М.Далайхүү : Төрийн алба хийгээд “золбин нохой”-н зовлон

Төрийн алба хийгээд “золбин нохой”-н зовлон

Эзэнгүй золбин нохой энд тэнд гүйлдэнэ. Хэнд ч гэм хийгээгүй байхад хүүхдүүд чулуу нүүлгэж, хөөрхий золбин орох байх газраа олж ядан зугтана. Дондог гуайнх бөлдөг ч билүү бульдог ч бил үү нэг тийм аймшгийн царайтай “гадаад” нохойтой болсноос хойш 10 жил хашаагий нь найдвартай манасан дөрвөн нүдэт халтараа тоохоо болив. Эцэст нь бульдогийн хулгайлсан махны төлөө шийтгэл хүлээж, насаараа манасан хашаанаасаа хөөгдөж золбины тоог нэгээр нэмэв. Хот газрын нохойд идэх юм тэр бүр олдох биш өдөртөө нэг сав суулганы угаадас хааяа нэг хатсан талх, боорцогны үлдэгдэл, харин баяр ёслолын үеэр галбасаа, өндөг, торт, өргөст хэмэхийн өмбөө цөмбөө, үлдэгдэл оролцсон “холимог шөл ” иднэ. Тэглээ гээд гомдох гонсойх юм юу байх билээ. Өрх гэрээс гарсан хоол ундны үлдэгдлийг цэвэрлэж, байгаль хамгаалах үүргийг нохойд бурхан багш оноосон юм чинь. Харин эзэн нь орой бүр ирэхдээ миний муу банхар сайн нохой гэж үс толгойг нь илж эрхлүүлэхэд тамир тэнхээ орох мэт сэргээд явчихна.

“Гадаад” нохой бол шал өөрөөр амьдарна. Хашаа байшин сахина гэж байхгүй, байнга гэрт морилж, гэрийн эзэдтэй зэрэгцэн хоол унднаас нь идэлцэж, диван дээр тэрийж, үе үе гэрийн эзэгтэйн өвөр дээр заларна. Шөнө том охиных нь өвөрт унтана. Бөлдөг нохой хааяа эзэгтэйн өвөрт хонож эх охин хоёрыг муудалцуулаад зогсохгүй гэрийн эзэнийг нэг л зэвүүн харцаар ширтэж үе үе архирах өнгө аяс илэрхийлнэ.

Гэрийн хойморт “гадаад” нохой архирч, төрийн хойморт “гадаад” хүн ахирч Монгол нэг л биш ээ. Өрх гэр улс гүрний хамаг л өнгөтэй өөдтэй болгоныг “гадаад”-ынхан хамж шимж идэх боллоо гэж жирийн иргэд халаглаж нэг ийм ер бусын гэмээр үзэгдэл Монголд газар авч байна.

Үүнийг түр орхиж төрийн албан хаагчдын ажил үйлсийн талаар хэдэн үг хэлье гэж бодогдлоо. Уг нь төрийн албан хаагчид улс эх орныхоо хөгжлийн төлөө шударга шулуун ажиллаж, мэрэгшсэн, дадлагжсан, тогтвор суурьшилтай, идэвх зүтгэлтэй гэж сайшаагдан зовхи нь өөдрөг явдаг байв. Гэтэл өнөөдөр ямархуу байдалтай байна вэ?

Өдөр болгон шахуу л Баасан “ажаа”-д “авилгач” давилгачаараа дуудуулж, өглөө ажилдаа ирэх бүр арай ч халагдчихгүй байгаа гэж сэтгэл түгшиж явдаг болжээ. Нэг дарга ирээд л бөөн халаа сэлгээ. Бүтцийн өөрчлөлт хийнэ л гэнэ, бүрэн эрхт даргын баг ирнэ л гэнэ. “Гадаад” хэл мэдэхгүй, компьютер ашиглаж чадахгүй л гэнэ. Нам эвслийн туршуул, насан өндөр болсон л гэнэ. “Гадаад” хэлний төвшин тогтоох шалгалт авна, ажлын цаг ашиглалт, багаар ажиллах чадвар үзнэ л гэнэ.

Харин эрхэлсэн ажлын мэдлэг чадвар, дадлага туршлага, төрийн албаны ёс зүй бол хуучин нийгмийн үнэт зүйлс, хоцрогдол чирэгдлийн нэг хэлбэр гэнэ. Ичгүүр сонжуургүй байдал, урваж шарвах, худал хуурмаг заль мэх, хээл хахууль бол өнөөгийн нийгэмд үл анзаарагдах байдлаар нэвтрэх ёстой үнэт зүйл нь гэнэ. Хүнд суртал, чирэгдэл төвөг бүхэн, байвал зохих энгийн нэг зүйл болж хэвшигдэх ёстой гэнэ. Хазгай хэлтэй, хагас дипломтой, авилгач даргыг ивэлгэгч мөнгөтэй л бол төрийн алба хашиж болдог гэсэн нийгмийн сэтгэл зүй тогтов.

Улс төрч гэж онцгой увидастай, сонгомол “мэрэгшил”-тэй, ичих нүүргүй элит давхрага бий болов. ХАА-н сайдыг бол элбэгхэн хийчих нь ээ хө би чинь хар багаасаа мах идэж өссөн хүн гэх юм уу?, Түлш эрчим хүчний сайдыг бол дөнгөнө шүү дээ манайх гэр хороололд байхдаа нүүрс түлдэг байсан гэх. Батлан хамгаалахын сайд бол цээжинд нэг багтаад л байнаа. Би чинь 45 хоног цэргийн карантинд байсан хал цэрэг шүү дээ гэх.

Гүзээнд наалдсан дэлүү гэдэг шиг, гишүүн дагасан туслах, дарга дагасан “услах”, лидер дагасан ивэлгэгч зальхай хүмүүс төрийн албанд дээгүүр заларч, албат нарынхаа доог тохуу, онигооны эзэн, авгай хүүхдийн амны зугаа болж, төрийн сүлд хийморь доройтож, төрийн жинхэнэ албан хаагчдын нэр хүнд буурч байна. Жил бүр салбарын төсөвт боловсон хүчний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, гадаад дотоод явуулж сургах талаар хэдэн арван саяар мөнгө хөрөнгө тусгагддагч шинэхэн даргын багийнхан шимийг нь хүртээд аялж жуулчлаад арилгах.

Ажлын шинэлэг арга барил санаачлах, шинэ технологи нэвтрүүлэх, идэвхи зүтгэлтэй, үр бүтээлтэй ажиллах талаар бодохтой манатай. Салбарын чиглэлээр “А” ч үгүй, аливаад зөвхөн хоноцын сэтгэлээр ханддаг шүдлэн дарга нарын сүржин яриа, хоосон тунхаглалаас залхаж, сэтгэцийн гажигтай гэж хэлж болохоор өгсөн үүрэг, тавьсан шаардлагыг нь аргацаах гэж хамаг цагийг барж үйлээ үзэж, үсээ зулгаах дөхнө.

Татвар төлөгчидийн хөрөнгө хаашаа урсах, байгууллагын нэр хүнд, ажил төрөл доошоо унах, удирдах албан тушаалтан хэн байх нь тэдэнд огт падгүй. Зөвхөн ажилаасаа халагдчихгүй л байвал бүх зүйл окей. Мэдсэн ч мэдээгүй юм шиг, сонссон ч дуулаагүй юм шиг таг чиг, нүдэн балай, чихэн дүлий явах нь аминд өлзийтэй гэсэн ганцхан зарчимтай өдөр хоногийг өнгөрөөнө.

Юм л бол үйлчлүүлэгч хаан та нар бол “боол”, япон, солонгос шиг бөхөлзөн тонголзож бай. Төр ард түмэндээ үйлчлэх ёстой инээж угт, эргээд гарахаар нь “харааж” сэтгэлээ тайтгаруул гэсэн шүү юм ярьж шогтоно. Дээрээс зэвүүн харцтай, ихэмсэг дүртэй дарга, доороос ямаан омогтой, сүржин дүртэй үйлчлүүлэгчдэд мэрүүлсээр байтал төрийн албан хаагчид зүрх нь үе үе өвддөг, санасанаа үе үе мартдаг, эргэж буцсан гэнэ гэнэхэн цочимтгой бас санааширсан нэг тийм донгиодуу төрхтэй амьтан болчих жишээтэй.

Соёлтой боловсролтой иргэнд төр нь үйлчилдэг наад захын соёлгүй хагас зэрлэг иргэнтэй бол төр нь хүчирхийлж байж нийгмийн хэв журам тогтоодог, ард иргэдээ аюулгүй, эрүүл саруул орчинд амьдруулдаг тийм бичигдээгүй хууль, дэлхий нийтийн тогтсон жишиг байсаар атал гадны төслөөр угжуулсан ардчилал хүний эрх гэж хоосон чамирхсан бие, сэтгэл, монгол төрх /ген/-өө бүгдийг нь худалдсан “бууны ноход”-ын өмнө Монголын төр сөгдөж, хийморь лундаа нь гутаж байна.

Төрийн албан хаагч мэрэгшсэн байж шийдвэр (тушаал, тогтоол, захирамж, төсөл)-ийн төсөл боловсруулахад санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжгүй, удирдлагад зөвлөх эрхгүй зөвхөн хий гэснийг нь гүйцэтгэдэг, юу хэлснийг нь бичдэг нэг тийм “биологи”-ийн робот болон хувирсан нь төр эзгүйдэх, төр хүчгүйдэх, төр сүргүйдэх мөн төр доройтохын эхлэл болж байна.

Үйлчлүүлэгч хаан, дарга бол хааны хаан, харин төрийн албан хаагч бол хэн ч биш боолын боол босгоны шороо гэх нь холгүй болжээ. Арга ч үгүй юм даа бид чинь Английн “колонь” орны “Төрийн албаны болон Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль”-ийг хуулаад баталчихсан юм чинь. Төрийн албан хаагчид нь боолын сэтгэлгээгээр ажиллахаас ч биш яах вэ дэ?


Минжүүрийн Далайхүү

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)