М.Далайхүү : Нэр төр

Нэр төр

Нам бол манай эриний оюун ухаан /ума/- нэр төр (совесть) – нандин чанар (честь) мөн гэж В.И. Ленин сургасан байдаг. Энэхүү томьёоллыг зөвхөн Оросын большивек, ЗХУ-ын коммунист намд зориулж хэлсэн үг гэж муйхарлаж болохгүй биз ээ. Аливаа шинэ юм гэдэг мартагдсан хуучныг хэлнэ гэсэн зүйрлэл ч байдаг. Эрх чөлөө, Шударга ёс, Эв нэгдэл гэсэн хүн төрөлхтөний үе үеийнхний хүсэл мөрөөдлийг эрхэм зорилгоо болгосон улс төрийн хүчин хэрэгжүүлж чадна гэж үзсэн учраас энэ субьект оюунлаг, ариун, бас шударга байх ёстой гэсэн санаа гэж ойлгож байна. Өнөөгийн ертөнцөд улс төрийн намаар дамжиж төрийн эрх авдаг нь Чингисийн удмынхан хаан болдог шиг хэвшиж зөвшөөрөгдсөн зүйл билээ.

Намын удирдагч байна гэдгийг эрх мэдэл, албан тушаал гэж үзэхээсээ өмнө нэр төр, хариуцлага гэж ойлговол илүү зохилтой. Энэ их нэр төрийг хиртүүлж, сэвтүүлж, хардлага сэрдлэг, гүтгэлэг доромжлолын бай болгож, унагаж болохгүй. Та намын удирдагч болсноор таны нэр төр иргэн Х-тэй холбоотой бус бүхэл бүтэн намын хамт олон, цаашилбал тухайн сум дүүрэг, аймаг нийслэл, улс гүрний нэр төртэй холбоотой болоод явчихлаа гэдгийг ухамсарлаж ажлаа эхэлбэл амжилтын бариа ойрхон байх болно.

Учир юунд вэ? гэвэл иргэн Х-ийн тухай шуугиан, бор шувуу, мессеж нисээд нисээд саахалт айлдаа л очно. Харин ихэс дээдсийн тухай “бор шувуу” бол хаврын хуурай өвсөнд тавьсан түймэр мэт тэлж, цаашлах тусмаа давс, хужир нь улам ихсэж “тэгдэг гэнэ, ингэдэг гэнэ, иддэг гэнэ, авдаг гэнэ, эргүүлдэг гэнэ, согтдог гэнэ” гэх мэтээр амнаас ам дамжин цуурхах явцад эхлээд хүмүүс арай ч үгүй байлгүй дээ гэж гайхаж эргэлзэж, дараа нь тэгдэг байх тэгж л ярих юм гэсэн хардлага сэрдлэг төрж, эцэст нь нээрэн тийм гэнэлээ гэсэн нийгмийн сэтгэл зүй тогтохын, хамт ард олны зүгээс үл хүндэтгэх, үл ойшоох, үг сөрөх, үзэн ядах уур амьсгал бүрдээд ирэхээр тухайн тэр газар нутаг дээрээ намын нэр хүнд давхар унаж эхэлдэг.

Ийм үед миний нөхөр надад үнэнч байгаа гэж эхнэр нь ярилцлага өгөөд ч нэмэргүй, манай дарга гэм буруугүй, гэрч нь энэ байна гээд тодоос тод бичигтэй, алга дарам цоохор цаасыг шүүх, прокуророос авчирч үзүүлээд ч нэмэргүй. Учир юунд вэ? гэвэл галт тэрэг аль хэдийн хөдөлчихсөн болохоор хүмүүс тэр цоохор цаасаар биш өөрийнхөө итгэл үнэмшлээр саналаа өгдөг. Арга зальтай, муу хүмүүс удирдлагын сул тал, муу зуршилд дөрөөлж хэргээ бүтээдэг. Иймд намын удирдагч хүн элдэв муу зуршлаа гээж чадаж гэмээнэ намын нэр төр ариун байх болно.

Эв нэгдэл гэдгээр халхавч хийж хэсэг цөөнхийн бодлыг тулган хүлээлгэх замаар “хамтын шийдвэр” гаргах гэж зүтгэх нь намын нэр төрд сэв суулгах эхлэл болдог. Энэ бол улс төрийн намын ажлын арга барил гэхээсээ бүлэг дээрэмчдийн үйлдлээ зохицуулдаг бичигдээгүй тохироо гэж ойлговол илүү үнэнд нийцнэ. Цаашилбал улс төрийн нам төрийн эрхийг барьж байна уу? Эсвэл нүдний ялгаа арилна гэгчээр намын ялгаа нь арилсан, түрийвч нэгтэй, цус ойртсон, үгсэн хуйвалдаж, сэм зохицсон бүлэг хүмүүс төр барьж байна уу? гэсэн эргэлзээ, тээнэгэлзлийг нийгэмд бий болгож, төрийн сүлдэндээ зальбирч ирсэн түмэн олны итгэлийг хөсөрдүүлж, улмаар үл итгэх, үл хүндлэх, үл захирагдах сэтгэл зүйг нийгэмд бүрдүүлбэл улс төрийн хүчин байхын учир холбогдол юусан билээ.

Улс төрийн намын нэр төр гишүүдийн идэвхи зүтгэл, бахархал, дайчин давшингуй шинж чанараас ихээхэн шалтгаална. Намын хуралд суудаггүй, татвар хандиваа өгдөггүй, “Үнэн” сониноо захиалдаггүй мөртлөө юм л бол намаа муулсан хүмүүстэй нэг бус удаа тааралдаж байдгийг нуугаад яах юм бэ? Бид дорой ноомой, хүлцэнгүй, аймхай хулчгар байх аваас “Номхон бурханыг нохой долооно” гэгчээр захын хүн биднийг дээрэлхэж доромжлох болно. Дарга нь манлайлагч байж чадахгүй, цэрэг нь тэмцэгч байж эс чадваас бид өөрөө өөрсдийгөө мөхөөх болно.

Худалч, хулгайч, дээрэмчин, авилгач, алуурчин гэж гүтгүүлж, гүжирдүүлж, чимээгүй суусаар байтал бид толгой руугаа цохиулдаг морь шиг дальчаа амьтад болцгоожээ. Дайны үеийнхээр бол окопондоо нуугдаад хааяа таамгаар бууддаг “нусан пулемёт”–ууд болчихоо юу даа. Ийм байхад намын нэр хүнд яаж сайн байх юм бэ? Нийт намын гишүүд баг хороо, сум дүүрэг, аймаг нийслэлээрээ нэг цугларч бусдыг буруутгахаасаа өмнө, өөрсдийгөө дүгнэж илэн далангүй, сэтгэлээ онгойтол ярилцаж, улс төрийн тэмцлийнхээ арга барилаа өөрчилж, өвөг дээдэс, аав ээжээс минь бидэнд үлдээж өгсөн МАХН–ыг эзэн хүний ёсоор авч явж, улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийн баталгаа нь болж ирсэн түүхэн уламжлалыг нэр төртэй биелүүлж чадаж гэмээж бид оршин тогтнох болно.

Намын нэр төр боловсон хүчнийг бэлтгэн сургах, нийгмийн сэтгэл зүйг тандаж ухуулан сэнхрүүлэх ажлаас ихээхэн шалтгаалдаг. Сурталгүй номнол, суурьгүй байшин гэж байдаггүй. Өөрсдийн үзэл номнолд бусдыг итгүүлэхгүйгээр хойноосоо дагуулж чадахгүй. Ард олныг араасаа дагуулж эс чадвал улс төрийн нам байхын утга учир юусан билээ. Ямаагаа алдсан ухна гэдэг шиг боловсон хүчний бодлогоо алдсан нам хэзээ ч нэр төртэй байж чадахгүй. Үлдэх хүнээр ачаагаа бүү татуул гэдэг шиг нам тойрсон зуугуул хүмүүсээр төрийн албыг залгуулаад байвал эцсийн балаг нь нам дээр л буудаг. Тийм хүмүүст алдах нэр төр гэж байдаггүй харин олох мөнгө нь л чухал байдаг.

Намд мөнгө хэрэгтэй. Гэхдээ МАХН–ын гишүүд мөнгө төлж намд элсээгүй, өөрсдийн итгэл үнэмшил, зүрх сэтгэлээрээ л орцгоосон. Манай намыг гэсэн олон мянган иргэд бас л өөрсдийнхөө үзэл бодлоор биднийг дэмжиж байгаа. Мөнгө амласаар байтал улс орны эдийн засаг туйлдаж гүйцлээ. Зөвхөн УИХ–ын сонгуулиар амласан хүн бүрт өгнө гэсэн 1.5 сая төгрөг дээр Монгол улсын ерөнхийлөгч 1.0 саяыг нэмээд 2.5 сая болголоо. 25–ын квадрат 625 байдгийг захын хүмүүс мэднэ. 6.3 их наяд төгрөг гэдэг бол алт, зэсийн үнэ дэлхийн зах зээлд тэнгэрт хадаж байсан үеийн Монгол улсын жилийн төсөв (2.1 их наяд)–тэй харьцуулахад 3 дахин их байгаа юм. Жилийн төсөв гэдэг чинь төрийн албаны бүхий л цалин, түмэн олны тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг албан конторын халаалт, гэрэл дулаан, уур ус, бичиг цаас, холбоо харилцаа, автын бензин шатхуун гээд бүхий л зардал ордог шүү дээ.

Одоо тэгээд яах болж байна. Төрийн албан хаагчид нь цалингаа авахгүй, хөгшчүүд нь тэтгэврээ авахгүй, эхчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь тэтгэмжээ авахгүй, дулаалгагүй, халаалтгүй байшинд суугаад, унаагүй, утасгүй, шуудан харилцаагүй төрийн албыг залгуулаад татвараар хураасан хэдийгээ хүн бүрт /2.5 саяыг/ хуваарилна гэвэл бүтэн гурван жил, Ленинградын бүслэлтэнд байсан шиг амьдарцгаах болж байна уу?

Энэ амлалтын цаана тэгээд юу үлдэж байна вэ? Хэдэн цөөхөн мөнгөтэй хүн сонгуулийн үеэр 7 хоногийн хэрэгцээ хангахгүй нүүрс, цагаан будаа, цайны сүү, элсэн чихэр, хуучин хувцас, тав гурван бор цаас тараагаад, улсын төсвийн хуваарилалтыг урьдчилж амлалтаар тараагаад, өндөр сэнтийд заларцгаан түрийвчээ түнтийлгэж, гэмт үйлдлээ нуун дарагдуулж, тансаглаж байх гэсэн амин хувиа хичээсэн дүр төрх л үзэгдээд байх болжээ гэж хэлд орсон хүн болгон ярьцгааж байгаа биш үү?

МАХН-ын удирдлага, гишүүд, үзэл сурталчид иймэрхүү үйлдлийг сөрж зогсож, таслан зогсоож чадаж гэмээ нь нэр төрөө хамгаалж үлдэх болно. Би ингэж бодож байна буруу байвал та зөв гэсэн саналаа сөргөөж тавиарай. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг байх аа.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)