М.Далайхүү : ҮЗЭЛ БОДЛОО УХААРАХУЙ

ҮЗЭЛ БОДЛОО УХААРАХУЙ

Буддын, Христийн, Лалын гэсэн зонхилох гурван шашин энэ дэлхийн улс үндэстнүүдийн дунд хүрээгээ тэлж, нөлөөгөө нэмэгдүүлэхийн тулд олон зууны турш тэмцэлдсээр ирсэн билээ. Бас үүнээс гадна хоорондоо эрс ялгаатай ардчилалын хоёр үндсэн ойлголт даяаршиж буй өнөөгийн ертөнцөд нөлөөгөө нэмэгдүүлэхийн төлөө тэмцэж байна. Нэг нь АНУ-д хэрэгжиж буй Либертар хэв шинжит ардчилал, нөгөө нь Европын хэв шинжит Нийгмийн ардчилалын тухай ойлголтууд юм. Лебиртар ардчилалыг сурталчлагчид бол иргэд эрх чөлөөтэй байх баталгаа нь чөлөөт зах зээл, үйлдвэрлэлииийн хэрэгслэлийн чөлөөт өмчлөл гэж үздэг. Товчдоо бол чи эрх чөлөөтэй иргэн шударга хөдөлмөрөөрөө өмчтэй болж сайн сайхан амьдарах боломж байна гээд л орхидог. Гэтэл Нийгмийн ардчилалыг баримтлагчид бол иргэний болон улс төрийн эрх чөлөөг тунхаглаад орхих нь хангалттай бус хувь хүний эдийн засаг, нийгэм соёлын материаллаг эрхүүдийг баталгаажуулах нь чухал гэж үздэг.

Материаллаг эрхүүдэд юуны өмнө дараах үндсэн дөрвөн элементийг багтааж, төр засгийн эрх барьж буй улс төрийн хүчинд тулган шаардаж байх ёстой гэж тэд үздэг байна.

Нэг. Ард иргэдийг ядууралд өртүүлэхгүй байх. Ядууралд өртсөн иргэд өмч хөрөнгөтэй болох нь байтугай иргэний болон улс төрийн эрх чөлөөгөө ч эдлэх боломжгүй болдог.

Хоёр. Бүх хүүхдийг үнэ төлбөргүйгээр суралцах боломжийг хангах. Хүүхдүүдэд боловсрол олгох гарааны тэгш нөхцөлийг хангаснаар насанд хүрсэн хойноо нийгэмд хүссэнээрээ амьдрах , авьяас чадвараа хөгжүүлэхэд нь шийдвэрлэх үүрэгтэй байдаг.

Гурав. Хөдөлмөрлөх эрхийг хангах. Эрхэлж буй хөдөлмөрийнхөө хөлс буюу цалингаар хангалуун амьдрах боломжоор хангагдах нөхцлийг бүрдүүлж өгөх.

Дөрөв. Нийгэм эдийн засгийн болон амьдарлын зайлшгүй хийгээд санамсаргүй эрсдэлүүдээс найдвартай хамгаалах нийгмийн хамгааллын системтэй байх. Өвгөрч хөгшрөх, өвдөж зовох, өнчирч хоцрох, үхэж үрэгдэх, ажлын чадвараа түр алдах, тахир дутуу болоход төрийн зүгээс гар сунган тусалдаг тогтолцоог бүрдүүлсэн байх. Амьжиргааны баталгаажих доод түвшин тогтооно гэдэг шиг иргэн хүн эрхээ эдлэх наад зах доод-ын түвшинг тогтоож өгснөөр гарааны тэгш нөхцөл бүрдэж, уг түвшний дэр оршиж буй тэгш бус байдыг арилгах ажил цааш өрнөнө гэсэн үг. Жишээлбэл: Оролгын болон нийгмийн баялагийн тэгш бус хуваарилалтыг тэнцвэржүүлэх , гадаад дотоодын зээл тусламж, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, сангийн хуваарилалтыг боловсронгуй болгох гэх мэт. Ардчилсан социализм нь бүх ард түмний, ядахдаа олонхийн эрх ашгийг хамгаалахын төлөө хөдөлгөөн юм. Өөрөөр хэлбэл ямарч хайр найргүй, аль болох чадалтай нь чадалгүйгээ дээрэлхэдэг, хөгжил дэвшил нь хүрээлэн буй орчноо сүйтгэдэг, эрх мэдэл, албан тушаал нь эд хөрөнгөтэй нь хамт хувьчлагдчихсан, цөөнх нь баян цатгалан, олонхи нь ядуу зүдүү байдаг Либерал нийгэм үү? Аль эсвэл засаг төр нь нийгмийн баримжаатай, зах зээл нь төрийн оролцоотой, үйлдвэрлэл үйлчилгээний өсөлт нь экологийн хариуцлагатай уялдах тийм ардчилсан нийгэм үү? гэдэгт хариулт өгөхийг хичээж байна. Нийгмийн ардчилалыг баримтлагчид энхнийхийг нь биш дараагийнхыг нь сонгож байгаа билээ. МАХН байгуулагдсан 90 жилийн ойг угтсан ажлынхаа хүрээнд манай нам бүтэн жил гаруй “Нийгмийн ардчилалын аян”-ыг өрнүүлж ажилласныг эрхэм уншигч та мэдэж байгаа буй зээ.

Нийгмийн ардчилалын үнэт зүйл нь ”Эрх чөлөө, Шударга ёс, Эв нэгдэл” гэсэн зарчим дээр тулгуурладаг. Шударга ёсгүйгээр эрх чөлөөтэй байж чадахгүй. Шударга ёсгүйгээр эв найртай амьдарч чадахгүй. Шударга ёс нь улс төрчдийн ёс зүйтэй шууд холбогддог. Ёсзүйгүй удирдагч Шударга ёсыг тогтоож чадахгүй. Эртний Хятадын нэгэн хаан өөрийнх нь харъяат муж улсуудын сайд нар улсын сангаас ихээхэн хулгай хийж байгаа тухай зөвлөх түшмэлдээ ярьж, хэрхэх нь зүйтэйг лавлахад мэргэн зөвлөх ХААН ТА өөрөө л хулгай хийхгүй байвал болно гэж хариулсан гэдэг. Удирдагч хүний ёс зүйгүй үйлдэл буруу бүхнийг өдөөгч эхлэл болдог ажгуу.

Ард түмний итгэл шударга ёсон дээр тогтдог. ”Шударга ёсгүй бол баячуудын болон дээрэмчдийн томоохон бүлэг хоёрын хооронд ямар ялгаа байгаа юм бэ?” гэж Ниийгмийн ардчилалыг сурталчлагч томоохон төлөөлөгчийн нэг, ГСДН-ын Үнэт зүйлсийн дарга Томас Майер хэлсэн байна.

Одоогоос 10 гаруй жилийн өмнө МАХН-ыг “Өвгөчүүдийн нам”, “Үеэ өнгөрөөсөн нам”, “Коммунист нам” гэж өөчилж, гоочилж байхад бид бүхэн “Ардчилсан социалист үзэл”-ийг МАХН-ын үзэл баримтлал болгон авч Дэлхийн Социнтерний нэгэн гишүүн болсноор гадаадад ч, дотоод ч МАХН-ын нэр нөлөө огцом өссөнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Тэнхээтэй явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр гэдэг үг байдаг. Бид үзэл бодлоо өөрчилдөг юм гэхэд нөгөө дэмжиж тусалж явсан журмын нөхөддөө юу гэж хэлэх болж байна. Та нартай найзлахаа больсон, сөрөг намынхантай чинь үерхэх болсон шүү дээ гэх үү? Чин үнэндээ бол нэрээ солилоо, үзэл баримтлалаа өөрчиллөө гээд ард түмний итгэлийг олж авах нь юу л бол. Гол нь үйл ажиллагаагаа сайжруулж,“ ... ядуу доод ард түмний тусыг туйлаар бодсон ...” язгуур зорилтоо ухамсарлаж, иргэн бүрээ эрүүл чийрэг биетэй, эрдэм боловсролтой, эзэмшсэн мэрэгшилтэй, ажилтай албатай болгосон өнгөрсөн түүхээ санаж ажиллаваас ард түмний итгэлийг олж чадна. Засаглалын ямар хэлбэрийг сонгохыг олонхийн зарчмаар шийдвэрлэхийг ардчилал гэж ойлговол эндүүрэл болно. Ядуурлын бахим саварт базагдсан ард түмэн сонгох, сонгогдох эрхээ хэдэн халтар төгрөг, хуучин хувцас, хундага найркагаар наймаалцаж байгааг яалтай ч билээ. Энэхүү нийтлэлээ Германы ажилчны хөдөлгөөний удирдагч, ГСДН-ын дарга асан Август Бебель 1875-1933-ийн хэлсэн үгээр төгсгөе. Тэрээр ”Хэрэв түүнд өмч байгаад байдал сайжрахгүй бол, хэрэв тэр бусдад мөлжигдөж байгаа бол, хэрэв тэр бүх насаараа борви бохисхийлгүй хөдөлмөрлөсний төлөө гуйлгачин хэвээр нөгөө ертөнцөд халин очих юм бол түүнд ганц улс төрийн эрх чөлөө ямар хэрэгтэй юм бэ?” гэсэн байдаг.

М.ДАЛАЙХҮҮ 2010.09.20

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)