М.Далайхүү : Хоточ банхар хийгээд хонжоо хайгч Донхорын тухай

Хоточ банхар хийгээд хонжоо хайгч Донхорын тухай

Монголчууд хоточ нохойгоо ихэвчлэн банхар гэж дуудна. Жинхэнэ Монгол банхар ч гэж ярьж хэлэх нь бий. Нохой бол эзэндээ үнэнч амьтан. Хүмүүсийн дунд эзэн маань өөд болчихвий гэж нохой шөнөдөө гурав босож хардаг. Харин муур бол эзэн маань, үхэж байвал хамар, чихийг нь иднэ дээ гэж гурав өндийж хардаг гэсэн яриа ч бий. УИХ–ын гишүүд сүүлийн үед бие биенийгээ гөлөг, том нохой, Банхар, Данхар, Донхор гэж дуудалцдаг болов. Их хурлын гишүүдийг хөндлөнгөөс “Бор халзан төлөг”, “Цүндгэр улаан бяруу” гэж цоллож байсан тохиодол бий. Харин өнөөгийнх шиг өөрсдөө бие биенээ нохой, золбингоороо цоллож байсан удаагүй билээ.

Нохой гэснээс хоточ, анч, хоньчин, тайган, циркийн, цагдаагийн, мөрч, золбин, зодоонч гэх мэт олон янзын нохой байдаг. Хоточ банхар бол шөнө гэрийн эзнээ амарч байхад хотоо сүүлтэй, сүүлгүй чононоос хамгаалж цурам хийлгүй хононо, хоньчин нохой өглөө мал бэлчихэд дагаж гараад хонио айлын хоньтой нийлүүлэхгүй, хээрийн боохой хавьтуулахгүй дагаж орой хонь хотлох үеэр гэртээ эргэж ирнэ.

Зарим нохой (ихэвчлэн золбин, эрлийз) хээрийн боохойтой нийлэх тохиолдол бий. Гэрийн нохой хээрийн боохойтой нийлбэл чононоос долоон дор гэж хуучцуул ярьцгаадаг. Учир юу вэ? гэвэл тэр золбин нөгөөдүүлээ дагуулаад эргээд хоттой хэд үрүүгээ дайрдаг. Хонжоо хайгч Донхор харийнхантай нийлж эх орныхоо эрдэс баялаг уруу дайрвал улс гүрэн нь ямар болдгийн бэлхэн жишээ нь өнөөгийн Африк. Манай улс төрч Донхорууд үүнийг бодож явахад илүүдэхгүй. Улаанбаатарт харь үүлдрийн нохойн гөлөг нас бие гүйцсэн эр хонины үнээр зарагдаж байна. Нохой бол гадаа хатавчинд хэвтэж, малын яс, тогооны угаадас, хоолны хаягдал өмбөө цөмбөө зүйлээр хооллон явах тавилантай амьтан. Гэтэл байшин хорооллын томчуудын ноход гэрт амьдарч, эзэнтэйгээ зэрэгцэж суугаад хооллож, эхнэртэй нь нэг орон дээр цуг хэвтэж байх жишээтэй. Ер нь харийн гэх болгон хаданд гарч монгол банхар төдийгүй, монгол хүн байр сууриа алдаж байна. Харь гүрнийхэнд байр сууриа тавьж өгсөн улс орон сөнөнө гэж 20 жилийн өмнө нэг хүн хэлсэн санагдана. Одоо бүр таг чиг болжээ.

Анч нохой, тэр тусмаа бууны нохойн хувь заяа ихэвчлэн эмгэнэлтэйгээр төгсдөг. Зөнгөөрөө ч гэх үү рефлексээрээ ч гэх үү бууны нохой сүүлдээ хонь хөөдөг болж, ингээд эзэндээ алуулдаг. Гэтэл улс төрч Донхор бол эргээд жинхэнэ эзнээ барих нь бий. Тайган нохой гэж байх. Өөрөөр хэлбэл малтай адилхан бага балчирт нь хөнгөлсөн гэсэн үг. Ийм нохой их гэр амьтай, жингэр хөөгөөд талийхгүй, дэмий тэнээд явчихгүй. Хошин шогийнхны хэн нь ч билээ нэг нь ингэж ярьж байсан. Ерөөсөө УИХ –ын гишүүнээр сонгогдмогц л гишүүдийг тайган болгох нь зөв юм байна. Яагаав нөгөө Солонгос кинон дээр гардаг ичмэг эрхтнийг нь тас татаад, ваар саванд хийгээд тусгай тэмдэг тавиад хадгалчихдаг шиг. Хубилай хаан чинь тайгантай байсан гээ биз дээ. Учир юу вэ гэвэл хүн бүр сүргийн манлай, /дарга, сайд/ болох гэж зэрлэг ан амьтад мэт хоорондоо урцалдахгүй амар. Атан тэмээ, амбан шар, хурдан морь, нас бие гүйцсэн ирэг, сэрх шиг сүр бараатай сүрдмээр сайхан амьтад өөрсдийнхөө ачааг үүрээд явж байг. Ер нь тэгээд залуучууд нэг их хошуурах (амбицилах) –аа болино байх. Энэ парламентад чинь хал үзэж хашир суусан, иймээ тиймээ илүү санах бодох юмгүй ажлын мал шиг л хүмүүс баймаар юм байна шүү дээ гэж байсан.

За тэгээд зарим нэг зальхай нохой байх. Хоточ банхар шөнө манаагаа хийж явах зуур дулаан хэвтэрт нь дуг хийчихээд, өдөр унтаж амарч байхад нь идүүрэнд нь байгаа хоолноос хамаг өөдтэйг нь шилж идчихээд түүнд шавхрууг нь орхих. Ингээд ч зогсохгүй эзнээ харахаараа хар хурдаараа шуугин очоод л сүүлээ шарваад л долоох шахан долдогонож, хүн мал уруу дайраад л худал хуцаад сүртэй гэж юү гэхвэ. Гэтэл хоточ банхар тэнд зүгээр л хэвтэж байх. Иймэрхүү улс төрч Донхорууд бол дарга нарт их талтай. Цүнх савыг нь бариад л, дээл хувцсыг нь зөөгөөд л, эхнэр хүүхдүүдэд нь үйлчлээд л сүйд майд болно. Тэд ч бас тэр Донхорт их талтай байх. Харин эзэн нь эндэж алдаад тушаал буучихвал нэг нүдээрээ ч харахгүй. Шинэ ирсэн эзнийхээ төлөө урьд хойно нь ороод л өнөөх зангаараа бялдуучлан гүйж эхэлнэ.

Зуудаг нохой буюу дуугүй дайрдаг нохой гэж байх. Зүгээр гэмгүй юм шиг хэвтэж байгаад хаалга татаад л ормогц хар тавхайн дээрээс нь үмхээд авах жишээтэй. Иймэрхүү улс төрч Донхор бол бүр их аюултай. Удирдлагын зөв гэдгийг уулзсан болгондоо баталж байдаг, олны дунд бол малилзаж, орь ганцаар бол бухимдаж, даргын нэр барьж бусдыг дарамтлахдаа гаршсан, даруухан юм шиг дүртэй, түшмэд зантай, өө сэв гаргачихвий хэмээн өөрөөсөө ч цочиж явдаг доль цохисон, дотуур тамиртай нэгэн байх. Гэхдээ тийм ч олон биш ээ.

Нохой зөнөхөөрөө бүр хэцүү хүний өөрийнхийг танихгүй, мал амьтдыг ч ялгахгүй нэг л сүүлээ шарваж, шүлсээ гоожуулсан амьтан болох. Нохой ер нь 8 хүрээд зөнөж эхэлнэ. Ерөнхийлөгчийг хоёроос илүү ахин сонгохгүй гэдэг чинь зөнөглүүлэхгүй гэсэн их учиртай бололтой. Иймд парламентад удаа дараа улиран сонгогдсон Донхорууд бол бүр зөнөж гүйцдэг. Сүүлдээ хүний өөрийн бүлгээ ч ялгаж салгаж мэдэхээ больдог юм байна. Саяхан “Өдрийн шуудан” сонинд АН –ын лидер гэгдэх УИХ –ын гишүүд бүр зөнөглөж байгаа тухай бичсэн байсан. Хувьсгалт намд ч гэсэн зөнөглөчихсөн Донхорууд бишгүй байх. Бүр дарга, сайд, УИХ –ын гишүүн, удирдах зөвлөлийн гишүүн, намын бага хурлын гишүүн, нарийн бичгийн дарга, аймаг нийслэлийн намын хорооны гишүүн гэх мэт давхар давхар ажил, албан тушаалтай намыг ч төрийг ч хувьчлаад авчих санаатай хүмүүс явах. Ийнхүү хүний өөрийн гэлтгүй залууст шаврын хаалт болж ад үзэгдсэн, засагт сэтгэлгээний түгжрэл үүсгэн лай удсан зөнөг Донхорууд дээд, дунд шатандаа олширч, үг зөрвөл халж, өөрөөр сэтгэснийг нь дарамталж шахаад төрийн механизм гацаж Монголын төр үгсэн хуйвалдсан цөөн бүлэг хүмүүсийн гарт орж, өрнөдийнхний дохио зангаагаар хөдөлж, ажиллаад эхлэв үү дээ гэсэн сэжиг таамаг даамжирч байна.

УИХ –ын гишүүдийг ард түмэн эх орныхоо дархан хил, тусгаар тогтнолыг хамгаалж бид бүхэнд амгалан тайван ажиллаж, хөдөлмөрлөх боломж бололцоо олгооч гэж сонгосон. Гэтэл өнөөдөр улс эх орны тусгаар тогтнол дархан хил ямар байна вэ? Хил дээр буун дуу гарахад хэнийг хөнөөж байна. Урьд хөршид залуучуудын хүйсийн харьцаа 2:1 болж нангиад охид хаданд гарч, муусайн эрчүүдийг нохойн гуяар даллаж, хэн илүү инж өгсөнтэй нь сууна гэж адайрлах болсон гэнэ. Манай мисс, дуучин хуурчин охид ч тэднээс дутахгүй өрсөлдөж, мөнгө хөрөнгө сайтай луухаануудтай гэрлэж нижгэр хурим хийж байгаа тухай сонин, хэвлэл шуугиж байна.

Эхнэр авах инж байхгүй ядмагхан хэсэг нь Монгол уруу цувж, хил залгаа аймгуудын малчин өрхт хүргэн орж, өдөр нь хонь хариулсан шиг шөнө охиныг нь эргүүлсэн шиг суух болжээ гэсэн ам дамжсан яриа их гарах боллоо. Олны үг ортой гэдэг хотод бол бүр цайрсан, хужаа хүргэнээрээ тэжээлгээд л хүүхдийг нь өсгөж, 100.0 мянгыг хүртэж суугаа айл өрхийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа гэнэ. Зарим нь бүр архи дарс уухгүй, агсан согтуу тавихгүй, хоол унд голохгүй амар юм гээд дотор хүргэндээ ам сайтай байгаа дуулдана. Кинон дээр баян Жамц гуай Дэмбэрэлийнх нүүгээд явчихлаа. Халтмаа ч бас яваад өглөө гээд сууж байдаг шиг, гарын бүлтэй банди нарыг маань япончууд хүргэн оруулаад, ганган шаавай охидыг маань хятадууд бэр буулгаад Ерөнхийлөгчийн дээлээрээ адисласан Тамсгийн нефт ч дашийн шог, Ертөнцийг доргиосон Оюутолгой ч таг чиг, их удахгүй эзэн Чингисээрээ овоглосон Монгол улс ч дашийн шог болох бололтой. Хээрийн боохойтой нийлсэн гэрийн нохой аюултай гэдэг л болж байгаадаг аа.

Үндэсний аюулгүй байдлын нүд чих болсон тагнуулынхан юу хийж суудаг юм бэ? бүү мэд. Манай нэг алдартай ардын зохиолч энэ төр чинь Монголын төр юм уу? Хятадын төр юм уу? гээд уурсаж суугаа харагдсан. Чин үнэнийг хэлэхэд би ч гэсэн эргэлзээд л байдаг болчихлоо. 1907 онд Манж чин улсын сүүлчийн хаан зарлиг буулгаж Ар Монголд “Шинэ засгийн бодлого” буюу хөрсөнд нь тариа тарьж, хүйсэнд нь үрээ цацаж, газрын хэвлий дэхь алт мөнгийг нь ухаж төнхөх бодлогыг хэрэгжүүлэхээр санаархахад, тэр үеийн хаад ноёд, ихэс дээдэс, хар шар гэлтгүй нилэнхүйдээ эсэргүүцэж тусгаар тогтнолынхоо төлөө тулалдаж туурга тусгаар улсаа тунхаглаж байсан түүхтэй. Гэтэл 100 жилийн дараа Манжийн хааны “Шинэ засгийн бодлого” алхам алхмаар аажим аажмаар хэрэгжиж, улс орны маань тусгаар тогтнол дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Миний нутгийн газар шорооноос сөөм газрыг ч бусдад бүү өг гэж өвөг дээдэс маань үе улиран дамжуулж бидэнд захисан. Гэтэл өнөөдөр улс төрчид маань хоточ банхар биш хонжоо хайгч Данхар болж бүр Нью–Йоркийн бирж дээр оччихсон газар аваарай гээд харанга дэлдэж байх жишээтэй.

Хулгайч нохой бол айлын гэр, амбар саванд байгаа идэш, идээ ундааны зүйлийг тэсгээхгүй. Нэг мэдэхэд л аваад явчихсан байна. Нүдэнд үзэгдэж, баригдана гэж бараг байхгүй. Аягүй бол банхарт хамаг бурууг тохно. 1997 - 1998 оны үед арваад банкыг дампууруулан хадгаламж эзэмшигчдийн 54.0 тэрбум, улсын гэгдэх хэдэн зуун тэрбум төгрөг алга болж, улсын төсвөөс, та бидний тушаасан татвараас иргэдийн хохирлыг барагдуулах нэрээр 54.0 тэрбумыг увуулж цувуулж өгсөөр хохирогчдын ам хаасан. Амташсан хэрээ арван гурав гэдэг шиг хадгаламж зээлийн хоршооны 37.0 тэрбум, хадгаламж банкны 14 тэрбум, САПУ –ийн хохирогчдын 10 тэрбумыг мөн л улс нуруундаа үүрсэн. Өнөөдөр АНОД, ЗООС - ын хадгаламж эзэмшигчдийн хэдэн зуун тэрбумаар тооцогдох хөрөнгө мөн л улсын төсөвийн хөрөнгөөр барьцаалагдан дэнжигнэж байна. Тэр их хөрөнгө хаачив гал түймэрт шатаж, салхинд хийсэж, үерт урсаж алга болоогүй. Цөөхөн хэдэн луйварчдын нэр дээр данслагдаад Швейцарь, Гонконг, Сингапурын томоохон банкуудад хадгалагдаж байгаа нь маргашгүй үнэн. Чухам хэний нэр дээр вэ? гэдгийг шалгадаг газар байдаггүй бололтой. Нэг хэсэг нөхөд бусдын болоод улсын хөрөнгө мөнгийг хулгай хийдэг. Тэр мөнгийг нь та биднээс татвараар цуглуулсан улсын төсвөөс төлдөг гажиг тогтолцоо үүсээд 12 жил болж байна. Алт диллерийн хэрэг ч ялгаагүй 6.0 тн алтыг мөрийтэй тоглоомонд алдсан гэх. Мөрийтэй тоглоомонд алдсан юм уу? Мөнөөх хэдэн “нөхөд” гадныхантай хуйвалдаад хуваагаад авцгаасан юм уу хэн мэдлээ. Цөөн хэдэн нөхдийн хулгай хийсэн мөнгийг улсаас төл гэдэг шийдвэрийг УИХ гаргадаг. Чухам яагаад?

Нэг бол төр засгийг гартаа атгачихсан, УИХ –аар хүссэн шийдвэрээ гаргуулдаг гэмт хэргийн бүлэглэл Монголд хүчээ авсан. Аль эсвэл УИХ –д нөгөө мөнгө хулгайлсан нөхөд олонхи болж байна. Нэг үгээр хэлбэл бид дээрэмчдийг толгой дээрээ гаргажээ гэсэн үг. Хэрэв тийм бол та ч би ч буруутай. Манай чиний нам, миний чиний хүн гэж хэтэрхий их талцаж туйлширч байгаагаас бид бүхний (сонгогчид) билгийн нүд хаагджээ. Сүүлдээ бүр миний хулгайч бол хулгайч биш, харин чинийх бол жинхэнэ хулгайч гэдэгтээ тулж байх шиг байна.

Нүд нь сохор хүн замаа олж хардаггүйн адил хоосон улс төржихөөрөө хүнээ олж сонгож чаддаггүй бололтой юм. Намайг гахай гэж байна. Тэгвэл эхнэр маань мэгж, хэдэн хүүхэд маань торой болж таарах нь гэдэг шиг. УИХ –ын гишүүд нохой юм бол сонгогчид нь ч гэсэн Банхар байж таарна. Бид цөмөөрөө хоточ Банхар болж Монгол улсынхаа тусгаар тогтнолын төлөө “хуцахгүй” юм бол бидний төлөө өөр хэн “хуцах” болж байна. Эс хэлвээс Монголоороо үлдье хэмээн “хуцаж” байсан Амарсанаа, Чингүнжав, Галданбошигт, Чин ван Ханддорж, жанжин Сүхбаатар, Мэндийн Зэнээ, Очирбатын Дашбалбар, Ономоогийн Мэндсайхан нарын олон сайхан хоточ банхарын удам тасрахад хүрнэ.

Олон түмэн сонгогч нар минь ээ “Сэгсгэр ч гэсэн эх минь Сиймхий ч гэсэн гэр минь” гэдэг шиг тусгаар тогтносон Монгол эх орон минь байвал бид бусдын дор орохгүй амьдарч чадах бус уу? Санаа зөв бол заяа зөв гэдэг биз дээ. Бүгдээрээ хоточ банхар болж тусгаар тогтнолоо хамгаалахын төлөө дуу нэгдэн “хуцаж”, хүчээ нэгтгэн тэмцэцгээе. Одоо эс хийвээс өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх гэдэг болох вий.

Нохой намрын эхэн сард отолж, өвлийн дунд сард гөлөглөдөг байсан бол цөвүүн цагийн ноход жилийн 4 улирлын турш отолж хэзээ л бол хэзээ гөлөглөж, эзэнгүй золбин хүргийн нохой уруу чулуу шидсэн хүмүүсийг барьж урчих гээд явах болжээ. Их хурлын зарим Донхорууд бүлгээ ч мэдэхээ больж, 4 жил өвөр түрийндээ орцгоож, тэдэн үрүү “чулуу” шидсэн хэнийг ч манайх, хүнийх гэлтгүй тасар татан хаях болов. Хүмүүс айцгааж “Гарьд магнай” кинон дээр гардаг шиг амь амиа бодоорой гэцгээх болжээ. “Саваагүй нохой саранд хуцна” гэгчээр над мэт нь яамай гэж бид дор бүрнээ амиа бодоод байвал Монголчуудын төлөө хэн “хуцах” болж байна вэ? Сая таван зуун жаран таван мянган километр квадрат нутаг нь чухал болохоос хоёр сая долоон зуун мянган Монгол хүн уусаж, устаж үгүй болчихлоо гэхэд дэлхий ертөнц юугаараа дутах юм бэ? Газрын зураг дээр “MONGOLIA гэсэн ганцхан нэр үлдэх байх. Очиж очиж бүр бидний үе дээр шүү. Бид ч ер нь Монголын түүхэнд байгаагүй хүний адаг шаар болцгоож дээ хөөрхийс. Монголчууд бидний гурван хүн тутмын нэг нь үгээгүй ядуу амьдарч, гуравхан хувь нь хагартлаа баяжиж байна. Ийм орон болох гэж бид 20 жилийн өмнө хувьсгал хийсэн хэрэг үү?

М.Далайхүү 2010.02.22

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Naagii (зочин)

alj ogson bain shuu. neeree l manai uls tord erliiz merliiz banhar donhoruud olon bii. ter humuus l unshival taarna d.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)