М.Далайхүү : ГҮТГЭЛЭГ ЮУ ДАГУУЛДАГ ВЭ?

ГҮТГЭЛЭГ ЮУ ДАГУУЛДАГ ВЭ?

Бурхан багшийн ариун сургаалд худал ярихыг арван хар нүглийн нэг хэмээсэн байдаг. Бичгийн их хүмүүн ноён хутагт Данзанравжаа гутарч гуниглах үедээ “Худлаар дүүрэн хорвоо” гэж халаглан байж. Харин өнөөдөр Монголын улс төр чухамхүү худал, хуурмаг, гүжир гүтгэлгээр дүүрсэн хорвоо болжээ.

Сонгууль болохоор л хэн нэгнийхээ оршин байж төр барих байтугай орчлон хорвоод орох байх газаргүй болтол, сүнс сүлдийг нь зайлтал гүжирдэн гүтгэх юм даа. Хэрэв энэ чигээрээ сонгуульдаад сурчихвал Монгол оронд сонгууль гэдэг чинь нийгмийг нөмөрсөн аймшгийн хар хурдас /мөөгөнцөр / мэт болох нь.

Хэрээс хэтэрсэн гүжир гүтгэлэг гэдэг хэсэг бүлэг хүмүүсийг эвдрэлцүүлэх нь байтугай улс гүрнийг ч хооронд нь цус асгаруулсан дайн тулаанд хүргэж болдог гашуун сургамж биш. Дэлхийн чөлөөт хэвлэлийн “хаан” хэмээн алдаршсан АНУ-ын сэтгүүлч У.Хёрст гэгч АНУ, Испани улсын Засгийн газар хоорондын өчүүхэн зөрчлийг ашиглан хэвлэлээр удаа дараа шуугиан дэгдээж байгаад Америкийг Испанид дайн зарлуулж байсан түүхтэй. Гэтэл тэр дайн зарлахад хүргэсэн нэг муу захиаг нь өөр хэн нэгэн биш У.Хёрст өөрөө бичиж, тэр ажилдаа хөлсний хүн ашигласан байдаг. Тэрээр улс нийгэмд сөргөлдөөн зөрчил үүсгэх, яс хаях талаараа мэргэшсэн нэгэн байсан гэдэг.

Ийм жишээ бидний түүхэнд бас бий. “Лхүмбэ”-ийн хэрэг бол аюулаас хамгаалах /ногоон малгайт/-ын суманд ажиллаж байсан овилгогүй нэг төлөөлөгч нөхрийн хувийн өчүүхэн хүсэл тачааллаас үүдэлтэй байсан гэдэг. Тэр завхай нөхөр сумын төвийн гайгүй царай зүстэй гэсэн хүүхнүүдийг элдэв арга саам хийж өөрийхөө хуял тачааллыг тайлдаг нэгэн байж. Харин эвлэлийн үүрийн даргын эхнэрийг яаж ч оролдоод хүслээ биелүүлж чадахгүйдээ хорсож нөхрийг нь баривчилж эхнэрийг нь айлган сүрдүүлж эрхэндээ оруулах гэсэн мунхаг үйлдлээс эхлэлтэй байжээ. Бүсгүй өөрийнхөөрөө гүрийж, байцаагч Дотоод Яаманд матаас бичиж “Японы тагнуул”-ын асар том сүлжээг илрүүлэх аян дайнд морджээ.

Орос, Монгол хоёр болохоор төр тэргүүлж, улс удирдаж явсан хүмүүсийнхээ зөвхөн дутагдалтай талыг дэвэргэн муучилдаг бол бусад оронд зөвхөн сайн талыг нь магтан ярьж бичдэг.

АНУ, Англи, Испани, Франц, Герман, Солонгос, Япон, Хятад зэрэг оронд эзэн хаанаа, Ерөнхийлөгчөө, засгийн тэргүүнээ газарт ортол муулсан нэгээхэн мөр ч олохгүй. Гэвч тэд түүхэнд ганц ч атугай хар мөр үлдээгээгүй гэвэл бас л худлаа шүү дээ. Та бүхэн боддоо. Эх орон ард түмнийхээ төлөө нэгэн биеийн эрдэм мэдлэг, билиг ухаан, хүч чадал юу байгаа бүхнээ дайчлан, улс орныхоо хүнд бэрх үеийг түүчээлэн авч ирсэн, биднээс ялгалгүй л цус маханд төрсөн, баярлах бол баярлах, гомдох бол гомдох сэтгэлтэй эрдэнэт хүмүүсийг муулснаараа бид юу хожсон юм бэ? Харин ч шүтэн бишрэх юмгүй , өрөвдөх хайрлах, өршөөх сэтгэлгүй чөтгөр шүгэлсэн хүмүүс болсон ажгуу.

Сонин хэвлэл, радио телевиз бол эрин цагийн атомын бөмбөг. Түүгээр юуг ч сөнөөж чадна. Бас юуг ч босгож болно. Тэгвэл энэ удаад сонин хэвлэл, радио телевиз бол “сонгуулийн газарчин”. Тэд төөрөлдвөл сонгогчид төөрнө. Сонгогчид төөрвөл сонгууль төөрнө. Сонгууль төөрвөл төр төөрнө. Төр төөрвөл заяа төөрнө. Гүтгэлэгт итгэж жинхэнэ сайн хүнээ үгэн зоосны нүхээр цувуулчих вий гэж, худал үгэнд залилуулж, дуугай давхидаг нохой мэт, эрхи барьсан муур мэт, даллуур сагсалзуулсан тарвагачин мэт амьтдыг төрийн өндөрлөгт гаргачих бий гэж сонгогч та санаа зовж байгаа гэдэгт гүнээ итгэнэм.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)