М.Далайхүү : Ус ус ус өгөөч

Ус ус ус өгөөч

Yнэн сонины 2002.12.13 ¹244-т нийтлэгдсэн.

Нэг. Оршил “Алтан Өргөө” киног үзээгүй хүн Монголд бараг байхгүй гэж хэлж болно. Өвгөн Пагваагийн хоёр хөвүүн (Ероов, Ёмбоо) амар хялбар баяжих шуналдаа хөтлөгдөн эцгийнхээ шүтээний илбийн хайрцгийг зад татсан (онгойлгосон)-аар Дугариг нуурын ус ширгэж, гол мөрөн хатаж, ган гачиг тохиолдож, ард түмэн зовж зүдэрч байгаа тухай гардаг шиг, 1990 оноос хойш Ероов, Ёмбоотонгууд хэдэн зуугаараа олширч, хялбар мөнгөжих шуналдаа хөтлөгдөн, байгаль эх уруу ханцуй шумлан дайрч, алтны ангуучид хэвлийг нь сийчиж, модны ченжүүд ойг нь сүйтгэж, хурдан унаа, цэцэн буутай боссууд ан амьтныг нь хөнөөж нэг л мэдэхэд Монголдоо алдартай Тужийн нарс хожуул болж, Туул гол горхи болж, хулгар шар хөшөө болж, халиу буга музейн үзмэрт шилжив.

Байгаль эх хариугаа авдаг хатуу жамтай. Гэвч “Нэг үхрийн эвэр дэлсвэл мянган үхрийн эвэр доргино” гэдэг шиг нүгэл нь нүдээрээ гүйсэн нэг шуналтны гайгаар мянга мянган жирийн иргэн давхар шийтгэгдэж, хотол даяараа нэрвэгдэж эхлэв.

Байгаль орчны яамнаас гаргасан судалгаагаар зөвхөн 2002 онд 300 гаруй томоохон гол ширгэж, 1990 онтой харьцуулахад Архангай аймагт л гэхэд 300 гаруй гол, горхи, нуур, цөөрөм, булаг шанд хатаж хуурайшсан байхад, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум 80 гаруй уст цэг (ил ус)-ээс 9 гол үлдэж дуунд мөнхөрсөн Цэнхэрийн гол зун намрын заагаар хэд хэд тасарчихсан байх жишээтэй.

Улсын дүнгээр 1990 онд 24.5 мянган инженерийн хийцтэй (өрөмдөл, богино яндант, бүтэн цагирагт) худаг байснаас өдгөө 8.0 мянга болтлоо буурч, 3 худаг тутмын 2 нь эвдэрч хэмхэрсэн, тоногдож үрэгдсэн байх юм. Нийтдээ 50.0 гаруй мянган га талбайг хамарсан 150 орчим том, жижиг услалтын систем устаж үгүй болжээ.

Хоёр. Горьдлого хийгээд доромжлол. Хөдөө орон нутагт малчидтай уулзаж ярилцаж явахад байгаль дэлхий, баян хангай ч бас нэг эргэдэгсэндээ. Сүүлийн хэдэн жил дараалан ган, зуд боллоо. Бороо хуртай, ус элбэг, өвс ногоо тэгширсэн, хангайдаа бол дөрөө шүргэм өвстэй, хээр талдаа хялгана халиурсан, хиаг үнэртсэн, агь нүдэлсэн сайхан зун даанч дээ нэг ирэх байлгүй гэсэн горьдлого тавьсаар суугаа нь ажиглагддаг билээ.

Мал, малчин хоёрын тухай янз бүрээр ярьж, бичих болжээ. Уулзаж, учирч буй хүмүүсийн дийлэнх нь хөөрхий энэ хэдэн малчин малтайгаа хамт мөн ч олон хүнийг тэжээж байна даа. Хөхөө өвлийн хүйтэнд Улаанбаатарчууд айраг, тараг ууж, цайны сүү, цагаан идээгээр тасрахгүй байгаа нь энэ хэдэн малчдын буян гэх.

Гэтэл халаалттай байшинд төрж өссөн, тусгай цэцэрлэг, тусгай сургуульд сурч, тусгай дэлгүүрээр үйлчлүүлж, дарга эцэг, сайд хүргэнийхээ буянаар бусдаас урьтаж хилийн дээс алхаж, эрдэмтэй, номтой болсон нэг хэсэг нь энэ хэдэн мал, хир буртаг үнэртсэн малчдаас болж Монгол орон хоцрогджээ. Монгол орон хөгжье л гэж байгаа бол бэлчээрийн мал аж ахуйгаас даруйхан салах ёстой гэж номлож байх жишээтэй. Малчид маань хэнээс юу ч нэхэж шаардаагүй, хэн нэгний амьдралд саад тотгор болоогүй. Тэд төр, засагтай тэрсэлдээгүй, нам эвсэлтэй заргалдаагүй. Өөрийн санаа өөртөө зөв. Өрөөл булигаар гуталдаа зөв гэдэг зарчмаар амьдарч яваа хүмүүс. Гагцхүү дэлхий дэлгэнэж, цаг агаар нь аядуу байвал хэн нь сайд, хэн нь дарга болох нь тэдэнд ер нь нэг их бадгүй асуудал билээ.

Гурав. Цаг агаарын өөрчлөлт. Сүүлийн 2-3 жил ган гачиг, зуд зурханд дараалан нэрвэгдсэн, малчдын маань ахуй амьдрал гундуухан байна. Цаг агаар, уур амьсгал, усны гамшигт үзэгдэлд аз хийморь нь дутсан, заяа тавилан нь гутсан хэдэн малчид ч нэрвэгдээд байгаа юм биш, дэлхий тэр аяараа цочирдож байгаа билээ.

Дэлхийн цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр цаг уур, уур амьсгалын гамшигт үзэгдлээс болж жил тутам ойролцоогоор 250.0 мянга гаруй хүн амь эрсдэж, хүмүүсийн аж ахуйд учруулсан хохирол 50-100 тэрбум америк долларт хүрдэг байна. 2000-2002 оны зуданд гэхэд 11.0 сая мал хорогдож, гангийн улмаас 120.0 мянган тн үр тариа, 67.0 мянган тн төмс, 31.0 мянган тн хүнсний ногоо хурааж авах боломж алдав. Дээрх хохирлыг зах зээлийн дундаж үнээр тооцоход 370.0 шахам сая доллар болж байна. Торнадо, мөндөртэй аадар бороо, далайн шуурга, ган үер, хүчтэй салхи зэрэг экстремаль үзэгдлүүдийн нөлөөлөл нь хүн төрөлхтний эмзэг байдлыг улам нэмэгдүүлж байна. Ази бол байгалийн гамшигт хамгийн их нэрвэгддэг тив бөгөөд манай гариг дээр 1990-2000 онд болсон бүх гамшигт үзэгдлийн 43 хувь, амь эрсэдсэн хүмүүсийн 80 хувь нь тус тивд ногдож байгаа статистик мэдээ гарчээ.

Ази тивийн төвд орших Монголчууд биднийг ч энэ гамшиг тойрч гарсангүй. Эрдэмтдийн судалгаагаар сүүлийн 60 жилийн дотор жилийн дундаж агаарын хэм 1.56 нэгжээр үүнээс өвлийн улиралд 3.6 нэгжээр дулаарчээ. Дэлхийн уур амьсгалыг бүрдүүлэх, түүний өөрчлөлтөнд нөлөөлөх олон олон хүчин зүйл байдаг ч өнгөрсөн зуун нэн ялангуяа сүүлийн 10 жилийн доторх эрс дулааралтын нэг гол буруутан нь “хүлэмжийн хий”-нүүд ажээ. Аж үйлдвэрийн хувьсгал эхэлсэн (1750 он)–ээс өдгөөг хүртэл агаар дахь нүүрсхүчлийн хийн агууламж 31 хувиар, намгийн хийн агууламж 1.5 дахин өссөн байхад тэдгээрийг шингээж авдаг ой мод, байгалийн ногоон масс хүн төрөлхтөний “хайр ивээл”-ээр жилээс жилд хорогдож байсан байна.

Дулаан байхын муу гэж юу байв гэж хүмүүс бодож болох талтай. Гэтэл эрдэмтэн мэргэдийн судалгаагаар бол дэлхийн агаар мандал ганц градусаар нэмж дулаарахад байгалийн бүс, бүслүүр урдаасаа хойшоогоо 200-300 км-ээр шилжих магадлалтай байдаг аж. Өмнөговийн Даланзадгад хотоос Улаанбаатар хүртэл 550 км. Монгол орны байгалийн бүс, бүслүүр говь, хээр, тал хээр, ойт хээр, ой, өндөр уулын таг гэж хуваагддаг тухай ЕБС-ийн бага ангийнхан ч бараг мэднэ дээ. Гэтэл энэ онцгой дулааралтаас болж ердөө хэдхэн жилийн дотор цөлжилт газар авч, говийг үзэхээр Өмнөговь уруу онгоцоор нисэх биш ердөө Арвайхээр ч юм уу Зуунмод уруу машинаар очиход хангалттай байж мэдэхээр байна. Иймэрхүү байдлыг заавал ч үгүй шинжлэх ухааны судалгаа, шинжилгээгээр нотлох гээд байхын хэрэггүй. Өнөө ч гэлээ нүдэн баримжаагаар ажиглагдаж л байгаа шүү дээ.

Цөлжилт гэдэг маань байгалийн өөрийнх нь хаталт, хуурайшилтаас гадна хамгийн гол нь хүн байгальтай буруу харьцаж, хур чийг татаж, элсний нүүдэл зогсоож байдаг мод бут, ургамлыг хайр найргүй устгаж, хойдохоо бодохгүй ахуйд хэрэглэж байгаагаас үүдэлтэй гэж эрдэмтэд нэг дуугаар нотолж байна. Элсний нүүдэлд малын бэлчээр, тариалангийн талбай, төв суурин газар, зам харгуй, хашаа хороо, нуур цөөрөм, булаг шанд, худаг хүртэл дарагдаж, гэмтэж хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгж, улсад ихээхэн хохирол учирч байна.

Цаг агаарын дулааралтаас болж мөнх цас, мөсөн гол хайлж, мөнх цэвдэг цоохортож доош сууж, намаг баянбүрд хатаж, уулын жижиг гол горхи, хээр талын булаг шанд хүртэл ширгэж ор мөргүй алга болж байна. Орон нутгийн чанартай жижиг гол горхин дээр барьсан модон гүүр, намаг дээр тавьсан шургааган хөндлөвчийн утга учрыг залуу үе маань ойлгохгүй ийм их хүч хөдөлмөр шавхаж, үр зардал гаргаж байсан, хэмнэх гамнах өчүүхэн ч мэдлэггүй “үрэлгэн” эцэг эх, ахмадуудаа шоолж инээмсэглэх нь холгүй болжээ.

Дөрөв. Сургамж анхааруулга. Хур бороогүй бол өвс ургамалгүй, өвс ургамалгүй бол мал, амьтангүй, хур чийггүй бол амуу буудай ч үгүй, амуу буудайгүй бол “Алтан тариа” гурилгүй гэсэн үг. Шинэ үеийн Оросууд гэдэг шиг шинэ үеийн Монголчууд зөөж чадахгүй юм гэж байх биш. Спирт ч зөөнө, бензин ч зөөнө. Мах ч зөөнө. Гурил ч зөөнө, ер нь юу л бол юу зөөнө гэх биз. Гэтэл ус үгүй бол амьд амьтан үгүй. Амьд амьтан үгүй бол зөөсний утга учир юусан билээ.

Монголчууд бид байгальтайгаа харьцахдаа зөвхөн хэрэглэгчийн сэтгэхүйгээр харьцдаг. Бууриа сэлгэхдээ аль соргог, сэрмүүнийг нь сонгоно, буга агнавал 12 салаа, загас барьвал тул, гөрөөс буудвал ооно, тарвага агнавал бурхи алж байж сая сэтгэл ханадаг хүмүүс. Гэтэл энэ дэлхийн ихэнх хүмүүн тийм заяа тавилангүй аж. Нүүе гэхээр сэлгэх газаргүй, агная гэхээр зэрлэг амьтангүй болсон аж. Монголчууд бид эртхэн ухаарахгүй бол тун удахгүй ийм тавилан хүлээж байна гэхэд хилсдэхгүй л болов уу.

Ийм сургамжийг арай эрт мэдэрсэн, ард түмэн байгальд зөвхөн хэрэглэгчийн, сүйтгэгчийн сэтгэлээнээс хандахаа больж байгалиа тордож, хамгаалж ан амьтныг нь өсгөж үржүүлснээр өөрсдийгөө, бизнесээ, улс гүрнээ, байгаль дэлхийгээ аварсан туршлага бэлхнээ байгаа билээ.

1992 онд Бразилийн Рио-Де-Жанейро-д болсон НYБ-ын бага хурлаар дэлхийн улс гүрнүүдийн удирдагч нар цугларч байгаль эхтэйгээ зохицон амьдрах тогтвортой хөгжил буюу “XXI зууны хөтөлбөр”-ийн тунхаглалыг баталсан билээ. Цаг уурын ажиглалтанд тэмдэглэснээр ган, үер, хүчтэй салхи, шороон ба цасан шуурга, аадар бороо зэрэг аюултай үзэгдлийн давтамж нэмэгдсээр байна. Цаг уурын мэдээгээр бол Монгол оронд салхи шуургатай гэж тэмдэглэгдсэн өдрийн тоо 1960-аад оны үед 40 байсан бол өдгөө 90-120 болж нэмэгджээ. 1996 оноос эхэлсэн бага устай үеийн мөчлөг өнөө хүртэл үргэлжилж байгаа бөгөөд энэ хандлага ойрын жилүүдэд ч хэвээр үргэлжлэх төлөвтэй байна. Одоогийн байдлаар Монгол орны нийт хүн амын 30 хувь нь төвлөрсөн усан хангамжнаас, 35 орчим хувь нь ус түгээх цэг (худаг, усан сан)-ээс, 25 орчим хувь нь зөөврийн уснаас, үлдсэн 10 орчим хувь нь ил задгай ус (булаг шанд, гол горхи, цас, мөс)-аас ахуйн болон ундны хэрэглээгээ хангаж байна. Саяхан Иоханнесбургийн дээд хэмжээний уулзалтаар усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах асуудлыг дэлхийн улс орнуудын тогтвортой хөгжлийн нэн чухал хүчин зүйл гэж онцлон тэмдэглэсэн байна. Монголчууд бид дэлхийн дунджаас 3-4 дахин бага усыг унд ахуйдаа хэрэглэж байна. Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь, Говь-Алтай зэрэг аймгуудын ундны усны эрдэсжилт, төмөрлөгийн хэмжээ стандартад заагдсан хэмжээнээс 2-7 дахин их байгаа нь тухайн нутагт оршин суугчдын эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна.

Тав. Монголчууд бид юу хийх ёстой вэ? Байгалийн гамшигийн хор хөнөөлийг бууруулах хамгийн хүчтэй хэрэгсэл бол урьдчилан сэрэмжлүүлэх арга хэмжээ болохыг туршлага харуулж байна. Тухайлбал Бангладешид 1970 онд болсон дулаан бүсийн гүнзгий циклонд 300.0 мянган хүн үрэгдсэн бол 1992, 1994 онд циклонд тус тус 13000, 200 хүний амь үрэгджээ. Амь эрсдэгсдийн тоо ийнхүү буурсан нь урьдчилсан мэдээний чанар сайжирсан, сэрэмжлүүлгийг амьдралд тосон хэрэгжүүлэх хариуцлага өндөржсөнтэй холбон тайлбарлажээ.

Манай орны хувьд цаг агаарын мэдээг эс тооцвол аливаа гамшигаас сэргийлэх урьдчилсан мэдээлэл хомс, байлаа ч түүнийг хүлээн авч тосон хэрэгжүүлэх хариуцлага үнэхээр сул билээ. 2002 оны зуншлага, хуурайшилтын тухай, өвөлжилтийн ерөнхий төлөвийн талаар ус, цаг уурын эрдэм шинжилгээний мэдээ прогноз бүр 6 сард гарсан. Түүнийг судалж үзсэн, ард иргэдэд мэдээлсэн байгууллага, хариуцлагатан хэд байв? Ганц нэг тийм тохиолдол байсан ч ард иргэд маань хэрхэн тосон хүлээн авч амьдралд хэрэгжүүлэв гээд судлаад үзвэл сонин л тоо гарах байх.

Бидний сэтгэлийг хамгийн их зовоож буй эмзэг зүйл бол ил, далд усны нөөц жилээс жилд хомсдож байгаа явдал билээ. Цаг уурын мэдээгээр бол жилдээ нэг км2 талбайд 230-280 мм тунадас унадаг. Өөрөөр хэлбэл нэг км2 талбайд 36,8 мянган м3 тунадас унаж байна. Yлгэрлэвэл нэг м2 талбайд 36,8 литр ус унадаг гэсэн үг. Гэтэл хур тунадасны маань ус хөрсөндөө (зүс бороо гэж байхгүй болсон доо) шингэх биш хэвгий хазгайгаараа урсаад гол мөрөн рүүгээ цутгаж хангай нурууны ихэнх гол нь Сэлэнгэтэй нийлээд “Хойд мөсөн далай”, Хэнтий нурууных нь Хэрлэнтэй нийлээд “Номхон далай” уруу урсаад явчихаж байна. Хур бороо намуун тогтуун хаврын сар (5-р сар)-даа ахиухан ордог байсан 60-70 оны үед бол усны гачаалал тэр бүр мэдэгддэггүй байж. Харин жаахан л юм тусвал салхи шамрага, дуу цахилгаан аадар болдог өдгөө цагт бол усны маргаан хот айлын байтугай хоёр гүрний дунд үүсэх нь энүүхэнд болжээ.

Урд хөршийн хийгээд ус ундтайд тооцогддог Европын орнуудад хүртэл хурын усыг тогтоон барих, гол мөрнийхөө усыг хил давтал нь хэд хэдэн удаа амьдрал ахуйдаа хэрэглэдэг (эргэлдүүлээд авах) туршлага байна. Ус эрчим хүч болдог, ус бордоо болдог, ус уур дулаан болдог, ус эм эмчилгээ болдог, ус баяр наадмын талбай болдог, ус бяцхан хотхон хүрээлэн болдог үй олон увидастай байдгаас бид бүхэн зөвхөн амны цангаа гаргах төдийгөөр хэрэгцээгээ хязгаарлаж байна.

Гэтэл бусад хүмүүс өөрсдийнхөө ахуйн хэрэгцээнд гол салаалан тариа ногоогоо усалж, хурын усаар хиймэл нуур цөөрөм байгуулж, хадлангийн талбай усалж, загас жараахай үржүүлж, малаа ундаалж, ахуйн хэрэгцээндээ хэрэглэж байна. Бид болохоор голгүй бол цангаж, худаггүй бол ангаж байх жишээтэй. Солонгост гэхэд сууцныхаа дээврийн усыг ганц сувгаар урсгаад вааран саванд юүлээд авчихаж байхад бид юм угаах ус авах гээд тэрэг түрээд худаг уруу эсвэл сав бариад ус зөөврийн машин уруу уралдацгаан урцалдаж, тасдалцаж байх жишээтэй.

Юм л бол бэлэн юман дээр аархаж байдаг цаг төгсгөл болж өөрсдөө модоо тарьж, зүлгээ суулгаж, цэцгээ тордож, ан амьтан үржүүлж, ногоогоо тарьж, биеэ дааж хиймэл нуур цөөрөм байгуулж, загас жараахай үржүүлж, хурын усыг тогтоон барьж, амьдрал ахуйдаа хэрэглэж сурахыг байгаль эх бидэнд сануулж байна. Хэдэн үе дамжин өвөг дээдэс, улс гүрнийг чинь өнөөг хүртэл тэжээж, өмсөх хувцас, идэх хоол, орон гэрийн чинь тавилга нөмрөгийг залгуулж ирлээ. Гэрэл цахилгаан, машин тэрэг, зурагт хөргөгч, тохилог сууц хараад манийгаа тээр шааж буй бол одоо яая гэхэв. Экологийн цэвэр балга сүү, аяга тараг, айраг ууя, өөх алагласан үмх мах идье гэж бодож байгаа бол наанадаж ХАА-н хувьчлалын үеэр үрэн таран хийсэн инженерийн хийцтэй худгуудаа (хөрөнгө мөнгөө өөрсдөө гаргаж) сэргээж , засаж сэлбэж ав цаашилбал ахиухан өвс тэжээл бэлдэхгүй бол өвөлдөө өнтэй орох боломжгүй боллоо гэж хэдэн мал чинь ярихгүй ч гэсэн хэлээд л байна.

Халуун хүйтэн усныхаа крантыг онгойлгохдоо хэтэвчтэй мөнгөө тэмтэрч үзэж бай гэж орон сууцны конторынхон анхааруулж байна. Энэ янзаараа их элбэг дэлбэг ханхалзаад байвал дусал ус грамм алт хоёр ижил үнэтэй болно шүү гэж лусын хаан бидэнд элчээ ирүүлж айлтгаж байдаг.

Хойч үеийнхэн маань хэн нэгэн уруу ус, ус, ус өгөөч гэж алгаа бүү тосоосой гэж сэтгэл маань эмзэглэж байна. Ус чандмань эрдэнэ гэж анх хэн хэзээ хэлсэн юм бол.

М. ДАЛАЙХYY

2002.12.11

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)