М.Далайхүү : 2011 ОНЫ ТӨСВИЙН ЭРГЭН ТОЙРОНД

2011 ОНЫ ТӨСВИЙН ЭРГЭН ТОЙРОНД

Төсвийн Ерөнхийлөн захирагчдаар авч үзвэл Монгол улсын төсөвт 20 захирагч 2454.4 тэрбум төгрөг цуглуулж, 31 захирагч төсөвөөс 2676.6 тэрбум төгрөг авч зарцуулахаар байна. Хамгийн их мөнгө цуглуулдаг Ерөнхийлөн захирагчдаар Сангийн сайд 2089.1 ТЕГ-1093.1, ГЕГ-974.6, Ерөнхий сайд 114.6, Эрдэс баялаг эрчим хүчний сайд 89.7 тэрбум төгрөгөөр тус тус тэргүүлж байхад яаж зүгээр байх вэ гэсэн шиг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 10.0, Үндэсний статистикийн хорооны дарга 14.4, Ерөнхийлөгчийн тамгын газарын дарга 20.0 сая төгрөгийн орлого оруулах юм байна.

Төсвийн мөнгийг хамгийн ихээр сүйтгэдэг Ерөнхийлөн захирагчдаар БСШУ-ны сайд 649.6, НХХ-ийн сайд 398.3, ЗТХБ-ын сайд 309.2, Эрүүл мэндийн сайд 296.1, Сангийн сайд 203.0 тэрбум төгрөгөөр эхний тавд жагсаж байна. Төсөвт улаан мөнгөний орлого оруулдаггүй хирнээ төсвөөс тэрбум тэрбумаар мөнгө саадаг газарч байх. Тэдгээрийн тоонд СЕХ 7.5, МҮОНРТ 4.7, АТГ 3.2 тэрбумаар орж байх жишээтэй.

21 аймгийн 10 нь улсын төсөвөөс 22.2 тэр бумын дэмжлэг авч байхад үлдсэн 11 нь 159.5 тэрбумыг улсын төсөвт өгч байна. Дэмжлэг авагчдын тэргүүн эгнээнд Хөвсгөл 4.0, Увс 3.7, Завхан 3.5, Архангай 3.0, Баянхонгор 2.7, Баян-Өлгий 2.3 тэрбумаар явж байна. Ер нь хангайн сайханд назгайрсан, хариуцлага ихээхэн суларсан газрууд гээд хэлчихвэл яадаг бол. Олсон орлогоос нь улсын төсөвт татан төвлөрүүлэгчдийг оройлон манлайлагчдын тоонд Орхон 73.9, Өмнөговь 61.1, Дархан-уул 44.3, Сэлэнгэ 11.7, Дорноговь 2.8 тэрбумаар тус тус орж байна.

2003 онтой харьцуулахад Улсын төсөвийн орлого 4.7, зарлага 4.6, цалин хөлс 6.6, хөрөнгө оруулалт 7.7, улсын төсөвийн алдагдал 3.6 дахин нэмэгдэхээр байна. 2011 онд улсын төсвөөс хөрөнгө оруулалт, их засварт 625.3 тэрбум төгрөг, мөн гадаад төслийн зээлээр 93.1 тэрбум төгрөгийг зам барих ажилд, орон нутгийн төсвөөс 95.6 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтанд тус тус зарцуулахаар төлөвлөсөн байна. Үүн дээр 16.8 тэрбум төгрөгийн хөрөнгийн зардлыг нэмж тооцвол Монгол улсын нэгдсэн төсвийн хөрөнгө оруулалт 738.0 тэрбумд хүрч, 2010 онтой харцуулахад 21.4 хувиар нэмэгдэхээр байна.

Улсын төсөвийн 2011 оны хөрөнгө оруулалтын жагсаалтыг судалж үзэхэд тухай салбарт баримталсан ямар нэг ээлж дараалал, бодлого чиглэлгүй, УИХ-ын 76 гишүүний толгойд орж ирсэн төсөөлөлийг жагсаан бичсэн, өмнөд хөршийн ярьдагчлан хоносон хоолыг холиод л “хууцай” болно шүү гэдэг шиг монголоор бол хярамцаг л болждээ. Тухайлбал: Багийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Өвөрхангайд 1000.0, Баян- өлгийд 500.0, бүтээн байгуулалтанд бодит хөрөнгө оруултын ажил хийхэд Говь- Алтайд 500.0, ард иргэдийн эрүүл мэнд, боловсрол, соёлын түвшинг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ЖДҮ, мал аж ахуй, газар тариалангийн салбарын төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, техник тоног төхөөрөмжөөр хангахад Говь-Алтайд дахиад 500.0, сумдын тохижилтонд зоруулж Увсад 900.0 сая төрөг гэх мэтээр тус тус бичсэн байх юм. Мөн Хүүхдийн төлөөх газар Арвайхээр хотноо 1000.0 сая төгрөгөөр Өндөр гэгээн Занабазарын сэрэг дүр бүхий хөшөө цогцолбор босгох бөгөөд энэ жил 150.0 сая төгрөгийн ажил хийх юм байна.

Анх сураг нь гараад 15 жил болж буй “Алтан булгийн чөлөөт бүс” улсын төсөвт ганц ч төгрөгний орлого оруулахгүй мөртлөө жил болгон хэдэн тэрбумаар нь хөрөнгө зарсан байх юм. Тухайлбал 2011 онд зөвхөн энэ бүсэд хөрөнгө оруулалтанд 4477.0 сая төгрөг зарахаар төлөвлөсний 1019.8 сая нь үерийн усны далан суваг барихад зориулагдах ажээ.

2011 онд улсын төсөв 222.2, нэгдсэн төсөв 670.8 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тооцжээ. Гэтэл Монгол улсын иргэнд хүртээх хишиг, хувийг 2011.01.01-ээс эхлэн сар бүр 21.0 мянган төгрөгөөр бодож 702.5, оюутнуудын сургалтын төлбөрийн дэмжлэгт зориулан хүн бүрт 500000 төгрөг буюу бүгд 82.5 тэрбум төгрөг нийтдээ 785.0 тэрбум төгрөг олгохоор болсон нь төсөвийн алдагдалд шууд нөлөөлсөн байна. Ийнхүү байдгаа барж, бараадагаа цөлмөх нь улстөрчдөд ашигтай улс эх оронд балагтай л юм. Гэхдээ төсвийг ард түмэн биш тэд баталдаг хойно одоо яая гэхэв дээ. Өгсөнийг нь авчихаад дараа нь нэг юм бодохгүй бол ч болохгүйдэг ээ.

М.ДАЛАЙХҮҮ 2010.11.20.

.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)