М.Далайхүү : Эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл

Эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл

Маанийн зургаан үсэг шиг энэ зургаан үгийг өнөөдөр улс төрч болгон хэлэх дуртай иргэн нь эрх чөлөөтэй, төр нь шударга, түмэн ард нь эв нэгдэлтэй байж гэмээж улс гүрэн хөгжиж дэвждэг гэх.

Дээрх зургаан үгийг бидний ярьдагчлан хөшөө дурсгал болгон Ардчилсан нам төв байрныхаа үүдэнд залсан байгаа. МАХН-ын үзэл баримтлалын уриа нь мөн л эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл гэж дүрэм, мөрийн хөтөлбөрийнхөө өмнө тунхагалсан байдаг.

Эрх чөлөө гэдэг эрхэм нандин зүйлийг бид бүр учир начрыг нь алдагдуулж анархизм болгов. Архи уучихаад гудамж талбайд “морь харах”, аав ээжийнхээ олж өгсөн сургалтын төлбөрөөр “баардах”, гадныханд биеэ үнэлэх, төслийнхөнд улсаа худалдах, төрүүлсэн үрээ гудамжинд хаях, төрийн түшээд нь хуулинд захирагдахгүй, дураараа дургих нь эрх чөлөө гэж ойлгогдохоор болсон тийм үед бид амьдарч байна.

Сүхбаатарын талбайд шуугиулж, бужигнуулж байгаа болгон өөрийгөө шударга ёсны төлөө тэмцэгч гэж зарлаж байна. Шударга ёс гэдэг далбаан дор зарим улс төрчид, гэмт этгээдүүд жагсаал цуглаан зохион байгуулж, өөрсдийнхөө булхайг нуух, алдаагаа өмөөрөх, “аавын хаалга” татахаас зайлсхийдэг шалгарсан аргад мэргэшиж байна. Ямар ч гэм зэмгүй биднийг гүтгэлээ, улс төржлөө, хууль хяналтынхан хэн нэгний гар хөл боллоо гэж радио телевиз, сонин хэвлэлээр зарлаж хэргийг хэрэг биш болгож мартагдуулж байна. Үүний хор уршиг нь юу болж байна вэ? Төр мөхөсдөж, хууль хэрэгжихээ больж, гэмт этгээд оодорч байна. Сүүлдээ бүр нам эвслээрээ талцаж манай хулгайч бол хулгайч биш, харин танайх бол жинхэнэ хулгайч гэж гэмт хэрэгтнүүдийг өмөөрч зөвтгөж, давраадаг болов.

Ийнхүү эрх чөлөө анархизм болж, шударга ёс шалдаа буув. Эцэст нь ард иргэд нь “танайхан, манайхан”, “цагааныхан, улааныхан” гэж талцаж торгуулийн суман гэгчээр гэмт хэрэгтнүүдийн бамбай болж, хоорондоо байлдаж, дайтахдаа хүрч байна.

Цөөхөн Монголчууд өөр хоорондоо ингэж талцаж тоглосоор байх уу? Тоглоом ихэдвэл шоглоом болдог гэдэг байхаа. Талцлын тод жишээ болсон зарим нэг зүйлийг нуршъя. Баруун бүсийн аймгийн нэгэн сумын иргэдийн хурлын даргад эхнэр, нөхөр хоёр өрсөлдөв. Эхнэр нь сургуулийн хичээлийн эрхлэгч, нөхөр нь тухайн үед ажилгүй байжээ. Мэдээж нэг нь МАХН-аас нөгөө нь АН-аас нэрийг нь дэвшүүлж хоёр намынхан хэн хэндээ бууж өгөхгүй байхыг нэр дэвшигчиддээ хатуу анхааруулж даалгавар өгчээ. Сумын иргэдийн хурал сар гаран сунжирч хэд дахин санал хураасны эцэст хайна хагарч эхнэр нь дарга болж гэр бүл салах дээрээ тулжээ.

Мөн зэргэлдээх суманд нь төрсөн ах дүү хоёр засаг даргад өрсөлдөж дахин дахин санал хурааж хайна хагарсангүй. ИТХ-ын дарга нь ээж дээр нь очиж хоёр хүүгийнхээ хайныг хагалж өгөөч гэж гуйснаар эх нь “Хүн ахтай дээл захтай” гэдэг байхаа гэснээр ах нь дарга болж дүү нь цагаан сараар ахдаа очиж золголгүй нэг жил болжээ. Төвийн бүсийн аймгийн нэгэн суманд аав, ээж, хүү гурав Иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдож, тухайн нам олонхи болжээ. Засаг даргаа сонгох гэтэл миний эцгийг сонгохгүй бол ээж бид гурав саналаа өгөхгүй гэж хүү нь сумынхаа намын байгууллагыг шантаажилсаар байгаад санасандаа хүрчээ.

Зүүн бүсийн аймгийн нэгэн суманд Ардчилсан нам олонхи болж, засаг дарга тавих хүний тухай ярилцаж “Алтны дэргэдэх гууль шарладаг” гэгчээр өмнөх засаг даргынхаа жолоочийг нэр дэвшүүлж ёсоор болгожээ. Нөгөөх нь эр хүний шийр зааж хуучин даргаа тамгын газрын дарга болооч ээ гэж хүсэлт тавьжээ. Гэтэл хашир хандгай тамгын газрын дарга хийхгүй. Тамгаа өгвөл авъя гэжээ. “Жолооч дарга” таван сар зүтгээд эцэст нь үгээ барж, хуучин даргадаа тамгаа гардуулснаар сэтгэлийн шаналалаас салж амарчээ.

Саяны их хурлын сонгуулиар хөдөөгийн эхнэр нөхөр хоёр санал өгөх өглөө муудалцжээ. Хэрүүлийн эх, хэнгэрэгийн дохиур нь мөнөөх л намаар талцах. Нөхөр нь “портер”-тоо зөвхөн өөрийнхөө дэмждэг намаас нэр дэвшигчид саналаа өгөх хүмүүсийг суулгана гэснээс эхлэлтэй байв. Өсөхөөсөө өдий хүртэл айл саахалт явчихаад хүмүүсийг манайх, чинийх гэж ялгалаа. Хэлхээтэй төмөр авсан нь ганцхан чи юм уу? Их юм болж дээ. Би ч гэсэн мордож очоод саналаа өгчихнө гээд энгийн амьдралдаа ам мурийж үзээгүй хоёр, их хурлын сонгуулийн өглөө шөргөөцөлдөөд авчээ.

Ийм жишээ хэд л бол хэдийг бичиж болно. Уншигч та сонгуулийн үеэр ямархуу “дажин” болдогийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Бид ингэж хоорондоо хэт талцаж, улс төржиж байгаагаас “Билгийн нүд” маань хаагдаж төрдөө түвшин шударга хүнээ илгээж чадахгүй зарим эрүүгийн гэмт хэрэгтнүүдийг төрийн түшээ болгож, мал сэтэрлэж байгаа мэт дархалж байна. Тэд төрийн түшээгийн нэр барьж оодорч хууль хяналтын байгууллагыг хүчгүйдүүлж, төрийг эрэмдэг зэрэмдэг болгож байна. Ард иргэд тэр даварсан түшээг биш харин шүүхийг, прокурорыг, цагдааг буруутгаж байна. Нийгмийн ийм сэтгэл зүй дээр лидер улс төрч гэгчид тоглож сонгуульд ялагдчихаад үймээн самуун дэгдээж, буруугаа зөв болгох гэж өөрсдийгөө өмөөрч, хүчний бүх байгууллага (цагдаа, цэрэг, тагнуул, прокурор)-ын удирдлагыг огцруулах шаардлага тавьж байна.

Эхнэр нөхөр хоёр, ах дүү хоёр, дарга жолооч хоёрыг талцуулж, тэмцэлдүүлж, хөрш хоёрыг хялалзуулж, саахалт хоёрын санааг үймүүлж байгаа цаад учир нь юу билээ. Сүүлийн 18 жил эв нэгдлийн тухай лидерүүд маань бараг юу ч ярьсангүй. Эргээд санахад 18 жилийн “үнэт зүйл” юу байв. Талцах маргах, бие биендээ гох дэгээ тавих, улс төржих. Ингэлээ гээд хэн хожсон юм бэ? Ард түмэн л лав хожоогүй. Харин энэ сиймхийг ашиглаж хэсэг бүлэг хүмүүс гадныхантай сүлбэлдэж тэр Бороо гоульд, тэр Таван толгой, Тэр Оюу толгой, тэр Тамсагийн нефтийг зарж үрж байна. Өөрөөр хэлбэл биднийг өөр хоорондоо хэмлэлдэж байх зуур эх орны баялаг ард түмний өмчийг цөлмөж дуусах нь. Эвтэй байя, найртай байя, эх орныхоо баялагт эзэн нь болж, улс орноо урагшаа хөгжүүлье гэж санал санаачлага гаргаж байгааг буруу гэх Монгол хүн лав гарахгүй биз дээ!

Монголчууд эвтэй байхдаа хүчтэй байсан гэж дээр дооргүй ярих болов. Чин үнэндээ Монголчуудыг эвтэй найртай байлгах тийм арга механизмыг олсон, түүнийгээ хэрэгжүүлж чадсан тийм ухаалаг хаантай, засаг төртэй, удирдлагатай байхдаа бид хүчтэй байсныг түүх бэлхнээ гэрчилж байгаа билээ.

“Эвт шаазгай буга барина” гэсэн Монгол ардын зүйр үг байдаг даа.

М.Далайхүү 2008.09.09

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Зочин

estoi zow

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)