М.Далайхүү : Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийгээд өнгөрсөнийг эргэн дурсхуй

Үндсэн хуульд нэмэлт өөчлөлт оруулах тухай төсөлийн танилцуулга ойрмогхон хэд хэдэн сонинд нийтлэгдэв.Үндсэн хуулийг унших нь байтугай сөхөж ч үзээгүй хүмүүсийн хувьд бол учирыг нь олж чадахгүй л дээ. Ёстой нөгөө “дох” гэдгээ дээгүүрээ хуваагаад авна биз гэдэг шиг өөрчилдөг л юм байгаа биз гээд сууцгааж байгаа. Гэсэн хэдий ч энэ өөрчлөлт нь эрх мэдэлтнүүдэд ашигтай, ард олонд хохиролтой юм болчих байх гэж зөн совингоороо мэдрээд л төрүүхэн тэндээ шивэр авир гэцгээж байна. “Гөлгөө яалаа” гэдэг шиг Үндсэн хуулийн өмнөх өөрчлөлт яалаа, Эрүүгийн хуулийн ямар ямар заалтуут гээгдлээ, Эрхэм гишүүнийг хэргийн газарт нь нотлох баримттайгаар л баривчлахгүй бол байцааж хорьж болохгүй, харийнхны “олзолсон” ашигт малтмалын орд газрын З4 хувь нь монголын эзэмшлийнх байна ... гэх мэт чоно борооноор гэгчээр голдуу баяр наадмын өмнөх өдрүүдэд хуралдаж сэм сэмхэн шургуулсан, сугалсан, захиалгаар оруулсан залилангийн шинжтэй заалтууд нь эрх мэдэлтнүүдэд ашигтай, Монголдоо, монголын ард түмэнд хохиролтой болдогийг мэдэрдэгч дуугүй суусаар л дугардаг хэд нь адлагдсаар л байгаа билээ. Энэ байдал Африкийнх шиг 40 жил үргэлжлэх үү, эсвэл 4 жилд нэг удаа болдог сонгуулиар илиаршиж цэвэрших үү? гэдгийг уг нь бурхан ч биш, буу барсан хүмүүс ч биш, сонгогч ард олон л шийдэх ёстой юм л даа. Гэтэл тэдний үндсэн хуулиар олгогдсон дархан эрхэнд ил далдаар, шууд ба шууд бусаар халдахыг эрмэлзэцгээж байна.

Үндсэн хуулийг өөрчлөх үү үгүй юү гэж ярихаасаа өмнө 2000.12.14 орсон нэмэлт, өөрчлөлтийн тухай яривал илүү ойлгомжтой байж мэдэх юм. Халзан Д.Ганболдыг Ерөнхий сайдад нэр дэвшихэд долоон удаа буцааснаас болж энэ өөрчлөлт яригдаж эхэлсэн билээ. Одоо зарим нь “Дордохын долоон өөрчлөлт” гэж нэрлэцгээдэг. Тухайлбал: 1992 онд батлагдсан Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлд зааснаар “УИХ-ын ээлжилт чуулган хагас жил дутам 75 хоног хуралдаг, гишүүдийн дийлэнх олонх /51 хүн/-ийн ирцтэйгээр байнгын хорооны болон чуулганы хуралдааныг хийдэг байсан”-ыг өөрчилж, хагас жил дутам 50 хоног хуралддаг, хуралдааны ирцийг ердийн олонхи /З9 хүн/ болгосноор УИХ-ын 76 гишүүний 37 нь хуралдаа ч суухгүй, хагас зэрлэгшиж, айл айлын зэл хэсэж явдаг “асман бух” аятай оролцохгүй юм гэж бараг байхаа болж, хаана л бол хаана тууз хайчилж, юм юманд хошуу дүрж, намжирдаж явдаг сүрхий амьтад болцгоов. Байнгын хорооны 17 гишүүний 9 нь хуралд суугаад 5 нь олонхи болсноор хуулийн төсөл ”сайшаагдаж”, улмаар чуулганы хуралдаанд шууд оруулж, үндсэн Байнгын хорооны зарчмын зөрүүтэй санал байхгүй гэдгээр “ногоон гэрлээр” батлагдаг болсноор “Сахил хүртээд шал дордов” гэдэгийн үлгэр болж олон олон хууль онгорхой, цоорхой гарахын эхлэл тавигдаж, өчигдөр баталсан хуулиа маргааш нь эргээд засдаг, хэзээ ямар хууль баталсанаа “хэсүүлчин” гишүүд нь мэддэггүй архаг хуучтай болцгоосон билээ.

УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн болдог “дардан зам” нээгдсэнээр засаатай болгон нь сүрэг тэргүүлэх гэж тэмцэлддэг зэрлэг амьтад лугаа гишүүн бүр сайд болох гэж “хор” найруулан миний чиний нам, хүний өөрийн бүлгээ ч мэдэхээ больж нутаг нуга, хэтэвч түрийвч, хөнжил гудас, хороолол байшингараа сүрэглэн талцаж, хөлөө жийлцэх болсноор улс төрийн намууд урвагч шарвагчдаар дүүрч, улс гүрэн маань авилгалд идэгдэх болсон тухай амтай болгон ярьцгааж, хэлтэй болгон шогширч байна шүү дээ.

         Мөн үүнээс гадна “Сонгуульд ялсан нам, эвсэл /олон суудал авсан нам,эсвэл УИХ-д суудалтай намууд/-ээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Ерөнхийлөгч УИХ-д оруулах, Ерөнхий сайдыг 45 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэж чадахгүй бол УИХ өөрөө тарах буюу Ерөнхийлөгч тараах шийдвэр гаргах, Ерөнхий сайд долоо хоногийн дотор Ерөнхийлөгчтэй зөвшилцөж эс чадвал засгийн газрын гишүүдийг УИХ-д өөрөө өргөн мэдүүлэх, УИХ-д бүлэг бүхий нам, эвслийн тоогоор УИХ-ын дэд даргыг сонгох” зэрэг нэмэлт, өөрчлөлтүүд багтаж байсныг уншигч та санаж байгаа байх. Үндсэн хуульд өөрчлөх шинэчлэх зүйл бий юү гэвэл Б.Чимэд гуай л ганцаараа байхгүй гэж хэлэх байх. Гэхдээ “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчээр нэг заалтыг сайжруулах нэрийдлээр нөгөөг нь санаатай буюу санамсаргүйгээр сохолчих вий гэж хүмүүс эмээцгээж байна. Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт хийж болно гэхдээ үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг дордуулсан заалт оруулж болохгүй. Тухайлбал Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн гэсэн суурь зарчим байгаа. Гэтэл төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг бүрхэгдүүлсэн, сулруулсан, доройтуулсан 2000.12.14-нд хийсэн нэмэлт өөрчлөлтийн зарим заалтыг тухайлбал Үндсэн хуулийн хорин долдугаар зүйлийн 2 дахь хэсэг болон 6 дахь хэсэг, Хорин есдүгээр зүйлийн 1 дэх заалтуудыг хүчингүй болгож, өмнөх заалтуудыг сэргээх нь зүйтэй гэж би хувьдаа бодож явдаг.

Чухам ямар заалтыг яаж өөрчилж байгааг доорхи хүснэгтээс харьцуулж харвал уншигч танд ойлгомжтой байж мэдэх юм. Тайлбар хэсэг нь миний л бодол. Та ч бас нэгийг эргэцүүлнэ биз. Би л болж байвал бусад нь яах вэ гээд л нэг их хувиа бодсон довоо шарлуулсан хүмүүс байх. Болж өгвөл бусдын гараар могой бариулах гээд л өөрсдөө болохоор гэмгүй царайлаад нөгөө Иргэний хөдөлгөөнийхөн яасан, Баасан авгай хаачив, чи бичдэг, ярьдаг, хэлдэг байснаа яагаад дуугүй больчихов гээд шордох жишээтй. Өнөөдөр чи болоод байж болох юм. Муу муухай, буруу зөрүүг нь мэдсээр байж, нүдэн балай, чихэн дүлий суугаад байвал маргааш чиний амьдрал орвонгоороо ч эргэж болох шүү дээ. Энэ насны зовлон зүдгүүрийг үхэж байж хойт насандаа засаж залруулдаг гэж өндөр өвөг, элэнц хуланц, өвөг дээдэс маань духаа цоортол бурхандаа мөргөж, дуугүй суусаар байгаад Манжид 210 жил дарлагдсаныг эргээд санахад илүүдэхгүй мэт.

Үндсэн хуулийн заалт

Нэмэлт өөрчлөлт

Тайлбар

1.Улсын Их Хурал нэг танхимтай 76 гишүүнтэй байна /Хорин нэгдүгээр зүйл/

1.Улсын Их Хурал нэг танхимтай 99 гишүүнтэй байна

23 гишүүн нэмэх гэж байгаа нь хуучин хашрууд залууст хандарсан дүр эсгэж, нүхээ малтаж байгаа хэрэг л дээ.

2. Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно. /Хорин нэгдүгээр зүйл/

2. Улсын Их Хурлын сонгуулийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргах зарчмыг баримтлан явуулах

Гишүүнээ шууд сонгодогоо больж, аль нэг намыг дугуйлж тэр нам нь УИХ-ын гишүүнийг сонгоно гэсэн үг. Энэ тохиолдолд нийгмийн баялагийг захиран зарцуу-лах бүхий л эрх ард түмэнд бус, үгсэн хуйвалдсан цөөнхийн гарт очих аятай нөхцөл бүрдэнэ.

3.1992 онд баталсан Үндсэн хуулинд “УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоогдсон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж байсныг 2000 онд “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоогдсон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж нэмэлт оруулсан билээ.

3. ...бодвол энэ заалтынхаа дараа орох биз. “Засгийн газарын бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй нь Улсын Их хурлын гишүүн байж болно” гэсэн хязгаарлалт тавьж байгаа юм байна./Хорин есдүгээр зүйл/

УИХ-ын гүшүүн, Засгийн газарын гишүүн байж болох заалт нэмж оруулснаар засгийн газар бараг тэр аяаараа УИХ-ын гишүүдээс бүрдэж, төрийн толгой уруугаа харж, Монгол Улсын Их хурал “залуу хатандаа хамаг эрх мэдлээ алдсан зөнөг хаан шиг” болсныг сонгогчид сайн ухаарч байгаа байхаа.

4.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухай нутгийн хурал, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ./Жардугаар зүйл/

4. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудал дээр төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлийг харгалзах, нөгөө талаар тухайн нутгийн Хурлын болон иргэдийн саналыг харгалзан Засгийн газар санал боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлж байх.

Энэхүү нэмэлт нь Үндсэн хуулийн Тавин наймдугаар зүйлийн “Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн зэсийг Засгийн газарын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална “ гэсэн 2 дахь заалттай уялдаж байгаа гэсэн тайлбар хийжээ.

5.Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачлагаар буюу Улсын Их Хурал, Ерөнхий- лөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий Прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ. /Жаран зургадугаар зүйл/

5. Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өрийн санаачлагаар буюу Улсын Их Хурал, Ерөнхий- лөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх,Улсын Ерөнхий Прокурор, Нутгийн өөрөө удирдах байгууллагын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ.

Нутгийн өөрөө удирдах шат шатны байгуллагын шийдвэр хүний эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн бол марганыг захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэж байх. Харин шийдвэр гаргах эрх бүхий бусад байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагын хууль ёсны эрх ашгийг зөрчсөн бол Үндсэн хууль зөрчигдөж буй талаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргахаар болжээ.

 Дээрхээс гадна Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг томилохтой холбогдсон 2 ба 3 дахь заалтыг дараах байдлаар өөрчилж, “Аймаг, нийслэл, дүүргийн түвшинд тухайн хуралтай зөвшөлцөн Ерөнхий сайд, нийслэлийн Засаг дарга, сумын төвшинд нийт иргэдээс нь сонгож, аймгийн Засаг дарга хүлээн зөвшөөрч шийдвэр гаргадаг байх, баг хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга, баг, хорооны Хурлын тэргүүлэгчидтэй зөвшөлцөн томилох”-оор тусгасан байна.

 Баг, хорооны засаг даргыг сонгох гэж иргэд хэрхэн “хор“ найруулгад оролцдогоо өөрсдөө сайн мэдэх тул энд нуршаад яах вэ? Ер нь аймаг нийслэл, сум дүүрэг, баг хорооны засаг даргыг дээд шатны засаг дарга нар нь шууд томилдог тэр томилсон даргаас нь шат шатны Хурал нь хариуцлага нэхдэг тогтолцоотой болвол зүгээр мэт санагдана. Ер нь манай сайд, дарга нар томилсон хүнийхээ буруутай үйлдлийн төлөө хариуцлага хүлээдэг тогтолцоо бүрдвэл боловсон хүчний томилгоо зөв голдиролдоо орж магадгүй юм. Эс чадваас өнөөгийнх шиг худ ураг, хүргэн бэр, хөнжил гудас, хэтэвч түрийвчээрээ нэгдсэн албан хаагчдын бүлэглэлээс салж чадахгүй, ард түмэн, сонгогчид төрийн албыг хувийн өмч мэт үздэг “хэсэг цөөнхийн” дарангулал, хүнд сурталд нухлагдсаар байх болно. Улаанбаатар хотыг л харалдаа хог новш, утаа униартаа дарагдсан, ямарч эмх замбараагүй шавааралдсан, шамбааралдсан балгас л боллоо шүү дээ. Хэн үүний төлөө хариуцлага үүрч байгаа юм бэ?

 Ер нь сум, дүүргийн Иргэдийн хуралд намын анхан шатны байгууллагууд нэр дэвшүүлж, төлөөлөгч сонгодог хуучин тогтолцоог халж, иргэд өөрсдөө нэр дэвшүүлж, баг хорооны нийтийн хурлаар эцэслэн шийдвэрлэдэг болбол орон нутагт эхнэр нөхөр, ахан дүүс, саахалт айлынхан хоорондоо холхилцож, толихлцолгүй амар тайван аж төрцгөөх болно. Өнөөдөр орон нутагт нам эвслээрээ талцан зарим нь бүр тангаграг тасрахад хүрч байхад, дээгүүрээ нам эвслээ ч мэдэхгүй холилдож, хутгалдаж, үгсэн хуйвалдаж төрийн албыг завхруулж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт энэ завхралын намаг балчигаас улс орноо татан гаргахад үнэтэй хувь нэмэр оруулаасай гэж олон түмэн газар сайгүй шивэр авир ярьцгааж байна. Ард иргэдээсээ шууд сонгогдсон төрийн түшэээд үүнийг хийхгүй бол намаар дамжиж далдуур сонгогдсон “хулхи түшээд” юу ч хийж чадахгүйдээ. Тэд зүгээр хэн нэгний утсан хүүхэлдэй л байх болно.

М.Далайхүү. 2011.10.25.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)