М.Далайхүү : НАМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

НАМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

          Бид 150.0-160.0 мянган гишүүдийнхээ элч болгож 600-800 хүнийг намынхаа их хуралд төлөөлөгчөөр сонгодог. Тэд дараагийн Их хурал хүртэлх намын төлөөллийн төв байгууллага болох Намын бага хурлыг 200-250 хүний бүрэлдэхүүнтэйгээр, Намын бага хурлаас Удирдах зөвлөлийг 17-25 гишүүнтэйгээр тус тус сонгоно. Үнэн чанартаа жилдээ ганц нэгхэн ёслолын чанартай хуралддаг Бага хурлыг эс тооцвол НУЗ бол намын хоёр их хурлын хооронд МАХН-ын өдөр тутмын үйл ажиллагааг улс орон даяар удирдан зохион байгуулах эрх бүхий онцгой үүрэгтэй цорын ганц байгууллага гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл намын их, бага хурлын шийдвэрүүдийг гардан зохион байгуулна гэсэн үг. Өмнөх ХХҮ их хурлын шийдвэр тун хангалтгүй биелэгдэж байгаа тухай гишүүд ихээр шүүмжлэх боллоо. Хэрэв тийм бол үүнд намын удирдах зөвлөл /НУЗ/ буруутай.

Олон түмний зүгээс улс төрийн намыг шинждэг гол “барометр” нь боловсон хүчний томилгоо, халаа, сэлгээ юм. НУЗ-д энэхүү үүргийг хэрэгжүүлэх онцгой бүрэн эрхийг намын дүрмээр олгосон байдаг. Гэвч үнэн чанартаа намын дарга бүхнийг шийдвэрлэдэг бичигдээгүй хууль үйлчилсээр өнөөг хүрч байгаа билээ. Учир юунд оршдог вэ? гэвэл Намын бага хуралд Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга, удирдах зөвлөлийн гишүүдийг нэр дэвшүүлэх эрх намын даргад хадгалагдсаар ирсэн бөгөөд заалнаас өөр нэр дэвшүүлэх эрх нь дүрмээр Намын бага хурлын гишүүдэд нээлттэй байдаг ч энэ эрхээ эдэлдэг тийм хүн сүүлийн дөрвөн их хурлын явцад бараг байгаагүй гэж хэлж болно. Яагаад гэвэл “эв нэгдэл”-тэйгээ харуулж байгаа нэг хэлбэр гэх үү дээ. Үнэндээ бол би танхимаас нар дэвшүүлчихвэл даргад ад үзэгдэнэ гэж хаяагаа манасан хэрэг л дээ.

Эндээс хэн ч гар хүрч болдоггүй дархан эрхтэй нэг хэсэг хүн намын дотор гарч ирнэ. Тэдний гол зорилго бол намын даргаа тойрон хүрээлж, эв нэгдэлтэйгээ харуулж, санал бодол зөрөхгүй байхад оршино. Учрыг тунгаавал дуугүйхэн сууж байгаад сайдын ч юмуу, орлогч сайдын сэнтий атгаад авчих, үгүйдээ л гэхэд дараагийн их хурлаар хүсвэл бат нэр дэвшинэ, элчин консулаар явах бол энүүхэнд гээд хяраад хэвтчих жишээтэй.

Ийнхүү намын даргын дангаараа бүхнийг шийддэг зам нээлттэй болж, шинэ дарангуйлагч төрөх аятай нөхцөл бүрдэнэ. Гэхдээ НУЗ гэдэг нэг тийм бамбай, байнга нохойд барьдаг мод шиг юм юмны түрүүнд нэр нь дурсагдана. Чин үнэндээ намын даргын ойрын хүрээлэл болсон цөөн хэдэн хүн Удирдах зөвлөлийг атгана. Тэдгээр хүмүүсийг жирийн гишүүд “асар басар хоёр нохой” ч гэх юмуу зарим нь “бууны нохой” ч гэх нь бий. Бүх дарга нарын үед “бууны нохой” болж мэргэшсэн хашир хандгайнууд бас байх. Тэд намын даргын зөв гэдгийг байнга баталж чаддаг “сод авъяастай” төрсөн, өөрсдийгөө наран гэрэлт түмэн наст, үхэшгүй мөнхийн хутгийг олсон, бүх насаараа сайд, дарга байх одонд төрсөн гэж бардамнаж сайрхана. Ийм хүмүүс төр засгийн удирдлагад байгаа хүмүүсийг хооронд нь хагаралдуулж дундаас нь ашиг хонжоо олдог аргад дэндүү мэргэшсэн байх жишээтэй. Тэд намын даргыг “хувьчилж” аваад жирийн гишүүдээс салгаж, өглөө бүр өөрийн үгийг дайж бүр үнэмшүүлж итгүүлнэ.

Намын дарга хамт олноосоо тасарлаа, жирийн гишүүдээ сонсохоо болилоо, боловсон хүчний бодлого алдагдлаа, шударга шүүмжлэл хаалттай, шургуулсан үг “үнэтэй” боллоо гэдэг гомдол санал газар авдгийн учир нь энэ. Жирийн гишүүдийн даргаа ухааруулах гэсэн санал, шүүмжлэл, сэтгэл харамгүй зөвлөмж, горьдлого талаар өнгөрч эцсийн дүндээ салж л байж санаа нь амардаг архаг хууч МАХН-д газар авч их санасан газар есөн шөнө хоосон хонов гэгчийн үлгэр болж, дараачийнх нь түрүүчийнхээсээ улам увайгүй, жудаггүй, эрээ цээргүй, харгис хахир болж, биеээ тоосон ихэмсэг амьтан болж хувирна. Алдар нэр албан тушаал гэдэг хүний сайхан чанарыг хэмлэж дуусгадаг “өлөн чоно” ажгуу. Энэ бүхнийг сараачиж, амьтны дургүй хүргэхийн учир хэмээвээс удахгүй хуралдах МАХН-ын их хурлаас Намын дүрмэнд оруулах өөрчлөлт дээр төлөөлөгчид сайтар ажиллаж НУЗ-ийг сонгодог хэвшсэн заншлаас салж, шинэлэг санаа бодол хайх ёстой.

Өнөөдрийн байдлаар НУЗ-ийн гишүүдийн тоо 25 байгаа. Энэхүү тоог цаашид нэмнэ гэж удирдлагууд ярьж байна билээ. Хэд байх нь гол биш. Харин хэрхэн яаж сонгоход гол нь оршино гэж бодож байна. НУЗ-д нэр дэвших гишүүдийн гуравны нэгийг намын дарга, гуравны нэгийг намын бүлэг, гуравны нэгийг намын дэргэдэх ОНБ-аас нэр дэвшүүлж, энэхүү хэсэг тус бүр дээр танхимаас Бага хурлын гишүүд нэмж нэр дэвшүүлэн хэсэг тус бүрийн квотод багтаан саналаа өгөх замаар сонговол илүү өрсөлдөөнтэй, шударга болно гэж бодож байна.

Намын бүлгээс нэр дэвшиж сонгогдсон гишүүдээс Парламент хариуцсан нарийн бичгийн дарга, ОНБ-аас нэр дэвшиж сонгогдсон гишүүдээс мөнхүү албыг хариуцсан нарийн бичгийн даргыг сонгодог, ажлаа зохих ёсоор хийж чадахгүй байна гэж үзвэл НУЗ-д нэр дэвшүүлсэн субьект нь гишүүдээ эргүүлэн татдаг журам тогтоож, НУЗ-д хоёроос дээш удаа улирууулан сонгодоггүй байх зарчмыг баримталсан ч болох талтай. Ингэж чадаж гэмээнэ НУЗ-ийн гишүүд харьцангуй бие дааж ажиллах боломж бүрдэнэ.

Ардчилал гэж олонхийн засаглалыг хэлнэ гэх мөртлөө ардчилсан нийгэмд амьдарч буй атлаа цөөнхийн санаа бодлыг олонхид тулган хүлээлгэх нь наанадаж өөрийгөө, цаашилбал удирдаж буй намаа мөхөөнө сөнөөнө гэсэн үг гэж би хувьдаа бодож явдаг. Намын их хурлын эрхэм төлөөлөгчид дахин дахин дарангуйлагч төрүүлэхгүй байх талаар болгооно буйзаа. Энэ нь тухайн хүндээ ч байгаа юм биш 150.0-160.0 мянга нь 600-800, тэр нь 200-250, дахиад 17-25 болж, адаг сүүлдээ 2-3 хүний атганд ордог гажиг тогтолцоондоо байгаа юм. Өмнөх нэрээ сэргээгээд, үзэл бодолдоо тодотгол хийгээд МАН гэдэг үгийг болдоор сийлээд Богд уулын орой дээр заллаа ч үйл ажиллагаагаа урьдын хэвээр үргэлжлүүлээд байвал гаднаа гяланцаг дотроо паланцаг гэдэг л болно доо.

“Ямар ч шатны албан тушаалтан эрх мэдлийнхээ хүрээнд сонголт, томилгоотой холбоотой шийдвэр гаргахдаа намын гишүүдийн санаа бодол, хамтын шиийдвэрт үндэслэж, улс орон, намын эрх ашгийг урьдал болгож, ардчилсан шударга ёсыг баримтлахгүй бол бидний ажил урагш явахгүй нь ээ. Энэ зарчим, шаардлага, шалгуур алдагдаад байгаа учраас манай намын нэр хүндэд улам бүр сөргөөр нөлөөлөх зохисгүй хандллага үргэлжилсээр байна” гэж намын ХХҮ их хурлын тайлан илтгэлд яруу тодоор илтгэж байсан дарга маань хэлсэн үгнээсээ буцаж өмнөхийнхөө замаар орж, улам дордуулсан билээ. М.ДАЛАЙХҮҮ 2010.10.10

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
зочин (зочин)

Үнэн шүү. Сайн бичсэн байна танд амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)