М.Далайхүү : БЭЛЭНЧЛЭХ БИШ БЭЛЧЭЭР ХАМГААЛАХ СЭТГЭЛГЭЭГ НЬ УРАМШУУЛЪЯ

БЭЛЭНЧЛЭХ БИШ БЭЛЧЭЭР ХАМГААЛАХ СЭТГЭЛГЭЭГ НЬ УРАМШУУЛЪЯ

Нийт нутгаар цас орж хүйтний эрч чангаран, мал өл алдаж, 200 шахам суманд өвөлжилт хүндэрч байгаа тухай мэдээ нийт хүмүүсийг ихээхэн цочроож байна. Монгол улсын мал 1991 онд 25.8 сая байхад хоёр сая давсан малтай аймаг 2 (Завхан, Хөвсгөл аймаг), 1.5 сая давсан малтай аймаг 5 байжээ. 2010 оны эхэнд нийт малын тоо 43.7 сая хүрч Хөвсгөл аймаг бараг 4 сая мал (3922.7 мянга) – тай болж, гурван сая давсан малтай аймаг 4, хоёр сая давсан малтай аймаг 8 болж, 512.5 мянган малтай байсан Сэлэнгэ аймаг Дархан (329.7 мянга) –ыг оролцуулбал 1892.4 мянгад хүрч 1991 оныхоос 3.7 дахин нэмэгджээ.

2010 онд нийт 10 аймаг өмнөх оноосоо малаа хорогдуулснаас Увс, Ховд, Баян – Өлгий, Завхан, Говь–Алтай аймгийн мал сүргийн тоо 227.1 – 375.3 мянгаар буурч, 2010 оныг 1991 онтой харьцуулахад тэмээ, үхрийн тоо 262.4–269.1 мянга, адуу 55.3 мянгаар тус тус буурч, харин хонь 4.0 сая, ямаа 14.3 саяар нэмэгдэж өдгөөгөөс 20 жилийн өмнө 5 мал тутмын нэг нь ямаа байсан бол өнөөдөр бараг 2 мал тутмын нэг нь болж нийт мал сүргийн 44.6 хувийг эзлэх болов.

Говь–Алтай, Баянхонгор, Өмнөговь аймгийн нийт мал сүргийн 62.2 – 69.9 хувийг, Архангай, Булган, Дорнод аймгийн гурван мал тутмын, үлдэж буй аймгуудын бараг хоёр мал тутмын нэгийг ямаа эзэлж байна. Ийнхүү ямаа гэдэг мал ямбалж төрөөс хүртэл дотац авч түүхэнд бичигдэв. Уг нь Монголчууд “Ямаан толгой ямбанд багтдаггүй Янтгар хатан зарга шүүдэггүй” гэж сургадаг байсан гэдэг.

1991 оноос хойш мал сүргийн тоо Төв, Хөвсгөл, Архангай, Булган аймагт 2.0 – 2.4 дахин, Өвөрхангай, Сүхбаатар, Өмнөговь аймагт 1.7 – 1.9 дахин, Дорнод, Дундговь, Хэнтий, Баянхонгор аймагт 1.5 – 1.6 дахин, Ховд, Завхан, Дундговь, Увс аймагт 1.3 – 1.4 дахин тус тус нэмэгдэж, харин Баян–Өлгий аймаг 1991 оныхоо түвшинд арай хүрээгүй байна.

Мал сүрэг өсөөд л байдаг. Малын гаралтай түүхий эдийн үнэ унаад л байдаг. Малчид хөрөнгөжиж, бэлжиж байгаа тухай цуураад л байдаг. Яг үнэндээ бол яахаа мэдэхээ байчихсан гайхширсан хүмүүс л сууцгааж байна шүү дээ. Өвс ургамал нь тачирдаад, унд ус нь ховордоод, өвөлжөө хаваржаа нь айлсаад, сэлгээд нүүх нутаггүй, шилээд идэх бэлчээргүй болчихлоо шүү дээ. Буруутан нь хэн бэ? гэхээр малчин ч биш, төр засаг ч биш дэлхийн цаг уурын дулаарал, нутаг бэлчээрийн цөлжилт гэнэ.

Анхны цаснаар дээр дооргүй дуу алдацгааж онцгой байдлын газрынхны онгод нь орж, шадар сайдын сэтгэл нь уярч, улсын төсвийн хөрөнгө учир замбараагүй цацагдаж, байнд нь ч үгүй банзанд ч үгүй, аманд ч үгүй хамарт ч үгүй, аварч хамгаалаад гавьсан юмгүй асгаж цутгаад үрэгдэх. Жил болгон нэг иймэрхүү дүр зураг үзэгдэж зуу гаруй мянган малтай сум уруу хоёр тэвш өвс ачуулаад ихээхэн маадгар зогсох. Нэг нь өгсөн нэр зүүж, нөгөө нь авсан хоч дуулж алийн болгон бие биенээ хуурах вэ? Чин үнэнийг хэлэхэд нэг малчин өрхөд 2 боодол өвс ч хүрэхгүй шүү дээ.

За тэгээд 6 мянга, 6 зуу, 60 малтай хэн ч байлаа бэлчээр ашигласны төлбөр төлөхгүй. Ашиг орлогын татвар ч өгөхгүй. Малчин түмнээ бодож, харж үзэж буй манай төрийн бодлого энэ. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг шиг энэ их “хайр хишиг” нь эцэстээ хэдэн малчид хотоо харлуулж, нийслэл хот бараадаж гэрэл ч үгүй, ус ч үгүй, унаа ч үгүй хотын захын задгайд нэг “яндан” нэмэгдэж, Улаанбаатарыг утаанбаатар болгоход хувь нэмрээ оруулах жишээтэй. Одоо тэгээд яах вэ? 180 мянга шахам малчин өрхийг тэр хөдөөд нь хоёр идүүлэхгүй, хоосон хонуулахгүй, айлын зэрэгтэй хоргоогоод байх арга чарга байна уу? Малчин залуус маань хужаа мотоциклоор хонио хариулж, хиймэл үсэн дотортой, синтетик хувцас Эрээнээс авч өмсөөд, хасах арван хэдэн градусын ая даахгүй лидринэн гутал углаж, хагас тал нь онгорхой саравчтай малгай өмсөж, анхны цаснаар дагжин чичирч, даарч хөрч, зарим нь бүр амь насаа алдаж байна.

Сөөм шахуу үстэй азарган нэхий дээл, төө шахуу төөнөдөг үнэгэн лоовууз, цагаан эсгий оймстой булигааран түрийтэй монгол гутал музейд тавигдах шахтлаа мартагдаж, зарим нь бүр хоцрогдсонд тооцогдож байна. Хот хөдөөгүй л өвлийн дугуй, өвлийн масло, өвлийн түлш, өвлийн тосол гэж ярьцгаах мөртлөө хэдэн зууны турш нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн өвлийн хувцсаа бид бүхэн “Уулын бугыг хараад унасан морио хаяв” гэгчээр дээр дооргүй мартацгаажээ. Одоо ер нь монгол гэр импортоор авах л үлдэж байх шиг байна. Саяхан нэг яамнаас зарласан Монгол гэрийн дээвэр туурга хийх материалийн тендерт хужаа “эсгий” зулхай шалгарч бөөн зарга болоод тэгсхийгээд өнгөрөв шив дээ.

Судалгаанаас үзэхэд малчин зуун өрхийн 17 нь 50 хүртэл мөн тийм хэмжээний өрх 51 – 100, 27 нь 101–200, 30 нь 20–500, 9 нь 501–ээс дээш толгой малтай байна. Малчин өрхийн 60,7 хувь нь 200 хүртэл малтай байгааг бодолцвол зуны дэлгэр цагт малын буян цайны сүүтэй, тагш тарагтай, татанхай зөөхийтэй байна гэсэн үг. Ер нь адуу үхэр нийлсэн 50 орчим бодтой, 200 орчим богтой өрхийн хувьд өөрсдийнхөө мах, сүү цагаан идээний хэрэгцээг өлхөн хангаад, зах зээлд чамгүй юм юм борлуулаад байх бололцоотой байдаг. Энэ утгаар нь авч үзвэл 201-500 толгой малтай 50.5 мянган, 501–ээс дээш малтай 16.7 мянган малчин өрхийн хувьд зөв тооцож сайн зохион байгуулбал боломжийн ашигтай байж чадна. Эдэлж, үрж зарж чадахгүй их малтай байх нь эзэндээ бэрхшээлтэй, бэлчээртээ халгаатай л болоод байна шүү дээ. Үүнээс гадна малчин дөрвөн өрх тутмын нэг нь дөрвөн дугутай юм хөдөлгөөд, гурван өрх тутмын нэг мотоцикльтой, 13–15 өрх тутмын 10 нь телевизортой, гэрэлтэй гэсэн тоо мэдээ байна.

Айх аюулгүй, эрүүл саруул орчинд экологийн цэвэр хүнс хэрэглээд, телевиз үзсэн шиг, гар утсаар ярьсан шиг суугаа хэдэн малчдаа хотын захын хороолол бараадуулчихгүй байлгах арга чарга юу байна. Дампуурах эс дампуурах нь хөрөнгө мөнгөтэй хувь хүнээс ихээхэн шалтгаалах болсон цаг шүү дээ. Хүний эрх яриад өмчтэй болгон өөрийнхөөрөө зөрүүдлээд зүтгээд байвал сэлгээд буух нутаггүй, шилээд идэх бэлчээргүй, унд усаар гундуухан, өвс тэжээлээр маруухан, анхны цаснаар аврал хайсан хэвээрээ байх болно. Өнөөдөр л болж байвал маргааш яах нь хамаагүй гэсэн хувиа хичээсэн, ухвар мөчид бодлогоосоо малчид маань салж, хамтаараа нэгдэж бэлчээр усаа хамгаалах, төрийн хуулийг мөрдөж, засгийн шийдвэрийг дагаж, алс хэтийн бодлоготой ажиллахгүй бол 25 сая малтай байсан бараг хоёр дахин өслөө гээд хөөрцөглөж суух хооронд чинь бэлчээр ч үгүй, мал ч үгүй болдог дээрээ тулаад ирснийг ухаарч, шинжлэх ухааны үндэстэй бодлого боловсруулах цаг болсныг эрх биш ухаарч байгаа болов уу? Ам болгондоо устай, жалга болгондоо хадлантай, нугын өвс нь дөрөө шүргэж, булан, тохой, шургуулганд бог мал ороход харагддаггүй байсан үед хийсэн тооцоогоор хонин толгойд шилжүүлснээр 60 сая малын бэлчээрийн даацтай гэсэн шинжлэх ухааны судалгаа дүгнэлт гарч байлаа. Гэтэл өнөөдөр ямар байна вэ?

Хөдөө орон нутагт нэн даруй хэрэгжүүлбэл зохиох хэдэн ажил байна

Нэг. Малын толгой тооноос нэн ялангуяа ямааны тооноос хамааралтай бэлчээрийн төлбөрийн хууль яаралтай гаргаж, орсон орлогоор нь цөлжилтийн эсрэг тэмцэх сан байгуулж, ИТХ–ын шийдвэрээр тухайн орон нутагт нь зарцуулдаг болгох;

Хоёр. Байгаль орчныг хамгаалах, бэлчээрийг дундаа ашиглах нөхөрлөлийн дүрэм журмын хялбарчилсан зааварчилга гаргаж, багийн иргэдийн нийтийн болон сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж, малчдын дунд бэлчээрийг “албадан” эзэмшүүлэх компанит ажлыг орон даяар зохиох;

Гурав. Мянгат малчдыг улсаас урамшуулдгийг зогсоож, нэг малчин өрхт байх малын тоо толгойн оновчтой бүтцийг бүсчилсэн байдлаар гаргаж, дээд хязгаар тогтоож өгөх;

Дөрөв. Хадлан тэжээл бэлтгэх, худаг ус гаргах, малчдын дулаан хувцас оёдог дундын хоршоолол байгуулахад улсаас хөрөнгө санхүүгийн туслалцаа үзүүлж, сум бүрт нэг үлгэр жишээч аж ахуйн нэгж байгуулах;

Тав. Баг, сум, аймаг дамжин отор нүүдэл хийдэг дур зоргоороо үйлдлийг зохих дүрэм журманд оруулж, тухайн аймаг, сумын хэмжээнд нэгдсэн удирдлагад оруулах талаар Засгийн газраас удирдамж гаргаж мөрдүүлэх;

Зургаа. Малын эмч бол хүн төрөлхтний эмч гэдэг үнэн үг. Уг нь ямаанд өгдөг 36.0 тэрбумыг мал эрүүлжүүлэх албыг бэхжүүлэхэд өгсөн бол нүдээ олох байсан биз. Сүргийн болон төрлийн зөв бүтэцтэй, өвчин эмгэг багатай мал сүрэгтэй байж гэмээнэ арьс шир, ноос ноолуур, мах сүү нь чанартай дотоод гадаадад худалдахад элдэв хэл амгүй хурдан түргэн борлогдоно шүү дээ. Мал эрүүлжүүлэх арга хэмжээг зөвхөн малчдад даатгаад орхисон, аз туршсан, аргаа барсан байдлаас салж, нэгдсэн удирдлага зохион байгуулалтанд оруулах;

Долоо. Сүргийн бүтцэд нь сөрөг нөлөөлөхгүйгээр улсаас малчдад мах бэлтгэх даалгавар өгч орон нутгийн захиргааны дэмжлэгтэйгээр энэ төрлийн бизнес эрхэлдэг компаниудаар дамжуулан авч улмаар гадаадад гаргадаг тийм жишиг тогтоовол малчдын орлогыг нэмэгдүүлэх, бэлчээрийн даацыг зөв зохион байгуулах боломж олдоно. Хүсвэл энэ тийм ч шинэ соргог ажил биш бөгөөд өмнө нь байсан л тогтолцоо шүү. Эс чадваас бахь байдгаараа л хоосон ярьсаар цагийг нөхцөөж байдал улам л хүндрэх болно.

Мал мал л гэх юм гэж хэн нэг нь ад үзэж болох юм. Гэвч манайд 180.0 шахам мянган малчин өрх бас дээр нь нэмээд 54.3 мянган тавиул малтай айл байгааг бодолцвол нийт 220.0 гаруй мянган өрхийн хүн амыг тэжээдэг тийм салбар Монголд өнөөдөндөө алга байна шүү дээ. Уул уурхай уул уурхай л гэнэ тэр чинь хэсэг цөөхөн луйварчдыг улам баяжуулж, байгаль дэлхийг сүйрүүлж, эцсийн дүндээ Африкийнхан шиг ихэнх нь ядуу зүдүү, өлмөн зэлмэн үлдэцгээх болно. Энэ бол таамаглал биш олон улсын практик, зах зээлийн араншингаар аль хэдийн нотлогдсон үнэн.

Унаж яваа морио алж идэв гэгчээр бэлчээрээ талхалчихаад, байгалиа сүйрүүлчихээд уламжлалт мал аж ахуйгаа өсгөх тухай ярихын ч хэрэггүй.

М. Далайхүү 2010. 01. 12

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
амаа (зочин)

зөв талдаа нийтлэл болсон байна. Монголын малчид хужаагийн хувцас өмсөөд хөдөө аж төрнө гэдэг бол утгагүй асуудал.элэгдэж хуучраад хаягдлаа гэхэд байгальд шингэхгүй нийлэг матриал бөөн л хор. бид уламжлалт аж аж ахуйгаа хөгжил дэвшилтэй аятайхан уяалдуулаад явах хэрэгэй байгаа юм. харийнхан ирээд өөрийнхөө нутагт байгаа юм шиг их мэдэмхийрч газар шороог минь сүйтгэж байгаа нь олиггүй төрийн урагшгүй тэнэглэл.энэ лизензээ ашиглахаар ч бай, хайхаар ч бай одоо олгохгүй байх нь зөв. энэ ашигт малтмалын олборлолтыг чин дагаад аалзны тор шиг зам хэрэгдэж бэлчээрт улам хор хөнөөл учруулж байна.

ХИШИГДОРЖ (зочин)

Сайхан нийтлэл байна. Бэлчээр жил жилээр доройтсоор л жимисний модоо тайрсаар байтал нэг л өдөр хйнгай газар говь боолох цаг нээх их хол биш байна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)