М.Далайхүү : Ардчилсан социалист үзэл санаа (үүсэл хөгжил, үнэт зүйл, одоо ба ирээдүй)

Эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх, эв найртай амьдралын тухай хүн төрөлхтөн зөвхөн 1830–аад оноос ярьж эхэлсэн юм биш балар эртний гэгдэх хууч яриа, домог шашны зохиол бүтээлүүд ч социалист үзэл санааны үр хөврөл дурьдагдсаар ирсэн байна. Эртний Грекийн домогт Ямбул гэгч далайчин эр төөрч, хөвж явсаар “нэгэн арал дээр ирэхэд тэнд дээр дорын ялгаагүй бүгдээрээ хөдөлмөрлөж, бүтээгдэхүүнээ тэгш хуваарилан авч, аж төрдөг шударга, эрх тэгш нийгмийн байгуулалтай байсан тухай” гардаг. Христийн шашин эхэн үедээ нийгмийн тэгш байдал, шударга ёсыг эрхэмлэдэг, баяжихын эсрэг хандлагатай байсан ба бүх хүн бурханы бүтээл учраас түүний өмнө адил тэгш хэмээн сургаж, хамтран ажиллаж, амьдрах гэсэн оролдлого христийн шашны түүхэнд олонтоо гарч байсан бөгөөд одоо ч бас ийм бүлэг /сект/-үүд байсаар байгаа билээ. Христийн шашин хожим нь Ромын эзэнт гүрний албан ёсны шашин болон хувирч дээдэст ойртсоноор социалист үзэл санааны үр хөврөлөө аажмаар гээжээ. Ази дорно дахины Буддагийн сургаалын хүнлэг, энэрэнгүй байх номнол нь социалист үзэл санааны зарим элементийг өөртөө агуулсан байдаг.

Социалист үзэл санаа нь XVIII зууны сүүлч XIX зууны эхэн хүртэл домогийн шинж байдалтай, сайхан нийгмийн тухай сэтгэлгээ болон гарч ирсэн бөгөөд дараа нь капитализм хөгжиж эхлэх үед түүний сөрөг талыг шүүмжилсэн баялагийн хэт их төвлөрөл нь цөөнхөд хуваарилагдаж, ядуурал, тэгш бус байдал хямралд хүргэж байна гэсэн ерөнхийдөө гүн ухааны бясалгалын шинж чанартай, харин XIX зууны 40-өөд оны үед нийгмийн хөгжлийн тухай ихээхэн цэгцэрсэн онол суртахуун болж Европын Социалист намуудын албан ёсны үзэл суртал болон хувирсан байна.

Анхны социалистуудын үзэл санааг тунгаан авч үзвэл “Нийгмийн муу муухай бүхний үндэс нь нийгмийн гишүүдийн цөөнх асар их өмчийн эзэн байж баян тансаг амьдарч байхад олонх өмчгүй ядуу байгаа явдал” гэж үзэж байв. Социалистуудын анхны төлөөлөл болох А.Сен Семон (1760-1858) Шарьл Фуре (1772-1837) нар өмчтэй, өмчгүй хүмүүс найрсгаар аж төрж болох нийгмийн ухаалаг зохицуулалт бий болгох, ялангуяа өмчтэй хүмүүст ухааруулах ойлгуулах явдал гэж үзэж байсан бол Моррелли, Роберт Оуэн (1771-1858) нар хувийн өмчийг устгах явдал /коммун байгуулах/ гэж үзэх хандлага зонхилж байсан байна.

Социалист үзлийн эхэн үеийн сэтгэгчдийн нэг Жан–Жак Руссо (1712 -1778) “Нийгмийн гэрээ” гэдэг зохиолдоо “Хүн эрх чөлөөтэй төрдөг, гэвч газар сайгүй дөнгөтэй байна” гэсэн алдарт хэллэгээр эхэлж хүмүүсийн нийгмийн /улс төрийн/ тэгш бус байдал нь хувийн өмч буй болсноор эхэлсэн. Энэ нь баян хоосны хооронд тэмцэл гарах шалтгаан болсон. Энэ байдлаас гарахын тулд төрийг бий болгосон гэвч өмчийн хувьд төдийгүй улс төрийн эрхийн хувьд хохирч тэгш бус байдал даамжирсан. Үүнээс гарахын тулд ард түмэн эрх баригчдын хооронд жинхэнэ ёсоор “Нийгмийн гэрээ” байгуулах явдал гэж үзэж байжээ. Гэрээний үр дүнд ард түмэн бүрэн эрхт субъект, хувь хүн иргэн болж хувирна. Хувь хүн болон түүний өмчийг бүх нийтийн хүчээр хамгаална. Иргэн чөлөөт байдлаар амьдарна гэсэн санааг дэвшүүлж байжээ. Тэрээр хувийн өмчийг устгах санаа тавиагүй ч иргэдийн өмчийг тэгшитгэх ёстой гэж үзэж, баян хоосны туйлширлыг шүүмжилж байсан байна.

Улс төрийн наад захын эрхгүй, өмч хөрөнгөгүй, эрдэм боловсролгүй, ядуу доорд хүмүүс аль ч нийгмийн үед байсаар байсан. Харин тэр хэсэг нь хүн амын олонхи уу? аль эсвэл цөөнхийг эзэлж байна уу? гэдэгт ялгаа нь оршино. Боолчуудыг үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажиллуулж, өлмөн хоолтой, зөлмөн хувцастай л байлгаж, эзэн нь бараа товар мэт бусдад худалдаж, мал адгуус мэт алж болдог байв. Эзэн боолын хооронд гарсан зөрчилийн хамгийн том жишээ болж дэлхийн түүхэнд үлдсэн тэмцлийн нэг бол “Спартакчуудын бослого” билээ.

Эртний Ромын мөхлийн дараа бараг 1000 жил үргэлжилсэн, Европ дахинаа дундад зуун гэж нэрлэгддэг энэ урт удаан хугацаанд Христийн шашин нийгмийн оюун санааны амьдралд хуваарьгүй ноёрхож, улс төр, эдийн засгийн амьдралд язгууртнууд /тайж нар/, сүм хийдийн том толгой мяндаг тушаалтан, лам нар гол байр суурийг эзэлж байлаа. Хамжлагат тариачдыг боол шиг зарж үрж, алан хядаж байгаагүй ч зөвхөн нэг л эзний тариан талбай, цехэд насаар нь хадаж хийсэн бүтээсэн зүйлийнх нь “99” хувийг эзэн нь авч үлдсэн ганцаар нь өрх гэрийнхээ амин зуулгыг арай ядан залгуулж, тэд бүхий л насаараа үе удам дамжин нэгэн эзэнд үнэ хөлсгүй зарцлагдаж байв.

1789 оны Францын хувьсгалын гол зорилго бол нийгмийн амьдрал дахь хаан, язгууртан, сүм хийдийн давуу эрхийг арилгах, хааны засаглалыг сонгож байгуулдаг засгаар солих, газрын шинэтгэл хийх эдийн засаг, нийгмийн чөлөөт байдлыг бий болгох явдал гэж үзэж энэ зорилгоо хэрэгжүүлсэн юм. Олон зууны турш дархлаажсан эдгээр давхрагын эрх ямбанд 1789 онд болсон Францын хийгээд, хөрөнгөтний бусад хувьсгал цэг тавьсан ч нийгмийн доторхи тэгш бус байдлыг арилгаж чадаагүй юм. Ийнхүү “Эрх чөлөө, тэгш эрх, ах дүүсэг ёсны төлөө” гэсэн хүн төрөлхтний олон үеийнхний мөрөөдөл тунхаг хэвээр үлдэв.

Энэ үед социалистууд “Нийгмийн илүү сайн зохион байгуулалт”–ын төлөө оюуны эрэл хайгуул хийж эхэлсэн юм. Социалист үзэл санааг бие даасан үзэл онол болон хөгжихөд хүчтэй нөлөөлсөн өөр бас нэг хүчин зүйл нь Английн аж үйлдвэрийн хувьсгал байв. 1765 онд уурын хөдөлгүүр, 1769 онд ээрэх машин, 1786 онд сүлжмэлийн суурь машин, 1803-1814 онд галт тэрэгний уурын зүтгүүр улмаар цахилгаан хөдөлгүүр зохион бүтээгдэж машинт том үйлдвэрлэл бий болсноор нийгмийн баялаг ихээхэн нэмэгдэж, том том хотууд тэдгээрийг холбосон төмөр замын сүлжээ байгуулагдаж, тариачид үй олноор аж үйлдвэрийн салбарт шилжиж, хөлсний хөдөлмөр эрхэлсэн ажилчин анги бий болов. Боол мэт нухлагдаж, хамжлага мэт хадагдаагүй ажилчин анги улс төр, үзэл санааны харьцангуй эрх чөлөө эдэлж, ажилчдын зүгээс эрх ашгаа хамгаалах оролдлого хийж, ажилчны хөдөлгөөний үүсэл тавигдав. Ажилчин ангитай хамт түүний “Нийгмийн асуудал” буюу хөдөлмөр ахуйн нөхцлийг нь сайжруулах, эрүүл мэндийг нь хамгаалах, сурах боловсрох бололцоогоор хангах тухай асуудал шинээр бий болов.

Нийгэмд хөрөнгөтөн болон ажилчин гэсэн зонхилох хоёр анги үүсэж, сонирхлын хувьд ялгаатай болохоо ухамсарлаж эхлэв. Ажилчид хөдөлмөрийн нөхцөл сайнгүй байсны дээр хоногт олон цаг ажиллаж бага хөлс авч байв. Хүн төрөлхтний нийгэм, улс төр, эдийн засагт урьд хожид байгаагүй ихээхэн огцом эргэлт гарсан энэ үед К.Маркс, Ф.Энгельс нар Социалист үзэл санааг эдийн засаг, нийгмийн хөгжлийн онолтой холбон тайлбарлаж, хүн төрөлхтний түүхнээ Марксизм хэмээн нэрлэгдсэн нэгэн урсгал /социалист үзэл санаа нэгэн хэвшмэл загварт баригдаж байгаагүй бөгөөд өөр өөрийн гэсэн өнгө аястай урсгал чиглэлээр хөгжиж байв/-ыг онолын түвшинд боловсруулан тавьсан юм.

Марксизм нь социалист үзэл санааны бусад урсгалуудын нэгэн адил хөрөнгөтний нийгмийн сөрөг талыг арилгах эрмэлзлийг агуулдаг ч энэхүү сөрөг тал нь энэ нийгмийг устгаж байж сая арилна. Бөөгнөрөл төвлөрөлийн үр дүнд үйлдвэрлэл нийгмийн шинж чанартай болон хувирч зөрчил хурцдана. Энэ зөрчил нийгэмд тэгш бус байдлыг улам нэмэгдүүлнэ. Нийгмийн нэг туйлд цөөн тооны хөрөнгөтний гарт асар их баялаг хуримтлагдах ба нөгөө туйл дээр ядуурал урьд хожид байгаагүйгээр нэмэгдэнэ. Дундчуудын давхраа нимгэрч /цөөрч/ бараг алга болно. Энэ бүхэн нийгмийн зөрчлийг дээд цэгт нь хүртэл хурцатгаж, нийгмийн хувьсгал гарч хөрөнгөтний нийгэм мөхөх болно. Хөрөнгөтний нийгмийг булшлах хүч нь дарлал мөлжлөгөөс өөр юу ч эс алдах ажилчин анги мөн гэж үзэж байв. Энэ бүх тохироо 1917 онд орос оронд бүрдэж ОСИХ ялснаар бодит социализмын тухай ойлголт дэлхий дахинаар түгсэн юм.

Зөвлөлтийн социализм нь ард түмэнд энх тайвныг, тариачдад газрыг, зөвлөлүүдэд засгийн эрхийг, үндэстнүүдэд өөртөө засах ёсыг олгосон юм. Хэрэв ард түмэн гуйланч байдалд эрс орвол, хэрэв тэдний амин чухал ашиг сонирхлууд хангагдахгүй удааширвал нийгмийн хувьсгал хойшлуулашгүй зүйл болдог гэдэг сургамж өгснөөрөө ОСИХ–ын мөн чанар оршино. ХХ зууны түүх бол дундад зууны үлдэгдлүүдийг эцэслүүлсэн, дэлхийн колоны тогтолцоог нураасан, хүн төрөлхтний хамтын нийгэмлэгийн үндсийг доргиосон, дарлагдсан бүхний өнийн мөрөөдөл социалист иргэншилд орох замыг нээсэн хувьсгалуудын зуун байв.

Зөвлөлтийн социализм аж ахуйн байгуулалтыг удирдах төлөвлөгөөт хөшүүргийн үндсэн дээр улс орны эдийн засгийн хөгжлийн хурдацыг хангах, асар богино хугацаанд улс орныг үйлдвэржүүлэх, нийгмийн амьдралаас ангиудын хурц мөргөлдөөнийг зайлуулах, олон үндэстний нэгдмэл гэр бүлсэг сэтгэлийг бэхжүүлэх, нийт хүн амын эрүүлийг хамгаалах, боловсрол, соёлын түвшинг дээшлүүлэх, шинжлэх ухааны хөгжлийг тэргүүлэх чиглэлтэй болгох зэрэг орос оронд өмнөх нийгмийн байгуулал хийж чадаагүй олон чухал асуудлуудыг шийдвэрлэж, фашизмтай хийсэн тэмцэлд онцгой үүрэг гүйцэтгэн хоцрогдсон орос орныг дэлхийн их гүрнүүдийн нэг болгож чадсан юм.

Гэвч тэд капитализмтай зэрэгцэн оршсон 70 гаруй жил буюу дэлхийн хоёр системийн үзэл суртал, улс төр, эдийн засгийн “уралдаан”–д ялагдал хүлээсэн билээ. Удирдлагын төлөвлөгөөт систем, боловсрол, эрүүлийг хамгаалах, хүн амын нийгмийн хамгаалалт зэргийг багтаасан зөвлөлтийн социализмын ололт, амжилтыг өрнөдөд зээлдэн авч, боловсронгуй болгон өөрийнхөө зорилгод амжилттай ашиглан амьдрах чадвараа улам бүр бэхжүүлж байхад зөвлөлтийн социализм шинэ багуулалтын хамгийн давуу тал болох ардчиллыг үл тоомсорлож өрсөлдөгчөөсөө суралцаж чадаагүйд оршино. Тэд хувь хүний сэтгэн бодож чөлөөтэй туурьвих, шашин шүтэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, сонгох сонгогдох эрх чөлөө, хөдөлмөрийнхөө үр дүнгээр хувийн өмчтэй байх эрхийг хязгаарлаж, зарим тохиолдолд бүр мөсөн хориглож, албадлага хүчирхийллийг хослуулан гол төлөв захиргаадан захирах аргаар шинэ нийгмийг байгуулж социалист үзэл санааг ягшмал үзэл, хөнгөн хуурмаг дүгнэлт, өөрийгээ хамгаалсан зэрэмдэг үзэл болгосноор төрийн хүнд сурталт социализм болон хувирсан юм. Уг загвар үйлдвэрлэх хүчний орчин үеийн түвшинг ч, хөдөлмөрийг үр өгөөжтэй болгох идэвхийг ч, нийгмийн шударга ёсыг ч, хүн амын экологийн аюулгүй байдлыг ч хангах чадваргүй болсон нь нэгэнт ил болж хоёр системийн “Уралдаан”–д ялагдан нуран унасан юм. Хүн төрөлхтний түүхэнд хэрэв тэгсэн бол гэсэн ойлголт нэгэнт байдаггүй болхоор түүх түүхээрээ л үлдсэн билээ.

XIX зууны 40-өөд оноос илүү цэгцтэй, илүү үнэмшилтэй үндэслэгдсэн ихээхэн эрч хүчээ авсан социалист үзэл санааны нэгэн урсгал болох Марксизмын онол суртахуун ийнхүү XX зууны эцсээр мухардалд орсноор дарлагдсан бүхний үе үеийнхний өнийн мөрөөдөл болсон социалист үзэл санаа төгсгөл болоогүй юм.

Ер нь XIX зууны эхэнд социализмын үзэл санаа нь үйлдвэрлэл хөгжсөн нийгэмд нөлөөтэй бас “халгаатай” болж эхэлсэнээс хойш социализмыг үзэн ядагчид түүнд байнга мөхлийн ялыг ямар ч жудаггүйгээр илүү дутуу тайлбаргүйгээр тулгаж байсан юм. 1989 оны 6 сард Стокгольм хотноо хуралдсан социалист интернационалийн XVIII их хурлаас баталсан зарчмын тунхаглалдаа “Ардчилсан социализм хэмээх нэгэн нийтлэг зорилгын дор өөр өөр уламжлалтай нам улс төрийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн социалист интернационал эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн төлөө уламжлалт тэмцлээ энх тайван, хүрээлэн буй орчныг хамгаалах, өмнөдийг хөгжүүлэхийн төлөө тэмцэлтэй хослуулж байна” гэж мэдэгдсэн юм.

Зөвлөлтийн социализм нуран унаснаар л Марксист онолыг шүүмжилж эхэлсэн юм биш. ХХ зууны эхэнд социализмын онол, практикийн хооронд зарчмын зөрүү ажиглагдах болов. Марксын хэлсэнчлэн ангийн тэмцэл улам бүр хурцадсангүй. Капиталийн хуримтлал цөөхөн хүний гарт төвлөрч, дунд анги үгүй болж, ажилчдын амьдрал, хөдөлмөрийн нөхцөл улам бүр доройтсонгүй. Харин ч ажилчдын эрх ашгийг хамгаалагч ҮЭ зэрэг байгууллагуудын нөлөө ихсэж, Германы СДН зэрэг социалист намууд хөгжингүй орнуудын парламентад суудалтай, нөлөөтэй болж ажилчдын ажлын цагийг цөөлөх, цалинтай амралт бий болгох, ажилгүйдлийн тэтгэмж зэрэг асуудлаар олон түмний эрх ашигт нийцсэн хуулиудыг батлуулж байв.

Хөрөнгөтний нийгмийн үйлдвэрлэлийн нягтрах үйл явц нь хязгааргүй олон жижиг дунд үйлдвэрүүдийг цөөрүүлж хэдхэн аварга том үйлдвэрүүдтэй болгоно гэсэн таамаглал тэр бүр яг биелэлээ олсонгүй. Том, жижиг, дунд үйлдвэрлэгчийн тоо адилхан өсөж байв.

Жижиг, дунд үйлдвэрүүдийг дагаад бие даасан дундаж давхарга байсаар байсан бөгөөд хувийн ба улсын байгууллагуудыг түшмэд /шинэ дундаж/–ийн давхарга удирдах болов. Ажилчин ангийн дотор ч боловсролын түвшин, мэрэгшсэн байдал, ашиг орлогоосоо хамаарч дотоод ялгаварлалт явагдаж, дарлалын гинжнээсээ өөр алдах юмгүй цул нэгдмэл хүчин байх чанараа гээж эхлэв. Үйлдвэрчний эвлэлүүдийн ачаар ажил олгогч, ажилчдын хоорондын зөрчилдөөнийг зөөлрүүлэх хэлбэрүүд удаан ч гэлээ улам баяжигдаж байв. Картелуудын хоорондох аж ахуйн зохион багуулалт, төрийн эдийн засгийн зохицуулалт нилээд сайжирсны ачаар гэнэ гэнэ гардаг эдийн засгийн гүн хямралууд тэдгээрийн сөрөг үр дагавар багасах хандлага ажиглагдах болов.

Энэ бүхний үндсэн дээр социалистууд нийгмийн болон дэлхий ертөнцийн байдалд дүн шинжилгээ хийж үзэл санаагаа шинэчлэн цэгцэлж, хөгжлийн гуравдагч замыг сонгосон бөгөөд түүхэнд тэдгээрийг Ревизионистууд гэж нэрлэж, үзэл санааг нь Ревизионизм гэж томъёолсон нь ардчилсан социализмын үндэс болсон юм.

Ийнхүү социалист үзлийг тэр үеийн нийгмийн хөгжилд нийцүүлэн шинэчлэх, хөгжүүлэх оролдлогууд гарч эхэлсэн бөгөөд түүний нэг гол төлөөлөгч нь Германы социалист Эдвард Бернштейн (1850-1932) юм. Тэд шинэ нөхцөлд хувьсгал хийх замаар хөрөнгөтний нийгмийг устгаж, шинэ сайхан нийгэм байгуулах биш харин социалист үзэл санааг шингээсэн өөрчлөлтүүдийг алхам алхамаар өдөр тутам хэрэгжүүлэн, хөдөлмөрчдийн сонирхолд нийцүүлэн хувьслын замаар нийгмийг өөрчилж болно гэж үзсэн юм.

Томас Майер “Социал-Демократ үзэл санаа ба нийгмийн ардчилал” номондоо “Маркс түүхийн зорилтын хувьд социализмд ямар замаар хүрэх вэ? гэдэг асуудалд өөрийн бүтээлүүддээ, заримдаа нэг зохиолдоо хүртэл хоёр боломжийн хооронд эргэлзэж байсан” гэж бичжээ. Маркс “Олон улсын ажилчны нөхөрлөл” (I интернациональ 1864-1872), программт хөгжлийн тухай зэрэг өгүүллэгүүддээ “Хэрэв төрийн байгуулал нь ардчилсан шинжтэй, ажилчин ангийн зохион байгуулалт нь хүчтэй, зорилго тэмүүлэлтэй байвал хөрөнгөтний нийгэм яваандаа шинэ нийгэмд хувьсаж болно. Хувьсгал гэдэг нь нийгмийг үндсээр нь өөрчлөх гэсэн үг юм. Тиймээс урьдчилан сайн бодож боловсруулсан оновчтой алхмуудын тусламжтайгаар энхийн замаар ардчиллын үндсэн дээр социализм хэрэгжинэ” гэж тэмдэглэсэн нь буй.

Марксизмын онол цааш Марксизм-Ленинизм болон хөгжихдөө зөвхөн хувьсгалын замыг цорын ганц зөв зам гэж сонгож, Ленин 1919 онд коммунист /III/ интернационалийг үүсгэн байгуулж, энэхүү интернациональд элсэх нам нь Марксизм-Ленинизмын сургаалыг заавал хүлээн зөвшөөрсөн. Хамтын ажиллагааны гол зарчим нь ЗХУ-ыг дэлхийн анхны “Социалист” орон гэж үг дуугүй дэмжиж (бусад намуудын үндэсний эрх ашгийг тэр бүр үл анзаарч) зөвлөлтийн загварыг заавал дагах ёстой гэж үзэж түүнийгээ “Пролетарийн интернационализм” гэж тодорхойлсноор дэлхий дахины социалист ажилчны хөдөлгөөнд хагарал гарсан түүхтэй.

Ийнхүү дэлхийн социалист ажилчны хөдөлгөөн оросын большевикууд ба тэдэнтэй санаа нэгдсэн нэг хэсэг фракц, тэдгээрт шүүмжлэлтэй хандсан ардчилалаар баримжаалсан өөр нэг хэсэг болон хоёр хуваагдсан байна. Оросын большевикууд 1918 бид өөрсдийн намыг Коммунист гэж нэрлэв. Үүнээс үүдэн коммунизмтай зарчмын хувьд зөрүүтэй гэдэгээ батлахын тулд Германы социалистууд өөрсдийгөө ардчилсан социалистууд гэж нэрийдэн, өөрийн программыг “Ардчилсан социализм” гэж тодорхойлжээ. Ийнхүү ардчилсан социализм гэдэг нэр томъёоны үүсэл хөгжлийн түүхэн нөхцөл нь ийм байсан ажгуу. Үүнээс хойш хүн төрөлхтний түүх нэг бүтэн хагас жаран (90 жил)-ыг туулжээ.

Ардчилсан социализм бол ямар нэг сайхан нийгмийн загвар ч биш, шинжлэх ухаан ч биш. Бид саяхан л пролетарийн диктатур тогтож, нийгмийн өмч ноёрхсон, хийснийхээ хирээр улмаар хэрэгцээнийхээ хирээр авдаг дарлал мөлжлөгөөс ангижирсан, ангигүй нийгмийг социализм, коммунизм гэдэг тийм нийгмийг хэрхэн буй болгох шинжлэх ухаан нь “шинжлэх ухааны социализм” мөн гэж үзэж байв гэтэл тэр нь амьдрал дээр нотлогдсонгүй. Энэхүү загварыг урьтал болгосон хойт Солонгос, зүүн Герман хоёр 40 жилийн дотор нэгдмэл нэг улс байсан хоёр хөршөөсөө хөгжлийн түвшингээр (хүмүүсийн аж амьдрал, нийгмийн бусад үзүүлэлтээр ч) хол хоцорсон байв. Сайн сайхан нийгмийн төлөө хэт нарийвчилсан загвар урьдчилан буй болгох боломжгүй. Нэгэнт боломжгүй юмыг санаанаасаа зохиож бодит амьдралыг түүнд тохируулах гэж ямар ч хамаагүй үнээр албадлага захиргаадалтаар шинэ сайхан нийгмийг байгуулж болдоггүй гэсэн сургамж бидэнд үлдээв. Ийнхүү сайн сайхан нийгэм гэж ийм байх ёстой гэсэн загвар бий болгож, түүнийгээ нотлох онол зохиож, энэ бол ганцхан зөв шинжлэх ухаан гэж гөжүүдэлж түүнээс гажсан болгоныг буруутгах нь оновчтой бус ажээ.

Тэгвэл яах вэ? Энэ асуултанд ардчилсан социалистууд хариулахдаа нийгмийн амьдрал түүний хувирал өөрчлөлтөнд дүн шинжилгээ хийж үзэл бодол, бодлого үйл ажиллагаандаа прагматик байх хэрэгтэй гэж үздэг. Прагматик байна гэдэг аль нэг байр суурийг ягштал баримтлахгүйгээр нөхцөл байдлыг зөв үнэлж, уян хатан байж аль оновчтой арга хувилбарыг ашиглана гэсэн үг юм.

Ардчилсан социалистууд социализм бол ямар нэг нийгэм эдийн засгийн байгуулал (загвар) биш энэ бол социалистуудын баримталдаг үнэт зүйлс нийгмийн амьдралд алхам алхамаар хэрэгжих тасралтгүй үйл явц гэж үзэх болсон юм. Социализмын үнэт зүйлс нь эрх чөлөө, тэгш эрх, эв санааны нэгдэл юм. Өөрөөр хэлбэл хүн ард нь эрх чөлөөтэй, тэгш эрх, эв санааны нэгдэлтэй байдаг тийм нийгмийг л сайн сайхан нийгэм гэж үзнэ гэсэн үг юм. Ийм нийгмийг заавалчгүй “хүнлэг ардчилсан энэрэнгүй” ч гэх юм уу? эсвэл социалист, коммунист гэж нэрлэж загварчлах нь чухал биш.

Социалистууд өөрсдийн үйл ажиллагаагаа (гаргасан хууль, хийсэн ажил үйлсээ) нийгэмд эдгээр үнэлэмжүүд үнэлэмжүүд хэрэгжихэд дөхөм үзүүлж байна уу, үгүй юу гэдгээр дүгнэж цэгнэдэг. Тухайлбал “Татварын өршөөл үзүүлэх хууль” тэгш эрхийг зөрчиж байна уу? Энэ хууль хэрэгжсэнээр нийгэмд эв нэгдэлтэй байдлыг бий болгох уу? Эсвэл зөрчилдөөн сөргөлдөөнийг үүсгэж байна уу? мөн импортын гурилын татварыг тэглэснээр бүх худалдан авагчдад ашигтай болов уу, Эсвэл цөөн хэдэн гурил оруулж ирдэг компаниудад ашигтай болов уу? гэдэгт хариулт өгч дүгнэж цэгнэж, алдаагаа засч байх учиртай юм.

Манай өнөөгийн парламентийн гишүүдийг цөм социалист үзэл бодолтой. Түүнээсээ татгалзаж байна гэж би хэлэх гээгүй. Ер нь хүн ам цөөнтэй өчүүхэн Монголд парламентийн гишүүд нь хэд хэдэн удаа улиран сонгогдох нь хүнийхээ хувьд хэтэрхий төрхөмсөж, үзэл бодлоороо ялгагдах нь байтугай, өмч хөрөнгө, эхнэр нөхрөө ч ялгахгүйд хүрч, үгсэн хуйвалдаж, эрх мэдэлдээ дулдуйдан хөрөнгөжих шуналд автан, хэт нэг талыг барьсан либералист үзэл үрүү хальтарч байна уу даа гэсэн бодол төрж байгааг нуух юун! Либералууд хүний эрх чөлөөтэй байх эрхийг түүний гарал үүслээс шалгаалахгүй гэж үздэг хэдий ч энэ эрхийг зөвхөн хөрөнгөтэй, мэдлэгтэй боловсролтой, эрх дархтай, хүмүүст хамруулж ирсэн, одоо ч тийм байгаа.

Тойрогтоо гэх нэрийдлээр 500 саяыг улсын төсөвөөс өөрсдөдөө хуваарилах, лиценз зөвшөөрөл олгох, тендер шалгаруулах, боловсон хүчний томилгоонд хөндлөнгөөс оролцох зэрэг нь зөвхөн тэдний эрх ашигт нийцэж буй ч байнга бусдын эрх ашигийг хөсөрдүүлж, тэгш бус байдлыг гааруулж, эв санааны нэгдлийг бусниулж, нийгэмд эмх замбараагүй байдлын эхлэлийг тарьж байдаг билээ. Ийм учраас өнөөгийн парламент ардчилсан социализмын үнэт зүйлсийг байнга зөрчиж, нухчин дарж буйгаараа Монголд сайн сайхан нийгмийг байгуулахад чөдөр тушаа, хаалт боолт болж байна уу даа гэсэн үг. Учир юунд вэ? гэвэл өнөөгийн ардчилсан социалистууд социалист үзэл санааг алхам алхмаар хэрэгжүүлэх газар нь ардчилсан парламент гэж үзэж зэвсгийн хүчээр төрийн эрхийг булаан авах хувьсгалт аргаас татгалзсан билээ.

Ардчилсан социалистууд парламентад олонхи болохын төлөө, олон түмний нам болохын төлөө, эрх баригч нам болохын төлөө, ардчилсан социалист үзэл санааг алхам алхамаар хэрэгжүүлэхийн төлөө тэмцлээ үргэлжлүүлсээр байгаа билээ. Ардчилал, социалист үзэл санааны ололтыг тогтоон барьж, хайрлаж хамгаалж байх нь үе үеийн ардчилсан социалистуудын “шүдний өвчин” байсаар ирсэн одоо ч тийм байгаа билээ. 1933 онд Германд Гитлерийн диктатур тогтсоноор Веймарын бүгд найрамдах улс (1919-1933)-ын үед ГСДН, үйлдвэрчнийхэнтэй хамтарч олон жилийн турш тэмцэж олж авсан ардчилалын ба нийгмийн олон ололтыг нэг шөнийн дотор устгасан билээ. Их бүтээн байгуулалт, үнэ төлбөргүй боловсрол, үйлдвэрлэх хүчний өсөлт хөгжилтийн зэрэгцээ зөвлөлтийн социализм (1933-1955) Сталинизмын үед ардчилалаар үнэхээр ангаж цангаж, байсан юм. “Уургандаа цадаагүй хурга төлгөндөө майлдаг” гэсэн зүйр үг байдаг. Өнөөдөр ч гэсэн социализмын тухай ярихаар зарим хүмүүс ардчилалын тухай байнга “майлж” байдаг. Ийм хүмүүст зориулж Германы ажилчны хөдөлгөөний удирдагч, 1875-1933 онуудад ГСДН-ын дарга байсан Август Бебелийн “хэрэв түүнд өмч байгаад байдал сайжрахгүй бол, хэрвээ тэр бусдад мөлжигдөж байгаа бол, хэрэв тэр бүх насаараа борив бохисхийлгүй хөдөлмөрлөснийхөө төлөө гуйлгачин хэвээр нөгөө ертөнцөд халин очих юм бол түүнд ганц улс төрийн эрх чөлөө ямар хэрэгтэй юм бэ? …” гэж хэлсэн алдарт үгийг сануулахад илүүдэхгүй биз. Монголчууд өнөөдөр хоосон эрх чөлөөнд хахаж цацаж байна. Ерөнхийлөгчийг зүхэж, УИХ-ыг харааж, Засгийн газрыг муулж, гудамжинд дуртай газраа морь харж, охид хөвгүүд согтуурч мансуурч байгаагаа эрх чөлөө гэж нөгөө жүжигчин Амбийгийн хэлдэгээр андуураад байна, андуураад байна. Соёлтой ертөнцөд үүнийг анархизм гэж нэрлэдэг билээ.

Монгол улсын үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 3-т “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” гэж заасан нь хувь хүн үндэсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө эдлэхэд тодорхой зааг хязгаартай бидний ярьдагчлан “рамандаа жайжгинах” ёстой гэсэн үг. Гэр бүл, найз нөхөд, хамт олон, айл саахалтынхан чинь чамтай, яг өөртэй чинь адилхан эрхтэй гэдэгийг хүлээн зөвшөөрч, тэр эрхээ эдлэхэд нь туслах, өөрөө сайн дураараа өөрийн эрхийг хязгаарлах ёстой гэсэн үг. Хүмүүс бие биедээ туслах, нэг нь нөгөөгийнхөө өмнө хариуцлага хүлээх нь амьдралын бодит шаардлага билээ. Нэг хүний юмуу нийгмийн нэг хэсгийн эрх чөлөө хэтэрвэл бусдын эрх чөлөөнд хор хүргэж тэгш бус байдлыг бий болгоно. Эндээс үзэхэд эрх чөлөө нь хязгааргүй биш. Түүнийг шударга ёс, эв санааны нэгдлийн зарчмууд хязгаарлан барьж анархизм болохоос сэргийлнэ гэж ардчилсан социалистууд үздэг. Энэ бол төрөөс эрх чөлөөг хязгаарлах ёстой гэсэн үг биш, ардчилсан социализмын тулгуур зарчмуудыг өөр хооронд нь шүтэлцээтэйгээр амьдралд хэрэгжүүлдэг тийм бие хүн төлөвшин тогтох учиртай гэсэн үг юм.

Ардчилал гэдэг бол шийдвэр гаргах хийгээд гүйцэтгэх түвшин дээр хамтын оролцоо, хамтын хяналт, хамтын хариуцлага юм. Бид төр засагаа сонгож байгуулдаг. Иргэд төрийн түшээ (УИХ-ын гишүүн, аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч)-гээ сонгодог. Тэд бидний нэрийн өмнөөс Засгийн газрын гишүүд, засаг дарга, бусад эрх мэдэлтнийг сонгож томилдог. Ийнхүү сонгож томилогдсон эрхэм дарга нар шат шатны төрийн байгууллагыг удирдаж сонгогч түмэнд үйлчлэх үүрэг хүлээдэг. Орчин үеийн хэллэгээр тэд зарц бид хаан байх учиртай. Гэтэл байдал эсэргээр эргэж “Тэд эзэн бид боол” болдог. Боолыг өлмөн зөлмөн байлгаж болно. Боолыг зарж болно. Боолыг зодож занчиж, есөн эрүү тулгаж бүр алж болно. Монголчуудын цөөн биш хэсэг өлмөн зөлмөн байгаа. Хацар гоо охид, хараа хяналтгүй хүүхдүүдийг хил дамнуулан худалдаж байгаа. Солонгос эзэн, хужаа босс манай ажилчдыг Монгол нутагт нь зодож байгаа. Статистикийн мэдээгээр 7 хоног бүр 9 хүн бусдын гарт амь үрэгдэж байгаа. Яагаад? Бид гар дамжин төрийн албанд сонгосон томилсон хүмүүсээ сэтэр зүүгээд тавьчихсан мал шиг 4 жил гар хүрэхгүй, үг хэлэхгүй зүгээр орхиж, татвараа дуугүй төлсөөр л суудаг билээ. Тэдэнд ямар ч хяналт тавьдаггүй тэдэнтэй ямар ч хариуцлага тооцдоггүй.

Сонгоно гэдэг хүний нэрийн өмнөх дугаарыг дугуйлахыг хэлдэггүй, сонгосон хүнээ, төр засгаа байнга хянаж, үүргээ зохих ёсоор биелүүлэхийг сануулж, хариуцлага тооцохыг шат шатны удирдлагаас шаарддаг байхыг хэлнэ. Хөгжингүй орнуудад эдийн засгийн удирдлагын бүх түвшинд ажилчид, ҮЭ-ийн болон хэрэглэгчдийн зэрэг хөдөлмөрчдийн эрх ашгийг илэрхийлэгч байгууллагуудын төлөөллийг оролцуулах замаар шийдвэр гаргадаг болсноор хөрөнгө оруулалт, цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, байгаль орчин зэрэг олон асуудлаар оновчтой зөв шийдвэр гаргах нөхцөл бий болсон байна. Тэгэхдээ төр, компанийн удирдлага, ажилчид, тэдний төлөөний байгууллагууд юунд оролцох, ямар үүрэг хүлээх талаар эрх үүргийн хуваарилалт, хяналтын системийг оновчтой байдлаар зохицуулдаг байна. Мөн аливаа шийдвэр гаргахдаа эзэд, нийгмийн эмзэг хэсэг, үндэсний цөөнх гэх мэт бусад олон бүлгийн сонирхлыг харгалзах болжээ. Орчин үеийн нийгмийн бүтэц улам нарийн болж бүлэг хэсгүүдийн сонирхлыг илэрхийлсэн сайн дурын олон холбоод бий болж байна. Тэд өөрсдийн тугийг барин Засгийн газрын ордны зүг бүрээс жагсаж, шахан шаардаж байна.

Архи заруулсангүй гэж зарим нь уйлж байхад больж муу хогийг гэж зарим нь инээж байна. Автобусныхан үнээ нэмнэ гэхэд ахмадууд, орлого багатай хүмүүс зөрөөд үзэлцэж байна. Импортын барааны гаалийн татварыг тэглэхэд наймаачид баясаж, үндэсний үйлдвэрлэгчид гутарч байх жишээтэй. Ийм нөхцөлд бүх ард түмний сонирхлыг харгалзах /хангах/ гол арга зам нь сонирхлыг зохицуулах үндэсний зөвшил бий болгох явдал юм. Ийм зөвшил нь хүчирхийллийн биш зөвхөн ардчилсан аргаар л буй болох ойлгомжтой.

“Хувьсгалын жилүүдэд чөтгөрийн тоо эрс багассан” гэдэг шиг. Ардчилалын жилүүдэд жагсаал цуглаан биш зөвшилийн тоо эрс нэмэгдэж байж гэмээж бид эв нэгдэлд хүрэх боломжтой. Ардчилсан социализм нь бүх ард түмний ядахдаа түүний олонхийн эрх ашгийг хамгаалахын төлөө хөдөлгөөн учраас Ардчилал-Социализм хоёрыг салгаж болохгүй юм. Ардчилсан социализм нь нарийн бүтэцтэй нийгмийг зохицуулах ба иргэний нийгмийн эрх чөлөө, үнэн шударга ёс, эв нэгдэл гэсэн гол үнэт зүйлсийн зангилаан доор өөрөө өөрийгөө зохицуулах нээлттэй зарчим маягаар л хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, ямар ч хайр найргүй, аль болох чадалтай нь чадалгүйгээ дээрэлхдэг либераль нийгэм байх уу? эсвэл зах зээл нь нийгмийн баримжаатай, засаг төр нь ардчилсан, үйлдвэрлэл үйлчилгээний өсөлт нь экологийн хариуцлагатай уялдах тийм ардчилсан нийгэм байх уу? гэдэгт хариулт өгөхийг хичээж байна.

Ардчилсан социалистууд эхнийхийг нь биш дараагийнхыг нь сонгож байна.

М.ДАЛАЙХҮҮ 2008.03.03

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Shiirii (зочин)

Maash ix bayrlaaaaa :)

Зочин

үнэн тэнэг юмаа. 1 ч ойлгогдохоор юм алгаа

зочин (зочин)

goy boljee taalagdlaa mash ih heregtei medeelel bna

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)