М.Далайхүү : Ардчилалын тухай бодрол

Ардчилалын тухай бодрол

          Ардчилал гэж архаг гэмт хэрэгтэн зангиа зүүгээд төрийн ордонд түвчигнэж явахыг хэлэхгүй, арчаагүй зарим нь төв гудамжинд “морь харах”-ыг ч хэлэхгүй. Ардчилал гэж ард түмний төлөөлөгч Их хурлын гишүүд нь казинодож, эмс охид нь эртний баларын хүмүүс шиг шалдан нүцгэн гүйхийг ч хэлэхгүй, ардчилал гэж арван хүний нэг нь бордсон гахай шиг тарган цатгалан, ард нь үлдсэн ес нь өлмөн зөлмөн, зарим нь бүр золбин нохой шиг явахыг ч хэлэхгүй. Ардчилал гэж өрхийн тэргүүн болох эр хүн нүд нь улайж, нүүр нь харлаж, үс нь өрвийн архидаж, хацар гоо охид нь харийнханд биеэ үнэлэн мансуурч явахыг ч хэлэхгүй.

Ардчилал гэдэг нь товчхондоо шийдвэр гаргах арга юм. Аль болох олон хүн оролцож, өөр өөрсдийн бодлыг уралдуулж, ил тод мэтгэлцэж, эрхээ эдлэх гэсэн иргэн бүрт эн тэнцүүхэн шударга өрсөлдөх боломж олгож, эцэст нь эвлэлдэн нэгдэж, зөвшилцөн ойлголцож, олонхиороо шийдвэрээ баталж, цөөнхийн санал бодлыг хүндэтгэхийг хэлнэ. Ардчилал гэж хувь хүн өөрт хамааралтай аливаа асуудалд биечлэн оролцож үзэл бодлоо илэрхийлэх боломж нөхцлийг хэлнэ.

Ганц хүний болон хэсэг цөөнхийн бодлыг олонхид тулгах, үзэл бодлоо илэрхийлсэний төлөө хяхан хавчих, өрсөлдөөнийг хааж боогдуулах, зөвшилцөх бус нударгалцахыг урьдал болгох, цөөнхийг мөрдөн мөшгиж дарамтлах нь ардчилалыг улаан гараараа багалзуурдаж байгаа хэрэг юм.

Монголчууд бид энэ зууны эхэнд 1924 оны намрын халуун өдрүүдэд сармай дээлээ “уралцах” шахан байж эцэст нь эвлэлдэн нэгдэж, харилцан зөвшилцөж анх удаа Үндсэн хуультай болсон. Энэ зууны сүүлчээр 1992 онд торгон дээлээ “тасчих” шахан байж эцэст нь эв зүйгээ олж ардчилсан Үндсэн хуультай болсныг хүн бүхэн мэдэж байгаа. Улсын нийслэлээ Улаанбаатар биш Монголын Бээжин гэж нэрлье, улсынхаа Ерөнхийлөгчийн удам сударыг нь цэвэр байлгах ёстой эхнэр нь ч эрлийз байж болохгүй гэх юм уу? хоёр эхнэртэй байхыг зөвшөөрье, олон сумдын Засаг даргыг отго жинстэй болгоё гэсэн санал гарч байсныг хэлэлцэж зөвлөлдөөд хэрэггүй, болохгүй, бүтэхгүй гээд орхиж байсан түүх ч бий. Бүгдээрээ ярилцвал буруугүй бүлээн усаар угаавал хиргүй гэдэг энэ буюу. Олонхиороо шийдвэрээ баталж, цөөнхийг хүндэтгэж явах нь ардчилалын үнэт зүйлсийн хамгийн чухал шалгуур гэж орчин үеийн улс төрчид хүндэлж явдаг билээ.

Гэтэл 1962 онд Д.Төмөр-Очирыг, 1963 онд Л.Цэндийг, 1969 онд Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нарыг 1984 онд С.Жаланаажавыг намын удирдлагыг шүүмжилсний төлөө эрүүл бус үзэл, алдаатай бодлого баримталсан, намын эв нэгдэлд хор хохирол учруулсан гэдгээр буруушаан, намаас хөөж, ажил албанаас нь чөлөөлж байсан хийгээд олон арван боловсон хүчнийг “сэхээтний төөрөгдөл” гэдэг нэр хоч өгч, дарамталж арга хэмжээ авч байсан удаатай.

Манай эриний VIII зууны эхээр хүчирхэгжсэн Хөх Түрэгийн эзэнт гүрний хаан Билгэ (683-734) “Би мөхөхөд хүрсэн улсыг өргөн тэнхрүүлж, нөмгөн улсыг хувцастай, ядуу улсыг баян, өнчин улсыг өнөр болгов. Би эд малаар баян улсын хаан болсонгүй аманд хоолгүй, мөрөнд хувцасгүй буурай ядуу улсын хаан боллугаа. Дүү Культегин бид хоёул Түрэг улсын учир шөнө үл унтан, өдөр сул үл суун, үхэн цуцтал зүтгэн, оролдож улсыг их болголугаа” хэмээн айлдсан байдаг.

Ю.Цэдэнбалын төр барьсан 40 жилд “Сармай дээлтэй Монголчууд бүгдээрээ торгон дээлтэй болж, сайран хөлтэй Монгол хүн сансарт нисэж, алаг дэлхийг алсаас толидон харсан” юм. Гэвч тэрээр цөөнхийг хүндэтгэх, ардчилсан ёсыг умартаж, цөөн биш хүмүүсийг хэлмэгдүүлсэн хэрэгт зэмлүүлж байгаа билээ. Түүхээс сургамж авна уу гэхээс түүнийг шүүмжилж, засаж залруулж болохгүй нь харамсалтай.

1924 оны эхээр МАН-ын төв хорооны эрхлэн хийлгэсэн Улаанбаатар хотын намын үүрүүдийн хамтарсан хурал дээр Данзан илтгэл тавихдаа “Э.Ринчино бол хууран мэхлэгч, Оросоос суулгасан төрийн хутгуур, хувьсгалын эсэргүү, эзэрхэг харгис дарангуйлагч этгээд юм байна. Тэр намыг зайдалж байна. Ринчино өнөөдөр намайг тонилгоод маргааш та нарыг тонилгох болно” гэж хэлсэн ажээ. Ринчино ч дуугүй суусангүй тэр хурал дээр “Би Данзанг илчилнэ түүний хамаг бузар булай явдлыг уудлан гаргана” гэж хэлсэн байна. Энэ хоёрын зөрчил улам газар авч МАН-ын III Их хурлын үеэр хурцдаж Э.Ринчино Их хурал дээр үг хэлж “Данзан бол хулгайч, урвагч, Данзан засгийн эрхэнд байгаа цагт манай улс хэзээ ч амар тайван байхгүй нь илт байна. Тэгэхээр энэ хулгайчийг устгах хэрэгтэй” гэжээ.

Их хурал дээр Ц.Дамбадорж “Данзанг баричлахыг Ринчинод даалгая” гэж санал гаргасны дараа Данзан, Баваасан нарыг баривчлах тусгай комисс сонгож “уг хэргийг урьдчилан байцаан шүүж, хэрхэхийг Их хуралд шилжүүлэн нэг тийш болгохоор” тогтжээ. Гэтэл 1924.08.26-нд Данзан, Баваасан нарыг баривчилж гурав хоног гянданд хорьж байцаасны дараа Их хуралд илтгэлгүйгээр 8 сарын 30-ны үүрээр тэднийг цаазалж, тусгай комисс 31-нд Их хурлын төлөөлөгчдөд илтгэж, ялын тогтоолыг батлуулах санал тавьсан ч түүнийг батлаагүй байна.

Ийнхүү ил тод мэтгэлцээн харилцан зөвшилцлийг үл умартан цөөн хүмүүсийн санаа бодлыг Их хурлын төлөөлөгчдөд тулган хүлээлгэх гэсэн оролдлого хийсэн нь ардчилсан ёсыг уландаа гишгэсэн явдал болж түүхэнд хараар бичигдэн үлдсэн юм.

Үүнээс өмнө Ардын эрхт хэмжээт цаазат засгийг байгуулах, залуучуудын хөдөлгөөнд хэрхэн хандах асуудлаар Бодоо, Данзан нарын үзэл санааны зөрөлдөөн яван явсаар эрх тушаалын төлөө тэмцэл, хувийн тооцооны өнгө аяс бүхий эрүүл биш шинжтэй болж улмаар хурцадсаар нэгийгээ улс төрийн талаар хэлмэгдүүлэхэд хүргэжээ. “Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр” гэгчээр дараагийн удаа Данзангийн толгой дээр чулуу унаж мэднэ гэдэгийг тэрээр ухаараагүй ч байж болох юм. Эсвэл эрх мэдэлдээ эрсдэн ч байж болох юм.

1922 оны VI сард Засгийн газрын тушаалаар Бодоог баривчлан гянданд хорьж, Дотоодыг хамгаалах газрын мэдэлд шилжүүлэн эрүүдэн шүүж, улмаар Данзангийн оролцсон тусгай комисс эх орноосоо урвасан гэдэг хилс хэргийг Бодоод тулган цаазаар аваачиж, МАН-ыг үүсгэлцсэн Д.Чагдаржав, Ө.Дэндэв, С.Тогтох, талархагч лам Пунцагдорж нарын зэрэг хүмүүсийг Бодоогийн хэрэг гэгчид холбогдуулан хэлмэгдүүлжээ. Олуулаа ярилцаж болно. Ил тод мэтгэлцэж болно. Эцэст нь эвлэлдэн нэгдэж, зөвшилцөн зохицох арга замыг үл хайж, шууд хүчирхийлэлд шилжиж, өрсөлдөгчөө егүүтгэдэг арга усны давалгаа мэт дахин дахин давтагдаж, өнөөгийн “яллагч” маргаашийн “ялтан” болж, гинжин урвал мэт хөвөрсөөр 1937 оны их хэлмэгдүүлэлтэнд хүрсэн түүхтэй.

Манай намын улс төрд хүчээ үзэж буй гишүүдийг энэний тэрний хүмүүс гэж өрсөлдөгч хүний зүгээс нэр цол өгч хагалан бутаргах оролдлогыг байнга хийдэг. Гэтэл намын удирдлагын зүгээс үүнд анхааралтай хандаж гүтгэлэгийн няцаах ажил зохион, учир зүйг нь олохын оронд улам ташуур өгч гишүүдээ алаг үзэж эхэлдэг. Энэ нь цааш даварч эрх мэдлийн төлөөх тэмцэл, эд хөрөнгийн төлөөх хуйвалдаан болж, яваандаа хувийн тооцооны өнгө аяс бүхий эрүүл бус шинжтэй үзэгдэл болон улмаар намд хор хохирол учруулж байгааг нуух хэрэггүй биз ээ.

Намын эв нэгдэл, том эрх ашиг гэж ярих мөртлөө түүнийг бүрдүүлэгч хүчин зүйлсийг үл огоорч, хүчирхийлэл дарангуйллын аргаар хуурамч эв нэгдэл, том эрх ашгийг лоозогнож байгаа нь алс хэтдээ ихээхэн урхагтай, намд бол бүр хохиролтой асуудал болон хувирч мэдэх юм. Алдаагаа бага дээр нь засаж залруулж гэмээнэ МАХН улс төрийн тэргүүлэгч хүчин гэсэн байр сууриа хадгалсаар байх болно.

 М. Далайхүү 2009.12.21

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Алтанцэцэг (зочин)

Цэдэнбалыг дормжилхоо боль, монголыг хөгжилд хүргэсэн агуу хүн бол Цэдэнбал шүү харин чи юу ч биш Би Увс аймгынх ойлгосон уу

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)