М.Далайхүү : Жанжин Сүхийн алдар мөнхөд орших болно

Жанжин Сүхийн алдар мөнхөд орших болно

1893.02.02-нд Д.Сүхбаатар эцэг Төгөөгийн Дамдиныхаа 33, эх Шүхэрийн Ханджавынхаа 29 насан дээр төржээ. 1912 оны эхээр Богдын зарлиг гарч Түшээт хан, Сэцэн хэн аймгаас 3000 цэрэг эрс дайчлахад 19 настай Сүх олон аавын хүүхдүүдийн нэгэн адил Тусгаар тогтнолоо тунхаглаад цуурай нь ч намжаагүй байсан Монгол улсаа харийн түрэмгийлэгчдээс хамгаалах эр цэргийн тоонд багтжээ. Ардын хувьсгалын алдарт партизан П.Тогтох гуай дурсамжиндаа “1912 оны 3 сард Цэргийн яамны сайд, хэдэн орос дарга нартай ирж 30 хүнийг цэргийн дарга бэлтгэх сургуульд суралцуулахаар сонгон авахад Д.Сүхбаатар болон бидний хэдэн нөхөд орсон. Хужирбулангийн цэргийн даргын сургуульд ирэхэд Сумангийн дарга “хар сахалт” хэмээх сургагч орос ноён Сүхийг орос хэлтэй гэж өөрийн туслагч-морин жолоочоор сонгон авсан юм” гэж ярьсан байдаг.

Эцэг Дамдин нь угийн цовоо сэргэлэн хүү Сүхийгээ 10 настайгаас нь эхлэн Жамъян гүн, Цэвээн бэйс, Гүррагчаа гүн нарт шавь оруулан монгол хэл бичиг, манж бичиг, тоо бодлого заалгаж сургасан бөгөөд орос хэлээр ярьчихдаг боловсрол, мэдлэгтэй нэгэн байжээ. Жанжин сүхийг цэргийн эрдэмд гарамгай байсан тухай сонсож мэдсэнээс Богд хаанаас 6 удаа зарлигаар шагнагдаж байсныг хүмүүс тэр бүр сонсоогүй ч байж хэдэх юм. 1912.12.30-нд Хужирбулангийн цэргийн сургуулийн төгсөлт болж онц ялгаран суралцсан Д.Сүхбаатарт 5 дугаар зэргийн цагаан шилэн жинс, тогосын отго шагнажээ. 1915 оны 6 сарын 3-нд харьят цэргээ сайн сургасан учир 4-р зэргээр хөхүүлэн шагнажээ. 1917 оны 12 сарын 9-нд Монгол улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалж Халхын голын хошуу, Дархан уулын ар, Элст хонхор орчмын Баргын нутагт хятадын хар цэрэгтэй хоёр сар орчим байлдахад гаргасан гавьяаг нь үнэлж сумангийн дарга Д.Сүхбаатарт Гутгаар зэрэгийн жинс шагнажээ. 1919.12.08-нд хууль шашдир хэвлэх газарт ажилласан бичээч лам, ардыг хөхүүлэн шагнахад Д.Сүхбаатарыг дэд зэргээр дэвшүүлэн шагнасан байна. 1921.09.23-нд Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарыг гурван нүдний тогосын отго, Зоригт баатар цол, 1922 онд бэйс цолоор тус тус шагнасан архивийн нотлох баримтууд одоо хир байгаа билээ.

Герман улсаас Тяньжинд сууж байсан ерөнхий консул Хилгэр, Чита-д сууж байсан Ерөнхий консул Асмус нар 1922.07.11-нд Ардын хувсгалын нэг жилийн ойд оролцоод буцахдаа Гарманы Гадаад хэргийн яаманд явуулсан илтгэл судлаач Н.Итгэлийн Подстамын архиваас бүрэн эхээр нь хуулбарлан авсан материал-д Доктор Хилгэр Д.Сүхбаатар бол ирэлсэн сэлэм шиг хурц сэргэлэн жинхэнэ цэргийн хүн байсан гэхдээ тэрээр надад хандаж дан аж ахуй, эдийн засгийн талын асуудал ярьсан. Тухайлбал: “Манай Монголд аж ахуй, үйлдвэрлэл хөгжүүлэх явдал чухал байна. Өргөн хэрэглээний бараа, төмөр эдлэл, цэргийн зэвсэг үйлдвэрлэдэг болохыг хүсэж байна. Тийм учраас танай Герман улстай худалдаа, хамтын ажиллагаа явуулахын тулд Монголын төлөөлөгчдийг танай Герман улсад явуулмаар байна“ гэж ярьсан гэжээ. Жанжаны энэ хүсэл биелэгдэж хожим нь 1924 онд Монголын төлөөлөгчид Германд очиж, 1925 онд хэсэг сурагчдыг Германд суралцуулахаар илгээж, Германы тусламжтайгаар Нийслэл хүрээнд Төмрийн завод байгуулж, Германаас буцаж ирсэнийхээ дараа Д.Нацагдорж төмрийн заводын герман мэрэгжилтний орчуулагчаар ажиллаж байсныг дурьдахад жанжин маань хир их алсын хараатай хүн байсны нэг тод жишээ болох байх.

Ардын засаг, Ардын журамт цэргийг үүсгэн байгуулахад журмын нөхдийнхөө хамт жинтэй хувь нэмэр оруулсан, Ардын хувьсгалыг удирдаж ялалт байгуулахад онцгойлон оролцсон жанжин Д.Сүхбаатарын хөшөөг нь хүрэлдэж, дахин сууринд нь байрлуулах үеэр ямар гээч гүжир гүтгэлэг, суртал нэвтрүүлэгийн хар РR өрнүүүлснийг хүмүүс санаж л байгаа байх. Жанжин Д.Сүхбаатарын удам судрыг манай нэр төртэй эрдэмтэд, судлаачид Л.Бат-Очир, О.Пүрэв, С.Ичинноров, С.Лувсанноров эцэг, эхийнх нь аль алинынх нь талаас 250 гаруй жилийн тэртээгээс долоон үеэр нь судлаад гаргахад цөм Ар Халхын Сэцэн хан аймгийн Ест бэйсийн хошуу буюу одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг усанд төрж өссөн хүмүүс байдаг нь нэгэнт тодорхой болсон билээ. Гэхдээ жанжин Д.Сүхбаатар бол нэг аймаг, нэг сумаар овоглогдож явах хүн биш бүхэл бүтэн Монголоороо овоглогдож явах учиртай нэгэн билээ. Олимпийн аварга Н.Төвшинбаярын ээж Д.Цэнд-Аюуш телевизэд ярилцлага өгөхдөө “..би нэг бор хүү төрүүлсэндээ гэж бодож явсан чинь ганц минийх ч биш юм байна. Монголын хүү төрүүлчихсэн юм байна “ гэж ярьж байсныг хүмүүс зарим нь анзаарсан байх. Яг түүн шиг 120 жилийн өмнө Ш.Ханджав гэдэг эгэл жирийн нэг бүсгүй Монголын хүү төрүүлсэн юм байна. Д.Сүхбаатарын удам судраар оролдох, ясан шүдээрээ хад мэрэх хоёр яг адилхан юм байна гэдгийг зарим хүмүүс ухаарсан байх. Ер нь тив дэлхийн дэвжээ, сансарын уудамд Монголоороо овоглуулж яваа хүмүүс бор гэрт төрж, борогхон амьдралд өссөн байдаг нь нэгийг хэлээд байгаа мэт.

Ардын ... гэсэн тодотголтой болгоныг өнөөгийн залуусын тархинаас арчих гэсэн их алсын удирдлагатай холын бодлогын гар хөл бологсод байсаар байгаа нь хэнд ч нууц биш юм. Монгол Улсын Үндсэн Хуулийг сөхөөд үзмэгц л ...

-Эхний хуудсанд: “ Монголын ард түмэн бид ... Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна” гээд эхлэж байгаа.

-Мөн хуудсанд: “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна.” “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” -Дараагийн хуудсанд: “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтанд байна.”

-5-р хуудсанд: “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан , оюуны өв төрийн хамгаалалтанд байна.”

-6-р хуудсанд: “Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ.” -12-р хуудсанд: “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхолыг эрхэмлэн баримтлана.”

-14-р хуудсанд: “УИХ ард түмний санал асуулга явуулж, сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ.”

-16-р хуудсанд: “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн.”

-17-р хуудсанд: Ерөнхийлөгчийн тангарагт: “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж ...” гэсэн нь буй.

-18-р хуудсанд: “Ерөнхийлөгч УИХ болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж болно.”

-29-р хуудсанд: Үндсэн хуулийн цэц нь “ард нийтийн санал асуулага, УИХ, түүний гишүүн ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх” талаар дүгнэлт гаргаж УИХ-д оруулна.

-30-р хуудсанд: “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно.” гэж давхардсан тоогоор АРД ТҮМЭН гэсэн үг 15 удаа оржээ. Энэ чинь тэгээд юу гэсэн үг болж байна. Залуусын хэлдгээр зүгээр цонхны цаанаас чихэр долоолгосон хэрэг үү?

Гэсэн хэдий ч Ардын засаг, Ардын арми, Ардын хувьсгалд жанжин Д.Сүхбаатарын байгуулсан гавъяа Монголын түүхэнд Манлайбаатар Дамдинсүрэн “Гамингийн шорон”-д босоогоор тэнгэрт хальсан шиг ямагт босоогоороо үлдэх болно. Үүнийг өөд бологсодын ясыг өндөлзүүлж ашиг хонжоо хайгчид мэдтүгэй. Өнгөрсөн түүхийнхээ үнс нурмыг ухаж төнхсөн ард түмэн өөдөлдөггүй. Харин галтай, цогтойг нь бадрааж, сэргээсэн улс гүрэн дэвжин дээшилдэг гэсэн мэргэн сургаал байдгийг өнгөрсөн хорин жилд бид бараг мартах шахжээ. Монголоос өөр үе үеийнхээ удирдлага уруу ханцуй шамлан дайрсан тийм увайгүй “улс төрчид”-тэй орон байна уу? Монголдоо ганцхан гэдэг шиг, дэлхийдээ ганцаарахнаа юм биш үү?

М.ДАЛАЙХҮҮ. 2012.01.26.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Bayaraa (зочин)

Bid ikh tuuhee hoish ue zaluus daa unen zovoor hurgej ur hoishis ni Mongol ornooroo bakharhaj tuuniig ulam saikhan hogjuulj zov sanaa bodoltoi merger uhaanaar avch yavah yostoi yum. Saihan niitlel bichsend bayarlaj baina. Sukh janjinii aldar uurd dursagdan bidnii zurkhend orshig.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)