М.Далайхүү : ТӨВ АЗИЙН НҮҮДЭЛЧИН “ХЭРЦГИЙН БООЛ, ӨЧҮҮХЭН БҮДҮҮЛЭГ” ХЭМЭЭХ УЛСУУДЫН ТУХАЙ

             ХҮН /ХҮННҮ/ ГҮРЭН

Эртний Монголын угсаатан болох Хүннүчүүд МЭӨ III-II зууны заагт их говийн урьд талаар Шар мөрний Бортолгой, Ордос хавиар нүүдэллэн амьдарч байгаад Түмэн хааны үед Орхон, Онги, Туул голын сав газар ирж нутаглажээ. МЭӨ 3000-аад жилийн тэртээ байсан Хятадын Тан улсын үед тэднийг “Хуньюй”, МЭӨ 2127-247 онд байсан Жо улсын үед “Хянь Юнь”, МЭӨ 246-206 онд байсан Цинь улсын үед “Хүннү” гэж тус тус нэрлэж байсан байна. Түүх сударт өвөг монгол, түрэг, манж-тунгус угсааны нүүдэлчин аймаг овгуудын нэрийг Ху, Хүн, Хүннү гэх зэргээр нарийсган тодотгож тэмдэглэсэн байдаг ажгуу. Эртний Хятадын харьцангуй өндөр суурьшмал соёл иргэншил бүхий эзэрхэг төр улсууд нүүдлийн соёлт Ху, Хүн нартай нэг биш удаа дайсагнаж, тэдгээр нүүдэлчдийн шийдэмгий зоримог эсэргүүцэл тэмцэлтэй удаа дараа тулгарч байсан учир тэдний нэрийг адил дуудлагатай атлаа гэхдээ муу муухай утга агуулагатай дүрс үсгээр тэмдэглэдэг байжээ. Гэсэн хэдий ч тэд аргагүй эрхэнд “Цагаан хэрэм”-ийг босгосон түүхтэй.

Тухайлбал: Гүй чөтгөр, Ху бүдүүлэг, Хүн буюу Сюн хэрцгий гэх мэт. Эдгээр үгийн дараа Нү-боол, Би бүдүүлэг хэмээх утга залгаснаар Хүннү хэрцгий боол гэсэн нэр үүсчээ. Сяньби гэдэг нь Сянь өчүүхэн, Би бүдүүлэг гэсэн утга бүхий тул Хүннү улс, Сяньби улс гэхийн оронд Хүн улс, Сүмбэ улс гэж нэрлэх нь зүйтэй гэж түүхч эрдэмтэн Б.Ренчин, Г.Сүхбаатар гуай нар айлдсаныг уншигч та болгоох буйзаа. Ер нь Түрэг, Энэтхэг, АНУ, Европын олонхи улсад Хүннү нарын нэрийг гол төлөв “ХҮН” хэмээн нэрлэсэн нь үнэн байдалд илүү нийцэж байгаа юм гэж Монгол улсын түүхийн тэргүүн ботьд тэмдэглэсэн байна.

Түмэн хааны хүү Модун МЭӨ 209-176 онд өөрийгөө хаанаар өргөмжилөн Хүн улсыг байгуулав. Модун хаан 234 онд төрж, 206 онд Чэньли Гуту Тэнгэрийн хүү хэмээн нэрлэж хаанаар өргөмжилж,түүний хатныг Яньжин хэмээн нэрлэж, төрийн хасбуу тамгыг гардуулжээ. Энэ улсын засаг захиргааны зохион байгуулалт нь баруун, зүүн туци цэцэн ван, баруун зүүн гули ван, 24 түмт, мянгат, зуут, аравтын дарга нараас бүрддэг байжээ. МЭӨ 198 онд Хятад улс, Хүн гүрний хооронд байгуулсан гэрээнд Хятадын хаан “Цагаан хэрэмнээс хойш нум сум агсагчдын улс нь Хүннүүгийн хааны зарлиг дагаж, цагаан хэрэмээс урагших түшмэдийн бүс малгай өмсөгчид суудаг орон надад захирагдана. Хан улс, Хүн улс хоёр бол мөр зэрэгцэн орших хүчирхэг улсууд” гэж хүлээн зөвшөөрөв. Ийнхүү төв Азийн нүүдэлчдийн анхны төр улс болох Хүн гүрнийг түүхэндээ анх удаа Хятад хүлээн зөвшөөрсөн юм.

Хүн улс МЭ-ний 48 онд Умард, Өмнөд гэсэн хоёр хэсэг болон бутарч улмаар өөр хоорондоо сөргөлдөж, 89 онд Өмнөд хүнүүгийн шаньюй Түньтүхэ Хятадын эрх баригчидтэй хуйвалдан Умарт Хүн улсыг хүч хавсран цохиж бүр мөсөн устгахаар тохиролцжээ. 91 онд Умартын шаньюй хятадын цэрэгт цохигдон зугтаж, өрнө зүг нүүж I зууны үед зүүн гар хавьд нутаглаж байгаад II зууны дундуур Ижил, Дон мөрний адаг орчмын тал нутгийг эзэлж, тэндэхийн олон аймгийг өөртөө нэгтгэж улмаар 445 он буюу Аттил хааны үед ихээхэн хүчирхэгжиж Дон, Днепрээс Дунай мөрөн хүртэлх уудам газар нутгийг эзлэн авч Визант гүрнээр алба бариулж, Ромын эзэнт улстай ана мана өрсөлдөж байжээ. Аттил хаан 406 онд Ижил мөрний хөвөөнд Хүн гүрний хааны сурвалжит язгуурын Мунзукийн гэрт төржээ. Аттил хаан 47 насалж,19 жил төрийн эрх барьсан, Европчуудыг захирсан цорын ганц харь угсааны нүүдэлчдийн хаан байсан юм.

 Өмнөт хүн улс хятадын харьяанд орсон боловч I зууны үед бослого гаргаж, улсынхаа тусгаар тогтнолыг сэргээн IV зууны эхээр зүүн Хан улсын хойт мужуудыг эзлэн авч, Жао 304-325, Өмнөт Ля 397-439, Ся 407-431 зэрэг улсыг удаа дараалан байгуулж, X зуун хүртэл оршин тогтнож байжээ.

            СҮМБЭ /Сяньби/ УЛС

Модун хаанд эзлэгдэн Хүн гүрний захиргаанд орж түүнд алба барьж байсан аймгуудын дийлэнх нь өвөг монгол угсааны аймгууд байсан бөгөөд мөн Дунху Дорнод ху аймгуудын зарим нь Манж, Тунгус угсааных байжээ. Хүн улсын дараа тэдний улс төрийн чадамжийг өвлөн тодорсон дараагийн хаант улс нь Сүмбэ улс юм.

         Манай эрний 93 онд Сүмбэ нар Умарт хүн улсыг мөхөөж түүний суурийг эзлэн авчээ. Сүмбэ аймгийн цэргийн зүтгэлтэн Тулухоугийн хүү Таньшихуай Сүмбэ аймгийн холбоог нэгтгэж 150 онд хаан ширээнд сууснаас хойш энэ улс 100 орчим жил Төв Азид оршин тогтножээ. Сүмбэ улсын түүхэнд Таньшихуай хаан голлох байр суурь эзэлдэг бөгөөд тэрээр 141 онд төрж, 156 онд зонхилох хаан болж, 181 онд таалал төгссөнөөр улс нь бутран сарнижээ. Таньшихуайг нас барсны дараа таван хөвүүний нэг болох Холянь эцгийн ор суурийг залгасан ч хүч чадлаараа эцгийн хэмжээнд огтхонч хүрэхгүй байсан хийгээд ард олны дунд “ховдог шунахай, завхай зайдан, хэрэг шүүхдээ шударга бус” гэсэн муу нэртэй байсан учир Сүмбэ улсын тэн хагас нь түүнд захирагдахаас татгалзан салан оджээ.

Таньшихуайгийн үед Сүмбэ гурван хэсэг болж төв нь Ар Монголд орхоны хөндийд төвлөрч байв. 235 онд Сүмбэ гүрэн яньби, ухуань, муюн, тоба, юйвынь, түгүхунь, дуань зэрэг хэд хэдэн хэсэг болон бутарч, нэгдмэл байдлаа дахин сэргээж чадалгүй IV зууны үе хүртэл тус тусын овог аймгаар хуваагдан амьдарч байжээ. Харин Муюн, Тоба нар хүчирхэг болж гол анхаарлаа Их говийн өмнөх нутаг болон Умарт Хятадын зүг хандуулсан байна. Тэдэнтэй Ар Монгол дахь сяньби нарын зарим нь нийлэн нэгдэх хандлагатай байсан ч ихэнх нь хаашаа ч явсангүй уг нутагтаа аж төрж байсан байна.  

НИРУН ЖУЖАН УЛС

Хүн, Сүмбэ улсын шууд залгамж болон гарч ирсэн Их нирун улс 330-аад оны үед эмхлэгдэн байгуулагдсан гэж үздэг. Их нирун улсыг 8 хаан үе залгамжлан захирсан бөгөөд 555 онд Түргийн хаант улсад мөхөөгдөжээ. Их нирун улсыг хүчирхэгжүүлсэн хаан бол Жарун болой. Жарун 402 онд төрж өрийгөө “Жужай Дэудай хаан” хэмээн зарлаж Их нирун улсыг албан ёсоор байгуулжээ. Энэ үеэс эхлэн нүүдэлчдийн уламжилж ирсэн “Чэн-юй” цолыг өөрчилж “хаан“ хэмээн нэрлэх болжээ. Жарун хаан 410 онд ордны эргэлтэнд эрх мэдлээ алдан баруун зүг нүүж, VI зуун 570-аад -ы үед ижил мөрний хөндийд хүрээд “АВАР” хэмээх нэршсэн монгол язгууртны хаант улс байгуулсан байна. Аварууд улам цааш нүүдэллэн Умарт хүн улсыг орлон Дунай мөрөнд суурьшсан бөгөөд Австри хүртлэх өргөн уудам нутгийг эрхшээлдээ оруулж IX зуун хүртэл Монголын нүүдэлчдийн нэр сүрийг өрнө дахинд мэдрүүлсээр байсан ажгуу.

Монголын нутагт оршиж байсан Түрэг угсааны хаант улсууд

            Нэг. Түрэгийн эзэнт улс. Манай эрний 460-аад оны үеэс Их Нирун улсын захиргаанд орсон түрэгүүд Алтайн өвөр биеэр нутаглаж төмөр хайлуулан боловсруулж, Нирун улсад алба барьж байжээ. 546 онд Түргийн зонхилогч Буман Түмэн Нирууны ноёрхолыг эсэргүүцэн боссон Тэлэ аймгийг гэнэдүүлэн цохиж өөрийн харьяанд оруулан цэрэг зэвсгийн хүчээ зузаатгасан нь Нирун Жужаан-ы эсрэг цэрэглэн босох боломж бүрдүүлжээ. Судлаачид Түрэгийн хаант улсын түүхийг Түргийн түрүү буюу хожуу үе гэж ангилдаг байна. Түрүү үед 550-630, хожуу үед 680-745 оныг хамруулжээ. Буман хаан 552 онд таалал төгсөж түүний орыг хүү Коло нь залгамжилсанч удалгүй нас нөхцөж, орыг нь Кологийн дүү Кигинь авсан баййна. Кигинь хаан нилээд амжилттай байлдаж гадаад байдлаа ихээхэн бэхжүүлсэн байна. Тэрээр дорно зүгт татаби,кидань, гучин татар зэрэг монгол угсааны аймгуудыг эзлэн авч хил хязгаараа тэлжээ. Түрэгийн баруун зүгт хийсэн аян дайныг Буман хааны дүү Истеми толгойлж Арал нуурын умард биеэр нутаглах хионит, вар, огор зэрэг аймгуудыг эзлэн Ижил мөрөнд тулж очсон ба Урал хавийн тал нутгийг эрхэндээ оруулжээ. Ийнхүү Түрэг улс 582-603 оны үед Орхоны хөндийд төвлөрсөн Дорнод Түрэг, Дундад Азид төрлөрсөн Баруун Түрэгийн хаант улсууд болон задарч өөр хоорондоо тэмцэлдэх болов. Хоёр Түрэгийг хооронд нь эвдрэлцүүлэн хүчийг нь барж улмаар өөрийн харьяанд оруулах гэсэн Хятадын бодлого амжилттай хэрэгжиж 630 онд Тан улсын цэрэг Түрэгийг бут цохиж эрхшээлдээ оруулснаар түрүү үеийн Түрэгийн түүх төгсгөл болжээ.

Түрэгүүд Нангиадын эсрэг дахин бослого гаргаж түүнийг Түрэгийн сурвалжит язгууртан Күтүлүг, нанхиадын эрхшээлд хүмүүжин боловсорсон зөвлөх түшмэл Тоньюкук нар удирджээ. Күтүлэгт Элтэрс улсыг хураагч хаан цол олгож төр улсаа дахин сэргээжээ. Хожуу үеийн Түрэгийн түүхэнд ихээхэн гавьяа байгуулсан хүмүүс бол Элтэрс хааны ууган хүү Могилян буюу Билэгт хаан түүний дүү Күльтегин нар юм. Эдгээр хүмүүсийн гавьяаг мөнхөлсөн гэрэлт хөшөөг 730-аад оны үед байгуулсан нь өдгөө Архангай аймгийн Хашаат сумын “Хөшөөт цайдам” гэдэг газарт байгаа бөгөөд эрдэмтэн судлаачдын анхаарлын төвд байсаар байгаа билээ.

Гэрэлт хөшөөний бичээст “Би эд малаар баян улсын хаан болсонгүй, аманд хоолгүй, мөрөнд хувцасгүй, буурай ядуу улсын хаан боллугаа. Дүү Күльтегин бид хоёул Түрэг улсын учир шөнө үл унтан, өдөр сул үл суун, үхэн цуцтал зүтгэн оролдож, улсыг их болголугаа. Би мөхөхөд хүрсэн улсыг өргөн тэнхрүүлж, нөмгөн улсыг хувцастай,ядуу улсыг баян, өнчин улсыг өнөр болгов“ гэсэн нь буй.

        Түрэгийн гурван үеийн хаанд үнэнчээр зүтгэсэн мэргэн зөвлөх Таньюкукт зориулан босгосон гэрэлт хөшөө өнөө хир Налайх дүүргийн нутаг дэвсгэр дээр бүрэн бүтнээрээ оршсоор байгаа билээ.

           731 онд Күльтегин нас барж, 734 онд Билэг хааныг шадар хүмүүсийнх нь нэг болох Мэйлучжо гэгч хорлон алжээ. Билэг хааны хөвгүүд эцгийнхээ бодлогыг үргэлжлүүлэхийг зорьсон боловч насан балчир Тэнгэри хааныг 741 онд авга ах Күтүлүг-ябгу хороож өрийгөө хаанаар өргөмжилсөн боловч огуз,басмал, харлук аймгууд нэгдэн түүний эсрэг босч хөнөөжээ. Ийнхүү Түрэгийн эзэнт улс мөхжээ.

Хоёр. Уйгарын хаант улс. 744-745 онд Уйгур, Басмыл, Карлук аймгууд хүчээ нэгтгэж Дорнот Түргийн хаант улс лугаа тэмцэж дийлэн хөнөөв. Тэдний зонхилогч нь Уйгарын яглакар овогийн ноён Пэйло байсан бөгөөд 744 онд өөрийгөө Күтүлүг Билэг Күл хаан 744-747 хэмээн өргөмжилж, 745 онд Түргийн хаант улсыг бүр мөсөн бут цохиж Уйгар улсыг байгуулжээ. Түүний хүү Моюнчур буюу Баянчур 747-759 хаан ширээнд сууж байх үед Уйгар улс ихээхэн хүчирхэгжжээ. Тэрээр зориг шийдэмгий цэрэг дайны ур ухаанд гарамгай чадварлаг жанжин байжээ. Баянчур эцгийн бодлогыг үргэлжлүүлж умарт зүгт Кыргиз, дорно зүгт Киданы эсрэг амжилттай дайтав. Уйгарууд умарт хөршүүдтэйгээ хийсэн дайн байлдааны ажиллагааг Сэлэнгэ мөрний хөвөөнд 758 онд Баячур хаанд зориулан босгосон хөшөө чулуунаа сийлэн үлдээжээ.

731 онд Орхоны хөндийд Балыклик Хар балгас буюу эртний уйгар хэлээр Орду балык хэмээх хот байгуулж улсынхаа нийслэл болгожээ. Орду Балык хотын үлдэц эдүүгээ Архангай аймгийн Хотонт сумын нутагт Орхон, Жирмэнтэй хоёр голын билчирт байдаг бөгөөд 25 орчим км квадрат талбай бүхий туурь үлджээ. Мөн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Сэлэнгэ Мөрний хөвөөнөө эртний балгасын туурь байдаг нь Уйгар улсын соёл, шашны нэгэн томоохон төв Байбалык хотын ор үлдэц юм. 763 оноос эхлэн бараг VIII зууныг дуустал Уйгарын хаант улс нь Төв Азийн улс төрийн тавцанд хамгийн их нөлөөтэй хүчин болж чадсан юм. VIII зууны эхний 10 жилийн турш Уйгарын хаант улсын гол дайсан нь Енисейн Кыргийзүүд болжээ. 820 он болоход Ажо хэмээх Кыргизийн захирагч Уйгарын хаант улсын эсрэг дайтаж эхэлсэн байна. Орду балыкт эхэлсэн өөр хоорондын байлдаан хямрал, цэргийн жанжин Кюлүг Бага Тарханы хуйвалдааны үр дүнд Кыргизүүд 840 онд Орду Балык хотыг эзлэн авчээ.

            Гурав. Киргисийн хаант улс. Киргис нь Уйгар улсад 758 онд эзлэгдэж, 80 гаруй жил болсны сүүлийн 20-иод жил тэдний ноёрхлыг шаргуу эсэргүүцэн тэмцсэний үр дүнд амжилт олсон юм. 818 онд Киргисийн ноён Ажо өөрийгөө хаанд өргөмжлөв. Киргисийн гол зорилго нь Уйгараас үлдсэн өв болох тэдний эзэмшиж байсан бүх газар нутгийг эзэмших, түүнчлэн Тан улстай харьцаж байсан хааштай эрх дархыг өвлөн авах явдал байв. Хятадууд ч хүчирхэг Уйгарыг устгахын тулд Киргисийг байнга өдөөн хатгаж байсан билээ.

            Төв Азид ноёрхлоо тогтоож байсан улс гүрнүүд Монголын төв нутаг Орхон голын хөндийд төвлөн төр улсаа байгуулж байсан уламжлалыг Киргисүүд дагасангүй. Тэд Төв Азийн ихэнх нутгийг эрхшээлдээ оруулсан ч удаан ноёрхож чадсангүй. Ямартай ч Елюй Амбагай тэргүүтэй хятан нар баруун зүг давшин Монголд орж ирэхэд тэд байсангүй. Тэгээд ч Хятан нар уйгарыг хуучин нутагтаа ирж суурьшихыг санал болгож байжээ. Киргис нар Монгол нутагт удаан хугацаагаар эзэгнэн сууж чадаагүй тул тэдний үлдээсэн дурсгал хэмээн нягтлан тодорхойлж гаргасан зүйл хомс байдаг. Харин Монголын баруун хэсгээр нэн элбэг тааралдах, их чулуу овоолж, дүгрэг дөрвөлжин хэлбэрээр чулуу тойруулан өрж хүрээлсэн том булшуудыг “Хиргисийн үүр” буюу “Хиригсүүр” хэмээн нэрлэдэг байна.

             КИДАН УЛС 901-1125 БА ХАР КИДАН 1124-1218

            388 онд Кидан нар Муюн, Тоба Вэй улсын цэрэгт цохигдон зүүн тийш нүүж Кумоси ба Кидан гэж хуваагдав. 458 онд Хятаны нэгэн толгойлогч нь нүүдэлчин аймгуудын сөргөлдөөнөөс зайлж, 3000 орчим өрх, мал сүргийн хамт урагш хятад руу түрэн ороход Хятадын эрх баригчид тэдний бэлэг сэлтийг хүлээн авч түр нутаглуулж байжээ. Хятан аймгууд Түрэгтэй ч, Хятадтай ч тэмцэж тусгаар байдлаа хадгалсаар байв.

Амбагян Хятан улсыг бэхжүүлэх зорилгоор 921 онд хууль цааз тогтоон түшмэдийн зэрэг дэвийг бий болгожээ. Хятан улс 936 онд Хятадыг довтолж, хойт зүгийнх нь 16 муж улсыг эзлэн авчээ. Үүнээс хойш Хятан улс их гүрний шинжтэй болж улсаа Их Ляо улс хэмээн нэрлэж гүрний нийслэлийг байгуулж эхэлжээ. 946 оноос эхлэн Их Ляо улс Хятадын бусад мужуудыг довтолж, Шар мөрний өмнөх газруудыг эзлэн авчээ.

            Хятан улс засаг захиргааны байгууллагыг Умарт орд, Өмнөт орд болгон хоёр хуваасан бөгөөд Умарт ордод Хятан тэргүүтэй нүүдэлчин аймгууд, Өмнөд ордод Хятадын зэрэг суурьшмал хүн амыг тус тус захируулсан байна. Их Ляо улсад Их аймаг Хятаны гол аймгууд, Бага аймгууд, захирагдсан хараат аймгууд гэсэн гурван янзын төрийн захиргаа байв.

             Гэвч XI зууны дунд үеэс эзлэгдсэн олон аймгийн ард олны тэмцэл өрнөж Зүрчид аймаг 1113 онд бослого гаргаж, өөрийн нутгаа чөлөөлж, Хятан гүрний зарим газар нутгийг ч эзэлж улмаар Алтан улсыг байгуулав. 1115-1118 онд Алтан улс, Хятадын Сүн улстай хүч хавсран, Хятан гүрнийг хоёр талаас нь довтлон, Хятаны Тяньзо хааныг олзолж 200 гаруй жил тогтносон Хятан гүрэн мөхжээ.

              ХАР ХЯТАН УЛС 1131-1212

            Дорнот Азид тогтнож асан Хятан улс мөхөхөд тэдний зарим зүтгэлтэн Дундад Азид нүүн очиж, тэндхийн зарим ард түмнийг эзлэн байгуулсан улс юм. 1124 онд Хятаны том түшмэл Елуй-Даши 200 гаруй морьт цэрэг дагуулан баруун тийш хөдөлжээ. Тэрээр Цагаан хэрмийн араар нутаглаж байсан Онгуд аймгаар дайран Орхон, Туулын бэлчирт ирж хэсэг суурьшаад улмаар Шинжааны Турфан, бүр баруун тийш Самарканд, Бухаар хотын зүүн бие хүртэл дайтаж, ойр зэргэлдээх газар орнуудыг янз бүрийн аргаар эрхшээлдээ оруулж, 1131 онд тэндхийн ноёдын дэмжлэгтэйгээр Гүр хаан хэмээн өргөмжлөгдөв.

            Гүр гэдэг нь их, том гэсэн утгатай ажгуу. Елуй-Даши өөрийг нь дагаж баруун тийш нүүдэллэсэн хамтран зүтгэгсдээ бүгдийг төр, цэргийн гол гол албан тушаалд дэвшүүлэн тавив. Тэр тийнхүү төрөө төвхнүүлээд 1132 онд их цэрэг хөдөлгөн зүүн тийш дайлан Кашгар, Хотан хавийг эзлэв. 1142 онд Хар Хятаны цэрэг уйгар угсааны Каракан улсыг довтолж, Самарканд орчмыг эзэлж, цаашлан дайлсаар Хорезмыг дагуулан, харьяандаа оруулаад буцжээ.

            1143 үнд Елуй-Даши нас баржээ. Хүүхдүүд нь балчир байсан тул түүний дүү Сяо-Табу-Ян долоон жил төр барьж, Елуй-Дашийн хүү Елуй-Илайд хаан ширээг шилжүүлэн өгснөөс хойш хоёр хаан улиран суужээ. Энэ үед Алтайд нутаглагч Найман аймгийг Чингис хаан бут цохих үед Даян хааны хүү Хүчүлиг баруун тийш зугтан, 1212 онд Хар Хятанд хүрч, түүний сүүлчийн хааныг алснаар Дорнот Туркистан, Хорезмыг эрхшээлдээ оруулж, 90 шахам жил тогтносон Хар Хятан улс хэрэг дээрээ мөхжээ.

            Дорнот аймгийн Цагаан Овоо суман дахь Хэрлэн барас хотын суврага, Булган аймгийн Дашинчилэн суман дахь Чин толгойн болон Хадаасангийн балгасыг Хятаны үеийн барилга байгууламж гэж судлаачид үздэг байна.

            Эрдэмтэн Ч.Далай гуай хамаг Монгол улсын түүхийг 1101-1206 он хүртэл авч үзэх нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлсэн байдаг. 1130 онд Хабулыг гол гурван аймгийн ихэс ноёдын хуралдайгаар хамаг Монголын анхны хаанаар өргөмжилж байсныг тооцвол, Эргүнэ-Күн хэмээх газраас эх нутагтаа нүүж ирсэн Монгол овог аймгууд Кидан улсын сүүлч хар Кидан улсын эхэн үед Хамаг монгол хэмээх улсаа байгуулан бие даасан бодлого явуулж, хүч нөлөөгө тэлж эхэлсэн байна. Тусгаар улсын түүхийн гинжин хэлхээс тасралтгүй үргэлжилсээр бидний үед иржээ. Харин бид одоо яах бол ...

М.Далайхүү 2010.05.25

 

 

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
mgl (зочин)

Sonin l yum bain. bayrlalaa.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)