М.Далайхүү : АЛТАА ТЭВРЭЭД АМЬСГАЛ ХУРААХ УУ?

АЛТАА ТЭВРЭЭД АМЬСГАЛ ХУРААХ УУ?

Нарнаас цацардаг хэт ягаан туяанаас дэлхий дээрх амьдралыг хамгаалдаг хуяг дуулга болсон хүчилтөрөгчийн гурван /O3/ атомаас тогтох хийн өвөрмөгц бүрхүүлийг озоны давхрага гэдэг. 1985 оны 3 сард Вена хотноо хуралдсан олон улсын хуралдаанаар озоны үе давхрагыг хамгаалах конвенц гаргаж, 37 орны төлөөлөгчид гарын үсэг зурж баталжээ.

Эрхэм уншигч та манай гаригийн озоны бүрхэвчид цоорхой үүсэж томорч байна гэсэн мэдээлэл нэг бус удаа яригдаж, хэвлэлээр гарч байдгийг санаж байгаа байх. Озоны үе давхрагыг задалдаг бодисын хэрэглээг 50 хувь бууруулахаар 1987 оны Монериалын протоколд заасан байна. Хөөсөнцөр үйлдвэрлэл, хөргөх төхөөрөмж, хуурай хими цэвэрлэгээ, үнэртэй аэрозоль гэсэн 4 төрөл зүйл озон хомсдуулагч бодисын 98 хувийг гаргаж байна гэсэн тооцоо судалгаа ч бий.

Озоны “цоорхой”-гоор “гоожиж” байгаа хэт ягаан туяа нь амьтай бүхнийг хөнөөх чадалтай бөгөөд нар манай гаригийн амьдралыг “эхлүүлсэн” шигээ “төгсгөж” бас чадна гэж эрдэмтэд судлаачид нотолж байдаг.

Дуунаас хурдан нисэх онгоцнуудын давхраат мандалд хаядаг азотын ислүүд озоны үе давхрагад сөргөөр нөлөөлж байдгийг НҮБ-ын хүрээлэн байгаа орчны асуудлаар зохион байгуулсан олон улсын хурал хэлэлцэн “Агаар мандал дахь озоны хэмжээ багассанаар дэлхийд хүрэлцэн ирэх хэт ягаан туяаны тун хэмжээ ихсэж, түүний үр дагавраас болж ургамлын ургац удаашран, усны эргэлтийн тогтолцоо алдагдаж, амьтан ургамлын аймаг ядууран доройтож, хүний бие түлэгдэн улмаар арьсны өмөн үү үүсэх нөхцөл бүрэлдэж байгаа тухай” мэдээлсэн байна. Парисаас-Нью-Иорк хүртэл ниссэн БОИНГ онгоц 36,0 тн хүчилтөрөгч шатаадаг болохыг эрдэмтэд тооцоолон гаргасан байна.

Гэтэл сүүлийн 10 гаруй жил монгол улсын дээгүүр утаан зам татуулан өнгөрөх дуунаас хурдан онгоцны тоо эрс нэмэгдэж навигацийн орлого гэдэг нэг шинэ статья улсын төсвийн орлогод нэмэгдэж чамгүй ногоон хармаалж байгаа тухай та бүхэн сонссон байх. Энэхүү орлогоор сүүлийн 5 жилд буюу 2004-2008 онд нийтдээ 87,5 тэр бум төгрөг, 2008 онд 19,0 тэр бум төгрөг улсын төсөвт цугларсан байна. Улсын төсөвт ч яахав мөнгө ордог байж, ундны ус хомсдлоо, ургамлын гарц багаслаа, цөлжилт ихэслээ, малын бэлчээргүй боллоо гээд хот хөдөөгүй ам амандаа шуугицгааж байна. Навигацийн орлого төсвийн цоорхойг нөхдөг юм байж, бид бүхний амьдарч байгаа байгаль орчны доройтлыг юугаар нөхөх болж байна.

1989 оны статистикийн гүйцэтгэлээс үзвэл монгол улс 39,5 мянган авто машинтай түүний 27,4 мянга нь ачааных байжээ. Гэтэл гаднаас оруулж ирсэн авто машины тоо 2007 онд 20,0 мянга, 2008 онд 37,1 мянга болж, хоёр жилийн дотор хил гаалиар орж ирсэн машин 57,1 мянгад хүрч, 2009 он гэхэд нийслэл хотод 130,0 шахам мянган машин бүртгэгдсэн тухай ЗЦГ-аас мэдээлж байна.

Эрдэмтэн судлаачдын тооцоогоор автомашины дунд зэргийн чадалтай мотор жилд дунджаар 4350 кг хүчил төрөгч шатааж, 3250 кг нүүрс хүчлийн хий, 530 кг нүүрстөрөгчийн исэл, 93 кг нүүрс ус төрөгч, 27 кг азотын исэл бусад хорт хий гадагш гаргадаг гэсэн судалгаа байдаг. Энэ тооцоогоор үзвэл Улаанбаатар хотод өдөрт 80,0 мянган машин байнга хөдөлдөг гэж үзвэл бүтэн жилдээ /3,2*80,0/ 256,0 мянган тн нүүрс хүчлийн хий, /0,5*80,0/ 40,0 мянган тн нүүрс устөрөгч, 2,2 мян.тн азотын исэл дөрвөн уулын дунд цацагдаж байна гэсэн үг. Үүн дээр нэмээд хүйтний улиралд 130,0 мянга шахам гэрийн яндангаар олгойдох бараан утааг нэмбэл Улаанбаатарчууд мөн ч тэвсэртэй “амьтан” байгаа биз. Бид чинь яваандаа Чернобылийн атомын цахилгаан станц сүйрсний дараа түүний ойр орчмын голд бий болсон “загасархуу” эсвэл Хонгорын үнээнээс гарсан “тугалархуу” нэг тийм урод хүмүүс болох төлөвтэй.

Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар бол “Нарийн сухайтад өдөрт 350 тээврийн хэрэгсэл зорчиж, 2009 онд 4 минут тутамд нэг хөдөлгөөнтэй байгаа бөгөөд Тавантолгой, Овоот толгойг оролцуулбал тээврийн хэрэгслийн тоо өдөрт 600 гаруй болж байгаа бөгөөд энэ тоо ойрын үед 1300 болж бараг минут тутам нэг тээврийн хэрэгсэл зорчих хэмжээнд хүрнэ. Хүнд даацын нэг тээврийн хэрэгсэл Оюутолгойгоос Гашуун сухайт хүртэл нэг эргэлтэнд 2,020 гр нүүрс хүчлийн давхар исэл, 320 гр азотын исэл, 220 гр нүүрс хүчлийн дан ислийг тус тус ялгаруулна. “Төмөр замын сүлжээ барьж ашиглалтанд оруулах хүртэл Тавантолгой, Оюутолгой, Нарийн сухайт, Овоот толгойн уурхайн том даацын тээврийн хэрэгслүүд өдөрт нийт 3 тн нүүрс хүчлийн давхар исэл ялгаруулж дэлхийн дулааралд нөлөөлсөөр байх болно” гэсэн байна. НҮБ-ын цаг агаарын өөрчлөлтийн эсрэг олон улсын конвенцид нэгдэн орж, гарын үсэг зурсан орны хувьд монгол улс хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зөвхөн мөнгө бодоод гараа хумхиад суугаад байж болохгүй биз ээ. Хөгжинө, дэвжинэ гэдэг улс орны тусгаар тогтнол, хүн амынх нь амьжиргаанаас ангид байна гэж байхгүй биз дээ.

Тавантолгойн нүүрсийг том даацын тээврийн хэрэгслээр өдөр шөнөгүй зөөж ашиг олж байгаа 5-6 өрхийн орлогыг Өмнөговь аймгийн 40 мянган хүнд хуваагаад манай аймгийн нэг хүнд ноогдох орлого өслөө ч гэдэг юм уу? Бороо гоульдийн 40 тн алтыг зарж баяжсан нэг хоёрхон өрхийн орлогыг Мандал сумын 5,0 мянган өрхт хуваагаад ингэж тэгж амьдрал нь сайжирлаа гээд яах ч юм билээ.

Усгүй үед хүн 7 хоног тэсэх байх харин агааргүй орчинд нэг минут ч байж чадахгүй бизээ. Нүд улаан мөнгө цагаан гэж гүйсээр байтал нэг өдөр алттай нь алтаа тэврээд, алтгүй нь үрээ тэврээд амьсгал хураачихсан байх вий.

М.Далайхүү

2009 оны 09 сарын 07

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Жамбал (зочин)

Сайхан нийтлэл байна. Санаа зовж л суудаг асуудлаар сайхан бичсэн байна. Энэ талаар мэдээлэл сайтай байгаа боло олон хүмүүст хүргэж байгаарай. Амжилт хүсье

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)