М.Далайхүү : “МУУХАЙ ХҮМҮҮС”-ИЙН ТУХАЙ БОДРОЛ

“МУУХАЙ ХҮМҮҮС”-ИЙН ТУХАЙ БОДРОЛ

Их Монгол улс Хорезмтой шууд хиллэх болсон үед Ахмет тэргүүтэй томоохон худалдаачид Дундад Азиас их хэмжээний тансаг бараатай Монголд иржээ. Чингис хаан тэднийг нэн талархалтай угтаж, орд өргөөндөө хүлээн авч, авчирсан барааг нь өндөр үнэлэн худалдаж авчээ. 1218 онд эдгээр худалдаачдыг буцахад Чингис өөрийн худалдааны 450 орчим төлөөлөгчдийг хамт явуулжээ. Энэхүү элч, худалдаачид Хорезмын Отрар хотноо хүрэлцэн ирэхэд хотын захирагч Инальчук Чингис кинонд Хайрхан гэж гардаг Монголоос илгээсэн худалдаачдыг тагнуул, туршуул хэмээн “Муухай хүмүүс” болгон зарлаж, толгой дараалан амь насыг нь хөнөөж, алт эрдэнэс, ачаа барааг нь дээрэмджээ. Золоор амьд үлдсэн ганц элч буцаж ирэн Чингис хаанд байдлыг илтгэснээр Хорезмтой зэр зэвсэг агсалцахаас өөр замгүйд хүргэжээ. Энэ тухай түүхч В.В.Бартольд “Одоогийн олон улсын харилцааны үүднээс авч үзсэн ч Чингис Хорезмд дайн зарлах эрхтэй байсан” гэж тэмдэглэсэн байна.

Гэм зэмгүй хүмүүсийг “Муухай хүмүүс” болгон зарлаж өөрсдийн зорилгоо гүйцэлдүүж байсан жишээ баримт дэлхийн хийгэээд Монголын түүхнээ цөөн биш байдаг. 1990 оноос хойш Монголд олон олон хүнийг “Муухай хүмүүс” болгон зарлан егүүтгэж, заримынх нь нэр төрийг дахин сэргээж байгааг уншигч та лав санаж байгаа байх. 1990-ээд оны эхээр Ю.Цэдэнбал болон түүнтэй мөр зэрэгцэн улс орныг удирдаж явсан хүмүүсийг тойрон хүрээлэгчид хэмээн “Муухай хүмүүс” болгон зарлан шүүж байцааж, Мэндийн Зэнээ, Очирбатын Дашбалбар нарыг Ардын засгийн 70 жилд хуримтлагдсан өмч хөрөнгө, Монголын газар шорооны төлөө хийж байсан тэмцлийг мохоохын тулд “Албан ёсны мангуу”, “Цагаан солиот” хэмээн нэрлэж “Муухай хүмүүс”-ийн тоонд оруулж, гутаан доромжилж байв.

“Бид түшмэдүүдийн тэнэглэл, хээл хахууль авагчид, дэг зарчимгүй юм бүхнийг үл анзаарагдах байдлаар гэхдээ идэвхтэй бөгөөд байнга өөгшүүлэх ёстой. Бид садар самууныг дээдлэх, хүчирхийлэл, яргалал, урвах хөрвөх зэрэг нэг үгээр хэлбэл ёс суртхуунгүй юм бүхнийг хүний оюун ухаанд зоож өгөх, тэдгээрийг урлан бүтээгчид хэмээгчдийг бүх талаар дэвэргэж, өргөмжлөх хэрэгтэй. Гагцхүү цөөхөн нь маш цөөхөн хэсэг нь юу болж байгааг ойлгох, таамаглах биз. Гэвч тийм хүмүүсийг бид аргагүй байдалд оруулж, доог дохуу болгуулж тэдгээрийн талаар ташаа ойлголт бий болгон, нийгмийн шаар гэж зарлах аргыг олно” хэмээн АНУ-ын гадаад бодлогыг тодорхойлж Аллен Далссын 1945 онд хэлсэн үг өнөөдөр Монгол оронд маш амжилттай хэрэгжиж байгаа билээ.

Хэд хэдэн нам, төрийн бус байгууллага, хөдөлгөөнүүд нэгдэж “Эх орон-шударга ёс” эвсэл байгуулав. Гэтэл эдгээр нам, хөдөлгөөн, байгууллагыг толгойлж байгаа хүмүүсийг гомдогсод, албан тушаалын шантаажчид, нам дамжин хутган үймүүлэгчид хэмээн зарлаж, эхээс төрөхөөсөө л “Муухай хүмүүс” байсан мэтээр зарлан тунхаглаж байна. Тухайлбал Логийн Цог Хууль зүйн сайдын хувьд “Казиногийн хэрэг”-ийг сөхөж тавьснаар “Муухай хүн” босон бол Чимэдийн Энхээ, Нинж, Эрдэнэтуул нар хамтран тэмцэнгч С.Зоригийг нь хэн алсан бэ гэдэг талаар өөр өөрсдийн таамаглалыг дэвшүүлж, С.Зоригийн аллагыг захиалагчид нь АН дотор байгаа, байх байхдаа бүр манай намын удирдлага дотор байгаа гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгснөөрөө “Муухай хүмүүс”-т тооцогдож, өнөөө хир нийгэмд “ гажигтай, шизотой, тархины сааталтай” гэсэн бор шувуу ниссээр л байгаа билээ..

М Энхсайханыг “Муухай хүн” болгох эхлэл С.Зоригийг алуулсны маргааш өдөр болсон цуглаанаас эхлэлтэй. Учир юунд вэ гэвэл тэр цуглаан дээр олон нийтийн өмнө М.Энхсайханыг С.Зорийгийг алсан хэмээн ил тодоор ардчилсан намын нэг эрхэм шууд мэдэгдсэнийг хүмүүс мартаагүй байх. Н.Энхбаярын хувьд элгээрээ хэвтсэн МАХН-ыг сэхээж улс төрийн тавцанд дахин гаргаж ирснээрээ олон дайсантай болж, их өрийг шийдвэрлэх,мянганы замыг санаачлахад лидерийн үүрэг гүйцэтгэснээрээ олон түмний дунд нэр хүнд нь өссөнөөр нам дотор болон гадна талд олон өрсөлдөгч, өширхөгчидтэй болсон. Учир юунд вэ гэхээр түүнтэй шударгаар өрсөлдөөд ялах боломжгүй болсон. Иймд түүнийг “Муухай хүн” болгох аргаа хэрэглэж “Авилгалын загалмайлсан эцэг” хэмээх алдар хайралсан нь амжилттай хэрэгжсэн юм. Үүнийг бичигч бийвээр Н.Энхбаярыг авилга авч байсан гэдэгийг нотолж чадахгүйтэйгээ адил Н.Энхбаяраас бусад нь авилга авч байгаагүй гэж бас гэрчилж чадахгүй билээ.

Н.Энхбаярт лидер хүнд байвал зохих сайн шинжүүд бий. Адаглаад тэр архи ууж, тамхи татдаггүй, эмс охид эргүүлдэггүй, анд явдаггүй, мөрийтэй тоглодоггүй сайн талтай. Танхимын тэргүүний энэ жишгийг сайдууд нь агентлаг, газрын дарга нар нь дагахаас өөр аргагүй байсан биз. Өнөөдөр бол агсам согтуу тавих, авгай хүүхэн эргүүлэх, казинодох бол эрх мэдэлтэй байгаагийн нэг шинж гэж бие биенээ өөгшүүлдэг болж, төрийн албанд энд тэндгүй тэрний “нуудгай”, энэний “хайр” гэж өөрийгөө өргөмжилсөн “авгайн нар” байгууллагын хоймор заларч “тэргүүн хатагтай” гэж хэлээгүй хүмүүсийг ажлаас нь хална, амьдралгүй болгоно гэж шахаж дарамталдаг болсон тухай албатай болгон ярьж, амтай болгон цуурч байна. Эхийн эрхт ёс гэж байсан гэж сонссоноос авгай нарын эрхт ёс гэж байсан гэж дуулаагүй юм байна.

Жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц дээр гэдэг шиг МАХН МАН-ын удирдах зөвдөлд орж, уруудуулж, доройтуулж яваагүй ч үүд хавиар нь эргэлдэж явсан олон олон хүмүүсийн нэгэн адил намын удирдлага дотор нэг л болохгүй байна гэж дээр доргүй ярьж, УИХ-ын гишүүдийн дотор шивнэлдэх босон тэр үед хэсэг нөхөд “Уламжлал-шинчлэл, Ардчилал-шударша ёс” жигүүр байгуулан удирдлагуудын алдаатай бодлогыг шүүн хэлэлцэж, тунгаан илааршуулна гэж зүтгэсэн маань талаар өнгөрч харин “Гомдогсод, албан тушаал горилогчид” хэмээн цоллуулж, зарим нь бүр буудаж ална, ширээ сандалтай чинь хамт гудамжинд гаргаж хаяна хэмээн заналхийлж, ёс суртахуунтай байж, намын дүрмээ мөрдөж ажиллахыг дарга нарт сануулж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсний төлөө “Муухай хүмүүс”-ийн дансанд бүртгэгдэж, захиалгат гүжирдлэгийн бай болов.

Тун саяхан Монгол орны тусгаар тогтнолын төлөө амь бие хайргүй тэмцэгч, Ардын төр, Ардын Журамт Цэргийг үндэслэгч Жанжин Д.Сүхбаатарыг “Муухай хүн” болгох гэсэн ээлжит гүтгэлэг мухар ямаа хад мөргөв гэгчийн үлгэр болж төгсөв. Үүний цаад санаа бол 1921-1990 онд Ардын нам, Ардын засгийн хийж бүтээснийг үгүйсгэж “Муухай засаг” байсан харин ардчилалын гэгдэх 1990-2010 он бол “Сайхан засаг” байсан гэж хүмүүсийн нэн ялангуяа залуусын тархийг “угаах “ гэсэн санаа юм. Хүн гүрний 2220 жил, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 110 жилийн ойг тэмдэглэх тухай Төрийн тэргүүн байн байн ярьж, хэлж байгаа нь 1921 оны Ардын хувьсгалыг л үгүйсгэх гэсэн далд санаа гэж мунхаг би бодном.

Бидний өвөг дээдэс зовохдоо зовж, зүдрэхдээ зүдэрч зарим нь бүр алтан амиараа дэнчин тавьж байж, өнөөгийн бидэнд тусгаар тогтносон Монгол улсыг өвлүүлэн үлдээснийг эзний ёсоор авч явж, ирээдүй үедээ бухиалах арга ухаанаа уралдуулбал зохилтой мэт санагдана. Ингээд бодохоор “ямаа алах цээжинд байна” гэдэг шиг Ю.Цэдэнбал гуайн маршалын мөрдсийг хуу татаж, төрөөс олгосон одон медаль, алдар цолыг хураан авч байсан, Д.Сүхбаартарыг гутаан доромжилж чадаж байгаа хүмүүс, хэрэгцээ гарвал Чингисийг ч бас худалдах биз. Сүүлийн 20 жилд бид талийгаачдын ясыг өндөлзүүлснээс өөр хийсэн юм байгаа юмуу. Монгол улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн баталгаа гэж бид их ярьдаг, тийм бол Монголын үе үеийн ард түмний эх орныхоо тусгаар тогтнолын төлөө хөлсөө асгаруулан, цусаа урсган, тэмцэж явсан түүхийг өөр хооронд нь сөргүүлэн тавьж, энэ нь гавьяатай, тэр нь нүгэлтэй гэж үхэгсэдийн ясыг өндөлзүүж, өнөөгийнхний сэтгэлийг сэвтээх хэрэггүй юм. ХIII зуунд төрсөн бол ХААН болох байсан гэж горьдох ч хэрэггүй, ХХ зууны эхэнд төрсөн бол хоморголтонд өртөх байсан гэж сагсалзах ч хэрэггүй яагаад гэвэл түүхэнд хэрэв тэгсэн бол гэдэг ойлголт байдаггүй юм.

“7 сарын нэгний” гэгдэх хар өдөрийг гэрэлт наран дор, гэгээн цагаан өдөр, телевизийн дурангийн дор хэн турхирч, хэн өдөөж өгөөшүүлсэн билээ. Эцэст нь 5 хүн алтан амиа алдаж, төрийн цагдаа доромжлогдож, дажны хөлд олон хүн гэмтэж, бэртэж, эд хөрөнгөгүй болж, аж амьдарлаараа хохиров. Одоо болохоор тухайн үед хотын хийгээд цагдаагийн ерөнхий газарын удирдлагад байсан 4-5 хүнийг буруутгаж, ”Муухай хүмүүс” болгон зарлаж, ард түмний тархийг угааж байна. Чухам яагаад, ямар учраас гэмтэн нь үлдэж, гэмгүй нь яллагдаж, нэг хэсэг хүмүүс банк, хадгаламж зээлийн хоршооны мөнгийг дээрэмдэж, хотын эдэлбэр болон ашигт малтмалын орд газарыг наймаалж, улсын төсөвөөс хулгайлж хагартлаа баяжиж байхад тэдний хулгайлсан мөнгийг төрийн төсөвөөс төлдгийг, арилжаа наймаа хийж хөлждөг албан тушаалд нь ахин дахин томилоод байдагийг, нөгөөдүүл нь чадаж байгаа юманд арга байхгүй гэж оодорч суудагийг “...ойлгох, таамаглах” гэж хичээх хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэх болжээ.

Данзан-Равжаа гуйн хэсэнчлэн “ ...үнэн үүдэнд, худал хойморт заларсан” өнөөгийн Монголд “үнэн хойморт залрах” сайн цаг эхлэх ч гэж байгаа юм бил үү! Мэдээж бусдыг “Муухай хүмүүс” гэж зарлаж, ярьж хэлж, бичиж байгаа хүмүүс бол өөрсдийгөө “Сайхан хүмүүс” гэж бодож байгаа.Сонгогчид ч бас тэгж боддог, тэдэнд барагтай л бол хир халдаадаггүй. Тэрч байтугай тэд нар чинь унгадаггүй, хүндэрдэггүй, унгадаг юмаа гэхэд сүрчигний үнэртэй хий гаргадаг, хүндэрдэг юмаа гэхэд шоколад шиг ариухан өтгөн гаргадаг гэж бодож, итгэж явдаг байв. Гэтэл өнөөдөр нийгмийн сэтгэл зүй өөр болжээ. Тэр “Сайхан хүмүүс” чинь бидэнтэйгээ ижилхэн, зарим тохиолдолд биднээсээ долоон дор хүмүүс байсан юм байна гэдэгийг. Бид ч ганцаараа тэгж ухаарч байгаа юм биш, ертөнц тэр аяараа тэгж сэтгэх болжээ. Боолын гинжний хүлээсэнд хэдэн үеэрээ дассан Африкийн ард түмэн ч ухаарч байна шүү дээ.

М.ДАЛАЙХҮҮ.2011.03.13.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
эрдэнэ (зочин)

та үнэхээр үнэн зүйл бичжээ. аль болох олон хүн энэ үнэнийг мэдээсэй.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)