М.Далайхүү : Дэлхийн II дайны төгсгөл ба колонийн системийн задрал

Дэлхийн II дайны төгсгөл ба колонийн системийн задрал

Дэлхийн II дайн төгсөж өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр бууна гэгчээр фашист Герман өдөөсөн дайныхаа золиос болж бууж өгсөний гутамшигт ялагдлын 65 жилийн ой болж байна. Оросуудын хувьд энэ ойг ялалтын баяр болгон тэмдэглэх бүрэн эрхтэй ард түмний нэг. Гэхдээ гавьяа нь ганц тэдэнд биш ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан олон үндэстэн ястны баатарлаг ард түмэнд бас ногдох ёстой билээ.

Унаж явсан морио, өмсөж байсан хувцсаа, улсынхаа эрдэнэсийн сангаа үл хайрлан гар сунган туслаж, бүхэл бүтэн нисэх онгоцны эскадриль, танкийн цуваа бэлэглэж явсан Монголчууд ч энэхүү баярыг хуваалцах эрхтэй юм. Фашизмын эсрэг бүх нийтийн тэмцэлд монголын ард түмний оруулсан идэвхтэй тэмцлийг үнэлж 1945 оны хоёрдугаар сард Крымд хуралдсан ЗХУ, АНУ, Их Британийн засгийн газрын тэргүүн нарын бага хурлаар БНМАУ–ын статус квог тусгаар тогтносон байдлыг хэвээр үлдээхээр тохиролцсон юм.

1945 оны чөлөөлөх дайнд МАХЦ-ийн 5,6,7,8 дугаар морин дивиз, 7 дугаар моторчилсан хуягт бригад, их бууны 3 дугаар хороо, нисэх дивиз, холбоо хорооныхон хурандаа генерал И.А.Плиевийн командалсан Монгол-Зөвлөлтийн цэргийн морьт-механикжуулсан бүлгийн бүрэлдэхүүнд багтаж, түний орлогч дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн нарын удирдлага дор Долнуур, Жанчхүүгийн хоёр чиглэлээр давшилтанд орж, Хойт хятад, Өвөр монголын нилээд хэсгийг чөлөөлж байсан түүхийг хэн ч үгүйсгэж чадахгүй.

ЗХУ-ын Улаан армийн дээд командлал болон АНУ, Англи, Францын цэргийн дээд командлалын төлөөлөгчдийн өмнө Рейхийн генерал-фельдмаршил Кейтель, адмирал фон Фридебург, хурандаа генерал Штумпф нар үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурж дуусахад 1945 оны 5-р сарын 9-ний 00 цаг 43 минут болж байсныг Г.К.Жуков дурсамжиндаа тэмдэглэжээ... Үүнээс 10 хоногийн өмнө буюу 1945.04.30-ны 15 цаг 50 минутанд Гитлер амиа хорлож, 21 цаг 50 минутанд түрүүч М.А.Егоров, бага түрүүч М.В.Кантария нар армийн цэргийн зөвлөлөөс гардуулсан ялалтын тугийг Рейхастагийн гол оройд мандуулсан байна.

Дайн дуусахад төрсөн хүүхдүүд өнөөдөр 65 нас хүрч, 18 насандаа армид татагдаж дайны бүхэл бүтэн 5 жилийг исгэрэх сум, тэсрэх бөмбөг, үхэл хагацал, өлсгөлөн гачлангын дундуур тулж өнгөрөөсөн залуухан цэрэг эр 88 насны сүүдэр зооглож байгааг бодолцвол дайны баатарууд, ахмад дайчид “Улаан ном”-нд оржээ гэхэд хилсдэхгүй биз ээ. Гэтэл эдгээр дайчин эрчүүд амь насаа алдан байж, хамгаалж явсан Москва, Ленинград зэрэг Оросын томоохон хотуудад мулзан толгойтой, фашист хувцастай, орос залуус цугларч элдэв харгис уриа лоозун хашгичиж явахыг хараад чухам юуны төлөө анд нөхөд нь халуун цусаа урсгаж, бүлээн амиа алдаж явсныг мэдэхээ больжээ.

Аугаа эх орны төлөө гэж тангараглаж явсан ЗХУ задарч, эцэг Сталины төлөө гэж зүтгэж явсан эрхэм хүн нь хэн ч биш болж, энхийн цагт цогцлон бүтээсэн өнгөтэй өөдтэй бүхэн нь эдүүгээ цагийн сайн эрчүүдийн хувийн өмч болж, орох нь байтугай шагайх ч эрхгүй хоцорсон, ядарсан царайтай, зүдэрсэн төрхтэй, хөгшчүүд оросын телевизүүдийн сувгаар байн байн гарах. Хүн төрөлхтнийг фашизмын хүрэн тахлаас аварсан 20.0 сая Ивануудын амь энэ цагийн “Шинэ орос”-уудад дурсагдахгүй байж болох ч энэ дэлхийн түүхэнд үлдээсэн гэгээн мөртэй билээ.

1900 он гэхэд хөгжингүй капиталист хэдхэн гүрнүүд дэлхийн газар нутгийг үндсэнд нь хувааж дууссан байв. Энэ үед дэлхийн бөмбөрцөгийн хуурай газрын 55.0, хүн амын 35.2 хувь нь колончлогч орнуудын эзэмшилд байв. Ази тивийн газар нутгийн 56.6, Африкийн 90.4, Америкийн 27.2, Далайн орнуудын 98.9 хувь нь, Австрали тэр аяараа колони хараат байжээ. Өөрийн нутаг дэвсгэрээс Англи 109, Белги 80, Голланд 67, Франц, Португал тус бүр 21, Дани 5 дахин их газар нутгийг колони хараат болгосон байв.

Дэлхийн II дайнаас хойш 1965 он хүртэл Африкт 33, Азид 19, Америкт 2, Европт, далайн орнуудад тус бүр 1 орон тусгаар тогтнолоо тунхаглажээ. Үүний үр дүнд 1900 онтой харьцуулахад колони хараат нутаг 12, хүн ам 14 дахин буурч, хагас тэрбум хүн колончлогчдын талхинаас салж, эх нутагтаа эзэн нь болсон байна.

Өөрийн нутаг дэвсгэрээс 5.2 дахин их колони хараат нутагтай байсан Герман улс дэлхийн I дайны үр дүнгээр юу ч үгүй үлдсэн бөгөөд 1939 онд дэлхийн газар нутгийг дахин хуваахын төлөө аюумшигт дайныг өдөөж, 50.0 сая хүний амийг хөнөөсөн түүхийг хүн төрөлхтөн хараахан мартаагүй байгаа билээ. Дэлхийн бөмбөрцгийн газар нутгийг хуваах “Их аян” Колумби 1492 онд Америк тивд хөл тавьснаар эхэлсэн гэхэд хилсдэхгүй биз. XVI зууны дунд үе гэхэд Испани Америк тивд ноёрхлоо бүрэн тогтоож, өнөөгийн 35 тусгаар улсын 23-ыг нь эрхшээлдээ оруулж колони хараат болгосон байв. Испанитай мөр зэрэгцэн Англи, Франц, Протугал, Дани ч мөчөөгөө өгөхгүй нутгийн уугуул иргэдийг хүйс тэмтэрч, газар нутгийг нь булаан авч, эзэрхэн түрэмгийлж, өөрсдийн ноёрхлоо тогтоож байв.

Өмнөт америкийн бараг бүх улсын албан ёсны хэл нь Бразилийг эс оролцуулвал цөм испани хэл байдаг нь санамсаргүй зүйл биш билээ. Испанийн дарангуйлалд бараг 300 шахам жил нухлагдсан энэ тивийн ард түмэн XVII зууны сүүлч, XVIII зууны эхэнд харийн түрэмгийлэгчдийн эсрэг хийсэн үндэсний эрх чөлөөний төлөө шаргуу тэмцлийн үр дүнд тусгаар тогтносон улсууд болцгоожээ.

Тусгаар тогтнолоо зарлаад 200 жил болж байгаа Өмнөд Америкийн улс орны сүүлийн хагас зуун жилийн түүхэнд ихэвчлэн гадныхны дэмжлэгтэйгээр байсхийгээд болдог цэргийнхний төрийн эргэлтэнд ард түмэн сөхөрч ядуурлаас гарч чадахгүй зогсонги байдалд орсон байх юм. Өнөөдөр Өмнөд Америкийн хэд хэдэн оронд “XXI зууны социализм”-ын тухай үзэл санаа газар авч байна. Америкийн социалогч Фукуяамагийн хэлж байгаа манай ардчиллын зарим лидерүүдийн ярьж бичиж батлаж байгаа шиг нийгмийн байгууламжын түүх төгсөж байна уу. Аль эсвэл ард түмэндээ хүний эрхийн цаасан малгай өмсгөж, хувийн өмчийн хоосон эрх тунхагласан, цөөнх нь баян тансаг, олонх нь ядуу зүдүү байдаг тогтолцоо мухардалд орж байна уу гэдэгт хариу хэлэх хүн хараахан тодороогүй л байна.

Олон зууны турш харийн колончлогчдын эсрэг энд тэнд асаж байсан очийг нэгтгэж нэгэн дөл болгон бадрааж, их үйлсийг манлайлсан эрэлхэг хөвгүүдээрээ улс гүрнүүд бахархаж, үндэсний баатар хэмээн өргөмжилж, өнөө хир магтан дуулсаар байдаг билээ. Английн 200 шахам жилийн дарлалын эсрэг ард түмнээ уриалан боссон М.Ганди, Дж.Неру нарыг Энэтхэгчүүд, Испанийн 400 жилийн боолчлолыг сөрөн тэмцсэн Х.Марти, Фидель Кастро нарыг Кубачууд, 70 гаруй жил Английн ноёрхолд байсан эртний түүхт Египэт улсын ард иргэд Г.А.Насерийг, Голландын эзэмшилд 350 жил мөлжигдсөн Индонезчууд Сухарног, Францын колончлолын эсрэг, нэгдмэл нэг улсын төлөө ард түмнээ манлайлан тууштай тэмцсэн Хо Ши Минийг Вьетнамчууд одоо хир магтан дуулсаар байна.

Гэтэл бид-монголчууд бахдах, бахархах юмаар маруухан Богд нь “сохор”, Жанжин нь Баабарын хэлж байгаагаар бол “казиночин”, Чойбалсан “алуурчин”, Цэдэнбал “урвагч” ер нь тэгээд өөдөө дээшээ гарсныгаа өөлж муулаад, гүтгэж гүжирдээд Оюутолгой, Таван толгой, өөрсдийнхөө толгойг зарж, үрж өдөр хоног өнгөөрөөж нэг юм амиа зогоож байгаа юмаадаа. Аливаа хүнд алдаа дутагдал бий. Харин бусад улс гүрнүүдийн ард түмэн удирдагч нартаа хир халдаана гэж бараг үгүй. Харин монголчууд бидэн шиг ийм увайгүй загнаж өмнөхөө үгүйсгэсэн ард түмэн бараг байдаггүй биз ээ. Өнгөрсөн үе үрүүгээ гар буугаар буудвал, ирээдүй чам уруу их буугаар буудна гэдэг байхаа.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
tuul (зочин)

bayrlalaa nz min hun turulhtun ymarshuuhan tuuhiig hamtdaa tuulj irseniig bid zaawal medej bh hegertei. tednii buyangaar bid unuudur ingej ugee helj uzel bdloo ilerhiileh erhtee bolsnoo oilgoj bh estoi dahin dahin bayrlalaa

urangoo (зочин)

үнэхээр их таалагдлаа
үнэхээр биширмээр гайхалтай мэдрэмж төрүүллээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)