М.Далайхүү : АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ХИЙГЭЭД МОНГОЛЫГ ТОЙРСОН ГЭРЭЭ ХЭЛЦЛИЙН ТУХАЙ

Нэг. Сонгууль бол улс орны тусгаар тогтнолын баталгаа, үнэхээр эрхэм чухал зүйл байдаг юм байна гэдгийг Монголын ард түмний зүрх сэтгэл, уураг тархинд зоож өгсөн, өнөөгийн залуусын ярьдагчлан бор тархинд нь “кодолж” өгсөн нэгэн үйл явдал 1945.10.20-нд болсон юм. Энэ түүхэн үйл явдлыг Монголын түүхийн хуудаснаа” БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх нийтийн санал хураалт” гэж тэмдэглэсэн байна.

Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав гэгчээр дэлхийн II дайн төгсөх шатандаа ороод байсан 1945 оны II сард ЗХУ, АНУ, Англи гурван гүрний тэргүүн нарын бага хурал Ялт /Крим/-д хуралдах үед ЗХУ-ын санаачлагыг үндэслэн БНМАУ-ын статус квог /тусгаар тогтносон байдлыг/ хүлээн зөвшөөрсөн юм. Мөн үүний дараа 1945 оны VIII сард Москва хотноо болсон ЗХУ, Хятад /Гоминдан/-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үеэр Монголын ард түмэн тусгаар тогтнолоо хадгалан байх гэсэн хүсэл эрмэлзлэлээ бүх нийтийн санал хураалтаар баталбал БНМАУ-ын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хэлээр нь зөвшөөрөн хүлээнэ гэж Хятадын засгийн газар амлав. АНУ ч тухайн үедээ ингэх нь зүйтэй гэж Хятадад зөвлөж байсан байна.

Монгол улс Хятадаас хараат бус бие даасан Бүрэн эрхт тусгаар улс байх уу гэсэн асуултанд тухайн үед сонгуулийн насанд хүрсэн хүн амын 98,4 хувь буюу 487409 иргэн тиймээ гэж хариу өгч бичиг мэддэг нь гарын үсгээ зурж, мэддэггүй нь эрхий хурууныхаа дардсыг үлдээсэн, зузаанаас зузаан материал Монгол улсын Үндэсний түүхий архивт хадгалагдаж үлдсэн билээ. Энэ өдөр БНМАУ-ын эрх чөлөө, тусгаар тогтнолын баярын өдөр болж өнгөрөв. Ийнхүү аливаа сонгуульд ард иргэд нь 99,9 хувиар оролцдог уламжлал Монгол оронд жишиг болон тогтсон түүхтэй билээ. Улс орон даяар явагдсан дээрх санал хураалтын дүн 1961 оны X сарын 27-нд БНМАУ, НҮБ-ийн бүрэн эрхт гишүүн болсноор Богдын засгийн газараас хойш 50, Ардын засгийн газараас хойш 40 жилийн дараа сая нэг юм баталгаажсан түүхтэй билээ

1911 онд Богдын засгийн газар, 1921 онд Ардын засгийн газраас дэлхийн нөлөө бүхий гүрэн АНУ, Англи, Япон, Франц зэрэг орнуудад тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх гэж элч томилж, цахилгаан илгээж дипломат харилцаа тогтоох талаар санал тавьж байсан хэдийч хариу ирүүлж байсан нь нэгээхэн ч үгүй билээ. Богдын засгийн газарын Автономит засгаа сэргээхийг хүссэн оролдлогууд нь дипломатын түвшинд нэгэхэн ч үр дүнг олсонгүйн дээр их хэргийн төлөө өөрсдөө ч хүчин мөхөсдөхийг үзэж ойлгосон тэдний зарим нь тухай үед Нийслэл Хүрээнд буй болсон нууц бүлгэмийнхний үйл ажиллагааг сурвалжлан ажиглаж, хэлхээ холбоо тогтоохыг эрмэлзэх болсон үед Хатанбаатар Магсаржав, Жамъян гүн, да лам Пунцагдорж нарын эх оронч, дэвшилт үзэлтнүүдийн оролцоотойгоор бүлгэмийнхэн болон Богдын хооронд дам харилцаа тогтоосон нь цаашдын их үйл хэрэгт ихээхэн тусыг хүргэсэн гэж түүхчид дүгнэдэг байна. Англи 1963, Франц 1965, Япон 1972, ХБНГУ 1974, АНУ 1987 онуудад тус тус манай оронтой дипломат харилцаа тогтоосныг үзвэл жижиг буурай улсын зовлон гэдэг ийм бэрх ажгуу. Улс эх орныхоо тусгаар тогтнолын төлөө үхээгүй амь, урсаагүй цус, асгараагүй хөлс гэж байдаггүйг дэлхийн түүх гэрчилнэ. Ийм болохоор тусгаар тогтнолоо аварч үлдсэн өвөг дээдэстээ бид хүндэтгэлтэй хандаж, авах гээхийн ухаанаар дүгнэж цэгнэж явах учиртай. Хэрэв би байсан бол, бид байсан бол тэгэх, ингэх байсан гэж цээжээ дэлдэх хэрэггүй. Яагаад гэвэл түүхэнд “хэрэв тэгсэн болгэдэг ойлголт огт байдаггүй билээ.

Хоёр. Аливаа улс гүрний амин чухал асуудал бол тусгаар тогтнол. 1911 оны 12 дугаар сарын 29–нд Богдыг “Монгол улсын наран гэрэлт, түмэн наст Богд эзэн хаан” хэмээн өргөмжилж, манжийн дарлалаас салж тусгаар улсаа тунхагласны 99, 1921 онд Ардын хувьсгал ялж Бүрэн эрхт улсаа тунхагласнаас хойш 89 жилийнхээ босгыг алхаж явна. Энэ хугацаанд Монгол улсын тусгаар тогтнол 1919 оны 11–р сард Хятадын генераль Сю Шүжан үлэмжхэн цэрэгтэй Монголд шууд цөмрөн орсон үед нэг ганхаж, 1939 оны 5 –р сард Японы 6 –р армийн анги нэгтгэлүүд дорнот хилээр цөмрөн орж ирсэн үед бас дахин нэг доргисон удаатай. Монгол орныхоо тусгаар тогтнолын төлөө үе үеийнхний урсгасан цус, асгаруулсан хөлс, шаналсан сэтгэлийг бид тэр бүр санаж явдаг билүү. Синьхайн хувьсгалын үр дүнд 1912 онд Дундад иргэн улс байгуулагдав. Манж гүрэн задран унаж Монгол, Хятад гэсэн хоёр улс бий болов. Гэтэл дундад иргэн улс өөрийгөө Манжийн залгамжлагч гэж үзэж Монголыг бүхэлд нь эзлэх санаархлаа хүчтэй явуулж, Богд Жавзандамбад нот бичиг илгээж, тусгаар тогтнол гэгчээсээ татгалзан бүр устгахыг шаардсан боловч Богд хаант Монгол улсын Засгийн газар хүлээн авсангүй. Иймээс Хятадын тал шууд Орос улстай Монголын талаар яриа хэлцэл хийж эхлэв.

Монгол ч бас зүгээр суусангүй 1912 онд Монгол улсын Гадаад яамны сайд Чин ван Ханддорж тэргүүтэй, 1913 онд Ерөнхий сайд сайн ноён хан Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчдийг хаант Орос улсад илгээв. Төлөөлөгчид Оросын талд Монголын тусгаар тогтнолыг бүрэн хүлээн зөвшөөрөх,түүнд Барга дотоод Монголыг хамруулах, санхүүгийн зээллэг олгох, зэвсэг худалдаалах, Петрбург дэх гадаадын элчин нартай уулзуулж хэлэлцээ хийх бололцоо олгох зэрэг асуудлыг тавьж байв.

Энэ үед Оросын тал Монголын асуудлаар Монгол, Хятадын хооронд хоёр нүүрт бодлого явуулж, Монголоос болж Хятадтай дайсагнаж болохгүй, Хятадын шахалтаас болж Монголыг бүр мөсөн орхиж болохгүй гэсэн ацан байдал үүссэн байжээ. Хөрш зэргэлдээ хоёр улс зэрэг зэрэг илч төлөөлөгчдөө илгээж, нэг нь болохоор Барга, Өвөр Монголыг оролцуулаад тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч өгөөч гээд гүйгаад байдаг. Нөгөө нь юу яасны чинь Барга, Өвөр Монголыг өгөх, Ар Монголын тусгаар тогтнолыг цуцал, Хятадын нэг хэсэг гэж үз гээд тулгаад байдаг. Энэ үед хаант Оросын дотоод байдал дайн дажинтай тайван бус бусдад санаа бодлоо тулгах нь байтугай, өөрсдөө яая гэж байсныг хэлэх үү?

Аль алиных нь хүсэлтийг харгалзаад алтан дунджийг барьсан биз. Ингээд Орос Хятадтай “Ар Монголыг Хятадын эзэнт эрх бүхий автономит улс” байлгахаар 1913 оны 9–р сард сэм тохирч, улмаар 1915 онд Хиагтад болсон Орос, Хятад, Монгол гурван улсын хэлэлцээрийн үеэр хоёр их хөрш хавсайдан өөрсдийнхөө болзлыг тулган хүлээлгэснээр Монголын тусгаар тогтнол дахин алдагдах бодит аюул тулгарсан юм. Ийнхүү 1914 онд Тагна Урианхайн хаант Оросын протекрат болж, Алтай нурууны өмнөт бэл, Хар Эрчис, Чигил, Булган, Өрөнгө гол, Өрөнгөр нуурын сав дагуух Монголын нутаг Хятадын мэдэлд оржээ. Үүгээр Өвөр Монгол, Барга болон бусад Монгол угсаатны Монголын төрдөө нэгдэн нийлэх гэсэн хүсэл эрмэлзэл хөсөр хаягдсан түүхтэй. Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо гүйцэд сэргээхийн төлөө үргэлжлүүлэн тэмцэхдээ мөн л умарт хөрш Орос улсыг түшсэнээр 1921 оны Ардын хувьсгал ялж, Монголын улсын тусгаар тогтнол үндсэндээ бүрэн хангагдах эхлэл тавигдсан гэж хэлж болох билээ. Японы цэрэг 1931 оны 9 сард Мүгдэн хотыг довтолж, 1932 оны 1 сард Манжуурыг эзлэв. Мөн оны 9 сард Манж чин улсын сүүлийн эзэн хаан Пу И–г залж Манжго улс гээчийг байгуулснаа зарлаж өвөрлөгчийн Хөлөн буйр, Жирэм, Зост, Зуу–Үд зэрэг чуулган /аймаг/-ыг эзлэн авч Автономит Монгол улс гэгчийг Манжго улсын бүрэлдэхүүнд байгуулснаа зарлаж, Японы цэргийн хүчийг нутаг дэвсгэртээ байрлуулах тухай цэргийн холбооны гэрээ байгуулж, Квантуны армийн командлагчийг Манжго дахь Японы элчин сайдаар томилов. Зүүн хойт Хятадыг эзлэн авсан Японы цэргүүд 1934 оны эцэс 1935 оны эхээр БНМАУ–ын дорнот хилд тулж ирэн, хилийн дагуу цэргийн хүч хуримтлуулах, засмал зам, төмөр зам, холбооны шугам тавьж, нисэх онгоцны буудал, цэргийн бэхлэлт барьж байгуулж эхлэв.

Манай улсын дорнот хил дээр дайны хярвас ханхалсан ээдрээ түгшүүртэй хэцүү үеүүдэд П.Гэндэн тэргүүтэй Монголын төлөөлөгчид Зөвлөлт засгийн газрын урилгаар 1934 оны 10 сар, 1935 оны 12 сард хоёр ч удаа Москвад айлчилж гэрээ хэлцэл хийсний дүнд 1936 оны 3 дугаар сарын 12-нд БНМАУ, ЗСБНХУ–ын хооронд “Монгол–Зөвлөлтийн харилцан туслалцах протокол”–д Улаанбаатар хотноо гарын үсэг зурав. Тус протоколоор “БНМАУ ба Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсыг ямар нэгэн гуравдугаар этгээд халдан довтолбол бие биедээ тусламж үзүүлнэ” хэмээн өмнө нь тохирсон аман хэлцлийг хүчин төгөлдөр баримт бичиг болгосон нь манай улсыг олон улсын харилцааны эрх зүйн субьект гэдэгийг сануулсан чухал үйл явдал болсон юм..

1936 оны 3 сарын 01–нд И.В.Сталин АНУ–ын “Скриппс–говард ньюспейперс” сонины нэгдлийн дарга Рой Говардтай хийсэн ярилцлагадаа “хэрэв Япон БНМАУ–ын тусгаар тогтнолд халдан довтлох аваас бид БНМАУ–д туслах болно. Бид БНМАУ–д 1921 онд тусалсан шигээ тусална” гэж мэдэгджээ. Ийнхүү БНМАУ–ын Засгийн газрын хүсэлтийн дагуу Зөвлөлтийн цэргийн анги, нэгтгэлүүд Монголын нутагт ирж, тус улсын дорнот хэсэгт байрлав. 1936 онд батлан хамгаалах зардлыг 2 дахин, цэргийн тоог 30.0 хувь, зэвсэг техникийн хангамжийг 40.0 хувь нэмэгдүүлэв. Халх голын дайнд Монгол- Зөвлөлтийн ах дүү арми ялалт байгуулсны түүхт 60 жилийн ойг өнгөрөгч онд улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэсэн болохоор энэ тухай давтан тайлбарлах шаардлагагүй бизээ.

Гурав. Монголын тусгаар тогтнолыг тойрсон гэрээ хэлцлийг он дараалалаар нь тоймлон бичвэл уншигч танд улам ойлгожтой байж мэдэх юм 1689 онд Манжууд Ар Монголыг эрхшээлдээ оруулсны дараа Орос улстай Нэрчүүд “Найрамдлын гэрээ” байгуулснаар Орос-Монгол хоёр орны ард түмний олон жилийн уламжлалт харьцаанд ханан хэрэм босгосон юм. Манжийн эсрэг 1757-1758 онуудад Ар Монголд тусгаар тогтнолынхоо төлөө боссон Чингүнжав, Ойрдын Амарсанаа нарын зэрэг эх орончид хойд хөрш Оросоос тусламж дэмжлэг авах талаар хүчин чармайлт гаргасан ч бүтэлгүй болсон нь ийм учиртай ажээ.

1907 онд Орос, Япон хоёр Ар, Өвөр Монголд өөрсдийн ашиг сонирхлын хүрээг тэлэх нууц хэлцлийг байгуулжээ. Энэ хэлэлцээрт 116–р уртрагаас зүүн тийшээ Японы, баруун тийшээ Оросын нөлөөг бэхжүүлэхээр тохиролцож бие биеийн ашиг сонирхлыг зөрчихгүй гэсэн үүрэг хүлээж, 1912 оны 6 сард гарын үсэг зурсан байна. Энэхүү нууц хэлэлцээрээс болж гуравдагч хөрш /Япон/-өөр төлөөлөл болгон олон улсад тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэх гэсэн Богд хаант Монгол улсын бодлого мухардалд орсон байна. Тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхээр явуулсан албан бичиг өнөө хир Японы эзэн хааны архивт ямарч цохилт тэмдэглэлгүй, цэв цэвэрхнээрээ хадаглагдаж байгаа тухай судлаачийн тэмдэглэл нийтлэгдсэнийг та олж уншсан байж магад.116-р уртрагаас зүүн тийших нутаг гэдэгт өнөөгийн Дорнот аймгийн Матад сум бараг тэр аяараа, Халхгол сум бүхлээрээ, Дорнотын Гарванзагал, Сүхбаатарын Эрдэнэцагаан сумдын зүүн хэсэг багтаж байгааг уншигч авхай танд сануулчихад илүүдэхгүй гэж бодож байна. 1915 онд Хиагтад болсон гурван гүрний хэлэлцээр 1921 онд болсон “Монгол, Орос улсын хооронд найрамдлын барилдлага байгуулах тухай “ гэрээ бичигийн талаар уншигчид сайн мэдэх байх. Харин 1924.05.31-нд “ЗСБНХУ ба Дундад иргэн улсын хооронд асуудлыг зохицуулах ерөнхий зарчмуудын тухай” хэлэлцээрийн Ү зүйлд “ЗСБНХУ нь Гадаад Монголыг ДИУ-ын бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрч, ДИУ-ын тэндхи бүрэн эрхийг хүндэтгэнэ” хэмээн Монголын статусыг тодорхойлж, Л.М. Караханаас Зөвлөлтийн цэргийг Монголоос гаргахад бэлэн байгаагаа мөн мэдэгдэжбайжээ. Энэ эгзэгтэй мөчид 1924.09.08-нд Улсын анхдугаар их хурал хуралдаж Анхдугаар Үндсэн хуулиа 1924.11.26-нд баталж ” Бүх Монгол улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхтэй Ард Улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эзлүүлэн, улсынхаа аливаа хэргийг Улсын их хурал ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газараас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” хэмээн зарлан тунхагласан юм. Анхдугаар Үндсэн хууль нь бүхэлдээ Монголын түүхэнд анх удаагаа хаант ёсыг халж, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд,улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулж, Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласнаараа түүхэн ач хобогдолтой баримт болсон юм. Мөн энэ үед буюу 1924.08.04-31-ны хооронд МАН-ын III их хурал хуралдаж, БНМАУ-ыг капиталист бус замаар хөгжүүлэх зорилтыг намын жанжин шугам болгон дэвшүүлж , нэрэндээ “Хувьсгалт” гэсэн тодртгол хийснийг өнөөдөр хүний, өөрийнгүй ихээр шүүмжилж байгаа билээ.. Нэг бол ДИУ-ын хараат болох эсвэл Коминтерний энэ хоёр зааврыг хүлээн авч Оросыг дагаж туурга тусгаар улс хэвээр үлдэх хоёрхон зам байсан юм биш үү? Энэхүү баримт бичгүүдийг гаргахдаа намын журмын нөхөд маань “Тэрэлжийн Тунхаг”-ийг гаргасан шиг амралтанд амарч, амттан зооглож, өдрийн хугаст гаргаагүй , бараг бүтэн сар шахам хэлэлцсэнийг бодоход ихээхэн оюун ухаан, хүч хөдөлмөр зарж, маргалдаж мэтгэлцэж , тэвчээр заан байж шийдвэрлэсэн болов уу? Түүхээс зөвхөн сургамж авдаг түүнийг шүүмжилж сайрхах хэрэггүй биз ээ.

М.Далайхүү 2010. 10. 10.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)