М.Далайхүү : Колония

Колония

Газрын зургийн “Эм Пи Эм” ХХК-ны 2008 онд хэвлэн гаргасан Дэлхийн улсууд гэсэн картанд тэмдэглэсэнээр Европт 43, Азид 48, Африкт 53, Америкт 35, Австралид 14, нийт 200 шахам улс тэмдэглэгдсэн байна. 1942 онд К.Колумби Америк тивд хөл тавьсан тэр өдрөөс эхлэн шинэ тивийн төлөө Европын нөлөө бүхий орнуудын өрсөлдөөн эхэлсэн бөгөөд XVI зууны дунд үе гэхэд Испани бөмбөрцөгийн баруун хагаст ноёрхлоо тогтоож өнөөгийн 35 тусгаар улсын 23-ыг нь эрхшээлдээ оруулж колони, хараат болгосон байв. Испанитай мөр зэрэгцэн Англи, Францчууд нутгийн уугуул иргэдийг хүйс тэмтэрч газар нутгийг нь булаан авч, эзэрхэн түрэмгийлж өөрсдийн ноёрхлыг тогтоож байв.

XVII зууны эхний хагаст Африкаас Америкт хар арьст боолуудыг зөөж авчирсан бөгөөд XVIII зууны дунд үед Англичууд Хойт Америкийг өөрийн колони нутаг гэж зарласан билээ. Англичуудын эсрэг тусгаар тогтнолын төлөөх 1776-1783 оны тэмцлийн явцад 13 колони орон нэгдэж 1776 онд АНУ-ыг байгуулжээ. XVIII зууны эцэс XIX зууны эхэнд Америк тив даяараа харийн колончиллын эсрэг “Үндэсний эрх чөлөөний төлөөх тэмцлийн шуурган гал бадарч, 1820-иод оны эхний хагаст Аргентин, Боливи, Бразил, Венесуэль, Гватемала, Гондурас, Колумби, Коста-Рика, Мексик, Никарагуа, Панам, Сальвадор, Уругвай, Чили зэрэг орнууд дуу дуугаа авалцан тусгаар тогтнолоо зарлаж, бүрэн эрхт улс болцгоожээ. Бөмбөрцөгийн баруун хагаст болсон энэ үйл явдал Октябрийн хувьсгалаас 100-гаад жилийн тэртээ болсон бол 1950 он гэхэд Африк, Австрали тив бүхэлдээ, Азийн өмнөд, зүүн өмнөд нутгийн ихэнх орон нь мөнөөх Англи, Франц, Португали, Испани зэрэг орны колони, хараат газар нутаг байсаар байв.

Ази тивийн хүчирхэг гүрний нэг болох Энэтхэг улс 200 шахам жил Английн колони байсан бөгөөд харийн түрэмгийлэгчдийн эсрэг нэг бус удаа эрх чөлөөнийхөө төлөө босож тэмцсэний үр дүнд 1947 онд М.Ганди, Т.Неру нарын удирдсан эрх чөлөөний төлөөх зэвсэгт тэмцэл ялалтанд хүрч, 1950. 01. 26-нд тусгаар тогтносон бүрэн эрхт улс болсон юм. 170 гаруй сая хүнтэй Индонез гэхэд 350 жил Голландын колони байсан бөгөөд 1945. 08. 17-нд тусгаар тогтнолоо тунхагласан билээ.

Үлгэр домог мэт нэн эртний түүхт Египет орон 1882 онд Английн эзлэн түрэмгийлэгчдийн эрхшээлд орсон бөгөөд Абадем Насерын толгойлсон “Чөлөөт офицерууд” хэмээх “Үндэсний эрх чөлөөний төлөө” хөдөлгөөний шаргуу тэмцлийн үр дүнд 1953. 06. 18-нд тусгаар тогтнолоо зарлан бүрэн эрхт улс болсон байна. Ийнхүү африк тивд өрнөсөн үндэсний эрх чөлөөний төлөөх хувьсгалт тэмцэл 1950-аад оны сүүлчээр эрч хүчээ авч, 1960-аад оны эхний хагаст өнөөгийн 53 орны 80 шахам хувь нь бие даасан бүрэн эрхт улс болж, тусгаар тогтнолоо зарласан байна.

Австрали тивийн ихэнх улс XIX зууны сүүлийн хагаст л колони хараат орны эрхшээлээс ангижирсан түүхтэй билээ. Өнөөдрийн Австрали тивийн тусгаар тогтносон 14 улсын 9 нь Английн, хоёр нь АНУ-ын, хоёр нь Германы, нэг нь Францын колони байсан бөгөөд 10 гаруй жижиг арлууд өнөө хир Англи, Франц, Австрали, Шинэ Зеландын хараат нутаг хэвээр байсаар байна.

Мексик улс 1522 оноос эхлэн 300 жил Испанийн дарлалд нухлагдаж байсан бөгөөд 1821 онд тусгаар тогтнолоо байлдан олсон боловч засгийн эрхийн төлөөх дотоодын тэмцлийн явцад хүчин мөхөсдөж 1840-өөд оны сүүлчээр түүний газар нутгийн тэн хагас нь АНУ-ын эрх мэдэлд оржээ. 1910-1917 онуудад өрнөсөн тариачны хүчирхэг хөдөлгөөнд суурилсан “Хөрөнгөтний ардчилсан хувьсгал” ялалтанд хүрснээр бөмбөрцөгийн баруун хагаст хамгийн ардчилсан үндсэн хуулийг 1917 онд баталсан тухай түүхэнд тэмдэглэгдсэн байдаг билээ.

Хөл бөмбөгийн эх орон гэдэгээр нь хүн бүр мэдэх болсон Бразилийг Португаличууд 1500 онд эзлэн түрэмгийлж 320 гаруй жил ноёрхлоо тогтоосон бөгөөд 1822 онд Бразилчууд харийн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулж тусгаар тогтнолоо тунхаглаж байжээ.

Шайбтай хоккейн эх орон Канадад 1605 онд Францчууд, 1623 онд Англичууд шилжин суурьшсан бөгөөд 1756-1763 оны 7 жилийн дайны явцад Англичууд эрх дархаа тогтоож, хилийн чанд дахь нутаг Их Британийн колони гэж 1791 онд зарласан бол 140 жилийн дараа буюу 1931 онд Английн Засгийн газар Канадчуудад гадаад дотоод бодлогоо бие дааж явуулах эрх олгосон байна.

1492 онд Колумби Кубыг нээсний дараа 400 жилийн турш Испаничууд тэднийг колончилсон бөгөөд Х.Мартин, А.Масео нараар удирдуулсан Кубын ард түмний зэвсэгт тэмцэл ялалтын буухиаг атгах дөхсөн 1898 онд АНУ Испанид дайн зарлаж арлыг эзлэн авсан юм. 1902 онд Куба тусгаар тогтнолоо ёс төдий зарласан боловч үнэн хэрэгтээ АНУ-ын хагас колони байсаар XIX зууны хоёрдугаар хагастай золгосон бөгөөд 1959 онд Ф.Кастрогоор удирдуулсан империализмыг эсэргүүцэн Ардын ардчилсан тариачны хувьсгал ялалт байгуулж, тусгаар тогтнолоо зарласнаас хойш 50 жилийн нүүрийг үзэж байгаа билээ.

Хаант засаглалыг түлхэн унагасан хувьсгалыг Орос, Монгол хоёр л “тэнэг”-ээрээ хийсэн юм биш. 1642 оны Английн, 1742 оны Францын, 1867 оны Японы, 1870 оны Италийн, 1911 оны Хятадын, 1958 оны Иракийн, 1979 оны Ираны гээд тоочоод байвал олон хуудас барах бизээ. XIX зууны эхээс Испанид 5 удаа “Хөрөнгөтний ардчилсан хувьсгал” өрнөж байсны нэг нь ч зорилгодоо хүрч чадаагүй бөгөөд 1949 онд Франкогийн цэргийн хунт засгийн эрхийг булаан авч фашист дэглэм тогтоон, 1975 он хүртэл ноёрхсон юм. 1977. 06. 15-нд Испанид анхны парламентийн чөлөөт сонгууль явагдаж 1978. 12. 29-нд шинэ Үндсэн хуулиа баталсан байна.

Дэлхий ертөнц үргэлж л өнөөгийнх шиг эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэлийг тунхагласан, ардчилал, ил тод байдлыг уриалсан, харьцангуй “амгалан” даяаршсан ертөнц байгаагүйг хүүхэд багачууд тэр бүр мэдэхгүй байх нь тэдний буруу биш юм.

Өнөөгийн залуус “Ардын хувьсгалт” гэсэн үгийн бодит утгыг зөв таньж, ойшоохгүй, улс гүрнийхээ тусгаар тогтнол, өнөөгийн бидний амгалан амьдралын төлөө өвөг дээдсийнхээ амиа хайрлалгүй тэмцэж явсан түүхийг үгүйсгэх хандлагатай болжээ.

Хөрөнгөтний, хөрөнгөтний ардчилсан, ардын, ардын ардчилсан, октябрийн гэх тодотголтой хувьсгалууд нь тухайн үедээ хүн төрөлхтөний хийгээд тухайн улсын түүхэнд шинэ эрин үеийг нээж, дэвшил хөгжлийг авчирч байсныг дэлхийн түүх бэлхнээ гэрчлэх хойно олон зүйлийг нуршихын хэрэггүй биз.

Залуу хүн бүр өнгөрсөн түүхээ судлахгүйгээр ирээдүйгээ зөв ухаарч чадахгүй. “Хэрэв чи өнгөрсөн түүхэн үе рүү гар буугаар буудвал, ирээдүй чамайг их буугаар буудна” гэсэн сургааль үг ч байдаг.

“Цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэсэн Монгол цөлх ухааныг санаж өнгөрсөн түүхээ судалж, авах гээхийн ухааныг дэнсэлж үзэхээс биш “Хэрэв та тэгсэн бол” гэдэг ухагдахуун түүхэнд байдаггүйг эрж олох гэж элдвээр аяглаж, цаг заваа барж, өөрийн биеэ зовоож, түмэн олныг мунхруулах нь ядарсан улс төрчийн хийдэг ажил шүү дээ.

М.Далайхүү

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
уужаа (зочин)

bayrllaa haisnaa olloo. ih tus hvrgelee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)