М.Далайхүү : Бага хаадын үхэл хийгээд бардам түшмэдүүдийн зовлонгийн тухай

Тайсун хаан, Агваржин жонон, Мандуул тайш нар ахан дүү гурав бүлгээ. 1452 онд Тайсун хаан тэнгэрт хальж, түүний эх ондоо дүү Мандуул 1472 онд хаанд өргөмжлөгдөх хүртэлх 20 жилд 4 хаан тар барьж цөм дэргэдэх ойрын шадар хүмүүстээ хорлогдож ертөнцийн мөнх бусыг үзжээ. Энэ үед баруун (Ойрад), зүүн Монголын хоорондын тэмцэл он удаан жил үргэлжилж, Монгол дахь дотоодын хямрал дээд цэгтээ хүрэв. Хаант төрийг дээдлэн хүндлэх нь хэвээр ч хаан эзнээ бие хүний хувьд хүндлэх, дээдлэх  нь эрс буурч, төрийг эрхэмлэх ариун ёсыг аажим аажмаар огоорч хэнд ч захирагдахыг үл хүсэгч том, жижиг ноёд өөрсдийн эрх ашгийг урьтал болгож, дотоодын үймээн самууныг дэврээн, Алтан урагтны зөрчлийг хурцатгах замаар хаан ширээг булаан авах гэсэн далдын бодлого өвөртлөн өөр хоорондоо тэмцэлдэж байжээ. Энэ тухай .....Төр мэдэхүй сайдаа гадна суулганам. Зэвийн /байлдааны/ морио гэр зуур унанам. Өчүүхэн мэт хүнийг төрд /төрийн хэрэгт/ явуулнам. Үрээ морийг зэвлэнэм. Босуул хүнийг төр мэдүүлнэм. Борви хөхүүрт сархад хийнэм”. Яг “Буургүй тэмээ, бухгүй үхэр, азаргагүй адуу, хуцгүй хонь мэт” хэмээн зүйрлэн өгүүлжээ.

1452 онд Тайсун хаан, Агваржин жонон хоёр, ах дүү хоёул зүүн Монголын бүх цэргийг дайчлан сүр хүчээ гайхуулан баруун Монгол /Ойрад/-ыг дайлахаар цэрэглэн морджээ. Ойрадын Эсэн тайш ч цэрэг эрс, баатар жанждаа дагуулан угтан тосож, баруун, зүүн Монголын хоёр их цэрэг “Дөрөн хар” нэрт газар халз байлдаанд орох болов.

Энэ үед Ойрадын Эсэн тайш, Абдула сэцэн, Садула, Алагтөмөр, Хатантөмөр зэрэг ноёд зөвлөлдөж зүүн Монголтой байлдах уу эсвэл бууж өгөх үү гэж ярилцах зуур Эсэнгийн зөвлөх Дэлэн хүйсийн Абдула сэцэн “Монгол улс нүд муу билээ. Би тэдний дунд очиж хэлж үзъе. Хэрэв амьд буцаж ирвэл биеийг минь өргө, үхвэл үр ач нарыг минь тэжээ” гээд хоёр хүн дагуулан, ихээхэн бэлэг сэлт авч зүүн Монголын цэргийн хүрээ үрүү явжээ. Абдула зам зуур Тайсун хаан мэргэн, Агваржин жононгийн хүү Хархуцаг тайж сэцэн билээ. Хаан жонон хоёрыг хэрхэн хагацуулах вэ? гэж бодол болон явахдаа “Агваржин жононг хаан өргөмжлөе гэж мэхэлбэл болох юу магад”, Ойрадын заяа мэдтүгэй хэмээн шууд Агваржин жононгийн цэргийн хүрээ үрүү шөнө дөлөөр очиж “Манай Ойрад танай зүүн Монголд бууж өгье. Жонон чамд бууж өгөхөөс бус Тайсун хаанд бууж өгөхгүй. Бид бас Тайсун хаан чамайг асар муугаар хэлж байсныг үзэж сонссон гэж ховлон” хэлжээ. Ийнхүү Агваржин өөрөө хаан болж, Эсэнд жонон цолоо өгөхөөр тохиролцож Тайсун ахынхаа эсрэг, улсын хааныхаа эсрэг Ойрад лугаа цэрэг нэгтгэж мордов. Хүч хавсарсан тулаанаас амь зулбан гарсан Тайсун хаан Хэнтий ханыг зорин явж байгаад Горлосын Цэвдэн (харимал хадам)–д хорлогдож 1452 онд нас барснаар Их хааны ор эзгүйрчээ.  

Энэ үед Ойрадын ноёд өвөр зуураа чуулган хийж их хэргийг хэлэлцэн:
Өөрийн төрлөө эс санасан хүн
Манай төрлийг санам уу?
Өөрийн төрөө эс санасан хүн
Хүний төрийг санам уу?
Өөрийн нэрээ эс санасан хүн
Манай нэрийг санам уу?
Өөрийн галд ус хийсэн хүн
Манай галд тос хийв гэж үү?” хэмээн зөвлөлдөв.

Энэ ер нь хэнд сайн жонон болох вэ? гэж хэлэлцэн түүнийг гэнэдүүлэн хороохоор тохиролцов. Ийнхүү Ойрадууд Агваржинд хаан өргөмжлөх, Эсэнд жонон цол соёрхох их найр хурим хийнэ гэж жононг залж, ганц шөнийн дотор түүний 33 өрлөгтөн, 44 отогтон, 61 хэнгэрэгтэн 108 шадар хүмүүсийн хамт хүйс тэмтэрч Эсэн баруун, зүүн Монголыг нэгтгэсэнИх Юань улсын тэнгэрлэг Богдхаан гэж 1453 онд өөрийгөө өргөмжилж, өөрийн хүү Амасанчийг тайшаар томилов. Энэ үеэс хойшНоёдын үхэл чуулганд, нохойн үхэл бутандгэсэн үг ам дамжин яригдах болжээ.
Байдал ингээд тогтворжсонгүй. Төдий удалгүй Ойрадын ноён Алагчансан тэргүүтэй том ноёд үймээн дэгдээнЭсэн чи Алагтөмөрийн баатараар, Хатантөмөрийн хатуу зоригоор, Абдула сэцний уран аргаар Ойрад, Монгол хоёрын төрийг авч хаан суусан бус уу? ганц чиний хүчин билүү?” хэмээн 1454 онд цэрэглэн довтолсонд Эсэн дутааж яваад амь эрсдэв. Ийнхүү Алтан ургийн бус томоохон сурвалжтанууд дотоодын хямралдааныг дэврээн эзэн нь түшмэдээ хороох, түшмэд нь эзнээ егүүтгэх явдал газар авч Монголын нийгмийг тогтвортой бус байдалд улам бүр оруулсаар байв.

Энэ үед нэр нөлөө нь ихээхэн өссөн зүүн Монголын Харчин аймгийн сурвалжит ноён Болай тайш Тайсун хааны үр 8хан настай Махкурсыг 1454 онд хаан ширээнд суулгаж, өөрийн биеэТайшхэмээн өргөмжлөн хамаг эрх мэдлийг өөрийн гарт төвлөрүүлэв. Болай тайшийн оролцоотой энэ зурвас үед Монголын хаант төр нэгэн үе хүчирхэгжиж бэхжсэн гэж тэмдэглэгдсэн нь бий. 1464-1465 оны орчимБага эзэнМахкурс нэгэнт нас бие гүйцэж төрийн эрхийг гартаа төвлөрүүлэн ихээхэн бие даасан бодлого явуулахыг эрмэлзэх болсонд Болай тайш дургүйцэн 1465 онд Махкурс хааныг хөнөөжээ.
Энэ тухай сурвалж бичигтМахкурс хаан найман жил хаан суугаад тахиа жил (1465 онд) тэнгэр болов ..... хаан үр үгүй. Тахиа жил долоон Түмэдийн Доголон тайжид хороогдовхэмээн тэмдэглэгдсэн байна. Харин Хятад сурвалжийн мэдээгээрМиншиийн 327 дугаар ботидудалгүй аймшигтайгаар тэмцэлдэн Болай бээр Махкурсийг хорлож, Муулихай бээр Болайг алжээгэсэн байдаг ажгуу. Зарим сурвалжид Болайн шахалтаар Доголон тайж Махкурсыг хороосон хэмээн таамаглах нь бий.

Ийнхүү Махкурс, Болай нар үгүй болсноор Монголын тархай бутархай байдал дахин өрнөж, Их хаадаас гадна төрийн хэргийг хэрэг дээрээ мэдэж явуулж байсан нэр нөлөө бүхий түшмэд язгууртнууд олон болж, Уйгудын Бэгэрсэн тайж, түүний дүү Исмайл, Оннигуудын Муулихай ван нар их хүчирхэгжиж байсан бөгөөд Оннигуудын Муулихай ван Тайсун хааны Алтгана хатнаас төрсөн Молон тайж (1437-1466)ийг тэтгэн 1465 онд хаан ширээнд суулгажээ. Оннигууд аймгийнхан бол Чингис хааны отгон дүү Отчигин ноёны удамынхан ажгуу. Молон хаан, Муулихай ван нар бүх Монголыг захирч дайн дажингүй, эв найртай байж, хааны нэр сүрээр Муулихай вангийн хүч чадал улам бүр өсч байв.

ГэтэлГай газар доороос гахай модон дотор-оос гэдэгийн үлгэр болж нэгэн өдөр Ордосын Мөнх, Солонгудын Хатабух нар хоёул Молон хаанд бараалхансонсохул Муулихай ван муу санаа өвөрлөн, хаан таныг хороож, эрдэнийн ширээг чинь булаахыг зэхэж байна, хичээгтүн. Махкурс хааныг үзсэнгүй юу? Та өнөөдөр хаан хэдий боловч чухал эрх ван Муулихайд бий. Нарийн чимээг сонсвол Муулихай ван /вангийн анд явааг мэдэн/ хаан таныг дайлахаар цэрэг авч айсуйгэж хутган мэдүүлсэнд Молон ихэд цочижБи тийн явдал үгүй байтал ван юунд надад тэгж сэтгэх бөлгөөхэмээсэн боловч бас сэрэмжлэн хүн явуулж нягтлуулахад хааны туршуул гэнэт их тоос дэгдэхийг үзэж, айн мэгдэж хаанд сөгдөнХаан эзэн минь Муулихай вангийн цэрэг үнэхээр нааш довтлон айсуйгэж айлтгав. Ийнхүү Молон хаан шилмэл 300 цэрэг дайчлан Муулихай ванг угтан байлдахаар болов. Мөнх Хатабух нар хаанаас холдон явж Муулихай вангийн дэргэд очинМолон хаан чамайг Самандай нэрт хатандаа тэлж муу сэтгэнэм, цэрэг дайчлан довтлохоор айсуй хэмээнхатгасан ховын үг хэлэхэд, Муулихай ванБи бээр Молон хаанд тус хийснээс биш хор хийсэнгүй. Гэнэт юунд довтлох билээгэж итгэж ядав. ХатабухЧи үл итгэвээс туршуул илгээгтүн хэмээв”. Муулихайн туршуул өндөрт гарч харваас Молон хаан үнэхээр цэрэг дайчлан ирж явааг харжээ. Үүнийг үзээд Муулихай ван гурван дүүдээ цэрэг өгч Молон хааныг тосон байлдуулахаар илгээж, өөрөө сөгдөн мөргөж, тэнгэрт цацал өргөн:

Дээд тэнгэр чи мэд
Дээд нь болох суут Богд чи мэд
Үрд чинь би сайн хийлээ
Үр чинь надад муу сэтгэнэм
Алтан ургийн Молон хаан
Албат болсон Муулихай ван хоёрын
Хар цагаан хоёрыг ялган сахих
Хайрлах зарлигаа та мэдгэж айлдав.
Ийнхүү Молон хаан 1466 онд Муулихай вангийн гарт тэнгэрт халив. Молон хаан залгамжлах хүүгүй ажээ. Молон хаан Муулихайд алуулсныг хатан Мөнгөлдэй нь олж мэдээд, хааны онгон дээр ирж цацал цацаад:
Хайран их төрийг эвдүүлсэн
Хамгийн эзэн, хаанаас минь хагацуулсан
Мөнх, Хатабух хоёр
Бүтэн их төрийг минь бүрэлгэсэн
Бүгдийн эзэн, хаанаас минь хагацуулсан
Мөнх, Хатабух хоёр гэж уйлан гашуудахад

Муулихай ван, даяар олон түмэн үүнийг сонсоод эзэн хаанаа хилсээр хороосноо мэдээд ихэд гашуудан гэмшиж Мөнх, Хатабух нарыг баривчлан хороов.
Молон хаанаас хойш Муулихай ван төр эзлэн суусанд Монголын ихэс дээдэс ялангуяа Алтан ургийнхны сурвалжит ноёд эрс эсэргүүцэн тэмцэх болов. Энэ үед Тайсун хааны өөр эхт дүү Мандуул (1426 -1479), Агваржин жононгийн ачболох жононБаянмөнх, Уйгудын Бэгэрсэн, түүний дүү Исмайл нар ихээхэн хүчирхэгжиж хаан ширээний төлөө тэмцэл явуулах болов. Уйгудын ноёд сурвалжтанууд өөрсдийгөө эртний Брияадайн хөвүүн Шарайдайн хойчис гэх тул тэднийг бас Ихэрэд гэж нэрийддэг аж.

Тайсун хааны ор залгасан Махкурс, Молон нар цөм хальсанд Мандуулын дорд сайд нар цөм ... танаас өөр суурийг эзлэх хүнгүй та сууринд сууваас зохилтой хэмээснийг Мандуул зөвшөөрч түүнийг Хасардайн зоон дахь зуны өргөөнд хонин жил (1472 он) их ор суулгажээ. Мандуул хааны төрийн Их хатан Мандухай нэрт бөлгөө.
Мандуул хаан ор суумагц Монголын дотоод хямрал тэмцлийг намжааж, төр улсаа төвхнүүлэхийн төлөөцэрэг морио тэгшлэнюуны түрүүнд хаан ахын хөвгүүн Махкурсыг алсан ялыг асуун Долоон түмэд /7 отог/ -ийн Доголон тайжийг довтлон цохиж эрхэндээ оруулав. Улс орны амгаланг бодолцож Уйгудын Бэгэрсэнд Борогчин гүнжийг, Цэгүд аймгийн хошой тавнанд Эгшиг гүнжийг өгч төрийн ураг барилдахуй ёсоор эв найрыг эрхэмлэн Бэгэрсэнд улсын тайш өргөмжлөв.
Энэ үед Урианхайн хутагт Шүүстэй баатар Ойрадын голын мянганы Өгөөдэй тайбу, Харчны Булай, Сартуулын Баянтөр мэргэн, Баяндай ахлах зэрэг Ойрадын дөрвөн баатарын хамтаар Хархуцаг мэргэн тайжийн хүү Агваржин жононгийн ач Баянмөнхийг өөрийн охин Шихэрийн хамт хүргэж ирсэнд Мандуул ихэд таларханБоржгоны үрс үл тасрах болтугайгэж түүндболох жононцол шагнаж, Ойрадын дөрвөн баатартДарханцол соёрхож Урианхайн хутагт Шүүсийнхнийг үрийн үрдхуримын бэлэгшагнахаар тогтожзайсанноён болгожээ.

Мандуул хаан, Болох жонон, Ойрадын дөрвөн баатартай хүч хамсранМолон хааны учир хариу нэхьехэмээн тохирч, Оннигуудын Муулихай ванг дайлахаар шийдвэрлэсэнд хорчны баатар Шүүстэйн хүү Өнөболд ван /ноён Болд ч гэж гардаг/ Мандуул хаанд золгож Есүхэйбаатар эцэг маань бүлгээ. Өэлүн эхээс Хасар, Хачун, Отчигин бид нэгэн хэвлийтэй бөлгөө. Манай эцэг Хасарыг эзэн Богд дагуулан Сочил эхээс төрсөн Бэгтэрийг хороож, Бэлгүдэйг дагуулав. Түүний өшөөгөөр эдүгээ Молон хаан хорлогдов. Түүний ялыг би асууя гэж цэрэглэн мордож Муулихай ванг дайлж, Молон хааны үед алдсанАлт суулгасан болд дуулга” –ыг авч ирэв. ИйнхүүХавт Хасарын хойчис /үр/, хааны үрд /төрд/ бас нэг тус хүргэсэн нь энэгэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
Болох ЖононБаянмөнх Мандуул хаанд хүч хавсран, эрх мэдэжЗүг зүг туг хийсгэнбутарч сарнисан Зүүн Монголын ноёдыг хураамжлан зургаан түмнийг төвшитгөж, хаан, жонон хоёр эв эеэ нэгтгэж дотоодын самууныг дарж, ард олныг амар жимэр болгожээ. Гэтэл Уйгудын Исмайл, Даян өндөрийн харуулын захирагч Дэргэн хан хоёр хамсан Бэгэрсэнг хороож улмаар Мандуул хаан, “болох жононБаянмөнх хоёрын эсрэг томоохон эвсэл байгуулан тэмцэж эхлэв.
Мандуул хаан, “болох жононхоёрын хооронд зөрчил үүсэн, эвдрэлцсэн учрыг түүх сударт нарийн тодорхойлж тэмдэглэн үлдээжээ.
Энэ тухай сурвалжид тэмдэглэснийг товчлон өгүүлбэл:
Нэгэн өдөр Халиугчны Хонхули гэгч хааны ордонд ирж бараалхах үед Мандуул хаан: Би хаан суугаад Боржигон овогтныг дахин мандуулав ... олон улс одоо юу хэлэлцнэм хэмээсэнд

Хонхули: Мандуул хаан ор сууснаар манай төр тогтуун болов гэж хэлэлцнэм ..... бас.....басболох жононхааныг хорлож, хатан Юнгэнийг чинь авъя гэнэм гэж хэлэлцэж байна хэмээнховын үг зөөжээ. Хожимын өдөр хаан, жонон хоёр Хонхулийн үгийг хэлэлцэж, биднийг завсардуулах муу ухаан сэджээ гэж Хонхулийг барьжТөрөл дотор золбин үг гаргаж, төр гүрнийг хагацуулахыг оролдовгэж ял тулган хошууг нь огтолж шийтгэв.
Гэвч энэ самуун оролдлого үүгээр дууссангүй Исмайл тайж хаанд иржХонхулийн үг үнэн байх магад. Хаан баахан хүнд шийтгэжээ. Жононд туршуул илгээж байдлыг асуухэмээн ятгаад ордноос гарч жононгийн өргөөнд очоод мөн лБи Мандуул хаанд очив. Хаан Хонхулийг шийтгэснээ гэмшиж, чамайг муу сэтгэнэмгэсэнд Болох жонон: Гэмгүй хүнд хаан муу сэтгэнэм гэдэгийг би итгэхгүй байна гэсэнд, Исмайл: “Жонон та хичээхтүн, тун удахгүй туршуул ирэхийг үзэх буй заагээд оджээ.        
Үүний дараа удалгүй Мандуул хаанаасСалхи үгүй бол давалгаан үл болох буй заа гэдэг. Болох жонон дүү чухам юу ямар санаа агуулж буйг мэдъегэж туршуул илгээв гэсэнд жонон Исмайлийн үгийг санажХаан ах намайг үл итгэнэм. Надад муу сэтгэнэм хэмээх нь үнэн буй заагэж бодоод хар цагаан дуугүй зайлж оджээ.
Элч ирж учрыг мэдүүлмэгц мандуул хаан ихэд хилэгнэжБодвоос над муу сэтгэх нь үнэн аж. Би нуган үргүй билээ. Намайг үгүй болсон хойно, хатан бэргэд, хамаг улс үүнийх билээ. Гэтэл өнөөгөөс яаран хэт санах нь муу байнамхэмээн цэрэг дайчлан Исмайлийг дуудан ирүүлж жононг барьж ирэхтүн гэж зарлиг буулгав.
Загатнасан газар маажив гэгчээр Исмайл ихэд баясан цэрэг авч жононгийн зүг өдөр шөнөгүй довтлон одов. Болох жонон үүнийг мэдээдБи юуны учир ийм заяа муутай төрөв. Өлгийтэй ахуйгаас минь эхлэн аюул дагаж, одоо ч Мандуул авга маань юуны учир амар суулгах үгүй боловхэмээн зайлан зугатаж ганц төрсөн үр Батмөнхийг Балгачны Бохойд өгч асруулан Шихэр хатны хамт зугатан яваад Юншээбүүгийн Цагаан, Төмөр, Мөнгө, Хар Боди нарын гарт тэнгэрт халив. Энэ тухай хожмын түүхч

Цэмбэл гүүш:
Улс ардыг хутган салгахуйд хичээгч хүмүүн
Ураг, амраг дотно нөхдийг тараамуй
Урсгал усан үргэлжид довтлон цохилж
Ургаа хаднаа ч ором гарган хагалъюу
Хүйтэн хожуулаар галыг хөндвөөс
Хүрхрэн бүхий галыг сөнөөмү
Хөвхүй, мэрхүй ардыг үйлэнд түшвээс
Хур улсыг зовоо юугэж халаглан бичсэн нь буй.
Мандуул хааны хүчин буурч, насан өтөлж, өвчин хуучинд дарагдан доорхи түшмэд ноёд нь тус тусдаа туг хийсгэн салсан үед Мандухай сэцэн хатан олон жил үргэлжилсэн ихэс дээсийн самуун байдал, дотоодын хямралыг зогсоож, хааны эрх мэдлийг сэргээхийн төлөө хүчлэн чармайж, долоохон настай Батмөнхийг хааны ор суулгаж, өөрийн биеийг үл огоорон төрийн хэрэгт зольсноор Монголын төр дахин сэргэн мандах эхлэлийг тавьж чадсаныг түмэн олон уншигч авхай нар бэлхнээ мэдэх бөлгөө. Унасан төр, алдарсан улсыг сэргээсэн Батмөнх Даян хааны үе шиг Монгол орон маань мандан бадрах болтугай.

Уншигч таныг залхааж урт удаан нуршсан энэхүү бичвэр бол үлгэр домог ч биш, хэн нэгний санаанаасаа зохиосон зүйл ч биш, Монголын төрийн түүхэнд олон олон авилгач, зусарч бялдууч түшмэдүүдийн үлдээсэн хар мөрөөс зөвхөн хаантай холбоотой цөөн ганц хоёрыг нь тэмдэглэн үлдээсэн нь энэ бүлгээ.
Хоёрыг харгалдуулж хоорондоос нь эрх мэдэл, эд хөрөнгө, албан тушаал завшигч зальхай авилгач түшмэдүүдийн хорон санаа улс орныг өнөө хэр сүйрүүлж, өрх гэрт орж ирж байна. Зөвхөн ганц жишээ дурдъя. Ээж аав хоёр нь Солонгост ажилладагхоёр пацанаавынхаа ээж буюу авга эмээ дээрээ асрагддаг байв. Нөгөө хоёр нэг өдөр ээжийнхээ аав буюу нагац өвөө дээрээ ирж авга эмээ нь огт махан хоол өгөхгүй байна гэж хов /зарга/ мэдүүлжээ. Нагац өвөө үнэмшиж, Солонгос уруу утас цохиж охиндоо хадам эх нь хоёр хүүхдэд нь махан хоол өгөхгүй байгаа тухай хэлжээ.
Бэр нь хадам ээж үрүүгээ утасдаж сар бүр мөнгө гуйвуулсаар байхад хоёр бяцхан үрд нь хоол унд өгөхгүй байгаа талаар зэмлэж аашилж, харааж загнажээ. Унтах нойр идэх хоолоо хасан байж ганц хүүгийнхээ удам залгах үрсийг алган дээрээ бөмбөрүүлэн аль амттай болгоноо өгч асарч байсан авга эмээ нь бэрдээ голдоо ортлоо гомдож, цухалдахдаа ухаан алдан унаж амь насаа алдах шахжээ.

Зулгуйч түшмэдүүдийн хоёр нүүртэй хорон санаа Монголын төрийг доройтуулж, өрх гэрийг ч хордуулж байна.  

Минжүүрийн Далайхүү

2010.09.09

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)