М.Далайхүү : ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ “ЦООРХОЙ”

ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ “ЦООРХОЙ”

Хуулийн “цоорхой” бус хууль үйлчилдэггүй “цоорхой” Монголын газар нутгийн хаана л бол хаана бий болов. Тухайлбал: УИХ–ын дугуй танхим хууль үйлчилдэггүй хамгийн дээд түвшин дэх цоорхой болсноор удаж байна.

Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазны тэргүүн зөвлөх нь эрхэм гишүүд хээл хахууль авсан, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад онц их хохирол учруулсан, улсын мөнгө хөрөнгө завшсан, хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр казино тоглосон гэх зэргээр УИХ–ын хэд хэдэн гишүүний эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ удаа дараа тавьсан боловч тэр болгонд Монгол Улсын Их Хурал Ерөнхий прокурорын өмнөөс залуусын ярьдгаар зүгээр л салаавч үзүүлээд буцаасныг олон түмэн мэдэж байгаа.

Мөн хууль үйлчилдэггүй бас нэг цоорхой бол улс төрийн сонгууль болж хувирав. Учир юунд вэ гэвэл сонгуулийн хуулиар бол сонгогчдын саналыг худалдаж авахыг хориглосон заалт бий. Гэтэл бүх л шатны сонгуулийн үеэр мөнгө, түлээ, нүүрс, гурил, будаа, хуучин хувцас тараах бол ердийн үзэгдэл болов. Улсын төсвийг аль нэг нам, хэн нэгэн хүн урьдчилан хуваарилж амлалт авдаг зуршил тогтов. Эхлээд арван мянга байснаа сүүлдээ зуу, таван зуун мянга, сая, сая таван зуу мянга гэхчилэн өсөж Ерөнхийлөгч 2.5 сая болгож огцом шидэв. Яг л нөгөө “Хүний мөр” кинон дээр морь зардаг шиг. Гэтэл 2.7 сая хүнийг 2.5 сая төгрөгөөр үржүүлээд үзэхээр 6.7 их наяд төгрөг. Алт, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр тэнгэрт хадаж байсан үеийн 3 бүтэн жилийн улсын төсөвтэй тэнцэнэ. Өөрөөр хэлбэл нэг жилд бүх төрлийн татвар, гадаадын зээл тусламж оролцоод улсын төсөвт цугларч байгаа мөнгө 2.2 их наяд байна гэсэн үг шүү дээ. Ийнхүү төрийн эрхийг хууль бусаар булаан авахыг хориглосон үндсэн хуулийн заалт “будаа” болов.

Өнөөдөр Монголын төрийн эрхийг нэг улс байтугай нэг компани худалдан авч болохоор тийм нөхцөл байдал үүсэв. Гэмт хэрэгтнүүд улс төрийн нам уруу хошуурцгаах болов. Үүний нэг тод жишээ бол Л.Гүндалай, Ж.Батзандан, Б.Магнай нар шүүхээр шийтгэгдэх болоод ирэхээрээ АН–д гишүүнээр элсэцгээж аврал өршөөл хайцгааж, хийсэн хэргээ нуухын тулд улс төржиж, “намайг зүв зүгээр байхад өрсөлдөгч хүчин маань гүжирдэж, гүтгэж хэрэгтэн болгох гээд байна” гэж ичиж зовохгүй мэдэгдэл хийж, хууль хяналтын байгууллагынхан гэж бууны ноход тэднийг халж солихгүйгээр Монголд шударга ёс тогтохгүй ээ гэсэн нийгмийн сэтгэл зүй бүрдүүлэхийг хичээх болов. Улсын Их Хурлын танхимд хууль үйлчилдэггүй, улс төрийн намууд хууль хэрэгжүүлдэггүй юм бол Монголд чинь тэгээд хаана нь хууль үйлчлэх болж байна вэ?

Төрийн эрх ард түмний мэдэлд байна. Ард түмэн төлөөллөөрөө дамжуулж төр барина. Намууд нэр дэвшүүлнэ. УИХ–д олонхи болсон нам Засгийн газраа байгуулна. Парламентад суудалтай нам Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ гээд Монголын засаг төрийг хэн байгуулах, хэрхэн удирдаж залахыг заагаад өгсөн, зангидаад хэлчихсэн үндсэн хуультай орон шүү дээ. Хуулийг яг таг, яс хэрэгжүүлэх ёстой хоёр гол субъект нь хуулийг гууль болгоод эхлэхээр Монголд чинь хууль дүрэмгүй амьдрах гэсэн давалгаа газар сайгүй үүсч “цунами” гэгч нь болох л үлдлээ.

За тэгээд Хөвсгөлийн цэнхэр тайга, Хонгор нутгийн шаргал талд “нинжа” хэмээх алт хайгчдад Монголын хууль үйлчлэхгүй бас нэг том цоорхой гараад удаж байна. Дээдсээс үлгэр дуурайл авч найрка худалддаг гудам, боодог зардаг булан, мод зөөдөг жим, сум дамладаг талбай, ангийн эд эрхтэн авдаг сарай, хулгайн мал нядладаг хашаа гээд хууль үйлчилдэггүй “цоорхой” хаана л бол хаана бий болж Монгол орон шүүрэн шанага шиг цоорхой орон болов. Энэ бүх цоорхойн цаана нэг эсвэл нэг хэсэг бүлэг эрхтэн дархтан, хянаж шалгах эрх бүхий төрийн албан хаагч ёс юм шиг байж хаацайлж, хамгаалж байдаг нь нууц биш билээ.

Автобусанд билет худалдаж авдаг хүн бараг үгүй болжээ. Ахмадууд үнэмлэхээ, оюутнууд карт харуулаад, согтуучууд нь “салаавч” үзүүлээд, хууль хяналтынхан мөрдсөө заачихаад л зорчдог болж. Учрыг лавлабал төрөөс бүгдийг нь төлдөг гэх. Ядаж хагасыг нь бүр болохгүй бол гуравны хоёрыг нь төр даадаг байвал зах зээлийнхээ жаягт таармаар санагдах юм. Ардчилал, хүний эрх, шударга ёс ярьж сүржин үгээр халхавч хийж олны нэр барьсан гадаадын ийм ч төсөл тийм ч сан, буяны байгууллагын санхүүжилттэй гэгдэх ТББ–ууд олширхын хирээр хууль үйлчилдэггүй цоорхой төдий чинээ нэмэгдэж, тэдгээр ганц гишүүдтэй олон нийтийн байгууллагууд “хэн хоол өгнө түүний төлөө хуцна” гэсэн банхарын зарчмаар ажиллаж Монголыг бүр туйлдуулж гүйцэв.

Аливаад авах гээхийн ухаанаар ханддаг Монгол ёс заншил устаж бид гадныхнаас сайныг нь биш саарыг нь илүү сурцгааж, төрийн өмч цөлмөдөг, улсын банк дээрэмддэг, бусдын хөрөнгийг булаадаг, хүн зардаг, биеэ үнэлдэг, рекет хийдэг, байшин шатаадаг, хар тамхи татдаг, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан хэн нэгнийг гүжирдэн гүтгэж цусгүй алдаг эсвэл магтан сайшааж суга дэвшүүлдэг гэх зэрэг бусармаг ёсонд гаршиж байна. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр унадаг болохоор бусад уруу тавьсан хортой сум нь буцаж ойгоод ирэхдээ эрч нь нэмэгдээд хор нь ихсээд ирэх. Одоо ганцхан юм л дутагдаж байх шиг байна. Гэгээн цагаан өдөр гэрэлт наран дор гудамжинд олны нүдэн дээр бие биенээ золбин нохой шиг буудаж амь насыг нь егүүтгэх. Амьтад мэт хүчтэй нь хүчгүйгээ устгадаг байгалийн хуулиар амьдрах уу? Эсвэл хэн өрссөн нь нөгөөдөхөө “нядалж” байдаг мафийн хуулиар амьдрах уу? гэдэг хоёрхон зам л үлдэв бололтой.

Байгууллага, иргэн бүр хууль үйлчилдэггүй “цоорхой” өөрөө өөртөө ухаад эхэлбэл Монголд парламент байхын хэрэггүй болж таарна. Учир юунд вэ гэвэл үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн “хууль”–ийг нь хэрэглэх хэрэглэгчгүй болчихоор дампуурна биз дээ. Бусад улс оронд бол хуулийг дагаж мөрдүүлэх гэж баталдаг харин манайд бол эсэргээр аль нэг компани, хэсэг бүлэг хүмүүст ашигтай байхаар бодолцож өмнөх хуулиа өөрчлөн баталдаг тийм жишиг тогтож байна.

Багийн дарга нарыг захиргааны албан хаагч болголоо л гэсэн гэтэл жил ч бололгүй хуулиа өөрчилсөн. Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, эмнэлэг, соёл үйлчилгээний байгууллагын дарга нарыг төрийн жинхэнэ албан хаагч болголоо л гэсэн гэтэл бүтэн хагас жил ч бололгүй болилоо, байлаа, хуулиа өөрчилье гэх болж. Ямаа болгонд 5000 төгрөг УИХ-ын гишүүн бүрт 500,0 сая төгрөг олгох тухай хууль гарч байна. Нэг гишүүн 100,0 мянган ямаатай тэнцэж байгаа юмаа даа маяг нь ... Ер нь энэ Их Хурлын гишүүд чинь уймраа эхнэр шиг болцгоочихсон юм уу? Гэтэл хууль засаад хэргээс мултарчихдаг, хууль санаачлаад хамсаатнуудаа чөлөөлүүлчихдэг, хууль гаргаад мөнгө цохиод байхыг үзвэл бас чиг тийм биш бололтой юм.

Усны эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг. Их Хурлыг сонгогч бид нар л бүрдүүлсэн. Тэгэхээр сонгогч бид чинь их булингартай хүмүүс шиг байна. Дөрвөн жилд ганц олдож байгаа эрхээ эдлэхдээ өөрийнхөө бөндгөрөөр биш бусдын хатгалга ятгалга, тал шуудай нүүрс, тал литрийн найрка, хагас уут будаа, өрөөсөн гуталын ч үнэ хүрэхгүй халтар төгрөгөөр худалдчихдаг болсон тул хаврын хаварт шувууд зэллээд нисээд ирдэг шиг сонгууль болохоор мөнгө өвөртлөсөн сайн эрчүүд хойно хойноосоо цувраад “нисээд” ирдэг болчихлоо шүү дээ. Ийнхүү чи бид сонгуулийг төрөө төвхнүүлж, амьдралаа дээшлүүлэхийн төлөө биш харин улам дордуулахын төлөө өгч байна. Сонгогч бид “бөөн авилгачид” болцгоосон болохоор байгуулсан төр засаг нь авилгач байхаас ч яах вэ дээ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг биз дээ.

М.Далайхүү

2009.10.27

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)