М.Далайхүү : Шигшээ баг

Шигшээ баг

Жүдогийн шигшээ, боксын шигшээ, гар бөмбөгийн шигшээ, чөлөөтийн шигшээ багийн тамирчин гэхээр хэнд ч гэсэн ойлгомжтой. Базарваань мань мэт нь чигчий хурууных нь чилээг ч гаргаж чадахгүй сүрхий хүмүүс.

70-аад оны чөлөөт, боксын шигшээгийнхнийг нэрлэ гэвэл өнөөдрийн залуусын ярьдаг тэр “Алтан” үеийнхэн. Тэд яагаад хойч үеийнхэндээ “Алтан” гэж нэрлэгдэх болов. Олимпод орох эрхийг тивийн болон бүсийн аварга шалгаруулах, олон улсын, чанартай уралдаан тэмцээнээр шигшигдэж байж авч байна. Манай олимпийн алт, мөнгөн медальтнууд бол дэлхийн шилдэгийн шилдэг. Ёстой тостой гараар баримгүй, тоостой хувцас өмсгөмөөргүй энхрийлж явууштай хүмүүс мөнөөсөө мөн бөлгөө.

Харагчин гахай жил (1203)-ийн намрын дунд сар (8 дугаар сарын 15)-ын өлзийт сайн өдөр Түгүлэ мөрний Их талын өндөр дов хэмээх газар Их чуулган чуулж “Эрж даган цагийг мэдсэн 61 аймаг, цэргээр дайран хураамжилсан 24 аймаг улсыг дэд, дунд, доод баг гэж ангилж, эзэн нь үхэж, эзлэгч тэргүүнгүй болсон аймгуудыг хувааж олон гавъяат дүү нар ба хүлэг баатруудад хуваан өгч захируулж, нутаг ус үндэс болгов” хэмээн В.Инжинашийн Хөх судар (II 355 хуудас)-т бичсэн нь буй. Үүний дараа Мохули, Чулуун, Бугаржи, Буурал дөрвөн хүлэг баатрыг дөрвөн зохист илгээж мөн л дөрвөн их чуулганыг чуулуулж хураан хумьсан нийт улсын доторхи эршсэн цэрэг, иргэний дотор цолгарсан баатар хүчтэн ба цэргийн эрдэмд дадлагжсан хурц уран ардыг сонгон шалгаруулахаар гаргав. Мөн Зэлмэ, Оюунгоо, Оюутсэцэн, Сайхан Сурталт дөрвийг дөрвөн зүгт илгээж улсын доторхи сэцэн, сэргэлэн, эршсэн ардыг сонгож аймаг бүрт сургаалийн буудал байгуулж уйгар үсэг ба вэй-у үсгийг заав.

Тийнхүү цэргийн хийгээд сэцэн оюуны шалгалтанд орсон гурван түм гаруй ардын нэрийг эзэн хаанд өргөн барьжээ. Чингис хааны төр сэцэн, цэрэг нь хүчирхэг байсны цаад учир ийм ажгуу. Өөрөөр хэлбэл шилдэгийн шилдгээр төр бариулж, улсаа мануулж, урьдахаа амжуулж явжээ.

Урлагийн алтан үеийнхнийг хэн тодруулсан билээ. Нам, засгийн даалгавараар Оюун гуай, Ванган гуай, Гэндэн гуай өөр хэн хэн ч гэдэг билээ хот айл, сум суурингаар явж хөдөөний хөөсөн мантуунуудыг дуулуулж, бүжиглүүлж, шүлэг уншуулж байгаад шалгаруулж авсан гэдэг байхаа. Өнөөгийн нэртэй алдартай зохиолчдыг Монголын орчин үеийн утга зохиолын тулгын чулууг тавилцсан алдартнууд тэднийг шилж сонгож авч, дугуйландаа суралцуулж оюун ухааныг нь хурцалж, цэгцэлж өгсөн гэдэг биз дээ.

Бидний үед ч гэсэн дээ “улаан шугам” давсан нь их дээд сургуулийн хуваарь дээр өрсөлддөг, амжилттай сайн сурсаныг нь сургуульдаа үлдээж, яам тамгын газар, төв хороонд хүртэл хуваарилдаг байлаа. Өөрөөр хэлбэл хувь хүний авъяас чадвар, боловсрол мэдлэг, дадлага туршлага, ёс суртахууныг иш үндэс болгож, шигшиж шалгаруулж ажил албанд сонгож томилдог байв.

Гэтэл одоо яаж байна? Ямар шалгуур шигшүүрээр хүмүүсийг сургаж, сонгож, томилж, ажиллуулж байна вэ? Дээрээсээ доошоо нэвт шувт гагцхүү мөнгө, эрх ашгийн сонирхол дээр тогтож байна. Мөнгө төлж байвал хэдэн ч сургуулийн “диплом” авч болно. Мөнгө төлж байвал ямар ч албан тушаал дээр очиж болно. Мөнгө тарааж байвал УИХ-ын гишүүн болж болно. Мөнгө төлж чадвал ямар ч хэргээс мултарч чадна. Монгол төрийн шат дамжлага бүр “хувьчлагдаж” отог, омгийн зохион байгуулалтанд оров. Тэнд архагшсан, ул доль болсон хэсэг цөөнхийн эрх мэдэл бүрэн ноёрхжээ. Тэднийг тойрсон ахан дүүс, худ ураг, хүргэн бэр, нууц амраг, бууны нохойнууд шагнал авна, гадаадад томилолтоор явна, сургалтанд хамрагдана, төсөл дээр ажиллана.

Ийм байхад Монгол орон яаж хөгжиж Монголын төр хэрхэн цэвэр тунгалаг байх вэ? дээ. Чин үнэндээ намаар халхавч, бамбай хийсэн цөөн тооны олигархууд Монголын төрд ноёрхох боллоо. Тэдэнд нам ч хэрэггүй, намын нөхөд ч хэрэггүй. Ганцхан эрх мэдэл, эд хөрөнгө л чухал. Тэр баруун хязгаарт Бакит, Болат хоёр, Өвөрхангайд Самдын, Цоодол хоёр, Хэнтийд Балдан, Дондог хоёр, Сэлэнгэд Баянсан, Волоож хоёр чиний миний нам, танай манай нэр дэвшигч гээд заамдалцаж авахдаа тулаад байдаг гэтэл дээрээ болохоор хүзүү сээрээрээ холбогдоод тэврэлдэж, үнсэлцээд байх. Хэдхэн цөөхөн хүнийг дарга сайд болгохын төлөө худ ураг, хүргэн бэр, ахан дүүс, авгай нөхөр хоёр муудалцаад яах юм бэ? Хэдэн үеэрээ саахалт явсан нутгийнхны дунд бензин цацаад шүдэнз зурчихаад л яваад өгч байгаа биз дээ.

Ерөөсөө цөмөөрөө ингэж тохиръё. Аливаа сонгуульд хуучин архагуудыг сонгохоо болчихъё. Шинэ соргог залуучуудыг танай манай гэлгүй сонгоод үзье. Тэд л тэр “хувьчлагдсан” төрийн албаны “аалзны тор”-ыг эвдэж цэвэрлэж чадна гэж бодож байна.

Орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгуульд одооноос биеэ сайн бэлтгэж элдэв эрээн цаас, мөнгө төгрөг, хуурамч амлалт, гүжир гүтгэлэгэнд автахгүй дороо суурьтай, дотроо бодолтой саналаа өгч, төрд төлөөлөх хүнээ сонгож улсаа аваръя. Суманд ч, аймагт ч, нийслэлд ч, улсад ч зөвхөн шигшээ багийн тамирчид биднийг удирдаг.

Дөрвөн жил гэдэг учиртай ажээ. Нэг дор нэг местэнд хэд дахин улиран суухаар бүр ул доль болоод ухаан санаа нь мунхардаг бололтой. Төрийн албан хаагчдыг дөрөв дөрвөн жилээр салбар дотроо дээш доош нь сэлгүүлэн тавьж, Яам тамгын газар, агентлагууд хооронд шилжүүлэн байршуулж гэмээж сэтгэлгээ нь хуучрах өвчнөөс, тал тохой татах, танил тал харах зовлонгоос ангижруулж чадах юм шиг санагдана.

“Улсын сүр ихээр мандаж, дэлхий дахиныг цожроож чадсаны учир бол эрдэм чадалтай хүнийг сонгож хэрэглэх ур дэмийг олсонд буй. Засаг явуулах ба цэрэг хэрэглэхэд эрдэмтэн мэргэдийг зоригтой сонгох хэрэглэхийг ухаж мэдвээс хаант улсын хөгжил, мандал олон үе үргэлжилэх болмой” гэж Чингис хааны хэлсэн үгээр энэхүү нийтлийг өндөрлөе.

Шигшье, шилжүүлж байршуулъя, сэтгэлгээг нь өөрчилье.

М.Далайхүү 2008.09.24

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)