М.Далайхүү : МОНГОЛЫГ ХЭН МОНГОЛООР НЬ АВЧ ҮЛДЭХ ВЭ?

МОНГОЛЫГ ХЭН МОНГОЛООР НЬ АВЧ ҮЛДЭХ ВЭ?

Эргэн дурсахуй. Өнгөрсөн зууны эх буюу 1919-1920 онд Монгол орноор зорчсон Оросын нэртэй дипломатч, түүхч, эрдэмтэн И.Майский бидний Монголчуудын тухай “Орчин үеийн Монгол” номдоо бичиж үлдээснээс цөөн хэдэн мөрийг сийрүүлэхэд сонин байж болох юм. Гайхмаар ажигламтгай байдал бол Монгол хүний шинж гэлтэй. Ямар ч ачаалалгүй байдаг эмнэг онгон ухаан нь тусгаж авах чадвар дэндүү их болоод ч тэр үү. Ямар ч болов европчуудын огт анхааралгүй өнгөрч болох юмыг гярхай харах чадвартай юм билээ. Монголчууд бас маш сониуч. Ёстой л хүүхэд шиг. Монгол хүний зан төрөлхийн ихээхэн сэтгэл татам чанарт тэдний хөгжилтэй бодь сэтгэл, зочломтгой зан багтана. Монгол айлд орсон хэнийг ч эелдэг сайхан хүлээн авна гэдэгт итгэлтэй байж болно. Явуулын хүн хаана ямар ч айлд орсон цай, хоолоор зочилно. Ор дэр засч хонуулна. Эмэгтэйчүүдийн нүүр царай нь өвөрмөц аятайхан, үнэхээр ховорхон гоо царайлаг. Халх болон дөрвөдүүд чийрэг бөгөөд эрүүл ард түмэн байна гэсэн сэтгэгдэл надад төрүүлсэн гэж бардам хэлэх байна. Их уурлаж догширлоо гэхэд нударга зөрүүлэхээс хэтэрдэггүй. Тэдний дунд байхад гар буугаар буудалцах, бие биедээ хутга мэс хэрэглэх тухай, хүний хага цохиулсан толгой, хага татуулсан гэдэс дотор зэргийн тухай яриаг та хэзээ ч сонсохгүй.

Тэд өөрсдийгөө Чингис хааны удам гэж машид бахархдаг гэвч их байлдан дагуулагчийн удам хэмээн хөөрцөглөгч тэд дээд өвгийхөө хөө хуягийг ч даах тэнхээгүй хүмүүс юм. Гай болоход Монгол хүн ажил хийх дургүй. Аливаад хүч гаргахыг үзэж чаддаггүй. Айван тайван, утга учиргүй, юу ч хийхгүй байхыг бүхнээс илүүд үзнэ. Аз болоход Монголчуудын хувцас хийж өмсдөг Хятадын даавуу эдэлгээ муутай, жилээс хэтэрдэггүй болохоор тэд арга буюу жилд нэг удаа цамц, өмд, дээлээ солино.

Хүн амын нэг орчим хувь нь уншиж бичдэг, орос, хятад хоёроос өөр улс гүрэн энэ дэлхий дээр байдгийг ч мэдэхгүй. Мэдэхийг ч хүсдэггүй. Лам нарын дунд бандидах өвчин, хүн амын дунд яр, тэмбүү өргөн дэлгэрсэн нь ирээдүйд Монгол овог аймгуудыг оршин байхад үйлийн үргүй уршиг тарьж болох талтай юм” гэсэн хатуу ч гэлээ үнэн үг цөөнгүй байна.

Тэрээр бас XIX зууны сүүлч буюу 1880-аад оны үед Монгол орноор зорчсон цөөн биш жуулчин-судлаачин Монголын ирээдүйн хувь заяаг хар бараанаар л төсөөлж байсныг дурдаад “Эдүгээ 40 жилийн дараа бидэнд үүнээс арай өөр таамаглал дэвшүүлэх эрх олдож байгаа юм. Учир юу ву гэвэл энэ завсар Монголын овог, аймгуудын ирээдүйн тухай шүүн хэлэлцэх шинэ материал олдсон билээ. Энэ нь европын илүү өндөр соёлыг харьцангуй төвөг багатай хүлээн авах чадвар, боломж энэ овог аймгуудад бүрджээ. Нэг бус бодит жишээ дурдахад цэцгийн болон малын гоц халдварт өвчний эсрэг тарилгыг Монголчууд үнэхээр гайхмаар төвөггүй хүлээн авсан нь өвөрмөц онцлог зүйл юм. Энэ нь Монголчуудын Европын иргэншлийн элемэнтүүдийг эзэмшиж, орчин үеийн шинжлэх ухааны ололт, дүгнэлтийг онцын төвөггүй ойлгох чадвартай болохыг гэрчилж байна.

Газар нь байрлалаараа, байгалийн нөхцлөөрөө, өнгөрсөн хувь заяагаараа Орос улс, хоёр их төвийг холбогч хэсэг юм. Яагаад гэвэл Оросын толгой нь Европт, хөл нь Азид байгаа билээ. Орос улс азид нэвтрэн орсноор нүд алдам их нутаг, зэрлэг овог аймгуудыг дээд соёлын нөлөөнд аажим аажмаар оруулсаар ирсэн, Европын соёлын манлайлагчийн үүргийг энд гүйцэтгэсээр ирсэн ба гүйцэтгэж байна.

Монгол түүний дотроос Автономит Монгол түүхийнхээ аугаа их эргэлтийн өмнөхөн тулж ирээд байгаа нь ямар ч эргэлзээгүй үнэн. Ойрын тавин жил Автономит Монголын хувь заяанд өмнөх зургаан зууныхаас хавьгүй илүү ач холбогдолтой болно. Ийнхүү, эзгүй нам гүм Автономит Монгол дэлхийг хамарсан үйл явдлуудын догшин эргэлтэнд татагдан оржээ гэсэн үг. Түүний түгжигдмэл байдал төгсжээ” гэсэн үг.

Эдүгээ эргэн санахад И.Майскийн дэвшүүлсэн үзэл санаа хэрхэн оновчтой зөв байсныг үгүйсгэх хүн олон гарахгүй биз. Магадгүй тэрээр дэлхий дахинаа сөнөж мөхөж байна гэж зарлаж байсан Монголын ирээдүйг хамгийн үнэн зөв таамагласан харь газрын анхны хүн байж болох юм.

            Дүлий годил буюу Монгол зан. Бидэнд бахархах зүйл цөөнгүй бий. Гэвч Монголчууд бидний бахархлыг баллаж мэдэх, бараан зүйл улам газар авч байна. Бид ер нь урагшилж явна уу, ухарч байна уу.

            Өнөөдөр бид даяаршлын тухай их ярьцгааж байна. Гар утас барьж, жийп машин унаж, виски шимж, жинс өмсч, “Sony” фирмийн цахилгаан бараа хэрэглэж, гүрэн гүрний хэлээр хазгай муруй ярьж байгаагаа даяаршлын үр шим гэж сайрхаж байна. Гэвч зөвхөн сайхан бүхэн даяарчлагдаж байгаа юм биш.

            Хар тамхи, ДОХ, архинд донтох, алаан хядаан, ичгүүр сонжуургүй байдал, авилгал, хээл хахууль, хар амиа бодсон сэтгэл, ёс суртахуунгүй наймаа, хайр сэтгэлгүй зугаа цэнгэл нийтийн жишиг болох хандлагатай болов.

            Жар дөхсөн хөгшин өвгөн янхан хүүхэнд хулхидуулж ноолуурынхаа мөнгийг тавьж туучихаад хэдэн хүүхэд, самгандаа халтар чихэр, ам цуу ямбуу ч үгүй гэртээ очиход нь эхнэр, хүүхэд нь юу ч хэлэхгүй байна.

            Гэгээн цагаан өдөр Улаанбаатарын гудамжинд хаана л бол хаана “морь хараад” зогсож байгаа нэгнийхээ хажуугаар бид юу ч болоогүй юм шиг явцгааж байна. “FM” радио, телевиз, сониноор 25 хүртэлх настай, 170 см-ээс өндөр, гоолиг биетэй, тэгшхэн хөлтэй охидыг ажилд авч байна гэж байхад зарлал өгч байгаа нь ч, зарлаж байгаа нь ч, сонсч суугаа нь энэ бол царайлаг охидыг янхан болгож худалддаг өөдгүй новшнуудын заль мэх гэж мэдсээр атал хэн ч, юу ч ярихгүй, хэлэхгүй, дуугүй сууцгааж байна.

            Улс төрийн лидер гэж өөрсдийгөө рекламдагчид, хамгаас хүндтэй бөхчүүд нь хүртэл чингэлэг чингэлгээр, тонн тонноор спирт зөөж, наймааныхаа олзоор сонгогчид болон ахмад бөхчүүдээ хахуульдаж төрийн түшээ болно, улсын цол авна гээд явж байхад өөрсдөө сонгогдож, цол хэргэм авах гэж байгаа юм шиг хөөрцөглөж, баярлацгааж хошууран дагаад гүйлдэж байна.

            Монгол хүний гярхай ажигламтгай шинж, шулуун шударга зан чанар XX зуунтай цуг одсон юм  гэж  үү. Эсвэл энэ нийгэм чинь эх захгүй ардчилал, эрх чөлөө чинь шударга ёсыг оршин тогтнох орон зайгүй болгодог юм уу.

            Яахаараа чиний, миний танил танай манай хамаатан, ангийн маань дотны нөхөр, армийн онжав хортой найрка уугаад  цусаар бөөлжиж байхад бид ажигч үгүй амьдарцгааж байна вэ. Танай байрны хажууханд бүр нэгдүгээр давхарт чинь үдэш унтахаас авахуулаад үүр цайтал баар, цэнгээний газар ажиллаж, насанд хүрээгүй охид архинд мансуурч, шалдан нүцгэн бүжиглэж, орилолдон зодолдож байхад та бид амгалан тайван нойрсч чадаж байна.

            Бид бүхэн сайн сайхан амьдралыг бие биендээ хүсч ерөөдөг гэтэл яахаараа муу юм бүхэн аажим аажмаар харсаар байтал бүр бид бүхний хамар доор хүрээгээ тэлээд байдаг билээ.

            Хэнэггүй гөлгөр буюу Монгол араншин. Хогоо орцондоо хаяж, гудамжиндаа асгачихаад хотын  захиргааныхныг муулж  ажилгүй, арчаагүйг нь гайхна. Бүр даварч хэн хог сайн цэвэрлэж өгснийг нь төрийн түшээгээр сонгож, сэтгэл амардаг болов. Гэвч сонгууль жил бүр болох биш, дараагийн дөрвөн жил болтол хогон дотроо нохой, гахай мэт амьдарцгаах мөртлөө бас ч үгүй гэр орондоо Алтанбулаг дэвсч, өнгөт телевиз тавьж, өөрөө “Boss” ярликтай хувцас өмсч гангарахыг яана. Yзвэр, үйлчилгээний газар тамхи татаж, автобусны буудал, онгоцны талбайд цэр нусаа хэнэг ч үгүй хаях атлаа Франц сүрчиг түрхэж соёлтой дүр эсгэнэ.

            Сармагчин зан буюу атаархуу сэтгэл. Энэтхэгийн Шантидева гэгч эрдэмтэн “Бид өөрсдийнхөө хөлийг өргөснөөс хамгаалах тийм их малын арьс олж газар  дэлхийг бүхлээр нь бүтээж чадахгүй. Чухамдаа энэ бол хэрэггүй. Харин үүний оронд хөлийнхөө улыг бүрхэх арьс олоход л хангалттай билээ” гэжээ. Yүнтэй төстэй  “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх” гэсэн Монгол зүйр үг байдаг.

            Бүх ард түмнээсээ Монгол улсын ерөнхийлөгчөөр  сонгогдсон хүн нээлтийнхээ ажиллагаанд төрийнхөө ёсыг бодож, шар өнгийн магнаг торгон дээл хийлгээд өмсөхөд л захын нэг панзчин маргааш нь яг тийм дээл хийгээд өмсчихсөн далбаганаж явах.

            Монгол улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэ улсад арав түрүүлснийхээ дараа цайвар өнгийн савхиар Монгол дээл хийгээд өмсөхөд сарын дараа улсад гурав давж үзээгүй шавилхан банди ув улаан савхин дээл өмсчихсөн навсаганаж явах. Би энд Монгол улсын ерөнхийлөгч, дархан аварга Б.Бат-Эрдэнэ хоёрыг өөлж, муулах гээгүй тэд бол түмнээс төгөлдөр, олноос онцгой байх тийм гавьяатай хүмүүс.

            Хэрэв бид энэ бүхнийг ухаарч эс чадваас, бусдын нэгэн адил хөгжиж чадахгүй нь ээ гэсэн сэтгэлийн шаналлаа та бүхэнтэй хуваалцая гэсэн юм. Хэрхэн хүлээж авах нь уншигч таны эрх ч гэлээ хэсэгхэн ч атугай эргэцүүлэн бодохыг хичээнгүйлэн хүсье.

            Тэнгэрийн муухай арилдаг ч сэтгэлийн бузар өөрт хийгээд өрөөлд ашиггүй хортой зуршил, дадал заншилтай нийтээр эс тэмцвээс яахин арилгаж чадах билээ.

                                       31.05.2002

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
anhaa (зочин)

Үргэлж зөв зүйтэй, шударга зүйлийг бичиж нийтэлдэг танд цаашдын гэгээн үйлсэд чинь амжилт хүсье

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)