М.Далайхүү : “МУУХАЙ” МОНГОЛ ЗАН

“МУУХАЙ” МОНГОЛ ЗАН

Нүүдэлчин түмний заншил юмуу даа. Монголчууд бид их төрхөмсүү хүмүүс. Нэг нутгийнх, нэг ангийнх, эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажил, найз нөхөд, худ ураг гээд төрхөмсөх шалтаг мундахгүй. Нэг нутаг, нэг ангийх гэдэг нь тун харьцангуй ойлголт билээ.

Ж.Гүррагчаа сансарт нисэж ирээд Булган аймгийнхантай уулзахдаа хэлсэн нэг үг санаанаас огт гардаггүй юм. Тэр хязгааргүй уудам огторгуйд нисэж явахдаа юу бодож байв гэсэн нэг иймэрхүү асуулт тавьсан санагдана. “Би сумынхаа бага сургуульд анх орохдоо багийнхаа хүүхдүүдийг манай нутгийнхан гэдэг байсан бол аймгийн дунд сургуульд орохдоо Гурванбулаг сумаа, Улаанбаатарт дээд сургуульд ирэхдээ Булган аймгаа, ЗХУ-д сурч байх үедээ Монгол улсаа, сансарт нисэж явахдаа ганцхан цэнхэр дэлхийгээ миний төрсөн нутаг гэж бодож явлаа” гэсэн билээ. Миний хувьд л гэхэд Өгийнуурын бага сургууль, Хотонтын дунд сургууль, аймгийн төвийн 10 жил, их сургууль, намын дээд, бүр сүүлд Москвад, Новосибирскт, Сеүлд, Боннд хамт сурч байсан нэг курсынхан гээд ангийн хүүхдүүд олон бий. Цэргийнхэн бол онжав гээд илүү дотносоно. За тэгээд Атарынхан, Дарханынхан, Эрдэнэтийнхэн, Хөтлийнхөн, Бор-Өндөрийнхөн гээд илгээлтийн эзэд, ганзагынхан, валютынхан, ноолуурынхан гээд ченжүүд бие биенээ андахгүй.

Монголын 1565.0 мянган км2-д хаана ч явж байсан заавал нэг ангийн хам, нутгийн ах, цэргийн онжав ёс юм шиг байх. Хотынхон бол нэг орцны зэргэлдээ айлаа ч бараг мэдэхгүй. Америк, Европт бол төрсөн ахан дүүс ч нэг их төрхөмсөхгүй. Япон, Солонгост бол арай өөр эцэг эхээ гаргуунд нь хаяна гэж байхгүй. Манайхны цагаан сар хийдэг шиг жилдээ нэг удаа ахан дүүс, төрөл саднаараа цуглаж ахмадуудынхаа амар мэндийг мэдэж, бэлэг сэлт өгдөг юм билээ.

Уг нь төрхөмсөнө гэдэг хүний ёсон. Хүн чанараа гээгээгүйн нэгэн шинж билээ. Монголчууд бид хэн нэгнээр давхар хөөцөлдүүлэлгүйгээр ажил амжуулна гэж бараг үгүй. Иргэний бичиг баримт бүрдүүлэх, эмнэлэгт үзүүлэх, онгоцны билет авах, хил гаалиар нэвтрэх, лиценз зөвшөөрөл авах, хүүхдээ уралдаант шалгалтанд оруулахад гээд давхар давхар захиасаар заавал нэг хүнд даатгуулж, хэлүүлж байж санаа амардаг муу зуршилтай. Уг нь бол эртхэн шиг санаж байгаад бусдыг шаналгахгүйгээр айвуу тайвуу шийдчих асуудал шүү дээ. Тэгнэ гэж байхгүй. Яг цагийг нь тулгаж байгаад танилын нүүр /арын хаалга/-ээр нэвт шувт дайраад авчихыг хичээнэ.

Ингээд л тэнд, энд танилтай хүн байна уу гээд эрээд хайгаад эхэлнэ. “Хүргэн хүү” кинон дээр Содном гуайн ярьдаг шиг “Түрүүчийн суугаад салсан эхнэрийн одоо байгаа нөхрийнх нь дүүгийн хадмын бэр нь өгсөн юм.” гэдэг шиг. Дунд сургуульд хамт сурч байсан ангийн хүүхдийн худынх нь бэрийн ааваар нөгөө эмчид, байцаагчид, түшмэдэд хэлүүлэх болж цаг заваа барж, өөрийгөө ч өрөөлийг ч зовоох жишээтэй.

Монгол гэдэг цөөхөн юм болохоор эрхэм шүүгч Дорж, их сургуулийн профессор Дондог, клиникийн доктор Дулмаа, хичээлийн эрхлэгч Дэнсмаа, паспортын байцаагч Дамдин, гаалийн түшмэл Дүвжир, замын цагдаа Дөлгөөн, захын байцаагч Дугарыг таньдаг “маш чухал” хүнийг яаж ийгээд олчихно. Нөгөө “Маш чухал” хүн маань хэдэн давхар захиастай ямар хүн болохыг ч бараг лавлахгүй анги хамдаа, алтан нутагтаа туслалгүй яах вэ гэсэн сэтгэлээр цаг зав гаргаж, нэхэл дагал болсоор яаж ийгээд бүтээгээд өгөх.

Асуудал ингээд дуусдаг бол ч яах вэ? Гэтэл нөгөө ачтай тустай хүмүүст өдрийн зоог барих, үзвэр үйлчилгээнд урих, бэлэг дурсгал гардуулах, шан харамж өгөх ажил ундраад явчихна. Эхэндээ бол яах гэсэн юм хэрэггүй, энээ тэрээ гээд ичгүүрч зовдог, сүүлдээ авч л байх ёстой юм шиг бүр дасдаг, эцэст нь өгсөн юмыг нь голдог шилдэг, нүнжигтэй нүнжиггүйд нь хүрч гоочилдог, бүр цайгаад ном дүрмээрээ үйлчлүүлж байгаа иргэдийг тээршааж, лимит дууссан, дугаар тасалсан дараа ир, сүүлд бол гээд гар хардагаас үйлчилгээний алба гацаж, төрийн алба цалгардаж, хүнд суртлын үүр уурхай болж хувирах жишээтэй.

Ийнхүү Монголчууд бид бүгдээрээ “танил талаараа аргалуулах” өвчинд нэрвэгдэж, энэ өргөст торондоо орооцолдон гарах газаргүй болжээ гэвэл та бараг зөвшөөрөх байх. Аливаа нэг шалгаруулалтын зар гарахад юун түрүүнд ямар нөхцөл шаардсаныг нь уншиж танилцахаасаа өмнө зар өгсөн газрынх нь шалгаруулалтын комиссын дарга, гишүүдийг таньдаг хүн олох гээд утсаа шүүрээд авах жишээтэй. За тэгээд комиссын дарга уруу нэг өдөр, бараг нэг цагт худ ураг, хүргэн бэр, ажлын газрынхан, ангийн хүүхэд, нутгийн ханагар, цэргийн онжав утасдаж амар мэндийг нь асууж “маш чухал” хүн болсныг сануулж ийм ч учиртай, тийм ч шалтгаантай гээд нэг ийм хүүхдийг авч үзээч гээд шаналгах жишээтэй. Эцэс сүүлд нь шалгаруулалтын комисс маань шалгалтанд тэнцсэнийг авдаг газар биш харин хасдаг газар болж “захисан” нөхрийг тэнцүүлэх гэж үйл лайгаа эдэлдэг, улаан нүүрээ бардаг газар болж хувирч байна.

Төрийн байгууллага, аж ахуйн нэгж, албан газар бараг ижилхэн “захиасны хүн”-ээр дүүрсэн “хүүхдийн цэцэрлэг” болж, ажил төрөл урагшаа явах биш, ухрах араандаа орох нь бий.

Аливаа асуудлыг шийдэхдээ танил тал, захиас даалгавар хараад ирэхээр дүрэм, журам хууль номоороо явах гэсэн нь байнга хохирч, юм юмнаас хоцорч төр засагтаа гоморхож, албан хаагчдыг нэлэнхүйд нь үзэн ядах сэтгэлгээнд автаж, тэрний ч гарын хүн, энэний ч мэдлийн нөхөр гэж хий хоосон харддагаас улбаалан өөр хоорондоо түнжин хагарч манай танай, миний чиний гэсэн далд санаа өвөрлөсөн битүү ойлгомжгүй нөхөр болж, зэвэрч гандах нь ердийн үзэгдэл болж байна. Уг нь нэгэн эрхэм зорилготой, нэгдмэл санаатай хамт олон гэдэг чинь бие биенийхээ давуу чанарыг дөвийлгөж, харилцан суралцсан халуун ам бүл болж гэмээж төр түмний ажил үйлс бүтэмжтэй хийморьтой, цогтой золбоотой байдаг билээ.

“Муухай” Монгол зангаасаа салж чадах эсэх нь “Хөгжих үү, эс хөгжих үү” гэсэнтэй адилхан утгатай болчихлоо. Төрийн алба нэр хүндтэй сайхан ч түмэн олны гуйлга шахалт, дарамтыг даах аргагүй л болж байна даа. Бүгдээрээ ярилцвал буруугүй гэдэг энэ сэдвээр нэг ярилцах цаг болсондог оо.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШYYН М.ДАЛАЙХYY

2004.04.30

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)