М.Далайхүү : Эрчүүд минь дээ, бид ер нь юу л болж байна даа

Эрчүүд минь дээ, бид ер нь юу л болж байна даа

Аливаа юмны үнэлэмж цаг хугацаагаа даган өөрчлөгдөж байна. Тэр тусмаа эр хүн та бидний үнэлэмж маш түргэн өөрчлөгдөх болжээ. Өвөөгийн маань үед аян дайнд мордох, цэрэгт явах, жин тээх, ан гөрөө хийх, арьс, нэхий сур элдэх, эсгий татах, хадлан бэлтгэх, хашаа хороогоо засах, хангал сургах, эрдэм ном сурах, төрийн алба залгуулах гээд үл хувьчлагдах ажил мэргэжил зөвхөн эр хүнийх байж. Тун саяхан болтол бөх, бокс, хүндийг өргөх, хөл бөмбөг гээд спортын төрөл, жолооч, механик, зоотехникч, геологич, дарга гэх мэт олон төрлийн ажил мэргэжилд зөвхөн эрчүүд хүчээ сорьдог байв.

Өнөөдөр эргэн харвал эр хүнийх гэх тодотголтой байсан бүх юманд эмс охид хошуу дүрж, эхнэр охидоосоо ялгагдах юм бидэнд бараг үгүй болжээ. Зөвхөн ганц жишээ дурдахад л Тив, дэлхий, олон улсын бөх (Монголчууд бидний ганц бахархал болсон )-ийн тэмцээнээс авсан медалийн тоогоор хөвгүүд та нар охидоос хол хоцорчээ. Эр хүний дотор “Эмээлтэй ,хазаартай морь багтдаг“ гэдэг шиг хөвгүүд маань цөмөөрөө босс болдоггүй юмаа гэхэд боол болохгүй шүү гэж бодож л байгаа байх. Гэтэл өрх толгойлж, улс удирдаж байх үүрэгтэй хөвгүүд та нар өөрсдийн сайн дураар мэдлэг боловсролоос татгалзаж байгаа чинь гэр орон, гүрэн улсын ирээдүйг улам бүрхэг бүүдгэр болгож байна. Мэдлэг боловсролгүй, наад захын соёл, ёс суртахуунгүй эр хүн, хөнгөлүүлсэн хуц, ухна хоёрын ялгаа юу байна вэ?

Удам залгах үртэй боллоо, улсаа манах хүүтэй боллоо гэж үе үеийнхэн баярлаж бахдаж, бардамнаж байсны учир юусан билээ. Хөвгүүд минь дээ та нар гэр орны багана нь, улс гүрний тулгуур нь болж явах үүрэгтэй, бурхан нь ч байна уу? байгаль нь ч байна уу? тэгж л бүтээсэн ховор эрдэнэ шүү дээ. 21-р зууны Монгол эрчүүд дээд тэнгэрээс заяасан энэ зарлигаас няцвал улс орны тусгаар тогтнол, өрх гэрийн амгалан байдал, эр хүний нэр төр цөмөөрөө сэвтэнэ гэсэн үг.

Охидууд маань үеийнхээ хөвгүүдийг бодвол харьцангуй боловсрол мэргэжилтэй болж байна. Yүнд тэдний сурья гэсэн идэвхи зүтгэл гол үүрэг гүйцэтгэж байгаагаас гадна банди нар яах вэ? ачигч ч болохноо хийгээд амьдарчихна, бүсгүй юм, хүний гар харах юм, муу охиноо л боловсролтой болгоё гэсэн нийгэмд нийтлэг байгаа эцэг эхийн сэтгэлгээ нэрмээс болж байна. Өнөөдөр боловсрол, эрүүл мэнд, хууль хяналтын байгууллагад ажиллагсадын дийлэнх олонх нь эхчүүд, эмэгтэйчүүд байна. 2020 он гэхэд 80.0-90.0 хувь болох биз.

Одоо тэгээд яах вэ? Эрчүүд нь гэрээ цэвэрлэж, юмаа угааж, хоол унд бэлтгэж, хүүхдээ цэцэрлэг сургуульд хүргэж, орой тосож авах болж байна уу? Ер тэгээд цаадуул чинь боловсролгүй, мэдлэггүй, соёлгүй бүдүүлэг хар юмнуудтай ханилах ч үгүй байх, нэг бол гадны харчууд дагаад талийх байх, эсвэл охинтойгоо хоёулаа биеэ даагаад амиа бөөцийлөөд явах байх. Алийн болгон орой харих бүрдээ нөгөөдөх чинь архи уугаа болов уу? үгүй болов уу? гэж айж эмээж явах вэ дээ. Ер нь тэдэнд эрчүүд бидний хэрэг гэж юу байгаа юм бэ? Секс шопоор дүүрэн хэрэглэл байна. Сэтгэл байвал хоёр эмэгтэй ч ханьсаад амьдрах эрх нь байна.

Одоо тэгээд эрчүүд бидэнд ямар зам үлдэж байна вэ? Өдөр нь өвгөнтийн хөндийд архи ууж, үдэш нь хогийн сав ухаж, шөнө нь бие биенээ бандидсан “Гон бие гозон толгойт”-нууд болж, муу юм амархан үхэж далд ордоггүй болохоор нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах шиг бүсгүйчүүдэд ад үзэгдсэн хүн дүрстэй адгууснууд болж хувирах болж байна уу? Яасан их бэлэг дэмбэрэлгүй юм ярьдаг хүн бэ гэх байх. Ойр орчноо сайн хараад, ирээдүйгээ төсөөлөөд бод л доо, эрчүүд ээ. Yүнээс өөр сайхан зүйл олж харж чадаж байгаа бол саналаа хуваалц л даа. Өрх гэрээ, улс гүрнээ эзний ёсоор авч явж буй өдрийн од шиг цөөхөн залуучууд үүнд хамааралгүй гэдгийг хэлэх нь зөв байх.

Өрхийн тэргүүн, гэрийн эзэн гэдгээ архи ууж, агсам согтуу тавьж, авгайгаа зодож нүдэж байж илэрхийлдэг ганцхан аргатай бол ядарсан эрчүүд минь ээ! эрх дархыг эрийн хүч, биеийн чадлаар булааж авдаг цаг аль хэдийн улиран өнгөрчээ. “ Орон бүхний пролетари нар нэгдэгтүн“ гэдэг шиг Монголын эрчүүд, хөвгүүд оройтоогүй дээрээ сэрэгтүн. Бидний өвөг дээдэс дэлхийг чичрүүлж явсан түүхтэй. Бид ер нь юу л болж байна даа, эрчүүд минь.

М.ОЛДОХГYЙ ( М.ДАЛАЙХYY ) 2002.11.12

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
***ЛуНа***

БАС БОДДОГ Л БОДОЛ...

Солиорсон Гүнтэн. (зочин)

М.Далайцэрэн шиг л харагдаад байна даа...

Маагий (зочин)

Ха ха хатуу ч гэлээ үнэн хэлсэн байн ш дээ. Дээр хэлсэнчлэн хөнглүүлсэн хуц ухна мэт эрчүүд нэг хаа сайгүй явж л байдаг юм билээ. Тэд нар уншвал таарна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)