М.Далайхүү : Тусгаар тогтнол

Тусгаар тогтнол

1936 оны Монгол–Зөвлөлтийн харилцан туслалцах протокол хийгээд

монголыг тойрсон гэрээ хэлцлийн тухай

Нэг. Аливаа улс гүрний амин чухал асуудал бол тусгаар тогтнол. Бид Манжийн дарлалаас салж тусгаар улсаа тунхаглаад 99 дэх жилийнхээ босгыг алхаж явна. Энэ хугацаанд Монгол улсын тусгаар тогтнол 1919 оны 11-р сард Хятадын генераль Сю Шүжан үлэмжхэн цэрэгтэй Монголд шууд цөмрөн орсон үед нэг ганхаж, 1939 оны 5-р сард Японы 6-р армийн анги нэгтгэлүүд дорнот хилээр цөмрөн орж ирсэн үед бас дахин нэг доргисон удаатай. Монгол орныхоо тусгаар тогтнолын төлөө үе үеийнхний урссан цус, асгарсан хөлс, шаналсан сэтгэлийг бид тэр бүр санаж явдаг билүү.

Японы цэрэг 1931 оны 9 сард Мүгдэн хотыг довтолж, 1932 оны 1 сард Манжуурыг эзлэв. Мөн оны 9 сард Манж чин улсын сүүлийн эзэн хаан Пу И-г залж Манжго улс гээчийг байгуулснаа зарлаж өвөрлөгчийн Хөлөн буйр, Жирэм, Зост, Зуу-Үд зэрэг чуулган /аймаг/-ыг эзлэн авч Автономит Монгол улс гэгчийг Манжго улсын бүрэлдэхүүнд байгуулснаа зарлаж, Японы цэргийн хүчийг нутаг дэвсгэртээ байрлуулах тухай цэргийн холбооны гэрээ байгуулж, Квантуны армийн командлагчийг Манжго дахь Японы элчин сайдаар томилов.

Зүүн хойт Хятадыг эзлэн авсан Японы цэргүүд 1934 оны эцэс 1935 оны эхээр БНМАУ–ын дорнот хилд тулж ирэн, хилийн дагуу цэргийн хүч хуримтлуулах, засмал зам, төмөр зам, холбооны шугам тавьж, нисэх онгоцны буудал, цэргийн бэхлэлт барьж байгуулж эхлэв.

Манай улсын дорнот хил дээр дайны хярвас ханхалсан ээдрээ түгшүүртэй хэцүү үеүүдэд П.Гэндэн тэргүүтэй Монголын төлөөлөгчид Зөвлөлт засгийн газрын урилгаар 1934 оны 10 сар, 1935 оны 12 сард хоёр ч удаа Москвад айлчилж гэрээ хэлцэл хийсний дүнд 1936 оны 3 дугаар сарын 12-нд БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд “Монгол-Зөвлөлтийн харилцан туслалцах протокол”-д Улаанбаатар хотноо гарын үсэг зурав. Тус протоколоор “БНМАУ ба Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсыг ямар нэгэн гуравдугаар этгээд халдан довтолбол бие биедээ тусламж үзүүлнэ” хэмээн өмнө нь тохирсон аман хэлцлийг хүчин төгөлдөр баримт бичиг болгож, манай улсыг олон улсын харилцааны эрх зүйн субьект гэдэгийг сануулсанаараа чухал үйл явдал болсон юм. Энэхүү үйл явдлаас хойш 74 жил өнгөрч байгаа ч өнөө хир түүхэн ач холбогдлоо алдаагүй байгаа билээ.

1936 оны 3 сарын 01-нд И. Сталин АНУ-ын “Скриппс-говард ньюспейперс” сонины нэгдлийн дарга Рой Говардтай хийсэн ярилцлагадаа “хэрэв Япон БНМАУ-ын тусгаар тогтнолд халдан довтлох аваас бид БНМАУ-д туслах болно. Бид БНМАУ-д 1921 онд тусалсан шигээ тусална” гэж мэдэгджээ. Ийнхүү БНМАУ-ын Засгийн газрын хүсэлтийн дагуу Зөвлөлтийн цэргийн анги, нэгтгэлүүд Монголын нутагт ирж, тус улсын дорнот хэсэгт байрлав. 1936 онд батлан хамгаалах зардлыг 2 дахин, цэргийн тоог 30.0 хувь, зэвсэг техникийн хангамжийг 40.0 хувь нэмэгдүүлэв.

Цэргийн түүх судлаач, эрдэмтэдийн үзэж байгаагаар Халх голын дайн 1939 оны 05 сарын 11-нд хорь орчим км газар японы 6 дугаар Армийн анги нэгтгэлүүд БНМАУ-ын дархан хилд гэнэт халдан довтолсноор эхэлжээ. Энэхүү байлдаанд хоёр талаас 1000 гаруй нисэх онгоц, 600 гаруй их буу, минемет, 200.0 мянга орчим цэрэг, 1000 орчим танк, хуягт оролцож, байлдааны ажиллагаа 4 сар шахам үргэлжилсний 2 сар шахам нь жинхэнэ цус асгаруулсан тулаан байсан байна.

Монгол Зөвлөлтийн цэргийн ангиуд манай нутагт цөмрөн орж ирсэн Квантуны армийн анги нэгтгэлүүдийг нэгэн зэрэг хэсэглэн бүслэн авч хүчийг сарниулах тактик хэрэглэсэн нь амжилтанд хүрч Японы 25.0 мянга цэрэг дайны талбарт амь үрэгдэж, манай талаас 9824 хүн үрэгдэж шархтжээ. Японы “Асахи” сонины 1939. 10. 04-ний дугаарт “Болж өнгөрсөн үйл явдал нь цар хүрээ хүнд ноцтойн хувьд нэг өдөр ярьж барахгүй тийм өргөн агуулгатай ажээ. Монголын талд манай цэргийн хүүр багширч үлджээ ...... Номун хааны районд олж авсан сургамжаа бид хатуу санаж байх хэрэгтэй” гэж бичиж байсан байна. Халх голын дайнд оролцсон ахмадуудын дурсамжинд агаарын тулааны үед нар харагдахгүй болж байсан тухай яриа нь тийм ч ор үндэсгүй зүйл биш бололтой. Зөвхөн 1939 оны 06 сарын 27-нд гэхэд Тамсагт байрласан манай нисэх базыг Японы 24 хүнд бөмбөгдөгч, 6 хөнгөн бөмбөгдөгч, 77 сөнөөгч нийт 107 онгоцоор довтолсон байна. Халх голын энэ дайнд японы тал 660 онгоц, Зөвлөлт-Монголын тал 204 онгоцоо алджээ. Зуу зуугаараа нисэж яваа онгоц байтугай, арав хориороо цуваад явж байгаа машин хараагүй Монголчуудын хувьд энэ агаарын тулалдаан үнэхээр сүрдмээр, гайхмаар байсан нь хэнд ч ойлгомжтой байгаа байх.

Ийнхүү Монгол-Зөвлөлтийн арми манай хилд шургалан орсон дайсныг бут цохиж үлдэгдэл хэсгийг нь үлдэн хөөж хилийн дээс давуулснаар Халх голын дайн дуусгавар болж Япончууд 1939 оны 9 дүгээр сарын 16-нд бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар төгсгөл болсон түүхтэй билээ.

Японы зүгээс удаа дараа хилийн зөрчил гаргаж, өдөөн хатгасан үйлдлийг таслан зогсооход манай дайчид үүргээ сайн биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, Ш. Гонгор Д. Дэмбэрэл, Ч. Шагдарсүрэн нар Улсын баатар цолоор шагнагдаж байсан бол Халхын голын дайны явцад Л.Дандар, Ц.Олзвой, Д.Хаянхярваа, С.Төмөрбаатар нарын олон хүн энэхүү хүндтэй алдар цолыг хүртэж байсан билээ. Түүх түүхээрээ үлдэж, түмний өмнө байгуулсан гавъяа үүрд мөнх оршдог билээ.

Хоёр. 1905 оны Оросын хувьсгал, 1911 оны Хятадын Синьхайн хувьсгал, 1917 оны 2 дугаар сарын Оросын хөрөнгөтний хувьсгал мөн 1917 оны 10 дугаар сарын “социалист” хувьсгал зэрэг нь Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд хүчтэй нөлөөлсний үр дүнд Манжийн дарлалд 222 жил нухлагдсан Монголчууд тусгаар тогтнолоо зарлаж, 1911 оны 12 дугаар сарын 29-нд Богдыг “Монгол улсын наран гэрэлт, түмэн наст Богд эзэн хаан” хэмээн өргөмжлөв.

Синьхайн хувьсгалын үр дүнд 1912 онд Дундад иргэн улс байгуулагдав. Манж гүрэн задран унаж Монгол, Хятад гэсэн хоёр улс бий болов. Гэтэл дундад иргэн улс өөрийгөө Манжийн залгамжлагч гэж үзэж Монголыг бүхэлд нь эзлэх санаархлаа хүчтэй явуулж, Богд Жавзандамбад нот бичиг илгээж, тусгаар тогтнол гэгчээсээ татгалзан бүр устгахыг шаардсан боловч Богд хаант Монгол улсын Засгийн газар хүлээн аваагүй. Иймээс Хятадын тал шууд Орос улстай Монголын талаар яриа хэлцэл хийж эхлэв.

Монгол ч бас зүгээр суусангүй 1912 онд Монгол улсын Гадаад яамны сайд Чин ван Ханддорж тэргүүтэй, 1913 онд Ерөнхий сайд сайн ноён хан Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчдийг хаант Орос улсад илгээв. Төлөөлөгчид Оросын талд Монголын тусгаар тогтнолыг бүрэн хүлээн зөвшөөрөх, түүнд Барга, дотоод Монголыг хамруулах санхүүгийн зээллэг олгох, зэвсэг худалдаалах, Петрбург дэх гадаадын элчин нартай уулзуулж хэлэлцээ хийх бололцоо олгох зэрэг асуудлыг тавьж байв.

Энэ үед Оросын тал Монголын асуудлаар Монгол, Хятадын хооронд хоёр нүүрт бодлого явуулж, Монголос болж Хятадтай дайсагнаж болохгүй, Хятадын шахалтаас болж Монголыг бүр мөсөн орхиж болохгүй гэсэн ацан байдал үүссэн байжээ. Хөрш зэргэлдээ хоёр улс зэрэг илч төлөөлөгчдөө илгээж, нэг нь болохоор Барга, Өвөр Монголыг оролцуулаад тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч өгөөч гээд гүйгаад байдаг. Нөгөө нь юу яасны чинь Барга, Өвөр Монголыг өгөх, Ар Монголын тусгаар тогтнолыг цуцал, Хятадын нэг хэсэг гэж үз гээд тулгаад байдаг. Энэ үед хаант Оросын дотоод байдал дайн дажинтай тайван бус бусдад санаа бодлоо тулгах нь байтугай, өөрсдөө яая гэж байсныг хэлэх үү?

Аль алиных нь хүсэлтийг харгалзаад алтан дунджийг барьсан биз. Ингээд Орос Хятадтай “Ар Монголыг Хятадын эзэнт эрх бүхий автономит улс” байлгахаар 1913 оны 9-р сард сэм тохирч, улмаар 1915 онд Хиагтад болсон Орос, Хятад, Монгол гурван улсын хэлэлцээрийн үеэр хоёр их хөрш хавсайдан өөрсдийнхөө болзлыг тулган хүлээлгэснээр Монголын тусгаар тогтнол дахин алдагдах бодит аюул тулгарсан юм. Ийнхүү 1914 онд Тагна Урианхайн хаант Оросын протекрат болж, Алтай нурууны өмнөт бэл, Хар Эрчис, Чигил, Булган, Өрөнгө гол, Өрөнгөр нуурын сав дагуух Монголын нутаг Хятадын мэдэлд оржээ. Үүгээр Өвөр Монгол, Барга болон бусад Монгол угсаатны Монголын төрдөө нэгдэн нийлэх гэсэн хүсэл эрмэлзэл хөсөр хаягдсан түүхтэй.

Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо гүйцэд сэргээхийн төлөө үргэлжлүүлэн тэмцэхдээ мөн л умарт хөрш Орос улсыг түшсэнээр 1921 оны Ардын хувьсгал ялж, Монголын үндэсний тусгаар тогтнол үндсэндээ бүрэн хангагдсан гэж хэлж болох билээ.

Орос, Япон хоёр Ар, Өвөр Монголд өөрсдийн ашиг сонирхлын хүрээг тэлэх нууц хэлцлийг 1907 онд байгуулж, 116–р уртрагаас зүүн тийшээ Японы, баруун тийшээ Оросын нөлөөг бэхжүүлэхээр тохиролцож бие биеийн ашиг сонирхлыг зөрчихгүй гэсэн үүрэг хүлээж, 1912 оны 6 сард гарын үсэг зурсан учраас гуравдагч хөрш /Япон/-өөр төлөөлөл болгон олон улсад тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэх гэсэн Богд хаант Монгол улсын бодлого мухардалд орсон юм. Бүр 1689 онд Манж, Ар Монголыг эрхшээлдээ оруулмагц Орос улстай Нэрчүүд “Найрамдлын гэрээ” байгуулснаар Манжийн эсрэг Ар Монголд 1757-1758 онуудад тусгаар тогтнолынхоо төлөө боссон Монголчуудыг манлайлж явсан Чингүнжав, Ойрдын Амарсанаа нарын эх орончид хойд хөрш Оросоос тусламж дэмжлэг авах боломжийг хааж, гарыг нь мухарлаж байсан удаатай билээ.

Жижиг буурай орны хувь заяаг шийддэг Их гүрний бодлого өнөөдөрч хэвээр байгаа гэдгийг залууст сануулах зорилгоор үүнийг тэрлэснийг уншигч авхай эргэцүүлнэ биз дээ. Сүүлийн үед Монгол дахь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хойд хөрштэй харш, урьд хөрштэй уриалгахан хандах бодлого баримталдаг болсон нь илэрхий харагдаж байгаа билээ. Аз уу эз үү бүү мэд. Нэг гэгээн цагаан өдөр Оросууд наадах чинь тэртээ тэргүй танайх болсон авбал ав харин бидэнд үлдэх хувийг орхичих гээд хэлчихвэл яанаа гэсэн муу совин татах болсныг нуугаад яахав дээ.

М.Далайхүү

2010. 03. 10

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Зочин

Тусгаар тогтнолын үнэ цэнэ өнөө үед алдагдаж байна. Зарим залуучууд үүх түүхээ судлахгүйн дээр, гадны нөлөөнд хэт автаж, архи дарс, өнгө мөнгөд шунахаас өөрийг мэдэхээ больжээ. Төр засаг үүнд анхаарал тавих цаг нэгэнт болсон гэж бодож байна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)