М.Далайхүү : УИХ-ЫН ГИШYYН БА ТОШСОН БУХЫН ТУХАЙ

УИХ-ЫН ГИШYYН БА ТОШСОН БУХЫН ТУХАЙ

“Yнэн” сонины 2000.02.26.

Бух тоших гэдэг нь хээлтүүлгийн цаг дуусаж намар оройхон болмогц “Намдаг” гуай сүргээсээ тасарч уул хяр бараадан, ганцаар бэлчээрлэн явахыг хэлэх бөгөөд бусдын үгийг сонсдоггүй, хий дэмий сэлгүүцэж, цаг нөхцөөдөг зарим хүмүүсийг манай нутагт “Тошсон бух” шиг гэж ярьдаг билээ.

Тошсон буханд чоно ч халддаггүй гэдэг. Зусангаа үнээ хөөсөн шивтэр, шинхэгээс нь сэжиглэдэг үү? Аль эсвэл хамаг тамир тэнхээгээ барсан усан гүзээ болсон зовлогоор яах вэ гэж голдог уу? үгүй бол зун намрын зургаан сар эрэг, хонхор ухаж, элс шороогоор хуягласан арьсыг хазаад хазаад нэвтлэхгүй гэж бодогддог юм уу, бүү мэд.

Энэ бүхнийг дурьдахын учир гэвэл өнөөгийн УИХ-ын ихэнх гишүүдийг хараад байхад эгээтэй л тошсон бух санаанд орох юм.

Ялгаатай нь гэвэл бух үндсэн үүргээ гүйцэтгээд тошдог, УИХ-ын гишүүд бол ажлаа хаяад тошдогт байгаа юм. Ер энэ УИХ-ын гишүүдэд хэлдэг, ярьдаг, засдаг, зааварладаг хүн байна уу?

УИХ-ын дарга захирдаг болов уу гэхээр та бид хоёр адилхан л гишүүн, таныг тэнд хонх цохиж, алх нүдэж, хурал удирд гэсэн болохоос намайг захир гээгүй шүү дээ гэх.

Намын бүлэг, намын дарга нь хүүе хаая гэхээр ард түмэн намайг сонгосон, би тэднийг төлөөлж ярина уу гэхээс намын бодлогод захирагдахгүй гэнэ.

Сонгогчид нь ирсэнгүй, очсонгүй, элдэв хэл аманд орооцолдлоо, чамайг татна, энээ тэрээ гэхээр “яг тэгж харагдаач” гэж даажигнана.

Эхнэр хүүхэд, найз нөхөд нь сонгогчид ингэж ярьж байна, тэгж хэлж байна гэхээр энэ бол төрийн хэрэг, та нарт огт падгүй гэж томорно. Ийнхүү сүргээсээ тасарсан бух шиг, нийгэм, хамт олноосоо тасарсан зуугуул төрийн түшээ гарч ирнэ. Цагдаа нь барьж аваад журамлая гэхээр УИХ-аас зөвшөөрөл авсан уу, дүү хүү гэж согтуу нүдээр гөлийнө. Шүүх дуудаад асуухаар огт юу ч санахгүй байна гэж маанаг хүн болон жүжиглэж, сонгогч олны итгэлээр наадаж, дөрвөн жил төсвийн хөрөнгөөр туйлж, төрийн буянд газар дүрж, хүнтэй танилцаж, хирдээ “под” хийгээд авна.

УИХ-ын гишүүний үндсэн үүрэг чуулганы хуралдаанд идэвхитэй оролцож, төрийн хууль батлах биш харин гадны буян (христ)-ы байгууллагаас хуучин хувцас, хугацаа дууссан ногооны үр, гурил, будаахан цуглуулж, сонгогчиддоо тараах гуйранч сэтгэлгээгээр солигдсоноос Монгол төрийн нэр хүнд шалдаа унаж, сонгогч түмний итгэл хөсөрдөв.

Төрийн түшээг зуугуул мал шиг амьдралаас гаргая, сонгогч олныхоо өмнө сонгуулах гэж гутлынхаа зулгийг ханзартлаа гүйсэн намынхаа гишүүдийн өмнө хариуцлага хүлээлгэдэг болгоё. Мянга мянган сонгогч олны итгэлийг хоёр нүүр гаргагч нэг хоёрхон “урвагч”-даар тоглуулахгүй байя гээд “Yндсэн хууль”-нд өөрчлөлт хийхээр хуйвалдлаа, луйвардлаа, хүч түрлээ гэцгээж зарим сонгогчид гоморхож, тоглоомын талбайгаас хасагдсан зарим “улстөрчид” агсарна.

Зөвхөн ганц жишээ дурдья. Завхан (19:16), Сэлэнгэ (18:16), Ховд (17:13) аймгийн ИТХ-д МАХН олонхи боловч бүтэн дөрвөн жилийн турш хөөцөлдөөд аймгийн засаг даргыг авч чадаагүй өдий хүрлээ. Шан нь юу вэ гэвэл МАХН-ын жирийн олон олон гишүүн ажлаас халагдаж, амьжиргаа нь буурсан. Хуралдаад л халдаг, солидог дээрээ тулахаар ИТХ дахь манай намын бүлгийн гишүүдээс 2-3 хүн эсрэг санал өгнө. За тэгээд адгийн зарга арав хоногтой гэгчээр чи уравсан, би уравсан, тэр уравсан, энэ уравсан гээд бие биенээ хардаж бөөн зарга, хэрүүл болох жишээтэй.

Ийм битүү хардалт сэрдэлтийн дунд намын ажлыг хэвийн явуулах ямар ч боломжгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой байх.

УИХ-ын чуулган аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ дээр илээр санал хураахад сонгогч та юунд нь эмзэглэнэ вэ? төрийн ажлыг хэд гуравхан хоёр нүүр гаргагчаар тоглоом тохуу хийлгүүлээд хараад сонсоод сууж байх нь тийм аятай зүйл биш гэдэг нь “АХ” эвсэл төр барьсан дөрвөн жилд аяндаа мэдэгдэж л байна шүү дээ.

Тошсон бух сүрэгтээ эргэж ирдэг бол “тошсон” түшээ сонгогчиддоо ч эргэж харагдахгүй, хувиа борлуулж, унах унаатай, барих утастай, дипломат паспорттой болчихдог, хачин үзэгдэл Монголд ноёрхсон нь хирдээ хүмүүсийн сонирхлыг татаж 2000 оны УИХ-ын сонгуульд үзээд алдая гэсэн гаж сэтгэлгээг нийгэмд бий болгов.

Сонгогч олон минь “хоосон амлалт, боосон бараа”-нд бүү хууртагтун. Эрхэм сонгогч та ганц өдөр төр барихдаа 1456 хоног сэтгэлийн шаналал эдлэх алдааг давтан бүү гаргаасай.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)