М.Далайхүү : ДАСАН ЗОХИЦОХ УУ, СӨНӨЖ МӨХӨХ ҮҮ?

ДАСАН ЗОХИЦОХ УУ, СӨНӨЖ МӨХӨХ ҮҮ?

Бид ер нь их цамаан ч гэх юм уу, эсвэл нэг их зовж, зүдэрч үзээгүй ард түмэн ч юм уу бүү мэдээ. Ямарч атугай онгон шүтээн, дархан газар, унаган байгальтайгаа ХХI зуунтай золгосон цөөхөн улс гүрний нэг гэж хэлж болно. Монгочууд бид л өөрсдийн хэрэгцээт зүйлсээ байгалиас шилж, сорчилж хэрэглэсээр өнөөдрийг хүрсэн билээ. Бусад орны хувьд бол юун шилэхтэй мантай олдсоноо хэрэглэж, дундуураа дүүргэж, дутуугаа нөхөх гэж байгалиа додомдож, нөхөн сэргээж байна. Тэд сөөм хүрэхгүй жараахай барьчихаад үнэн голоосоо баярлаж хөөрч байхад бид бол тул, цурхай, зэвэг баривал сая нэг санаа амарч байх жишээтэй. Гөрөөс буудвал ооныг нь түрүүлж шагайна. Азарган чоно, арванхоёр салаа буга, арьс нь язрах шахсан бодон, ар зоо нь холбилзсон, бөөр нь бөмбөлзсөн бурхийг нь л гэнэ шүү дээ. Шилэх юмтай байх сайхан байжээ.

Гэвч хорин зууны турш өвөг дээдэс маань хайрлаж гамнаж, хадгалж хурааж ирсэн буяныг бид сүүлийн 20 жилд мөн ч гамгүй бүр хайр найргүй сүйтгэж, байдгаа барж, барааддагаа цөлмөж дуусаж байна уу даа. Тужийн нарс хожуул болж, Туул гол горхи болж, хаана л бол хаана давхиж явдаг тарвага нүдний гэм болж, хажууханд минь ирээд урамддаг буга үзэгдэхээ больж, намаг нь хатаж, цэвдэг нь цоохордож, мөнх цас, мөсөн гол нь хайлж байгаль дэлхий биднээс нүүрээ буруулав. Алт эрдэнэсийн араас арааны шүлсээ савируулагсад олширч тал нутаг маань там болж, ус унд маань улаан хоормог болов.

          1995, 2003, 2007 онуудад явагдсан усны тооллогын дүнгээс үзэхэд сүүлийн 12 жилд 1289 гол горхи, 2571 булаг шанд, 1630 нуур тойром хатаж ширгэжээ. Өөрөөр хэлбэл гол горхины 23.2 хувь, булаг шандны 26.8 хувь, нуур тойрмын 38.8 хувь нь устаж үгүй болжээ гэсэн үг. Алт ухсан нь ч яах вэ, аагархаж, баярхаж, авилгадаж явдаг байж, ард нь үлдсэн малчид маань модоо бариад хоцорлоо. Хүмүүс бидний адал балмад үйлдлийн хариуд байгаль дэлхий маань зангаа хувиргаж, хацар элбэсэн чийглэг зөөлөн салхи, газар дэвтээсэн намираа бороогоо хайрлахаа болиод удаж байна. Хаяа нэг хур хайрлахаар болвол дуу цахилгаантай аадар, хуй салхитай шуурга тавиж, хавь ойрынхоо юмыг хамаад, аваад явчихдаг болов. Байгаль эх хариугаа авдаг жамтай. Гэтэл нүгэл нь нүдээрээ гүйсэн хэсэг нөхдийн гайгаар мянга мянган жирийн иргэд давхар шийтгэгдэж, хотолт даяраараа нэрвэгдэж байна.

Цаг уурчидын гаргасан судалгаагаар бүтэн жилдээ салхи шуургатай өдрийн тоо 1960-аад онд 40 байсан бол өдгөө 90-120 болж бараг гарав дахин нэмэгдэв. Сүүлийн 60 гаруй жилийн дотор жилийн дундаж агаарын хэм 1,56 нэгжээр нэмэгдэв. Эрдэмтдийн тооцоолсноор газрын хөрсөн дээрх агаарын дундаж темпратур 2,0 хэмээр нэмэгдэхэд байгалийн бүс бүслүүр өмнөөсөө хойшоо 200-300 км-ээр шилжиж байна гэж үздэг. Даланзадгадаас Улаанбаатар хүртэл 550 орчим км гээд боддоо. Тэгвэл өнгөрсөн 60 жилд говь цөлийн бүс тал хээрийн бүс рүү хэдэн км сунасан бол. Үүнд нэг их судалгаа тооцоо гээд хэрэггүй байх нүдэн баримжаагаар мэдрэгдэж л байгаа шүү дээ. 1861 оноос эхлэн өдгөөг хүртэл 115О шахам жил тэмдэглэгдсэн манай дэлхийн газрын гадаргын дундаж хэмээс хамгийн халуун байсан таван он ихээс нь бага руу-ыг жагсаавал 1998, 2002, 2003, 2004, 2001 гэсэн цуваа гарч байгаа юм. Монголд л гэхэд сүүлийн 70 шахам жилийн дотор хамгийн дулаан байсан 10 жилийн 9 нь 1990 оноос хойш тохиож байгаа юм. Мөн 1996 оноос эхэлсэн бага устай үеийн мөчлөг өнөө хүртэл үргэлжилж байгаа бөгөөд энэ хандлага ойрын жилүүдэд ч хэвээр хадгалагдана гэж судлаачид үзэж байгаа юм. Цөлжилт гэдэг байгалийн өөрийнх нь хаталт хуурайшилтаас гадна, хүмүүс байгальтай буруу харьцаж, хур чийг татаж, элсний нүүдлийг зогсоож байдаг мод, бут, сөөг, ургамлыг хайр найргүй устгаж, би л болж байвал бусад нь яах вэ? Гэсэн хувиа хичээсэн, хар амиа хоохойлсон сэтгэлгээнээс болж байгаа билээ. Аж үйлдвэрийн хувьсгал эхэлсэн 1750 он-ээс хойших 260 гаруй жилийн дотор агаар дахь нүүрсхүчлийн хий 31.0 хувиар, намгийн хийн агууламж 1.5 дахин өссөн байхад эдгээр хорт хийг шингээж авдаг ой мод, байгалийн ногоон масс хүн төрөлхтхий “хайр ивээлээр”-ээр жилээс жилд хорогдож байсан байна. 1990 онд байсан 24.5 мянган инженерийн хийцтэй өрөмдмөл, богино яндант, битон цагирагт худгийн 16.5 мянга нь, нийддээ 50.0 гаруй мянган талбайг хамарсан 150 орчим услалтын систем өмч хувьчлалын далбаан дор устаж үгүй болсон билээ. Хангай нурууны хэдэн голууд Сэлэнгэд нийлээд Орос руу “поехали”, Хэнтий нурууны хэдэн голууд Хэрлэнд нийлээд Хятад руу “зоула” арилаад өгнө. Улаанбаатарт буусан үерийн ус хэдхэн хоноод хил даваад явчих жишээтэй. Бид зүгээр хараад “Ус чандмана эрдэнэ” гээд л суугаад байдаг. Далай дунд байдаг Япон гэхэд улсын хөрөнгөөр далан, хаалт, усан сан, хиймэл нуур цөөрөм байгуулаад цэвэр усны нөөцөө нэмэгдүүлж, урсаж буй усыг хэд дахин ашиглаад хилээрээ гаргаж байх жишээтэй.

Ус эрчим хүч, уур дулаан, эм эмчилгээ, спортын талбай, бяцхан хотхон, зочид буудал, амрах орчин болдог үй олон увидастай байхад бид зөвхөн амны цангаа гаргах төдийгөөр хэрэгцээгээ хязгаарлаж байна. Байгаль, дэлхийгээс шилж сорчилж бэлэн зэлэн юм хүртэж суудаг “сайн” цаг төгсгөл болж, дасан зохицож амьдардаг хатуухан үе ирснийг дээр дооргүй ухаарахгүй цаг болжээ. Манайхаас бусад оронд бол иргэд хувиараа мод тарьж, бут сөөг суулган, жимс ургуулж, хурын усаар хиймэл нуур цөөрөм байгуулж загас жараахай үржүүлж, шувуу өсгөж, тариа ногоогоо усалж, ан амьтан өсгөн үржүүлж, ахуй амьдралдаа хэрэглэж байхад монгочууд бид голгүй бол цангаж, худаггүй бол ангаж, малгүй бол өлсөж суух жишээтэй. Ер нь байгальтайгаа зөв харицаж дасан цохицсон нь үлдэж, залхуурч суусан нь мөхдөг ажгуу.

1992 онд Бразилийн Рио-Де-Жанейро хотод болсон НҮБ-ын бага хурлаар дэлхийн улс гүрнүүдийн удирдагч нар цугларч байгаль эхтэйгээ зохицон амьдрах тогтвортой хөгжил буюу “ХХI зууны хөтөлбөр”-ийн тунхаглалыг баталсан билээ. Тогтвортой хөгжлийн нэн чухал хүчин зүйлд “усны нөөцийг зохистой ашиглах хамгаалах, үйлдвэрлэл, үйлчилгээнд байгальд халгүй технилоги нэвтрүүлэх, хүлэмжийн хий ихээр гаргадаг үйлдвэрлэлийг багасгах, улмаар хориглох, элсний нүүдэлийг зогсоох” зэрэг асуудлыг авч үзсэн байна. Халуун хүйтэн усныхаа цоргыг онгойлгохдоо хэтэвчтэй мөнгөө тэмтэрч үзэж бай гэж орон сууцны конторынхон анхааруулж байна. Энэ янзаараа их элбэг дэлбэг сагсалзаад байвал дусал ус, грамм алт хоёр ижилхэн үнэтэй болно шүү гэж “Лусын хаан” бидэнд сануулж байна. М.ДАЛАЙХҮҮ. 2010.09.22

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Зочин

Dasan zokhitsoj amidrakh yostoi!
Mongol oron urgelj usun devjikh yostoi!

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)