М.Далайхүү : СОНГУУЛИЙН ПРОПОРЦИОНАЛЬ СИСТЕМ БУЮУ ДОРДОХЫН ДОЛОО

СОНГУУЛИЙН ПРОПОРЦИОНАЛЬ СИСТЕМ БУЮУ ДОРДОХЫН ДОЛОО

Монгол улс нэг тойрог болж 76 гишүүнээ сонгох юм гэнэ. 333-444 хүний нэр бичсэн нэг томоос том далбагар хуудас барьж ороод ганцхан хүн дугуйлаад саналын хайрцагт хийх юм байх аа. Саналын хайрцагны таг нь ганц хуудас багтах нарийнхан завсартай биш, хуулиастай цаас багтах яндантай юм гэнээ. Энэ ч яах вэ? Улс мөнгөтэй юм болохоор гэр шиг хайрцаг хийнэ үү? Дээвэр туурга шиг саналын хуудас хийнэ үү маньд падгүй хэрэг. Харин сонгогчид бид чинь манайх минийх гэж оноосон гишүүнгүй л болохдогоо.

Бодоод байхнаа бас чиг юм байнаа. Харин урьдахаасаа улам л дордох шинжтэй. Учир юунд вэ гэвэл:

Нэг. УИХ –ын гишүүдийг сонгогч бид биш намуудын удирдлагыг тойрсон хэдэн хүн сонгодог болох юм байна. Энэ тохиолдолд нам нь мам болж мам ч гэждээ мафи болж, удирдагч нь захиалагч болж УИХ, засгийн газар нь гүйцэтгэгч болж таарна.

Хоёр. Үндсэн хуулиар бол Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгодог. Энэ тохиолдолд Монгол улс 77 Ерөнхийлөгчтэй болж ёстой үлгэрт гардаг шиг 77 толгойтой даравгар хар мангасын аманд орно гэсэн үг.

Гурав. УИХ-д орон нутгийн төлөөлөл гэж байхгүй болж “Намайг хэн хэлэх вэ? Нохойг хэн саах вэ?” гэдэг шиг сэтэрлэсэн мал аятай хэдэн хүнтэй болно гэсэн үг.

Дөрөв. УИХ-ын гишүүдийн цөөн хэсэг нь сонгогчдын саналаар үлдсэн олонх нь намын саналаар суудал авч жинхэнэ гишүүн, хуурамч гишүүн гэсэн ялгаа зааг гарч, нохой гөлөгний хэрүүл дээр хулхи найрка гэсэн доромжлол нэмэгдэнэ дээ.

Тав. Улсын төсөвөөс бага ч атугай мөнгө орон нутагт хуваарилагддагаа больж, томоохон алсын хараатай хөрөнгө оруулалт гэдэг нэрээр төсөвийн орлогыг хэдхэн хүн сэгэн дээр суусан тас шиг хуваагаад залигана гэсэн үг. Муу нэртэй луу данстай нөгөө орон нутагт очих ёстой 76 тэрбум төгрөг дашийн шог болно.

Зургаа. Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ булаалгасан ард түмэн уньж туних нь ихсэж, үглэж дуулах нь олширч, гоморхож гонгинож эхэлнэ.

Долоо. Санаа байвал шалтаг мундахгүй гэдэг шиг эгзэгтэй үед “Үйлдвэрчний эвлэл” дуугаа дуулж, “Хөдөлгөнүүд” хөгжмөө эгшиглүүлж, эмх замбараагүй байдал руу эргээд орвол хэн хариуцах билээ. Хуулиа баталсан хуучин гишүүд нь үү хуралдаж суугаа хулхи гишүүд нь үү.

Парламентад хэн сонгогдох нь чухал биш нутаг дэвсгэрийн, хамт олны төлөөлөл байх нь л гол амин сүнс нь юм биш үү? Энэ хэдэн хонийг нь Готов нь авна уу? Шадав нь авна уу? хамаагүй гэдэг шиг. Архангайгаас хэн гээч нөхөр сонгогдох нь гол биш юутай ч манайх гэсэн 3 гишүүнтэй байдаг нь л чухал юм шүү дээ.

Нэг ийм хүүхэлдэйн кино байдаг. Эзэн ажилдаа явсны дараа муур нохой хоёр гэртээ үлддэг. Муур ийш тийш үсчин идэш хоол эргүүлэн юм юм онгичиж, сав суулга унагаж, аяга таваг хагалж, гэр орныг сүйтгэнэ. Эзэн орой гэртээ ирээд нохойд хамаг бурууг тохоно. Байдал цааш давтагдаж, нохой гэрээсээ хөөгдөж цатгалан муур гэрт үлддэг. Иймэрхүү үл ойлгогдох байдал сонгууль болгоны дараа гарч луйвардлаа, булхайцлаа, дээрэмдлээ гэсэн будлиан босож эхэлдэг ч түүнийг шалгаж хянадаг үнэн мөнийг олдог газар гэж байдаггүй таг чиг болдог. Нэгэнт хянаж тогтоодог газар байдаггүй болохоор булхай луйвар сонгуулиас сонгуульд улам л гаарч арга нь улам нарийсдаг.

1996 оны УИХ­-ын сонгуулиар саналын хуудас эргэлдүүлдэг, өрсөлдөгчийнхөө хүчинтэй хуудсыг хүчингүй болгодог аргыг туршиж зарим үл бүтэх хүмүүс “ялалт” байгуулсан бол 2ОО4 оны УИХ­-ын сонгуулиар хорооллын задгай нэрээр “тусгай бэлтгэгдсэн” отрядыг санал хурааж дуусахаас өмнө бөөн бөөнөөр нь ачиж ирэн санал өгүүлдэг аргыг зарим тойрогт амжилттай туршсан юм. Энэ мэхэнд УИХ-ын орлогч дарга байсан Ж.Бямбадорж цэвэр тавиулсан билээ. 2008 оны УИХ­-ын сонгуулиар хэрэглэсэн нэг “шинэ технилог” бол хэсгийн хорооны гишүүдийг тэр аяар нь худалдан авч саналын хуудсыг өөрсөддөө ашигтай байдлаар багцлуулж ялалтын мэдээ гаргуулдаг арга юм. Энэхүү дайрлаганд Эрүүл мэндийн дэд сайд асан Н.Удвал нэрвэгдэж Архангайд бүдэрсэн түүхтэй. 2009 оны Ерөнхийлөгчийн мөн УИХ-ын нөхөн сонгуульд бас нэг луйварын шинэ арга хэрэглэсэн байж болзошгүй гэсэн таамгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэвшүүлээд байгаа. Нэр дэвшигч нар ч өөрсдөө барин тавин ярьж байгааг хүмүүс сонсож байгаа байх.

Та бид саналаа хэнд өгөхөөс үл хамаарч яг өнөөдрийн ”тендэр”-т оролцож байгаа шиг ялагч нь аль хэдий тодорчихсон байна гэж боддоо. Ингээд бодохоор төр засагаа БИД биш ТЭД хуйвалдагчид, луйвардагчид байгуулж байна гэсэн үг. Сонгуулийн мөрийн хөтөлбөрийн амлалтын хувьд АН эхлээд амладаг МАХН араас нь чирэгддэг. Хүүхэд бүрт 10000 гэхээр, шинээр төрсөн хүүхдэд 100000, шинэ гэр бүлд 500000 гэдэгч юм уу, иргэн бүрд нэг сая гэхээр нэг сая хагас гэж амлах жишээтэй. Нэг үгээр хэлвэл хуулийнхны ярьдагчлан “аргагүй хамгаалалт” ч гэмээр юмуу даа.

Өнөөдөр УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэх тухай ярьцгааж байна. Пропорциональ системээр явуулахаар жинхэнэ шударга сайн хүмүүс нь сонгогдох юм шиг, өнөөгийн энэ их мөнгө хөрөнгөтэй хүмүүс хасагдчих юм шиг бодоод хэрэггүй. Харин ч хүмүүсийн өмнө очиж дахин худлаа ярих нүүргүй болсон хүмүүс намын нэрийн дор дахиад нэг үзээд алдья гэж бодоцгоож байгаа байх.

Хуйвалдаанаас зайлсхийх сонгогчдийн саналыг яс тоолох нэг арга бол “Сонгуулийн тойрог, хэсгийн хороо”-г нэг ч намын төлөөлөлгүй зөвхөн төрийн албан хаагчдаар бүрдүүлж, төр өөрөө гардаж, төрийнхөө сонгуулийг явуулж, будлиан гаргавал алдаагаа дотроо ярьж, халдагийг нь халж, сольдгийг нь сольж, шоронд хийдгийг нь хийж, хариуцлага хүлээдэг эзэнтэй болвол энэ их захгүй маргаан, хардалт сэрдэлт багасна, намжина сонгогчдын санал ч зөв тоологдоно гэж бодож байна. Хэн нь ч мэдэгдэхгүй хуйвалдаанд гаршсан нэг “товарищ” намын төлөөлөл гэж орж ирээд бүхэл бүтэн хэсгийн хороог баллаад хаячих жишээтэй. Улс эх орныхоо өмнө тангараг өргөсөн төрийн албан хаагч ажлаа хариуцах нь буух эзэнтэй буцах мөртэй болно. Яахав тэр намын төлөөлөлүүд нь хянадаг шалгадаг юм байгаа биз. Хуйвалдаанд гаршсан хүмүүст төрөөс зүгээр цалин өгч сонгууль будлиантуулж байх нь “ямаан дээр тэмээний гарз “ гэдэг л болж иргэдийг бухимдуулж байгаа билээ.

“Эх нь сээр алаг бол унага нь шийр алаг” гэдэг шиг сонгууль ямар болно төр нь тийм байдгийг сонгогчид маань мэдэрцгээж байна. Аштай юу даа. Үүнээс гадна улстөрийн намуудын удирдлагад цөөн хүмүүс хяналтаа тогтоох болсноор намын дотоод ардчилал үгүй болж, боловсон хүчний уламжлалт бодлого алдагдаж, хариуцлагын тогтолцоо хамт устсанаар төрийн ажил цалгардах бас нэг шалтгаан болж байгаа билээ.

Үүнээс гадна Монгол улсын төрийн үүрэг функцийг өчнөөн хэсэг болгон тарааж урсгал усыг нь чи, нуурын усыг нь тэр, ундны усыг би хариуцана гэдэг ч юм уу. Эсвэл газрыг чиний, тосыг миний, ашигт малтмалыг тэрний хүнд өгье гэж тохиролцож төрийн албыг нэг хэсэгтээ “хувьчилж” авах юмуу, засгийн газраас хараат бус нэрийн дор олон газар хороо байгуулж зөвхөн эрх эдэлж, үүрэг хүлээдэггүй асман бух шиг өчнөөн албад бий болсноор монголын төрд хариуцлагагүйн зуд нүүрэлсэн юм. Засаж сайжруулах юм их байна. Бүхнийг сонгуулийн систем рүү чихэх хэрэггүй.

М.ДАЛАЙХҮҮ

2010.05.12

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Tuya (зочин)

Tany blog ix aytaixan yum aa,tand amjilt xvsye.

Gerelee (зочин)

Ta olon saihan niitlel bichjee. Zaluuchuud maani unshix xeregtei gej b odoj ba. Bayarlalaa, amjilt xvsye.

Ganbold (зочин)

Songuuliiig shudarga yavuuldag bolox yum san, tanii bichsentei sanal 1 baina aa.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)