түшээт хан, Сэцэн хан, Их шавь зэрэг гурван газраас идэр чийрэг 40 эрийг цэрэг болгон дайчилж, 1910 оны эхээр цэргийн тоог хоёр дахин нэмэгдүүлжээ. Үүнээс гадна “Их хүрээний цэрэг бэлтгэх газар” гэгчийг байгуулж, түүний ерөнхийлөн захирагч түшмэлээр залангийн занги Тан гэгчийг томилж, 1910 оны эцсээр Их хүрээнд ирүүлэв. “Шинэ засгийн бодлого”-ыг эсэргүүцэж Чин улсын засгийн газарт Халхын 4 аймгийн чуулганы дарга, туслах жанжин, хэбэй зөвлөх, Их шавийн шанзудба, да лам нар нэр хамтран эсэргүүцэж заалдсан боловч тусыг эс олов.

1911.06-1921.06 сар. Эх орондоо эзэн суухын төлөө

Энэ эгзэгтэй мөчид 1911.06.21-нд Ар Монголын эрх баригчид урьдаас товлосон ёсоор Жавзундамба хутагтад бат оршил өргөхөөр Эрдэнэ шанзудбын яаманд нууц зөвлөлгөөн хийж, олонхи нь Чин улсын “шинэ засгийн бодлого” монголчуудын амьдрал, ёс суртахуун, шашин шүтлэгтэй харштай гэж үзээд түүнийг хүлээн авч болохгүй хэмээн санал нэгдэв. Энэ үеэр Түшээт хан аймгийн жанжин Ханддорж, мөн аймгийн чуулган дарга Чагдаржав, Их шавийн да лам Цэрэнчимэд нар Богд хан уулын модонд сэм хуралдаж, Орос улсаас тусламж авч монголчууд манжаас салж тусгаар улс болох санал сэдэж, нууц зөвлөлгөөнд оруулан хэлэлцүүлээд улмаар Жавзундамба хутагтаас соёрхолыг олжээ. Тэгээд тэрхүү нууц зөвлөлгөөнөөр Ханддорж, Цэрэнчимэд, Өвөр Монголын түшмэл Хайсан нарыг Орос улсаас тусламж эрэхээр явах төлөөлөгчөөр томилж, Их хүрээний Оросын консул Миллерт учрыг мэдүүлж хил нэвтрэх зөвшөөрөл авсан байна.

Эдгээр төлөөлөгч нар Жавзундамба хутагт, Халхын хангууд нэр холбож, Орос улсын эзэн хаанд бичсэн 21 зүйлийг сийрүүлсэн албан бичгийг авч явав. 1911.07.17-нд Хаант Орос улсын сайд нарын зөвлөлийн дарга П.А.Столыпин, Худалдаа, Аж үйлдвэр, Сан, Гадаад явдлын ба Цэрэг, Тэнгисийн яамдын сайд нар болон бусад өндөр албан тушаалтан оролцсон онц зөвлөлгөөнийг хийж, Монголын саналыг хэлэлцэн “... Монголын асуудалд идэвхитэйгээр оролцохгүйгээр ... тэр хоёрын Монгол, Чин улсын хооронд жуучлан, Монголоос Чин улстай тогтоосон сюзерений холбоог таслалгүйгээр үндэсний байдлаа хамгаалах гэсэн монголчуудын эрмэлзлийг дипломат замаар дэмжих” хэрэгтэй гэж тогтов.

Үүний дагуу Оросын эрх баригчид Монголын төлөөлөгчдөд хандаж Монгол одоо үед Чин улсаас бүрэн тусгаарлах бололцоогүй. Харин Монголд хийж буй Чин улсын шинэчлэлийг болиулах талаар Бээжинд мэдэгдэл хийнэ. Хятадын талаас монголчуудын эсрэг хийж болзошгүй аллага, хядлагаас өмгөөлнө гээд эл байдал хийгээд төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд Их хүрээнд байгаа Консулын газраа харгалзах цагдаагийн хүчийг зузаатгахаар пулемёт бүхий 200 казах цэргийг нэмж явуулахаар амласан байна.

Монгоын төлөөлөгчид Орос улсад сэм одож, Чин улсаас салан тусгаарлахын тулд тусламж гуйсан тухай Хүрээний сайд Сань До Чин улсын засгийн газар уламжлахын зэрэгцээ Орос улсаас тусламж ирэхээр хэн хэн явсныг олж мэдэхээр Бадамдоржийг Богд Жавзундамбатай уулзуулж, Оросын цэргийг ирүүлэхгүй байх, Ханддорж нарыг даруй Хүрээнд ирүүлэх цахилгаан утас явуулахыг шаардсанаас гадна өөрөө Хүрээний монгол сайд бэйс Пунцагцэрэнтэй уулзаж энэ хэргийн талаар ярилцсан байна. Жавзундамба хутагт хэрэв монголд явуулах гэж буй “шинэ засгийн бүх хэрэг”-ийг хүчингүй болгож, Орос улсад явсан төлөөлөгчдөд ямар нэгэн ял зэм хүлээлгэхгүй гэж батлан хүлээвэл цахилгаан утас явуулж болно гэж хариу мэдэгджээ. Сань До энэ бүх байдлыг тодорхойлж Чин улсын эзэн хаанд айлтгасанд удалгүй “ёсоор болгоё” хэмээн зарлиг ирүүлжээ..

Чин улсын захиргаа Бээжин дэх Оросын элчинд 1911.09 сарын эцсээр, дараа нь Петербург дэх түр хамаарагчаараа дамжуулан Оросын ГЯЯ-нд мэдэгдэхдээ “Монголд хийж байгаа цэрэг, улс төрийн өөрчлөлтийг зогсоолоо” гэж мэдэгдэж, Хүрээний цэрэг бэлтгэх газрыг татан буулгаж, ерөнхийлөн захирагч Тан Цзайлийг гэдэргэ татжээ.

Орос улсын зүгээс дэмжлэг авах болсон хийгээд Чин улсын төр мөхөх төлөвтэй болсон энэ эгзэгтэй мөчийг ашиглан Монголын төрийн тусгаар тогтнолыг сэргээх хэргийг шууд удирдан эрхлэх байгууллага-Халхын Хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар ХХБХТЕШГ гэгчийг 1911.11.30-нд Түшээт хан аймгийн чуулган дарга, засаг улсын түшээ гүн Чагдаржаваар толгойлуулан, чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд нарын 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, “Одоо монгол овогтон бүгдээрээ нийлж, өөртөө улс болон тогтнож, шашнаа мандуулан бусдын эрх мэдэлд дарлагдах зовлон зүдгүүрийг үзэхгүй болох цаг болсон” хэмээх Богд Жавзундамбын лүндэнг Монгол даяар яаралтай дамжуулахын зэрэгцээ Жавзундамба хутагтыг Монгол улсын хаан ширээнд өргөмжлөх гэж байгаагаа нэгэн адил мэдэгдэж, юуны өмнө Халхын 4 аймгаас нэжгээд мянган цэрэг дайчлах тушаал гаргажээ.

Энэ үйл явдлаас хойш яг нэг сарын дараа буюу 1911.12.29-нд Жавзундамба хутагтыг монгол улсын шашин, төрийг хослуулан барьсан хаан ширээнд өргөмжлөн залах ёслол Их Хүрээнд болж, Олноо өргөгдсөн Монгол улсыг байгуулснаа дэлхий дахинаа албан ёсоор тунхаглан зарлаж, Халхын 4 аймаг, 98 хошуу, монгол, орос, түвд, хятад иргэд, Өвөр-Монголын 6 чуулган, 49 хушуунд элч мордуулж, ”Тусгаар тогтнолын тунхаглал”-ын үзэл санааг ухуулан сэнхрүүлэх ажлыг эхлүүлэв. Тусгаар тогтнолоо тунхаглан зарлах нь нэг хэрэг. Түүнийг дэлхий дахинаар хүлээн зөвшөөрүүлэх гэдэг бага буурай улсын хувьд ямархан бэршээлтэй байдгийг 100 жилийнх нь ойг тэмдэглэсэн энэхүү түүхэн үйл явдлаас хойших 50 жилийн түүх бэлхнээ харуулах билээ.

Олноо өргөгдсөн Монгол улс тусгаар тогтнолоо зарлаж, төрийн захиргааны төв байгууллага болох Дотоод, Гадаад, Сан, Цэрэг, Шүүх таван яамыг байгуулж, тэргүүн сайдаар Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддрж, Түшээ гүн Чагдаржав, Чин ван Гомбосүрэн, ван Намсрай нарыг томилж, Түшээт хан, Сэцэн хан аймгуудаас 3000 цэрэг татаж хороо болгон зохион байгуулав. Баруун хязгаарыг түвшитгэн тогтоох сайдад бэйл Ж.Дамдинсүрэн, бэйс С.Магсаржав, илбэн тохинуулах сайдад бэйл номун хан Жалханз хутагт Дамдинбазар, зөвлөх сайдад гүн Хайсан нарыг, Зүүн хязгаарыг элбэн тохинуулах сайдаар Егүзэр хутагт Галсандашийг тус тус томилов.

1912.08.07-нд Ховд хот чөлөөлөгдөж, Манжийн 27 сайд, түшмэд, 650 гаруй цэрэг, иргэнийг Оросын нутгаар дамжуулан хөөн гаргав. Дөрвөд, Урианхай хязгаар болон Өвөр-Монголын 49 хошууны 35 нь Богдын засгийн газарт даган оров. Яг энэ мөчид Олноо өргөгдсөн Монгол улстай нэгэн зэрэг нэг өдөр байгуулагдсан Дундад Иргэн Улс 1912.03.10-нд “ ... түр Үндсэн хууль “ гэгчийг баталж, БНДИУ-ын нутаг дэвсгэр нь 22 муж, Ар, Өвөр Монгол, Түвд, Хөх нуураас бүрдэнэ”. “ ... муж, Ар, Өвөр Монгол, Түвд нь тус бүр таван төлөөлөгчийг үндэсний хуралд сонгоно” гэж тэд Монголын тусгаар тогтнолыг үл хүлээн зөвшөөрч Хятадын нэг хэсэг гэж үзэж байгаагаа хуульчлан заажээ.

1912.10.29-нд Богдын засгийн газраас Монгол улс Манжаас салж тусгааар улс болсныг мэдэгдэхийн хамт эв найртай, худалдааны харилцаатай байхыг хүсэж Австри, АНУ, Англи, Бельги, Герман, Голланд, Дани, Франц, Япон улсуудын Гадаад явдлын яаманд нот бичиж, Хөлөнбуйрын сайдаар дамжуулан Харбинд суугаа дээрх улсуудын консулуудад хүргүүлсэн боловч нэг ч улсаас хариу ирүүлсэнгүй. Ийм учраас Жавзундамба хутагт халхын Түшээт хан Дашням, Сэцэн хан Навааннэрэн, Засагт хан Содномравдан, Сайн ноён Намнансүрэн нар нэр холбож, Орос улсын эзэн хаанд бас дахин хандаж, албан бичиг илгээж, монголчууд тусгаар тогтнолоо сэргээх санал нэгтэй байгаа бөгөөд Орос болон бусад олон улстай найрамдаж тэдний тусламж дэмжлэгийг авах, Орос, Монгол хоёр найрамдах цаг боллоо, энэ боломжийг алдаж болохгүй гэж сануулж байжээ.

Тусгаар тогтнолоо гадаад улс орнуудаар зөвшөөрүүлэх, хил тогтоох, зэр зэвсэг, санхүүгийн тусламж авах, цэрэг байгуулах, Барга, дотоод Монголыг нэтгэхэд Орос ба бусад улаас тусламж, дэмжлэг авах зорилгоор 1913.01.10-нд Чин ван Ханддорж тэргүүтэй, 1913.11.23-нд Сайн ноён хан Т.Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгч нар ойр ойрхон Петербургт айлчлав. Айлчлалын үр дүнд урт хугацаатай зээллэг, зэр зэвсгийн тусламж авах, цэрэг байгуулж сургах асуудлаар нааштай хариу авсан ч Барга, дотоод Монголыг нэтгэн бие даасан тусгаар улс болох талаар дэмжлэг олсонгүй. Энэ гэрээ хэлцлийн хударгаар 1913.12.06-нд Оросын Дум “Орос- Хятадын тунхаг”-ийг гаргаж, улмаар Орос, Хятад хоёр 1913.12.23-нд Бээжинд гэрээ хийж өмнөхөө бататгав. Ингээд Ар Монгол автономит эрхтэй, газар нутаг нь Хятадынх гэж тохирч, Хятадын элчин сайдын хүсэлтээр Оросын консуулаар дамжуулан Богдын засгийн газраас Өвөр Монголоос цэргээ яаралтай татах, Хиагтад болох гурван этгээдийн бага хуралд төлөөлөгчөө оролцуулахыг шаарджээ.

1913 онд Дотоод яамны тэргүүн сайд Да лам Цэрэнчимэд, дэд сайд бинт ван Гончигсүрэн нар Япон орохоор явсан боловч Карбин дахь Оросын консул зөвшөөрөл олгосонгүй. Орос-Япон хоёр Зүүн өмнөт Азид ноёрхлоо тогтоох талаар 1907.07.30, 1910.07.04, 1912.07.27, 1916.07.03 дөрвөн удаа нууц хэлэлцээр хийж, Ар Монголд Орос, Солонгост Япон эзэрхэх, 116-р өргөргөөс зүүн тийш Японы, баруун тийш Оросын явуулж буй бодлого үйл ажиллагааанд хэн хэн нь хориг саад тавихгүй гэсэн үүрэгтээ үнэнч байгаагаа илэрхийлжээ.

Гадаад нөхцөл байдал тийм ч тааламжтай бус байсан ч улс орны дотоодыг түвшитгэх, эдийн засгийг удирдан зохион байгуулах талаар чамгүй хүчин чармайлт гаргаж байв. Улсын дээд, доод хурал 1914.03.06-ыг бий болгох, Монгол цэргийг орчин үеийн маягаар зохион байгуулах, тариалангийн ажлыг өргөтгөх, газрын баялагийг гадаадын харъяат нарт түрээслэх, дотоод гадаадын худалдаанд гааль тогтоох, сургууль, соёлын газар байгуулах, ном дэвтэр, сонин хэвлэл нийтлэх, түүх шашдир бичих зэрэг ажлыг үүсгэн явуулж эхлэв.

Улсын дээд, доод хурлаар олон чухал асуудлыг хэлэлцэж “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль цааз”-ын 64 дэвтрийг боловсруулж, Шүүх яамны дэд сайд Цэрэндэндэв, Магсаржав хурц, гавж Дамдин, гүүш Сумъяа нарын 8 түүхч “Зарлигаар тогтоосон Монгол Улсын шашдир түүх”-ын 2 дэвтрийг бичиж гаргав. Улсын дээд хурлаар гүнгийн зэрэг захирагч Бадрахбаатар улсын банк байгуулах, зайсан Ёндонжамцаас цай шахаж боловруулах үйлдвэр байгуулах, мээрэн Доржоос авто өртөө байгуулах, Засаг ноён Цэрэнсодномоос татварын нэгдсэн бодлого явуулах тухай зэрэг саналуудыг оруулж хэлэлцүүлж байсанч санхүүгийн талаар бат суурьгүй, мэргэшилтэй ажилтан хомс, техник хэрэгсэл дутмагаас болж, шууд хэрэгжих боломж бага байв. Мөн Улсын дээд хурлаар хоршоо байгуулах 15 зүйлтэй дүрэм баталж, Нийслэл хүрээнээ худалдахаар ирэх мах, цагаан идээ, өвс, түлээг зам тосон авагчдыг цаазлан хориглох тухай хэлэлцэн шийдвэрлэж байжээ. 1918 онд малаас авах албан татварын хууль батлагдаж, Монгол улсын хүн ам , мал тоолох зарлиг гарч гүйцэтгэсэнээр Монголын нийт хүн ам 542.6 мянга, үүнээс лам 105.6 мянга, өрх 125.2 мянга, малын тоо 9645.6 мянга гэж тоологджээ.

1912.03.24-нд Гадаад явдлын яамны дэргэд төрийн анхны сургуулийг Жамсран Цэвээний саналаар 47 сурагчтай нээж, 1912 оны сүүлчээр Монголд байсан цахилгаан мэдээний газрыг улсын болгож, дүрэм хэмжээг тогтоож, улсын хэвлэх үйлдвэр ашиглалтанд орж, Цахилгаан мэдээний болон Орос-Монгол хэлний орчуулагчийн сургууль нээгдэж, Д.Бадарчин, Ц.Дамбадорж нарын хүүхдүүд суралцаж эхлэв.1913 онд Очирын Дамбадорж, Жамбын Сүхбаатар, бишрэлт гүн Даваагийн Сундуй зэрэг 12 хүүхдийг Эрхүү хотын гимназид суралцуулахаар явуулав. 1914 онд Гадаад явдлын яамнаас ирүүлсэн нугалбар бичигт “... Орос, Франц, Англи зэрэг улсуудын үлгэр жишээгээр иргэний төрөл бүрийн сургууль байгуулахыг чухалчилж ... монгол бичиг үсгийг ч болов сурч төсөөлсөн хүн аравын дотор нэг үгүй тул эдүгээ хүртэл ухаан мэдэл нээгдэж чадаагүй, буурай үгээгүйгийн туйлд хүрснийг шүүмжилсэн” байна. Ийнхүү сургууль гэгээрлийн ажлыг улсаас тусгайлан эрхлэн шийтгэж, өчүүхэн бага ч атугай төсөв зардлыг энэ хэрэгт зориулан гаргах болсноор аймаг хошуудад удаа дараалан байгуулсан бага сургуулийн тоо 60 гаруй болсон байна. Ж.Цэвээн агсны удирдлага дор 1913.03.06-нд “Шинэ толь” сэтгүүл нийтлэгдэж, 1915.09 сард “Нийслэл хүрээний сонин бичиг”-ийн анхны дугаарууд хэвлэгдэн гарч эхэлжээ.

Нийслэл хүрээнд 60 хэрэглэгч бүхий утсан харилцааг нээж, Цагдан сэргийлэх алба, Мал эмнэлгийн хороо байгуулагдаж, оросын эмч нартай мал эрүүлжүүлэх талаар 25 жилийн хугацаатай гэрээ хийв. Д.Чагдаржав нэр бүхий 15 баячуудыг нэгтгэн Монголын харилцан туслах хоршоог байгуулав. 1913 онд Оросын харъяат Галпиров, Поляков нарт Буйр нуур, Халхын голд загас агнах 5-10 жилийн хугацаатай түрээс олгож мөн 1916 онд Оросын харъяат Михайл Лущниковтой алтны уурхай нээх гэрээ байгуулж, 1917 онд Нийслэл хүрээ, Хиагт, Онон, Хөвсгөлд Ой модны анги байгуулсан нь цоо шинэ эхлэл байв.

1912 оны сүүлчээр Хужирбулангийн цэрэгт их бууны хороо, гунан Пулмёт бууны хороо, хэд хэдэн сумантай морин хороо, их даргын сургууль зохион байгуулагдаж, 1913.01.15-нд Монгол-Оросын хооронд цэргийн тусламж байгуулах гэрээний дагуу оросын цэргийн ноён 2, түшмэд 15, бага дарга 42 ажиллаж байв. Дээрх гэрээг 1919 он хүртэл жил жилээр сунган хэрэгжүүлжээ. Хужирбулан дахь цэргийн сургуулийн анхны төгсөлт болж онц ялгаран суралцсан Д.Сүхбаатарт Богдын зарлигаар 5 дугаар зэргийн цагаан шилэн жинс, тогосын отго шагнав. Мөн Их бууны ангийн төгсөлт болж Б.Пунцаг нарын хүмүүс анхдагч болов. Б.Пунцаг хожим нь Нийслэл хүрээний цэргийн ерөнхий захирал, Хиагтыг чөлөөлөх байлдаанд тэргүүн хорооны дарга болжээ.

Гурван зууны турш Манжийн хааны зарлиг, Бээжингийн ам, Монгол дахь манжийн Амбан, түшмэдүүдийн дохио зангаагаар хөдөлж байсан монголчууд өөрсдийн санаа бодлоо уралдуулж, улс орноо удирдахад дээр дооргүй идэвхийлэн оролцож сэтгэл өег, зовхи өдөө байсан ч байдал хоног хоногоор улам хүндэрч эхлэв. Есөн сар гаруй үргэлжилсэн Хиагтын гэж түүхэнд тэмдэглэгдсэн Орос, Хятад, Монгол гурван этгээдийн 22 зүйлт гэрээгээр 1915 05.25-нд хойд урьд хоёр хөрш хавсайдан Монголын тусгаар тогтнолыг устгаж, Ар Монголыг Хятадын эзэн эрх бүхий автономит улс байлгахаар үгсэн тохирсон 1913 оны тунхагаа тулган хүлээлгэв. Автономит эрх амар хялбар олдсонгүй. Тагна Урианхай хаант Оросын протекрат болж, Алтай нурууны өмнөт бэл, Хар Эрчис, Чигил, Булган, Өрөнгө гол, Өрөнгөр нуурын сав дагуух Монголын нутаг Хятадын мэдэлд оржээ. Үүгээр Өвөр Монгол, Барга болон бусад Монгол угсаатны Монголын төрдөө нэгдэн нийлэх гэсэн хүсэл эрмэлзэл хөсөр хаягдсан түүхтэй.

1915 онд Нийслэл хүрээнд ДИУ-ын элчин сайдын газар байгуулагдаж сайд Чэнь-Лу тамга нээж хэрэг шийтгэж , Ховд, Улиастай, Хиагтад сайдын туслах нар ажиллаж эхлэв. Юань Ши Кайн цэрэг Монголын зүүн өмнөт хилээр довтолж Егүзэр хутагт Галсандашийг баривчлан Бээжинд хүргүүлэв. Сэцэн хан Навааннэрэн тэргүүтэй Богдын засгийн газрын төлөөлөгчид 1916.02.16-нд ДИУ-ын Ерөнхийлөгч Юан Ши Кай тай уулзаж, Егүзэр хутагт Галсандашийг суллуулж эх орондоо авчрав.

1917.11.07-нд Орост Октябрийн Социалист Хувсгал ялж, хаант засгийг түлхэн унагаж Пролетарийн диктатур тогтов. Богд хаанд туслах, большевикийн аюулаас хамгаалах нэрийдлээр хятад цэргийн батальон Монголд орж ирэв. 1919.08.03-нд Зөвлөлт Оросын Засгийн газраас Монголд зориулан уриалга гаргаж 1913 оны Орос-Хятадын гэрээ хүчингүй, Монгол улс Петроград, Бээжин хоёроос асуулгүйгээр асуудлаа бүрэн шийдэгтүн гэсэн илгээлтийг Богд хаанд ирүүлсэн бол үүнээс сар хүрэхгүйн дараа Хятадын генерал Сюй-шу-Чжен Нийслэл хүрээнд ирж, 6000 цэрэгтэй гарнизоноороо сүрдүүлэн Улсын Дээд, Доод Хурлыг хуралдуулж, Автономит засгаа сайн дураараа устгуулах асуудлыг хэлэлцүүлэхэд Доод Хурал эсэргүүцсэн боловч 1919.11.17-нд Богдын засгийн газрын тэргүүн даа лам Бадамдорж, Гадаад яамны сайд хичээнгүй гүн Цэрэндорж, Цэргийн яамны сайд чин ван Жамъяндорж нар гарын үсэг зурж Ар Монголыг Хятадын бүрэлдэхүүнд оруулж, автономыг сайн дураараа устгасан тухай илэрхийлэлийг Сюй-шу-Жанд гардуулжээ. Ийнхүү 1919.11.21-нд Сюй-шу-Жан Богдын засгийн газрыг тарааж, таван яамыг татан буулгаж, 9187 винтов, 2456 бирдан, 5 их буу, 10 пулемёт, төрөл бүрийн сум 1690892, сэлэм 2608, нум сум 2000, цахиур буу 1435, гар буу 9-ийг хураан авч 1919.11.22-нд Хятадын Ерөнхийлөгчид Монголыг автономыг устгасан тухай илтгэж гутамшигт ёслолоо 1920.02.19-нд Хүрээнээ хийв.

Энэ хүнд хэцүү бэрх үед Монголынхоо тусгаар тогтноын төлөө ил тод, шулуун шударга, амь бие хайргүй тэмцэж явсан Түшээт хан Дашням, Засагт хан Содномравдан, Эрдэнэ далай ван Гомбосүрэн, Да лам Цэрэнчимэд,Чин ван Ханддорж, Хошой чин ван Чагдаржав, Сайн ноён Намнансүрэн нар шил шилээ даран сэжигтэйгээр нас барсан нь Манжийн хийгээд ДИУ-ын түрэмгийллийн эсрэг тэмцсэн эх орончдын зоригийг мохоож, цөхрөхөд хүргэж байв. Гэвч эх оронч эрсийн буухиаг хүлээн авах дараагийн үе тасалдсангүй 1919 оны эцсээр Консулын дэнжид, Д.Бодоо, Д.Чагдаржав, Нийслэл хүрээнд С.Данзан, Д.Догсом нарын нууц бүлгэм үүсэж улмаар 1920.01.05-нд нэгдэж, харийн түрэмгийлэгчдийг эх орноосоо хөөн зайлуулах Монголчуудын тэмцлийг манлайлав. Дээрхи хоёр бүлгээс гадна Хатанбаатар Магсаржав, Манлайбаатар Дамдинсүрэн, гүн Гомбо-Идшин, жалханз хутагт Дамдинбазар, дилав хутагт Жамсранжав, жонон ван Цогбадрах, эрдэнэ шанздуб Дашжав, да лам Пунцагдорж зэрэг хятадын эрхшээлээс ангижирч автономит засгаа сэргээхийг эрмэлзэгч үндэсний үзэлтэй лам, ноёдоос бүрдсэн улс төрийн бүлгэм ажиллаж байсан нь Богд болон Хувсгалчдын нууц бүлгэмийг хооронд нь холбох аятай сэжим болж байж.

1920.06.25-нд хуралдсан улс төрийн нууц бүлгэмийн хурлаар нам байгуулах асуудлыг хэлэлцэж түүнийг “Монгол Ардын Нам” гэж нэрлэхээр тогтов. Тус хурлаар намын мөрийг хөтөлбөр, дүрмийн агууллагыг багтаасан “Намын хүмүүсийн дагаж явах тангарагийн бичиг”-ийг хэлэлцэж батлав. Уг бичгийн нэгдүгээр зүйлд “...шашин үндсэнд харшлах харгис дайсныг цэвэрлэж, алдагдсан эрхийг эргүүлэн аваад ... дотоод засгийг үнэн сэтгэлээрээ сайжруулан засамжилж, ядуу доод ард түмний тусыг туйлаар бодох ба өөрийн дотоод хэргийг өнө үүрд сахиж, дарлах дарлагдахын зовлонгүй аж төрөхийг чухал болгоно” гэж тодорхойлжээ.

Хувсгалт нууц бүлгэмийн ажиллагаа идэвхжихийн хэрээр гамин цэрэг улам догширч 1920.07.29-ний шөнө манлай баатар Дамдинсүрэнг, маргааш өглөө нь Хатанбаатар Магсаржавыг, хоёр хоногийн дараа гүн Жамъян, Жигмэд, Дэндэв, Гомбо-Идшин нарыг баривчилж Си-линбугийн яаманд хорив. Сарын дараа гамин цэргийн захирагч Самбуу Богдыг баривчилж тун удалгүй дүйнхар да лам Пунцагдорж, эрдэнэ ван Намсрай, сэцэн ван Гүрсоронзонгомбосүрэн, бэйс Иш-Очир нарыг барьж хорив. 1920.06 сард Япончууд Англи, Америкийн тусламжтайгаар Хятадын засгийн газарын Аньфу бүлгийг унагав. Сюй-шу-Жан Хүрээнээс зугтаж оронд нь 1920.10 сард Чен-И хүрээнд дахин ирж Түшээт хан аймгийн чин ван Пунцагцэрэн болон бусад 8 хүнийг өөрийн туслахаар томилов. 1920.10.02-нд Барон Унгерны 900 гаруй цэрэгтэй Азийн морин дивиз Сэцэн хан аймгийн Гилбэр харуул орчмоор Монголд нэвтрэн орж ирэв. 1920 оны сүүлчээр Чита болон байгалийн зүүн хэсэг цагаан гвардчуудаас чөлөөлөгдөв. Улс орны тусгаар тогтнол дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан энэ үед эхлээд Бодоо, Чагдаржав нар, дараа нь Сүхбаатар, Догсом, Лосол нар Богдын тамгатай бичгийг авч ЗОУ-д очихоор яаравчлан мордсон бөгөөд 1920.08 сарын дундуур өмнө нь оччихсон байсан Данзан, Чойбалсан нартай нэгдэж МАН-ын долоон төлөөлөгч Дээд Шивээнд ЗОУ-ын консул О.И.Макстеник, Дээд-Үдэд ОКбН-ын төв хорооны алс Дорнотын гишүүн Б.З.Шумяцкий, Эрхүү хотод ЗОУ-ын Гадаад хэргийн яамны ардын комссартатын төлөөлөгч Ф.И.Гапон нартай тус тус уулзаж, МАН-ын бодлого зорилгыг танилцуулж, Богдын тамгатай бичгийг гардуулжээ. Анхны долоо сайтар зөвлөлдсөний дараа наймдугаар сарын сүүлчээр гурван хэсэг болж Данзан, Чагдаржав, Лосол нарыг Зөвлөлт засгийн удирдах хүмүүстэй уулзуулахаар Москва илгээх, Сүхбаатар , Чойбалсан нар Эрхүүд үлдэж цэргийн сургуульд боловсрох, Бодоо, Догсом нарыг гэдэргэ буцааж, Нийслэл хүрээнд МАН-ын ажлыг удирдуулахаар шийдвэрлэжээ.

Данзан, Чагдаржав нарын авч явсан “Гадаад Монголын Ардын Намын төлөөлөгч нараас” гэсэн бичигт Монголын автономыг сэргээхэд болон Хятадын Ардын Намтай холбоо тогтооход туслах, ЗОУ-аас морьт цэргийн зэвсэг, цэргийн сургагч нарыг ирүүлэх, санхүүгийн тусламж үзүүлэх, хятадын цэргийн булаан дээрэмдсэн эд хөрөнгийг Монголын шинээр байгуулах Засгийн газарт шилжүүлэх явдлыг дэмжихийг тус тус хүссэн байв. С.Данзан, Д.Чагдаржав нар 1920.09.20-нд Ленинтэй уулзаж, 1920.11.12-нд Эрхүү хотноо буцаж ирмэгц хувьсгалчдын зөвлөлгөөн болж, Зөвлөлт засгийн газар хүсэлтийг хүлээн авч тусламж үзүүлэхээ илэрхийлсэн тул намын эгнээг өргөтгөх, гамин, цагаантны эсрэг тэмцэлд бэлтгэх, журамт цэрэг элсүүлэх ажлыг яаравчилахаар зүг бүр хуваарийн дагуу журамт нөхөд мордоцгоожээ. ЗОУ-ын засгийн газар оросын цагаантан Монголд цөмрөн орвол өөрийн цэргийн хүчээр байлдан устгах, эс халдсан тохиолдолд Монголын нутагт цэргээ оруулахгүй гэж мэдэгджээ.

1920.11.10-нд “Монголын Үнэн” сонин хэвлэгдэн гарч, МАН-ын бодлого зорилгыг олон түмэнд сурталчлах, эх оронч бүх хүчин нэгдэж харийн түрэмгийлэгчдээс улс орноо чөлөөхийг олон түмэнд тайлбарлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэх болов. 1921.02.09-нд МАН-ын төлөөлөгчдийн хурлаар Д.Сүхбаатарыг бүх цэргийн жанжнаар урьдчилан томилж, Ардын Журамт Цэргийг зохин байгуулахыг түүнд хариуцуулсан байна. 1921.03.01-03 ны хооронд МАН-ын анхдугаар Их харал болж “МАН-аас түмэнд тунхаглан зарлах бичигийн оршил”, “МАН-аас Гадаад Монголын түмэнд тунхаглан зарлах бичиг” хэмээх хоёр үндсэн баримтыг хэлэлцэн баталж, Д.Сүхбаатарын саналыг хэлэлцээд МАН-ын Төв хороог байгуулж, даргад С.Данзанг, гишүүдэд Ц.Дамбадорж, Д.Лосол нарыг сонгов. 1921.03.13-нд МАН-ын Төв хорооны гишүүд, намын болон журамт цэрэг, олон хошуу шавийн ард олны төлөөлөгчдийн хурал болж, улс орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөн, түмэн ардын ашиг тусыг хамгаалж чадах засгийг явуулсугай хэмээн тогтож, “Монгол ардын засгийн хэргийг бүгд түр ерөнхийлөн захирах газар”-ыг байгуулж, Ардын түр, засгийн газарыг долоо хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, тэргүүлэгч даргаар Чагдаржавыг, гишүүн түшмэлээр Сүхбаатарыг, гишүүдэд Бодоо эчнээгээр, Билэгсайхан, Сумъяа, Чойбалсан нарыг баталж, нэг гишүүнийг Урайнхайн хязнаараас сонгохоор тогтжээ. АТЗГ байгуулсаныг Нийслэл Хүрээний засгийн газарт албан ёсоор мэдэгдэхийн хамт Монголын ард түмэнд хандаж гаргасан тунхаг бичигтээ “Монгол газар гадаадын эзэрхэг харгисууд дур мэдэн аашлах явдлыг үүрд эцэс болгох цаг болсныг зарлаж, АТЗГ гагцхүү ард түмнийхээ хувь заяаны төлөө хүч чадлаа зориулна хэмээжээ.”

Ийнхүү Ардын журамт цэрэг 1921.03.18-ны үүрээр гамин цэргийн сүүлчийн түшиц газар болсон Хиагтыг чөлөөлөхөөр хөдөлж, Дөрвөлжин сүмд хүрмэгцээ хятадын цэрэгтэй тулгаран бүхэл өдөржин, шөнө дөл болтол байлдаж гамин цэрэг ялагдал хүлээж Хиагтыг орхин өмнө зүг зугтаав. Хиагтыг чөлөөлсөний маргааш буюу 1921.03.19-нд АТЗГ-аас бүх монголын түмэн ард, лам, ноёдод тунхаглан зарлах бичиг гаргаж “Монгол газар хятадын эрх мэдэл огт байхгүй болсон учраас манай Монгол улсын засгийн дээд эрх мэдэл нь цөм монголын өөрсдийн нь гарт оров. Тиймийн тул хойч өдөр хятадын эрх баригчдаас аливаа захирсан тушаасан зүйлийг хэрхэвч дагаж болохгүй хэмээгээд оросын цагаан намын цэргийг орон хязгаараас даруйхан зайлуулж, газар орон юугаан ариун цэвэр болгох”-ыг уриалжээ.

1921.03.24-нд засгийн зохион байгуулалтыг хэлэлцэж Дотоод яамыг Билэгсайхан, Цэргийн яамыг Сүхбаатар, Сангийн яамыг Чагдаржав толгойлох болж, дөрөвдүгээр сарын дундуур Бодоог АТЗГ-ын даргаар тохоон томилжээ. 1921.04 сард батлан гаргасан Монгол АТЗГ-ын дагаж мөрдөх дүрэмд “... Засгийн газрын тэргүүлэгчдийг дарга нь энгийн цагт Бодоо бөгөөд байлдааны цагт Сүхбаатарт шилжүүлэх тул цэрэг байлдааны хэргийг Жанжин эрхлэмүй” гэж заасан байна. Тэгвэл монголд бүгшсэн гамингийн үлдэгдэл оросын цагаантанг бүрэн даран сөнөөхөд дайн тулааны үйл хэрэг 1921 оны турж, 1922 оны эхний хагас хүртэл үргэлжилснийг тооцвол үнэн чанартаа засгийн газрыг Д.Сүхбаатар тэргүүлж байжээ гэж хэлж болох юм. Монгол улсын нутагт олноо өргөдсөн онуудад болсон 168 зэвсэгт тулалдааны 112 тулалданыг Д.Сүхбаатар биечлэн удирдаж ялалт байгуулж байсан тухай судлачдын гаргасан тооцоо байдаг ажээ..

Энэ зуур 1921.02.03-нд Барон Унгерний цэрэг Нийслэл хүрээг гамингаас чөлөөлж, 1921.02.21-нд Богд гэгээнийг хаан ширээнд дахин залж, автономит засгийг сэргээв. Ерөнхийлөн шийтгэх бөгөөд Дотоод яамны тэргүүн сайдад Жалханз хутагт Дамдинбазар, Гадаад яамны тэргүүн сайдад эрдэнэ шанздуб Дашжав, цэргийн яамны тэргүүн сайдад Хатанбаатар Магсаржав, Сангийн яамны тэргүүн сайдад Бароноос ван цол хүртсэн Цэвээн, Шүүх яамны сайдад бэйс Цэрэндорж нарыг Богдын зарлигаар томилов. Сарын дараа Бароны шаардсанаар Хатанбаатар Магсаржавыг Баруун хязгаарыг сэргийлэх сайдад тавьж, Бүх цэргийн жанжны тамгыг Бароны буриад ван Жигмиджав Жамбалон гэгчид хамруулав. Мөн Жалханз хутагт Дамдинбазарыг Баруун хойд хязгаарыг илбэн тохинуулах сайдын тушаалд тавьж, Ерөнхий сайдын тушаалыг Манушир хутагт Цэрэндоржид хамруулав. Богдын тушаалаар Егүзэр хутагт Галсандашийг зүүн өмнөт хязгаарыг илбэн тохинуулах сайдаар томилов. 1921.05 сарын сүүлчээр Унгерн 11 мянган сэлэм жад, 23 их буу, олон тооны пулмёт, сум хэрэгсэлтэй болж 19-25 насны 3000 хүнийг цэрэгт татаж сургуулилан хойт зүг байлдахаар одов. 1921.05 сард Ардын журамт цэрэг Алтанбулагаас Нийслэл хүрээ рүү 12 их буу,156 пулёмот бүхий 9300 гаруй морьт болон явган цэрэгтэйгээр баруун, төв, зүүн гэсэн 3 чиглэлээр хөдлөв. 1921.06.16-нд ОКбН-ын Төв хороо Унгерний цагаантныг бүр мөсөн бут цохиж, хил хязгаараа аюулгүй болгохын тулд Монголд цэрэг оруулах шийдвэр гаргав. 1920.06.20-30-ны хооронд Жалханз хутагт Дамдинбазар хоёр ч удаа Б.З.Шумъяцкийд захидал бичиж цагаантныг устгахад зэвсэг, хүчин туслахыг хүсээд өөрөө 500 цэрэг нүүлүүлснийг дурьджээ. Мөн Хатанбаатар Магсаржавт Улаан армитай мөр зэрэгцэн цагаантны эсрэг тэмцэхийн учрыг ухуулсан захидал хүргүүлсэн бөгөөд Магсаржав бүр 1919.07.20-нд Зөвлөлтийн улаан армийн командлагч Кравченко, Иванов нараас ийм утга бүхий захидлыг хоёр ч удаа авч байжээ.

1921.06 -1931.06 сар. Бүгд найрамдах засаглал, Бүрэн эрхт улсын төлөө

1921.06.28-нд МАН-ын Төв хороо, АТЗГ-ын өргөтгөсөн хурал болж, Нийслэл Хүрээг чөлөөлөх шийдвэр гаргав.1921.06.30-нд Д.Сүхбаатарын удирдсан Ардын журамт цэрэг, ЗОУ, АДБНУ-ын цэргийн ангиудын хамт Нийслэл Хүрээг чөлөөлөхөөр аян дайнд мордож, замдаа цагаантны цэрэгтэй байлдаж, хэд хэдэн удаа ялалт байгуулж, Ардын журамт цэрэг 1921.07.06-нд Нийслэл хүрээнд орж ирэв. Д.Сүхбаатарын тушаалаар Шар тугийг Богдын ордонд залав. Д.Бодоо, С.Данзан, Д.Сүхбаатар нар Голын ногоон ордонд 1021.07.08-нд Богд хаанд бараалхаж зорьсон хэргээ бүтээснээ айлтгажээ. 1921.07.10-ны морин цагт Нийслэл хүрээний засгийн газарыг татан буулгаж, Ардын засгийн газраа шилжүүлэн авч, АТЗГ-ыг Монгол улсын Засгийн газар болгон эмхэлэн байгуулж, Ерөнхий сайд бөгөөд Гадаад яамны тэргүүн сайдад Д.Бодоог, Дотоод яамны тэргүүн сайдад да лам Пунцагдоржийг, Цэргийн яамны тэргүүн сайд бөгөөд бүх цэргийн жанжинд Д.Сүхбаатарыг, Сангийн яамны тэргүүн сайдад С.Данзанг, Шүүх яамны тэргүүн сайдад Магсаржав хурцыг тус тус тохоон томилж, 1921.07.11-нд Богдыг төвийн Шар ордонд залж, Монгол улсын хэмжээт эрхт хаанд өргөмжлөн ардын эрхтэй хэмжээт цаазат засгийг явуулах болсныг олон түмэнд зарлан тунхагласнар Монгол оронд үндэсний ардчилсан хувьсгал ялав. Мөн өдөр зарлалын индэрийн газарт цэрэг, ардын цуглаан болж, Ардын хувьсгалын ялалтын их баяр ёслолыг үйлджээ.

Ардын засгийн газрын эн тэргүүний зорилт бол Монгол орны баруун, төв, зүүн хэсэгт нэвтрэн орж ирсэн цагаантны хүчийг нэн даруй эх нутгаасаа хөөн зайлулах явдал байв. Алс баруун хязгаарт Ц.Хасбаатар, Ц.Дамбадорж нар Дөрвөд аймгийн ноён үнэн зоригт хан Содномжамц, Далай хан Түмэнжаргал нартай холбоо тогтоож, 130 гаруй цэрэг элсүүлж, К.Н.Байкаловын удардсан 300 гаруй цэрэгтэй хамтран харийн түрэмгийлэгчдээс хязгаарыг чөлөөлөх тэмцэл явуулав. Намын журмын нөхдийн захидлыг хүлээн авсан Хатанбаатар Магсаржав 1921.07.20-нд Улиастайд байсан цагаантан Вандановын цэргийг устгаж цаашид Казанцев, Кайгородовын цэргүүдтэй тулалдаж улмаар Генерал Бакичийн цэргийг буулгаж авснаар баруун хязгаар төвхнөв.

Нутгийн төв хэсэгт Х.Чойбалсан, Л.Сумъяа нар толгойлсон “Баруун замын байлдааны анги”, Сибирийн алдарт партизан П.Е.Шитинкиний отрядын хамт Ахай гүн, Вангийн хүрээний чиглэлд Цагаантан Сухаревийн эсрэг тулалдаж улмаар Монголын хилд буцаж орж ирсэн Резухин, Казаграндын цэргийг нэхэн байлдаж дийлжээ.Унгерний гол хүч болсон нэгдүгээр морьт бригад болон Баяр гүний 500-600 цахар цэргийг Алтанбулаг- Хүрээний гол чиглэлд явсан Д.Сүхбаатарын удирдлага дахь Ардын журамт цэрэг, АДБНУ-ын Стеренскийн хоёрдугаар морьт бригад угтан байлдаж сөнөөгөөд Баяр гүнийг баривчилжээ.

Зүүн хязгаарынг батлан тохинуулах цэргийн сайд М.Дугаржав, Ардын журамт цэргийн хороон дарга Г.Бумцэнд нар хязгаар нутагт байсан Гомбо-Идшин гүнгийн цэрэгт тулгуурлан Дугаржав бэйс, Балжинням бэйс нарын отрядыг нэгтгэн нэгдүгээр морин бригад болгон зохион байгуулж, Жодов амбаны 1000, Найданвангийн 600 гаруй цэргийн үлдэн хөөж, бут цохин цөөн хэсгийг хил давуулан дутаалгав. Найдан вангийн цэргийг бут цохисны дараа цэрэг, ардын дунд “Улаан туг” хэмээх дуу гарчээ. Хатанбаатар Магсаржавын оронд бүх цэргийн тамгыг барьж байсан Жамбалон гэгч бүх монгол цэргийн туг, тамгыг хулгайлан зүүн өмнө хязгаараар нэвтрэх хэмээснийг Д.Догсом, Д.Дугаржав нар тосон байлдаж туг, тамгыг олзолж эгүүлэн авчрав. 1921 оны эцэс гэхэд Монголын дэвсгэр нутаг цанаантны үлдэгдэлээс бүрэн ангижрав.

Шинэ тулгар тогтносон Ардын засаг, төрийг бэхжүүлэхийн тулд 1921.07.12-нд Ардын засаг, Зөвлөлтийн улаан армийн ангиудыг тус улсын нутаг дэвсгэрээс гаргахгүй байх хүсэлт гаргав. Мөн 1921.10 сард С. Данзан тэргүүтэй Д.Сүхбаатар, Б.Цэрэндорж, Ц.Ширнэндамдин нарын бүрэлдэхүүнтэй бүрэн эрхт төлөөлөгчдийг Зөвлөлт засгийн газартай хэлэлцээ хийлгэхээр илгээв. 1921.11.05-нд “Монгол-Орос улсын хооронд найрамдлын барилдлага байгуулах тухай” гэрээ бичигт нарын үсэг зурсныг 1921.12.31-нд УТЦХ-аар сайшаан баталжээ. 1921.12.14-нд дэлхий дахины олон улсад хандан дипломат харилцаа тогтоохыг хүссэн Монголын засгийн газарын уриалгад Англи, Америк, Япон зэрэг томоохон гүрнүүд хариу ирүүлсэнгүй.

1921 оны эцсээр “Нам, засгаас ойрын үед гүйцэтгэх бодлого”, “ МАН-ын одоо даруй эрхэм чухал болгон явуулбал зохих зүйлүүд” гэсэн баримт бичгүүдийг боловсруулан гаргав. Дээрх баримт бичгүүдэд “орон нутгийн захиргаадыг ардчилсан үндсэн дээр өөрчлөн зохион бхйгуулах”, “хамжлагат ёсыг халах, феодлын үеийн албан татварыг хүчингүй болгож, сүм хийдийн хурал номын зардлыг ардуудаас албадан гаргуулахыг зогсоох”, “ хутагт хувилгаад, ноёд түшмэд, ард тайж гэж үл ялгаварлан, хөрөнгө чинээний байдлыг харгалзан өсгөн нэмэгдүүлэх албан татварын журам тогтоох”, “хятадын худалдаач, мөнгө хүүлэгчдэд төлөх өрийг хүчингүй болгох”, “ гадаадын капиталыг улс орноос шахан гаргах”, “ардын эд хэрэглэгчдийн хоршоо болон мал аж ахуйгаас гарах түүхий эдийг боловсруулах үйлдвэрийн газар байгуулах” зэрэг зорилт дэвшүүлэв.

1921.07.23-нд АЗГ нь төрийн хэрэгт хааны эрх мэдлийг хязгаарлаж, засгийн эрхийг АЗГ-т төвлөрүүлснийг зарлаж, олон газар хошуудын төлөөлөгчдийн хурлыг Нийслэл хүрээнд зарлан хуралдуулж, ардын эрхтэй хэмжээт цаазат засаг байгуулсныг сайшаан дэмжихийн хамт Улсын их хурал хуралдах хүртэл Улсын түр цагийн хурлыг зөвлөх эрхтэйгээр байгуулах шийдвэр гаргав. 1921.10.28-нд ард, цэрэг, түшмэд, ноёд нийт 56 хүний бүрэлдэхүүнтэй “Улсын түр цагийн хурал” нээгдэж, 1921-1923 он хүртэл 6О гаруй удаа хуралдаж, улс орны нийгэм улс төр, эдийн засгийн бодлоготой холбогдсон олон чухал асуудлыг хэлэлцэн боловсруулж, Засгийн газарт зөвлөлгөө өгч байв. УТЦХ нь нийгмийн янз бүрийн санаа зоригийг илэрхийлсэн үндэсний зөвшөлцлийн хийгээд дэвшилтэт хүчний нэгдлийн шинжтэй байгууллага байв. Ардын шүүн таслах,цагдан сэргийлэх, дотоодыг хамгаалах газруудыг байгуулж, Манжийн үеийн харгис эрүү шүүлт, алж устгах аргыг халж, хэрэгтнийг хөдөлмөрөөр хүмүүжүүлэх зэрэг шинэ зарчмуудыг тогтоов. 1924 он хүтэл Ардын засгийн газарын дэргэдэх ”Цааз хуулийг эмхтгэх хэлтэс”-ээс “хамжлагыг халах тухай”, “УТЦХ-ын дүрэм”, “АЗГ-ын хурлын дүрэм”, “өртөө албан татварын тухай”, “нутгийн захиргааны дүрэм” болон “ван гүнгүүдийн эрх хэмжээний дүрэм” зэрэг олон арван хуль дүрмийг батлан тогтоосон нь ардын төрийн эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлэв.

Шинэ тулгар үүсэж бий болсон Ардын засгийн газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах, олон түмэн ардын дэмжлэг туслалцааг авахын тулд МАН орон нутагт өөрийн салбар үүр, хорооог байгуулах ажилд шуурхайлан оров. 1922 онд Сайн ноён хан аймаг, Их шавь, Засагт хан аймгуудад намын хороо байгуулж, Нийслэлийн намын гишүүдийг НАШ-ны 4 үүрт тэнцүү хувааж, 1924 онд хан хэнтий уулын аймаг, Ховд, Богд хан уулын аймаг, 1926 онд Алтанбулаг хотын намын хороодыг тус тус байгуулснаар намын гишүүдийн тоо бараг 10 дахин нэмэгдэж 7600–д хүрэв. Намын анхан шатны байгууллага нь суртал ухуулгын дайчин штаб, соёл хүмүүжлийн ажлын гол төв болж байв. 1923.07-1930.02 сар хүртэлх найман жилд МАН-ын 7 их хурал II- ҮIII болж, намын дүрэм мөрийн хөтөлбөрийг тодотгох, эгнээгээ өргөтгөх, зохин байгуулалтаа боловсронгуй болгох, орон нутгийн намын байгууллагын ажлыг сайжруулах зэрэг асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ “эдийн засгийн үндсэн бодлогын тухай”, “дэлхийн олон улсын хоорондын ба Монгол улсын гадаад бодлогын тухай”, “орон нутгийн болон их хурлын сонгуулийн тухай”, “улсын эдийн засгийн бодлогын тухай”, “ард олныг эрдэм боловсрод гэгээрүүлэх тухай”, “аж ахуй явуулгын тухай”, “ ардын боловсрол ба эрүүлийг хамгаалах тухай”, “таван жилийн төлөвлөгөөний тухай” зэрэг улс орны хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шүүмжлэн хэлэлцэж, тодорхой бодлого зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлэхийн төлөө ард олныг манлайлан ажилласан юм.

1923 оны эхээр орон нутагт шинэ засгийн тогтолцоог бий болгох эрх зүйн үндэс бүрдсэнээр арван гэр, отог, сум, хошуу, аймагт Ардын хурлыг байгуулав. Энэ тухай “Засаг төрийн тухай болбоос орон нутгийн өөрөө засах захиргаа байгуулж, арван гэр, баг сум отог хийгээд хошуу, аймаг, их шавь хүртэл ардын төлөөлөгчдийг сонгож хуралдуулан, харъят газрын зовлон жаргалын хэрэг зүйлийг олны зөвлөлөөр шийтгүүлсүгэй. Дээш болбоос газар орон бүрээс ард олны хурлаар төлөөлөгчдийг сонгож, бүх улсын хуралдаан байгуулсугай” гэжээ. Ноёдын хэргэм зэрэг, угсаа залгамжлуулан шилжүүлэх журмыг халж, засаг ноёдын хамжлага захирах эрхийг цуцалж, тамгыг хураан авч, Монгол улсын олон засаг ба засаг бус ван гүнүүдийн эрх хэмжээний дүрмийг баталсан нь Монгол улсын бүх иргэдийг хуулийн өмнө тэгш байх нөхцлийг бүрдүүлэх анхны алхам болов. 1924.11.08-нд Улсын анхдугаар их хурал Нийслэл хүрээнд хуралдаж, анхдугаар Үндсэн хуулийг баталж, Монгол улсыг үүнээс хойш бүрэн эрхт Бүгд Найрамдах Ард Улс болгон тунхаглаж “Одоо нэгэнт бидний Монгол улс жинхэнэ ардын улс болсон” гэжээ. Улсын их хурал, Улсын бага хурлыг 30 гишүүнтэйгээр сонгож даргаар П.Гэндэнг, УБХ засгийн газрыг байгуулж БНМАУ-ын Ерөнхий сайдаар Б.Цэрэндоржийг тус тус сонгожээ. Үндсэн хуулиар тус улсын төрийн дээд эрх барих газар-Улсын Их Хурал мөн хурлын чөлөө цагт Улсын Бага Хурал гүйцэтгэхээр заажээ.

Улс орны эдийн засгийг хөгжүүлэх талаар намаас баримтлах бодлого боловсруулахад онцгой анхаарч 1921 оны эцсэээр С.Жамъян тэргүүтэй комисс байгуулан ажиллаж “Эдийн засгийн үндсэн бодлого хэмээх” баримт бичгийг боловсруулж , МАН-ын II их хурлаар батлав. Тус баримт бичигт “ ... хашаа саравч барих, хадлан өвс бэлдэх, билчээр усжуулж сурах нь мал сүргийг тогтвортой өсгөх гол нөхцөл хэмээн заахын хамт гол мөрний хөндий бүхий газарт үр тариа, хүнсний ногоо тариалах, хөдөө аж ахуйн техник хэрэглэх, газрын хөрс, ус, ой модыг хамгаалан зөв зохистой ашиглахад онцгой анхаарахыг заажээ. Мөн түүнчлэн аж үйлвэрийг үүсгэн хөгжүүлэхдээ бэлэн бүтээгдэхүүнийг гаргах ба түүхий эдийг боловсруулахаас гадна газрын хөрсөн дээрх мөн түүний хэвлий дэх баялагийг олборлон ашиглах нь чухал гэжээ. Уг баримт бичигт орчин үеийг зам тээвэр, холбоо харилцааг хөгжүүлэх, харилцан ашигтай худалдааны бодлого явуулах, данс бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгохын тулд үндэсний банк байгуулах, мөнгөн тэмдэгт гаргах, жин хэмжүүр, гааль, татварын бодлогыг хатуу хяналтанд авах нь зүйтэй гэж үзэв.”

Хамжлагат ёсыг халснаар эрх чөлөөт иргэн болсон хөдөлмөрчин ардууд мал сүргээ өсгөх, арилжаа наймаа хийх,тариа буудай тарих, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад урам зоригтой оролцон идэвхийлэн ажиллаж эхлэв. Малчдад улсаас зээл олгож,1926 он гэхэд Малын их эмчийн салбар 10, бага эмччийн салбар 20 гаруй болж, мал эрүүлжүүлэх ажилд ахиц гарснаар малын тоо толгой өсөх аятай нөхцлийг бүрдүүлэв. 1924 онд 13.7 сая байсан малын тоо 1928 он гэхэд жил бүр дунджаар хоёр саяар нэмэгдэж, 21.9 сая босон нь Монгол орны эдийн засагт гарсан үсрэнгүй амжилт байв. Газар тариалан эрхлэхийг хүссэн хүмүүст улсаас багаж хэрэгсэл, тарих үр олгох, албан татвараас чөлөөлөх зэрэг дэмжлэг үзүүлснээр Ховд, Хараагийн тариалангийн талбай ихээхэн нэмэгдэв. 1921.12 сард 70 гаруй гишүүнтэй, 15000 төгрөгийн хөрөнгөтэй Монголын эд хэрэглэгчдийн харилцан туслалцах хоршоог өргөн хэрэглээний бараа борлуулах, түүхий эд бэлтгэх, гадаад дотоод худалдаа хийх эрхтэйгээр байгуулагдаж, улсаас эд хэрэглэгчдийн хоршоо анх байгуулахад нь тус бүр 10000 лангийн мөнгөн дэмжлэг үзүүлж, 3 жил дараалан албан татвараас чөлөөлснөөр 1924 он гэхэд хот хөдөөд 20 гаруй салбартай болов. Жижиглэн худалдаалах бараа гүйлгээ улсын дүнгээр оны үнээр 1924 онд 4.1 сая төгрөг байснаа 1928 онд 19.1 сая болж 4.6 дахин нэмэгджээ.

1921 онд ихэвчлэн гадаадын байгууллага, пүүсийн харъяанд байсан хэвлэлийн үйлдвэр, налайхын нүүрсний уурхай, цахилгаан станц, мод бэлтгэх газар, булигаар, шохой, тоосгоны зэрэг жижиг үйлдвэрийн газрыг улсын мэдэлд авч, шинээр ноос угаах, өлөн гэдэс боловсруулах, саван хийх үйлдвэр байгуулав. 1926-1928 онд Налайхын нүүрсний уурхай, Улааанбаатарын цахилгаан станцыг өргөтгөж, тоосгоны завод модон завод, төмрийн завод, архины завод, цэмбэний фабрик зэрэг үйлдвэрийн газар байгуулагдсаны зэрэгцээ хувцас, эмээл, гөлөм, гутал зэрэг өргөн хэрэгцээний бараа үйлдвэрлэдэг гар урчуудын артелийн тоо өсөв. 1925 онд улсын тээх нэвтрүүлэх хороог 12 машинтай байгуулж, Улаанбаатараас баруун өмнө зүг явах 27 өртөөг авто машинаар гүйцэтгэх болж, 1925 онд Улаанбаатар-Дээд шивээгийн хооронд агаарын зам нээгдэж иргэний агаарын тээврийн эх суурийг тавив. 1926.06.08-нд Монгол-Зөвлөлтийн хооронд тээврийн усан онгоц явуулах тухай гэрээ, 1929 онд Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Монголтранс” байгуулагдаж, Цэцэрлэгээс-улиастай, Улиастайгаас Улаангом ба Ховд, Улаанбаатараас-Дархан хүртэл утсан харилцааны шугам тавигдав.1929-1930 онд БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд БНМАУ-ын тээврийг хөгжүүлэх, хүн эмнэлгийн экспедицийг тус улсад ирүүлж, эмчлэн сэргийлэх ажлыг зохион байгуулах, малын халдварт өвчинтэй тэмцэх талаар хамтран ажиллах, Монгол орны байгалийн баялагийг судлах, ЗХУ-ын сургуулиудад монголын залуучуудыг явуулж сургах, зөвлөлтийн мэргэжилтнийг урьж ажиллуулах зэрэг асуудлаар хэлэлцээр байгуулжээ. 1930.12.19-нд БНМАУ-ын засгийн газар аж үйлдвэрийн комбинатын тоног, төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх тухай шийдвэр гаргав.

Эрдэм судлалын ажлыг эрхлэх төв байгууллага-Судар бичгийн хүрээлэн байгуулах дүрмийг 1922.11.19-нд засгийн газар батлав. Монголын түүх, соёлын дурсгалт зүйлийг сурвалжлан цуглуулах, хадгалж хамгаалахад гол анхаарлаа хандуулахын хамт ЗХУ-ын ШУА-тай хамтран архелоги, угсаатны зүй, хэл шинжлэл, газар зүй, хөрс судлал, геологи, геохимийн өргөн судалгааг Монголын нутагт явуулж эхэлжээ. 1921-1924 онд шинжлэх ухааныг хөгжүүлэхэд 179,8 мянган лан мөнгө зарцуулж, хятад, манж, франц, англи, орос хэлнээс Монголын түүхийн бүтээлүүдийг орчуулан олон орны үндсэн хуулийг хөрвүүлжээ.

1921.08.25-нд Засгийн газрын хуралдаанаар “Бага сургуульд болон дунд сургуульд элсэн орох дүрэм” батлагдаж, 1921.09.02-нд Нийслэл хүрээнд шинэ үеийн анхны бага сургууль нээгдсэн бол 1923.02.16-нд 4О сурагчтай анхны дунд сургууль байгуулагдав. Сургуулийн хэрэгт 1923 онд 86.4 мянга, 1924 онд 192.2 мянган лан мөнгийг улсын төсөвөөс гаргаснаар улсын төсөвт сургуулийн тоо 13 болжээ. 1922 онд Дорно дахины их сургууль КУТВ-д 15, Буриадын цэргийн сургуульд 1924 онд 7, Ленинградын хэл бичгийн их сургуульд 18 хүн, 1925 онд Орос, Герман, Францад нижгээд охид, хөвгүүдийг суралцуулахаар илгээв. 1926.09 сард МАН-ын Ү их хурал хуралдаж, “Ард олныг эрдэм соёлд гэгээрүүлэх тухай” хэлэлцэж, “Ардын соёл гэгээрлийг хөгжүүлэх 10 жилийн төлөвлөгөөний төсөл”-ийг хэлэлцэн сайшаав. 1927 онд улсын төсөвт бага сургууль 25, хошууны бага сургууль 74 ажиллаж 3000 хүүхэд суралцах болов. 1930 он гэхэд 122 ЕБС-д 6775 сурагч, тусгай мэргэжилийн 3 дунд сургуульд 150 шахам оюутан суралцах болжээ. 1921.12 сард Багш нарыг бэлтгэх түр сургууль нээгдэж байсан бол 1928.05.25-нд Багш нарыг бэлтгэх сургууль болон өргөтгөж, 3 жилийн сургалттайгаар сурган хүмүүжүүлэгчдийг бэлтгэх болов. 1922.03.05-нд Цэргийн яамны дэргэд Харилцаа холбооны сургууль, 1924.06 сард Сангийн явдлын яамны дэргэд Гаалийн нягтлан бодохын курс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бол 1924.03.01-нд нээгдсэн Намын түр сургууль, 1925.04.28-нд Намын төв сургууль болон өргөж, 1925, 1926 онд улс төр, ерөнхий эрдэмийн зохих хэмжээний мэдлэг эзэмшсэн 170 гаруй боловсон хүчнийг бэлтгэн гаргажээ. 1925.12 сард Улаанбаатарт 15 ор бүхий орчин үеийн европ эмнэлэгийн үндэс суурь анх тавигдаж их эмч 2, бага эмч 5, сувилагч 3, эмнэлгийн дунд мэргэжилтэн 8 ажиллаж байсан бол 1930 онд их эмч 27, бага эмч 30, сувилагч 51, эмнэлгийн дунд мэргэжилтэн 81, орны тоо 378 болж нэмэгдсэн байна.

Олон түмний соёл хүмүүжилд үлэмж ач холбогдолтой уран сайхны сайн дурын анхны бүлгэмүүд, цэнгэлдэх хүрээлэнгүүд төв ба орон нутагт байгуулагдаж эхлэв. 1922 онд бүх Монголын хувьсгалт залуучуудын хүрээлэн, Ардын намын цэнгэлдэх хүрээлэн, 1924 онд Сүхбаатарын төв болон Амгаланбаатарын клубүүд, анхны номын сан зэрэг соёл гэгээрлийн газрууд үүд хаалгаа нээжээ. 1922.10 сард “Нардом”, 1926.09.14-нд “Бөмбөгөр ногоон” хэмэн алдаршсан анхны театр байгуулагдсан нь Улаанбаатарт төдийгүй улс орны соёлын амьдралд үнэлж баршгүй хувь нэмэр оруулжээ. 1925 онд малчдын дунд зохиох соёлын ажлыг өргөтгөх зорилгоор гэгээрлийн гэрийг байгуулсан бөгөөд түүнийг удалгүй “Улаан гэр“ хэмээн нэрлэх болов. Шинэ үеийн урлаг соёл, утга зохиолын анхны “шан” татагч нь болсон Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, С.Буяннэмэх нар яруу найраг, хүүрнэл зохиол, жүжгийн зохиолын гурван үндсэн төрлийг төлөвшихөд онцгой үүрэг гүйцэтгэжээ. Д.Нацагдоржийн “Миний нутаг”, Ц.Дамдинсүрэнгийн “Буурал ээжий минь”, ”Зугаацахаар мордсон нь”, С.Буяннэмэхийн “Монгол итернационал”, Г.Сэр-Одын “Дөмөн”, Н.Наваан-Юндэнгийн “Баян Монгол”, “Үхэрчин хүү” зэрэг нь хориод оны уран сайхны соёлд утга зохиол тэргүүлэх байр суурь эзэлж байсны нэг тод илрэл хэмээн дүгнэхэд хүргэжээ. Соёл гэгээрлийн ажлын гол агуулга нь олон түмний идэвхийг сэргээх, тэднийг нийгмийн бүтээн байгуулалтанд татан оролцуулахад оршиж байжээ.

1920.11.10-нд “Монголын үнэн” сонины анх хэвлэгдэж 1921.04.29 хүтэл 6 дугаар гарсан бол 1929.04.23-аас дахин, 1921.12 сард МАН-ын Төв Хороо, АЗГ-ын төв хэвлэл “Уриа” сонин, Монцамэ-гийн “Монт мэдээлэл” сэтгүүл гарч эхлэв. 1922.12 сард “Монгол Ардын Нам”, “Манай зам” сэтгүүл, 1923.08 сард МХЗЭ-ийн “Зулуучуудын үнэн”, “Залуу гварди”, 1926.09.26-нд Пионерийн “Залгамжлагч” сэтгүүл тус тус хэвлэгдэн гарав. 1926 онд Намын Төв Хороонд “Эмэгтэйчүүдийн хэлтэс” байгуулагдаж, “Эмэгтэйчүүдийн санал” сэтгүүл гарч эхэлжээ. Дээрх сонин, хэвлэлүүд Ардын төр, засгийн бодлого шийдвэрийг сурталчлах, ард олныг соён гэгэрүүлэх, бичиг үсэгт суралцахад нь ихээхэн үүрэг гүйцэтгэжээ.

1929.09 сард БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчид Засгийнигазарын эрхэлсэн товчооны гишүүдийн хамтарсан хурлаас феодалийн хөрөнгийг хураах тухай тогтоол гарав. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд 1929-1930 онд 427 томоохон феодал, хутагт хувилгаад, 302 түшмэдээс улсын тогтоосон үнээр бодож 4.8 сая төгтөгийн мал, 400.0 гаруй мянган төгрөгийн эд хөрөнгө хураан авч 1.7 сая төгрөгийн мал эд хөрөнгийг ядуу, дунд ардуудад шилжүүлэн өгч үлдсэнийг нь шинэ дутам хөгжиж буй 130 гаруй хамтын аж ахуйд шилжүүлсэн байна. Лам нарыг дээд, дунд, доод гэж зааглан албан татварын ялгавартай бодлого тогтоож, 18-45 насны лам нараас цэргийн татвар хурааж, жасын малыг шууд хураалгүй сүм хийдээс гарч хар болсон лам нар, ядуу, дунд ардуудаар гэрээгээр маллуулж хариулгах зэрэг “Жасын компани” гэж нэрлэгдсэн арга хэмжээний хүрээнд 581 жасын аж ахуйгаас 4.5 сая төгрөгийн мал хөрөнгийг хураасан компанит ажил явагджээ. Бүр 1925.09 сар Богдын хөрөнгийг улсын орлогод авч түүний гуравны хоёрыг эрүүлийг хамгаалах, соёл гэгээрлийн хэрэгт зарцуулж, Сайн ноён хан, Засагт хан, Дарьганга дахь Манжийн хааны үржлийн сүргийг мөн ийм жишигээр улсын орлого болгосон байна.

Энэ хугацаанд Коминтерн Монголд томилон илгээсэн гэх Элбэгдорж Ринчиногийн нам, төрийн удирдлагад хуваарьгүй нөлөөгөө тогтоохыг санаархсан хутган үймүүлэх арга ажиллагаанаас болж, Бүх цэргийн жанжин, Цэргийн яамны сайд Д.Сүхбаатар, Ерөнхий сайд, Гадаад явдлын яамны сайд Д.Бодоо, МАН-ын төв Хорооны дарга С.Данзан болон хувьсгалын үйл хэрэгт үнэнч, шударгаар тэмцэж явсан олон хүнийг ажил албан тушаалаас нь зайлуулж, улмаар алтан амийг нь хөнөөсөн эмэгнэлтэй үйл явдлууд ар араасаа дагалдан гарчээ. Элбэгдорж Ринчино “Бүх цэргийн зөвлөл” гэгчийг толгойлох болж, Д.Сүхбаатарыг Цэргийн яамны сайдаас нь огцруулахын тулд Оросын “До” яамныхантай сэм хуйвалдаж, 1922.12.07-нд Элбэгдорж Ринчино, Монгол дахь “До” яамны ерөнхий зааварлагч А.Сорокин, чикестүүдийн ахлагч К.Баторун нар Цэргийн яамны орлогч С.Магсаржавыг оролцуулан нууцаар хуралдаж, Д.Сүхбаатарыг огцруулж, оронд нь С.Магсаржавыг томилуулж, түүнийг ЗХУ-тай цэргийн хэлэлцээр хийх Элбэгдорж Ринчиногийн даргалсан төлөөөлөгчдийн бүрэлдэхүүнд оруулан батлуулжээ. Энэ өдрөөс хойш 55 хоног жанжин Д.Сүхбаатар ажилгүй, албагүй, цалингүй “гэрийн хорионд” байсаар 1923.02.15-аас хүндээр өвчилж, 1923.02.20-нд идэрхэн 30 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

Үүний дараа Элбэгдорж Ринчино, ерөнхий сайд Д.Бодоо, МАН-ын Төв Хорооны дарга С.Данзан нарын хооронд хэмжээт цаазат засаглал хийгээд залуучуудын байгууллагын талаархи үзэл бодолын яльгүй зөрөлдөөнийг дэвэргэж, хорт муу явуулга хийж, С.Данзанг Д.Бодоогийн эсрэг турхирч, хувьсгалын эсэргүү нэр хоч зүүж, 14 хүний хамт амь нас 1922.08.31-ыг нь егүүтгэсэндээ эрдэж, дараа нь бүх цэргийн жанжин С.Данзанг элдвээр муучилж энэ хэрэгтээ С.Дамбадоржийг ашилан С.Данзан 1924.08.30-г буудан хороож, улсын дотоод хэрэгт хөндлөнгаөс оролцох явдал улам хүчтэй болж байсан ч МАН-ын Төв Хорооны тэргүүлэгчдийн 1925.07.10-ны өдрийн хуралдаанаар Коминтерний төлөөлөгч Рыскулов, Ринчино нарыг Монголоос хөөн явуулснаар Монголын төрд үлэмж хохирол учруулсан нэгэн хутган үймүүлэгч зайлуулагдсан түүхтэй ажээ.

Монгол дахь улс төрийн маргаан тэмцэл, үйл явдал үүгэр зогссонгүй Коминтерний бодлогод эргэлзсэн, өөрийн орны өвөрмөгц нөхцөл байдлыг харгалзан үзэхийг эрмэлзсэн, хувьсгалт арга хэмжээг шуурхайлахыг яарсан нам, төрийн дээд удирдлага дахь олон урьгалч үзлийг нягтлан үзэж зөв гарц хайхын оронд хооронд нь сөргөлдүүлж, хуучныг баримтлагч- шинчлэгч, эвлэлийнхэн-намынхан, хөгшин-залуу, хүрээнийхэн-хөдөөнийхэн гэж элдэв нэр хаяг зүүж хооронд нь сөргөлдүүлж, баруунтан, зүүнтэн гэж буруутган нам төрийн удирдлагаас зайлуулж, хэлмэгдүүлж байсан нь улс орны хөгжилд ихээхэн саад тотгорыг учруулж байв.

Энэ хугацаанд гарсан Монголын төр засгийн удирдагчдыг балмагдуулсан, гайшруулсан нэгэн үйл явдал болсон нь 1924.05.31-нд манай хоёр хөршийн хооронд болсон “Асуудлыг зохицуулах ерөнхий зарчмын тухай” хэмээх хэлэлцээр байв. Уг хэлэлцээрийн 5 дугаар зүйлд “Гадаад Монголыг Хятад улсын бүрэлдэхүүн хэсэг гэдгийг ЗСБНХУ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Монгол нутагт Хятадын бүрэн эрхийг хүндэтгэнэ” гэж заажээ. Ийнхүү ЗХУ-ын тал Монголыг “дэнчин тавьж”, Бээжингийн засгийн газартай хэвийн харилцаа тогтоож, монголын нутгаас ЗХУ-ын цэргийг 1925 он гэхэд бүрэн татаж авсан юм.

Монголчууд хоёр их хөршийн аяыг харж зүгээр суусангүй 1924.06.03-нд МАН-ын Намын Төв хорооны тэргүүлэгчдийн хурлаар Бүгд найрамдах засаглал тогтоох шийдвэр гаргаж түүнийг 1924.06.07-нд хуралдсан Намын төв хорооны Бүгд хурлаар хэлэлцэн батлав. Үүний дараа 1924.06.13-нд Ардын засгийн газрын хуралдаан болж, Монгол улсад Бүгд найрамдах байгуулал тогтоохоор шиийдвэрлэж энэ тухайгаа 1924.06.15-нд олон түмэнд зарлан тунхаглаж, баяр ёслол үйлджээ. Мөн түүнчлэн 1924.11 сард хуралдсан Улсын анхдугаар их хурал “Үндсэн хууль”-аа баталж, БНМАУ-ыг тунхаглаж, гадаадын улс орнуудтай эрх тэгш харьцааг хөгжүүлэх, ЗХУ-тай тогтоосон харилцаагаа бэхжүүлэхэд нам, төрөөс онцгой анхаарал тавьсан юм. ЗХУ-аас 1925 онд 1.0 сая, 1926 онд 0.6 сая рублийн зээлийг монголд олгож, манай улсын батлан хамгаалах хүчийг бэхжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд тусламж үзүүлж байв.

1990-2000 он. Даяршсан ардчилалд тэсэж үлдэхийн төлөө тэмцэл

ХХ зууны 80-аад оны сүүлч 90-ээд оны эхээр дэлхийн улс төрийн байдалд огцом өөрчлөлт гарч, социалист систем, социализм богино хугацаанд задран унав. 1980 оны эхээр Монгол орны эдийн засаг, нийгмийн хүрээнд ЗХУ болон социалист бусад орнуудын нэгэн адил гүнзгий хямрал үүссэн байв. Монгол оронд бий болоод байсан энэхүү нөхцөл байдлын үед МАХН-ын Төв Хорооны Ү бүгд хурал 1988 хуралдаж, нийгмийн амьдралын бүх хүрээг хамарсан өөрчлөлт хийх шийдвэр гаргасан боловч хэт алгуурлаж байснаас Монголын нийгэм эдийн засаг, оюун санааны хүрээнд өөрчлөн байгуулалтыг түргэвчлэхийг хүсэмжилж байсан олонхид таалагдсангүй. Энэ байдал нь нийгмийн бухимдлыг дэвэргэж ялангуяа залуучуудын дунд нэгдэх, эвсэх, хөдөлгөөн өрнөх эхлэлийг тавьсан юм. 1989 оны эцсээр МХЗЭ-ийн санаачилгаар залуу уран бүтээлчдийн улсын хоёрдугаар зөвлөлгөөн болсон нь чухамдаа Монголын ардчилсан холбоо үүсэн бий болох нөхцлийг бүрдүүлжээ.

Ийнхүү МоАХ байгуулагдсаны дараа, 1990 онд Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилт холбоо зэрэг эвсэл хобоо байгуулагдаж ардчилсан хөдөлгөөн орон даяар өрнөж эхлэв. Эдгээр эвсэл холбоод эхэн үедээ улс орныг хөгжүүлэх талаар тодорхой гүйцэт боловсруулсан мөрийн хөтөлбөр, онолын цэгцтэй баримтлал байгаагүй бөгөөд зөвхөн МАХН-ын үйл ажиллагаа, улс төрийн тогтолцоог шүүмжилснээр асуудлыг хязгаарлаж байсан нь МоАХ-оос АИХ-ын ҮII чуулган, МАХН-ын төв Хорооны ҮII бүгд хуралд өргөн барьсан бичгээс тодорхой харагддаг юм. Энэ өргөх бичигт “МАХН-аас дэвшүүлсэн өөрчлөн байгуулалтын чиг шугамыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, олон намын системийг бий тогтоох, хүний эрхийг дээдлэх, БНМАУ-ын АИХ-ыг жинхэнэ Парламент болгон өөрчлөх, сонгуулын системийг шинчилж, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө 1990 оны эхний хагаст багтаан явуулах, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал болон тэдний үйл ажиллагааг дэвэргэн гааруулагсадыг ард түмнээр шүүн хэлэлцүүлэх, мөн социалист зах зээлийн концепцийг боловсруулан бүх нийтээр хэлэлцүүлэх шаардлага”-ыг тус тус тавьсан юм. МоАХ 1990.02.18-нд анхдугаар их хурлаа хийж Монголын ардилсан намыг байгуулж, мөрийн хөтөлбөрөө батлав. Үний дараахан МСДН, МНН, МШАН, МАН, МХН,МТТН, МСМН зэрэг намууд бий болж улс төрийн ажиллагаа явуулж эхлэв.

1990.03 сард МАХН, төрийн төлөөлөгчид Ардчилсан хүчнийхний хооронд хэлэлцээр болж, Монголын ард түмний сонорт хүргэх улс төрийн тунхаглал гаргав. Тус тунхаглалын дагуу МАХН-ын ҮIII бүгд хурал болж, Улс Төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, намын удирдан чиглүүлэх үүргийн тухай Үндсэн хуулийн заалтаас татгалзах шийдвэр гаргав. 1990.05 сард АИХ-ын 11 дэх удаагийн IХ чуулган болж, төрийн эрх барих дээд байгууллагын өөрчлөн шинэчлэх асуудал хэлэлцэж, БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийг баталж, бүх нийтийн ардчилсан сонгууль явуулах, Ерөнхийлөгчийн албан тушаал бий болгох хийгээд “Улс төрийн намуудын тухай” хууль баталж, намуудыг бүртгэж үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэв.

1990-1992 онд АИХ 2 удаа хуралдаж, эхний хуралдаанаараа Улсын бага хурлыг байгуулж, БНМАУ-ын Ерөнхийлөгчийг сонгож, Ерөнхий сайд, Ерөнхий Прокурорыг томилж Улсын дээд шүүхийн даргыг сонгожээ. Дараагийн хуралдаанаараа Монгол улсын шинэ Үндсэн хууль, Үндсэн хуулийн хавсралтын тухай хуулийг баталсан нь манай улсын төрт ёсны түүхэнд бас нэг онцгой үйл явдал болон үлдсэн юм. Шилжилтийн зурвас үе дэх Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллагын бүтцэд БНМАУ-ын Бага хурал онцгой байр эзэлж байв. УБХ нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга 50 гишүүнээс бүрдэх бөгөөд УБХ-ын дарга нь нэгэн зэрэг БНМАУ-ын Дэд Ерөнхийлөгч байхаар тогтоожээ. УБХ нь мөн чанар үйл ажиллагааныхаа шинжээр хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах бүрэн эрх бүхий төрийн эрх барих байгууллага байсныхаа хувьд Монгол улсад Параламент ёсны жишиг тогтооход чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

1992.01.13-нд баталсан шинэ Үндсэн хуулийн дагуу УИХ-ын болон Ерөнхийлөгчийн, мөн орон нутгийн, аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгууль болов. 1992.06 сард болсон УИХ-ын сонгуулиар МАХН олонхи 72:4 болсон бол 1996.06 сард болсон УИХ-ын сонгуульд “Ардчилсан холбоо эвсэл” олонхи 50:25:1 болж, Засгийн газраа эмхлэн байгуулж ажиллав. 1990 оны АИХ-ын анхдугаар хуралдаанаар депутатуудын олонхийн санал авсан П.Очирбат улсын анхны Ерөнхийлөгч болсон бол 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын олонхийн санал авч улиран сонгогдов. 1997.06 сард болсон Ерөнхийлөгчийн сонгууульд Н.Багабанди ялалт байгуулж, Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсноор 1990-2000 он хүртэл Монголчууд 2 Ерөнхийлөгч, 7 Ерөнхий сайдын царай харж, хирдээ л “юм үзэж нүд тайлав”. Энэ 10 жилд Монголд бүтээн байгуулсныг бичих гэвэл алга дарам цаас ч ихдэх, бутаргаж тараасан, буулгаж сүйтгэсэнийг бичих гэвэл хэдэн боть ч багадах учир олон юм нурших хэрэггүй биз.

Энэ үеийн амьдралыг эгэл жирийнээр дүрсэлбэл

“ ... арван тонн алт хил даваад дашийн шог

Ард, Даатгал банк авилгачдын гараар дашийн шог

Арван долоон чингэлэг спирт ус болоод дашийн шог

Ардын... тодотголтой болгон улсын бүртгэлээс дашийн шог

Газрын баялагийн ихэнх нь лиценз зөвшөөрлөөр дашийн шог

Ганган шаавай охид нь гадныхныг дагаад дашийн шог

Эрх чөлөө шударга ёс мөнгөөр худалдагдаад дашийн шог

Идэрхэн залуу харчууд архи хөөгөөд дашийн шог"

Уул уурхайн баялагаа урагшаа зөөгдөөд дашийн шог гэвэл хэтрүүлсэн болохгүй болов уу! Өнөөдөр бид яаж амьдарч байна вэ? Ард түмний 0.4 нь өдрийн талхны эрэлд хатаж, ажилтай гэгдэх 0.5-ынх нь авдаг хэд нь хаанаа ч хүрэхгүй “ ... ард хормойгоо авч урьд хормойгоо нөхөж”, ажин түжин амьдарч байхад ард нь үлдсэн 0.1 нь авсан дээрээ авах гэж шүлэнгтэн. шуналтан хэмлэлдэцгээж байна.

ХХ зуунд Монголд тохиосон гурван хувьсгалын эхний 10 жилийн үйл явцыг эргэн дурссан нь энэ нь гавъяатай, тэр нь гайтай гэж өөр хооронд нь сөргүүлж, магтах буюу муулах гэсэн юм биш, болох ёстой юм болоод л өнгөрсөн түүхийн хүрдийг бид байтугай хэнбугай ч буцааж чадахгүй. Харин сүүлийн үед Ардын хувьсгалын үр дүнд буй босон Ардын төр, засгийн Монгол оронд 70 жилийн турш хийж бүтээснийг алдаг, бууддаг, хэлмэгдүүлдэг гэсэн гуравхан үгээр тасчин хаяж, бүхэл бүтэн гурван үе аав, хүү, ач зээ-ийнхний их бүтээн байгуулалт, ололт амжилтыг үгүйсгэх хандлага давамгайлах болсныг сайн зүйл огт биш гэдгийг сануулах гэсэн болой. Учир юунд вэ гэхээр бид эзэн Чингис хаанаа ийм, тийм гэж муучилж, ҮIII Богдыг элдвээр гоочилж байсан ч түүхэнд өөрийн гэсэн өнгө төрхөөрөө байр сууриа бат нот эзлэв. Өнгөрсөн түүхийнхээ үнс, нурмыг ухсан ард түмэн өөдөлдөггүй хариан галтай, цогтойг нь сэргээж бадраасан ард түмэн өсөж хөгждөг гэсэн мэргэн сургаалыг байдгийг байнга санаж явахад илүүдэх юун билээ.

Харин 1990 оны ардчилсан шинчлэл нь ХХ зууны Монголын түүхэн дэх томоохон үйл явц болох 1911, 1921 оны үйл явцын түүхэн үргэлжлэл гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Тусгаар тогтнолын түүх үргэлжлэн бичигдсээр байна.

М.ДАЛАЙХҮҮ 2012.02.12

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
emma (зочин)

mash goe zvils bm na

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)